Хүний эрхийг хангах Үндэсний хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Залуус эрүүл мэнд төв” ТББ, “ЛГБТ Төв ТББ”, “Youth LEAD Mongolia” ТББ хамтран 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд анх удаа “ЛГБТИК+ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТАЛААРХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ” зохион байгуулав. Сургалтын үеэр “ЛГБТ Төв” ТББ-ын Эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч Г.Доржжанцан “Монгол дахь күийр залуучуудын хувь хүн, амьдралын туршлагыг зурган дүрслэлийн аргаар судлах нь” судалгаа, “ЛГБТ Төвийн 2023 оны ЛГБТИК+ олон нийтийн нөхцөл байдал”-ын судалгаа, “Монголын сургуульд транс сурагч байх нь” тохиолдол шинжлэх чанарын судалгаа, Ц.Отгонбаатар, Будапештийн Корвинус Их Сургуулийн докторант “Ичгүүрт иргэд: Монголын күийр олон нийтийн амьдралын туршлага” судалгааны үр дүнг танилцуулсан болно. Судлаач, шинжээчдийн туршлагыг хуваалцах үүднээс хэлэлцүүлэгт Г.Доржжанцан, Г.Нямпүрэв, Ц.Отгонбаатар, Э.Энхмаа нар оролцож, Ц.Цэвээнравдан чиглүүлэн хувийн туршлага, дадлага, мэргэшлээс нь хуваалцлаа. Сургалтын эцэст Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2023-2027 оны хүрээ, НҮБ-ын Хүний эрхийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ач холбогдлын талаар цохон тэмдэглэж, тус үйл ажиллагааг цувралаар зохион байгуулах, мэргэшсэн судлаачдыг татан оролцуулах хэрэгцээ байгааг хүлээн зөвшөөрсөн юм.