Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв. Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно. Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв, хууль тогтоомж, удирдлага зохицуулалт гэсэн гурвалсан шийдлийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах гэсэн тулгын гурван бодлогыг баримталж ажиллахаа Ерөнхий сайд онцоллоо. Энэ хүрээнд амьдрах орчныг стандартын түвшинд хүргэхийн зэрэгцээ ажил олгогчийн сургалт, ажлын байрны тохируулга, чиглүүлэгч үйлчилгээг багц болгон санхүүжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах шалгуурыг төрийн худалдан авалтын бодлогод тусгана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болно.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зам, талбай, тээвэр, дэд бүтцийн байгууламж, цахим үйлчилгээний хүртээмжийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөвтэй уялдуулна. Улсын төсвөөр санхүүжүүлэх барилга, байгууламжийн норм, дүрэм, стандартыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд нийцүүлж сайжруулна. Төрийн худалдан авалтын шаардлагад ч энэ талаар тусгах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд татварын бодлогоор дэмжих хөнгөлөлт, зохицуулалтыг татварын реформд тусгахаар төлөвлөжээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хөгжлийн хоцрогдол, сонсгол, хараа хөдөлгөөний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүн төвтэй, төрийн оролцоо багатай, хүнийг эрхийг дээдэлсэн зарчмыг төсвийн бодлогод тусгана” гэдгээ хэлэлцүүлэгт оролцох үеэрээ онцоллоо.


Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйл, Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 93 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам”-ын дагуу салбар бүрээр энэ сарын 15-ны дотор зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлгийн ажлын хүрээнд 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх танхимын хэлэлцүүлэг боллоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, Үндэсний Аудитын газрын холбогдох газрын дарга аудитор, Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, тус яамны хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн, Мэргэжлийн холбоо, Иргэний нийгмийн байгууллага, Иргэдийн төлөөлөл, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцын харьяа байгууллагууд болох Удирдлагын академи, Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар болон Хэрэг эрхлэх газрын холбогдох удирдлагууд, албан хаагчид оролцов. Эдгээр байгууллагууд төсвийн төсөлд тусгагдсан зардал болон хөрөнгө оруулалтын арга хэмжээний талаар ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ярилцаж, санхүүжилтийн үр ашиг, ирэх оны зорилт, тэргүүлэх чиглэлийг авч хэлэлцлээ.

Энэхүү арга хэмжээ нь төсвийн хэлэлцүүлгийг зөвхөн төрийн байгууллагуудын хүрээнд бус, иргэд, мэргэжлийн холбоо, Төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор явуулж, бодлого боловсруулах үйл явцад олон талын санал, санаачилгыг тусгах, хуулийн хэрэгжилтийг хангуулж, төсвийн талаарх нэгдсэн ойлголттой болоход чухал үүрэгтэй юм. Хэлэлцүүлгийн үеэр гарсан зөвлөмж,саналуудыг нэгтгэн дүгнэж, 2026 оны Улсын төсвийн төслийн эцсийн хувилбарт тусгахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.12/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг, энэ хэрээр ЭХЭМҮТ-ийн ачаалал нэмэгддэг. Тус төвийн Яаралтай тусламжийн тасаг сард 8-10 мянган хүүхдэд тусламж үзүүлдэг байна. Улсдаа ганц нарийн мэргэжлийн, төрөлжсөн төвийн амбулаторийн барилга 38 жилийн насжилттай болжээ. 1100 ам.метр талбайтай амбулаториор өдөрт 1200 орчим хүүхэд үйлчлүүлдэг. Хүүхэд бүрийн ард насанд хүрсэн цөөндөө хоёр хүн дагаж явдаг гэж тооцвол өдөрт 3500 орчим хүн зөвхөн амбулаториор үйлчлүүлж байна. Хүн амын өсөлтийг дагаад эмчилгээ, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх ёстой ч ЭХЭМҮТ-ийн ачаалал өндөр хэвээр байна.

