Төрийн өмчийн компанийн талаарх зохицуулалтын болон өмчлөлийн талаар баримтлах нэгдсэн бодлого бүхий эрх зүйн орчин байхгүй, салангид зохицуулж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагаанд хяналт тавих, зах зээлийн зарчмаар ажиллахад хүндрэлтэй, хийдэл үүсгэж байна.
Мөн ТӨК-ийн хувьцаа, хөрөнгө эзэмших зорилго, үндэслэл болон ТӨК-ийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтцийн өөрчлөлт хийх бодлого тодорхойгүй, ТӨК-ийг үүсгэн байгуулах нөхцөл, шаардлага, үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй, хувийн хэвшилтэй зэрэгцэн бизнесийн үйл ажиллагаанд оролцож, тэдэнтэй өрсөлдөж буй. Тиймээс дээрх практик шаардлагуудад тулгуурлан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, энэ хүрээнд өнөөдөр (2025.01.07) МҮХАҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулав.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99, охин хараат компаниудыг оролцуулаад нийт 123 компани 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна. Мөн хувьцаа эзэмшигчийн 100 хувийн эрхийг хэрэгжүүлж байгаа 42 хуулийн этгээд, Эрчим хүчний яам-27, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-15 (Эрдэнэс Монгол нэгдэл), Сангийн яам-7, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-4, Зам, тээврийн хөгжлийн яам-3 хуулийн этгээд байна. Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөг буюу 21.1%-ийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан байна.
Мөн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43% нь алдагдалтай ажилласан. Тайланд оны нийт цэвэр ашгийн дүнгийн 92%-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-3.5 их наяд төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-803 тэрбум төгрөг, “Хөдөө аж ахуйг дэмжих корпораци” ХХК-101 тэрбум төгрөг, “Төрийн банк” ХК-94.7 тэрбум төгрөг, “МИАТ” ТӨХК-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм.
Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 275 хуулийн этгээдийн хувьд 13 хувьцаат компани 21.6 тэрбум төгрөг, 31 хязгаарлагдмал хариуцлагатай компани 18 тэрбум төгрөг, 200 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 45.9 тэрбум төгрөг, 31 төсөвт үйлдвэрийн газар 1.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу нийт 87.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн мэдээ гарсан.
ТӨХХК-23, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд-11, төрийн өмчит үйлдвэрийн газар-17, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд өрхийн эмнэлэг, эм эргэлтийн сан, нөхөрлөл, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд зэргийг багтааж тооцвол нийт 472 хуулийн этгээд байна.
Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгасан. Үүнд төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгов. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, журмыг тусгасан. Ингэснээр төр, орон нутаг эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой салбарт төрийн болон орон нутгийн өмчит компанийг хуулийн хүрээнд тодорхой шаардлагуудыг хангасан нөхцөлд байгуулах юм. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийг эзэмшлийн хувь хэмжээгээр нь буюу төр, эсхүл орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааг бүхэлд нь эзэмшдэг бол төрийн болон орон нутгийн өмчийн компани, төр, эсхүл орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг бол төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани гэсэн хоёр төрлөөр компанийг ангилахаар тусгалаа. Түүнчлэн төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг таслан зогсоож, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон аль нэг төрийн захиргааны төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх, ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхойлов.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын чанартай үр дагаварууд бий болно. Тодруулбал төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцоно. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрдэнэ. Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статусыг тодорхой болгоно. Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно. Төрийн өмчит Компанийн засаглалыг сайжруулж, хяналтын тогтолцоо, ил тод байдал, үүрэг хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, санхүүгийн үр ашиг, компанийн үнэ цэн өсөж, татварын орлого, төрийн эзэмшлийн ногдол ашиг сайжирна. Төр болон орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхээ ил тод, шударга, хариуцлагатай, өрсөлдөөнд саад учруулахгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Уг хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.