Хүний эрхийг хангах Үндэсний хороо, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”, Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд Хороо, “Хил хязгааргүй хуульчид” ТББ хамтран 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Сурч боловсрох эрх: Дотуур байр” сэдвийн хүрээнд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д үндэсний II зөвлөгөөнийг зохион байгуулав.
Хүүхдүүд жил бүр ойролцоогоор 9 сарын турш, 260 гаруй хоногийг эцэг, эхийн асрамж халамжаас хол амьдарч байгаа нь төрийн зүгээс анхаарах шаардлагатай чухал асуудал юм. Монгол Улсын хэмжээнд 2021-2022 онд улсын хэмжээнд нийт 548 дотуур байранд 34,546 хүүхэд амьдарч, сурч, хөгжиж байна. Зөвхөн хөдөө, орон нутаг төдийгүй хот суурин газарт тусгай сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дотуур байр, их дээд сургуулийн дотуур байр гээд байршил, орон зайнаас үл хамааран сурч боловсрох эрхээ хэрхэн эдэлж буй талаарх өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаануудын тайлан, зөвлөмжийг уг зөвлөгөөний үеэр хэлэлцсэн юм.
Дотуур байрны хүүхэд гэх ойлголт нь бидний нүүдлийн соёл иргэншил, эрхэлж байгаа аж ахуйтай салшгүй холбоотой, зайлшгүй байх шаардлагатай боловсролын тогтолцоо бөгөөд уг асуудлыг олон жил бодлогын гадна орхисноос үүдсэн хэд хэдэн ноцтой хэрэг сүүлийн үед гараад байна. Энэ нь хүүхдийн сурч боловсрох, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг бүрэн хангаж чадаж байгаа эсэхэд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг татаж байна.
Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуульд дотуур байрны асуудлыг хангалттай зохицуулаагүй бөгөөд дотуур байран дахь хүүхдийн эрхийн хамгаалал нь боловсролын салбарын хариуцах асуудал уу эсвэл хүүхдийн эрхийн байгууллагын асуудал уу гэдэг нь ч эргэлзээтэй, тодорхойгүй явж ирлээ. Тиймээс шийдвэр гаргач нарын төлөөллийг оролцуулан уг асуудлыг “салбар дундын асуудал” гэж орхигдуулалгүй, хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулж хүүхдийн өмнө хэн үүрэг хүлээгч болохыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай юм.
Уг зөвлөгөөн нь дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахад үндэслэл нотолгоог талууд хэлэлцэх, холбогдох санал, зөвлөмж боловсруулах, үүрэг хүлээгч төрийн байгууллага, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх, Боловсролын тухай багц хуулийн төсөлд санал хүргүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзсэн билээ.