Тухайлбал, үзлэг хүлээх хугацаа 10-20 хоног, мэс заслынх хамгийн дээд тал нь 90 хоног байна. Амбулаторийн ачааллыг бууруулах барилгын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авчээ. Ирэх сард ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байна. Амбулаторийн шинэ барилга хуучнаасаа найм дахин том. Үүнийг дагаад үзлэг хүлээх хугацаа тав, мэс заслынх 40 хүртэл хоногоор буурах боломжтойг эмч, мэргэжилтнүүд хэллээ. Өмнө нь 34 кабинеттай байсан бол 95 болж нэмэгдэхээс гадна өдрийн эмчилгээ хийдэг болно. Төрөлжсөн нарийн мэргэжлийн 33 кабинетэд үйл ажиллагаагаа явуулж, 37 төрлийн оношилгоо, шинжилгээ хийнэ. Мөн өдрийн мэс заслын таван өрөөтэй болжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ барилгатай болох нь сайн ч үйлчлүүлэгчдэд чирэгдэл үүсгэхгүй, дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Нэг үйлчилгээ авах гэж өрөө дамжиж, дээш доош гүйдэг бус, тусламжийг нэг дороос авах боломжийг бий болгох нь чухал. Улсын эдийн засаг хүнд байгаа ч эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна гэлээ. ЭХЭМҮТ-өөс тавьсан төсвийн дутагдал, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зардлын саналыг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Энэ үеэр 7 настай охин өөрт тулгамдсан асуудлаа Ерөнхий сайдад хэлж, тусламж хүслээ. Хэнгэрэг нөхөх хагалгаа хийлгэхээр орон нутгаас ирсэн ч Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтэд хязгаар тогтоосон учраас охин эмчилгээгээ хийлгэж чадалгүй буцах болжээ. Хэнгэрэг нөхөх хагалгаа мэс заслын архаг ангилалд хамаардаг. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өнгөрсөн 3 дугаар сард тогтоол гаргаж, мэс заслын архаг ангилалд хамаардаг эмчилгээний санхүүжилтэд хязгаар тогтоожээ. Энэ сард ЭХЭМҮТ-д 158.1 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болсон ч наймдугаар сар гараад 12 хоноход санхүүжилт нь дууссан байна. Ерөнхий сайд ЭХЭМҮТ-ийнхөнтэй ярилцаж, охины хагалгааг хийлгэхээр болов. Онош нь архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд хязгаарлалт тогтоосныг эргэж харах, ирэх он гэхэд санхүүжилтийг хүүхдэд ээлтэй байдлаар шийдвэрлэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхээр болов.
Улсын онцгой комиссын III хуралдаан боллоо. Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг уур орчны шинжилгээний мэдээлэл болон бусад асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.
Өнөөдрийн байдлаар 77.68 сая мал бэлчээрлэж байгаагаас 2025 онд дотоодын хэрэгцээнд 7.0, зах зээлд 13.0 сая толгой мал худалдан борлуулж, хонин толгойд шилжүүлснээр 100 орчим сая мал өвөлжүүлж, хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Улсын хэмжээнд 2025 онд 554.2 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар бага байна. Тариалангийн бүсэд тав, зургаа, долоодугаар сард хур тунадас багатай, хэт халалт олон хоногоор үргэлжилсэн учраас ургац олон жилийн дунджаас буурах төлөв ажиглагдаж, холбогдох мэргэжилтнүүд тооцоо судалгаанд үндэслэн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг танилцууллаа.
2025 оны наймдугаар сарын 11-ний байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зууханд засварын ажил хийгдэж байна.
2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг арванхоёрдугаар сард 1800 МВт хүрэх тооцоолол гарсан. Үүнийг дотоодын эх үүсвэрүүдээс 1197 МВт, батерей хуримтлуураас 160 МВт, салхин станцаас 30 МВт, импортоор 300 МВт тус тус хангаж, 113 МВт чадлын хөнгөлөлт хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн ЦС-ийн 150 МВт хүчин чадалтай 2-р блокыг арванхоёрдугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөсөн, тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дараах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.

-Нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа эртнээс базаах, нарийвчилсан төлөвлөгөө гарган шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийн дотор бүх шатанд авч хэрэгжүүлэх;
-Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцсан салбар, орон нутгийн хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
-Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй бэлчээрийн даац, ган, зудын эрсдэлийн үнэлгээ, хүйтний улирлын цаг агаарын төлөв байдал болон болзошгүй эрсдэлийн зарлан мэдээллийг ард иргэдэд тогтмол шуурхай хүргэх;
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, зуншлага тааруу хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумдыг бусад аймаг, орон нутгаас өвс тэжээл бэлтгэх, худалдан авах боломжоор хангах холбогдох зохицуулалтыг 2025 оны есдүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх;
-2025-2026 оны өвөл, хавар отор, нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэн гаргах, холбогдох зохион байгуулалтыг нарийвчлан хийж гүйцэтгүүлэх, урьдчилсан тооцоо судалгааг 2025 оны есдүгээр сарын 01-ний дотор Улсын онцгой комисст танилцуулах;
-Мал, махны экспортыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг хангах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
-Өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран авч хэрэгжүүлэх;
-Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хадлангийн бүс нутгийг хамгаалах, нөхөн сэргээхэд анхаарах, ой хээрийн түймэрт их өртдөг талбайн судалгааг гаргаж, холбогдох зохицуулалтыг хийх;
-Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах түлш, нүүрсний нөөцийг шаардлагатай хэмжээнд бүрдүүлэх, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийг тооцоолж авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
-Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд хангах, хомсдол үүсгэхгүй байхад анхаарах, зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, худал мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдөлд оруулахгүй байх зэрэгт анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;
-Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн нүүрсний нийлүүлэлтийг хангаж байгаа “Багануур”, “Шарын гол”, “Шивээ Овоо” болон орон нутгийн нүүрсний уурхайн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, түлш, шатахууны нөөцийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд хангуулах;
-Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зэрэг үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр 2026 оны улсын төсвийн боловсруулалт, төсвийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналын явц зэрэг мэдээллийг холбогдох яамдын сайд нараас сонслоо.
2026 оны төсвийн чиглэлийн талаар E-Mongolia болон Засгийн газрын 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Б.Даваадалай танилцууллаа. Тэрбээр, өнөөдрийн байдлаар 154 мянга гаруй иргэд саналаа өгснөөс боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлаар хамгийн их санал иржээ.

Тухайлбал, төсвийн үр ашгийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэсэн асуулгад 18395 иргэн хөрөнгө оруулалтыг бууруулах нь зөв гэсэн бол татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 102623 иргэн саналаа өгcөн байна. Мөн 2026 оны төсвийг эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг салбарт чиглүүлэх нь зүйтэй гэж олонх үзжээ. Харин нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам барилга зэрэг салбарын төсөвт хэмнэлт хийх шаардлагатай гэсэн санал давамгайлж байна.

Түүнчлэн төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ямар төрлийн хөрөнгө оруулалтыг 2026 онд эхлүүлэхгүй, тэвчих, татварын шинэчлэлд ямар бодлого баримтлах вэ зэрэг асуултуудад иргэд саналаа ирүүлсэн байна хэмээн танилцууллаа. Түүний дараа Сангийн сайд Б.Жавхлан, 2026 оны төсвийн төслийн боловсруулалтын явцыг мэдээлэв. Тэрбээр, 2026 оны төсөв хүний хөгжлийг дэмжих, боловсролд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсруулж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нараас төсвийн саналыг цаг хугацаанд авч, нэгтгэх ажил 80 хувьтай явж байна.2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад 1232 төслийн санал ирүүлсэн. Үүнд 11,3 их наядын хөрөнгө оруулалт шаардагдаж буй ч хянаж 9,6 тэрбумд багтааж эрэмбэлнэ гэх зэргээр танилцуулсны дараа сайд нар хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо илэрхийллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, төсвийн төслийг олон нийтээр ийнхүү ил тод хэлэлцүүлэх нь авлигын индексийг бууруулах, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах, хүний хөгжлийг дэмжихэд ахиц гардаг гэж олон улсын судалгаанд онцолсон талаар танилцуулаад төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд салбарын сайд бүр санаачлагатай ажиллаж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах шаардлагатай гэв. Нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн шинэчлэлийг хийх бодлогыг салбарын сайдууд нэн даруй боловсруулах үүрэг өглөө.
Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн долоодугаар сарын 31-нд ажилдаа орсон байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар тус үйлдвэрт өнөөдөр ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд барьж буй энэ үйлдвэр Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хөтөлбөр ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаатай гурван төслөөс бүрддэг. Улаанбаатарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангах цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл баруун зүгт тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. Ерөнхий сайд Г.Занданшатар тооцсон төсөв, төлөвлөсөн хугацаанд төслөө хэрэгжүүлж, салбарын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж буй бүх хүнд талархал илэрхийлээд, үйлдвэрийг хэвийн горимоор ажиллуулахад шаардлагатай арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргахад Засгийн газар, нийслэлийн засаг захиргаа онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 06-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст байршуулна
Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны эхний болон сүүлийн хагас жил, 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор байршуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн төрийн захиргааны бүх шатны байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгаж, Улсын Их Хурлын Тамгын газар, түүний харьяа байгууллагын удирдлагад тус тус зөвлөв.
Энэ арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг шударга, бодитой үнэлэх тогтолцоог сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.
11 яам, 16 агентлагаас ирүүлсэн 2024 он, 2025 оны эхний хагас жилийн үнэлгээ, урамшуулалтай холбоотой мэдээллийг нэгтгэн үзэхэд төрийн албан хаагчдын үнэлгээний дундаж 98,7 хувьтай байна. Төрийн албан хаагчид гүйцэтгэлийн үнэлгээгээр “Маш сайн – А”, “Xангалттай – В” үнэлгээ авдаг ч иргэдийн 60-аас илүү хувь нь төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна.
“Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг хөндлөнгийн үнэлгээгээр бодитоор үнэлж, олон нийтийн хяналт бий болсноор бүтээмж нэмэгдэнэ. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ сайжирч, итгэлцэл, удирдлагын хариуцлага нэмэгдэнэ гэж үзэж байна” гэж ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ярилаа.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно
Төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг боловсруулж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн өмч хувьчлалын алдаа, оноонд дүгнэлт хийж, УИХ-аас баталсан хувьчлах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг дуусгавар болгох, Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн төрийн нийтийн өмч, түүний төрөл, зүйлийг тодорхойлж, бусдад шилжүүлэх болон өмчийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх харилцааг өнөөгийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага, олон улсын туршлагын дагуу тогтоох асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэх шаардлагатай үзлээ.
2025 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн болон төрийн өмчийн оролцоотой толгой компани 86, охин компаниудыг оролцуулаад нийт 109 компани эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, биеийн тамир, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг 11 салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийг ашигтай ажиллуулах, алдагдалтай ажиллаж байгааг татан буулгах, нэгтгэх болон үргүй зардал, захирал, удирдлагуудын цалин хангамжийг бууруулах, ашигт ажиллагаанд нийцсэн цалингийн тогтолцоог боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж батлуулах чиглэл авлаа. 109 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоог үе шаттайгаар 20 хувиар бууруулж 87 болгох боломжтой гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ярилаа.
“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг орон тооны хамт Эрүүл мэндийн яамны Хавдар судлалын үндэсний төвийн харьяанд шилжүүлж, Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо. Тус төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав.
“Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь амбулатори, дүрс оношилгоо, мэс засал, хэвтүүлэн эмчлэх, лаборатори, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн чиглэлээр иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 20 хувийг Улаанбаатар хот, хангайн бүс, хойд бүс болон Ховд, Дорнод, Дундговь, Өмнөговь, Завхан, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь аймгийн иргэд, 80 хувийг Орхон аймгийн иргэд эзэлж байна.
2022-2025 онд 3551 хүн хэвтэн эмчлүүлж, 2210 хүн өдрийн эмчилгээ, үйлчилгээ авчээ. Амбулаториор 147,776 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр, шашныг хослон баригч Богд хаан Жавзандамба хутагтын орд, өргөө бол Монгол төрийн түүх, соёлын үнэт өв, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хотжилтын түүхийн салшгүй хэсэг юм. Тийм ч учраас Богд хааны ордныг төрөөс хамгаалах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1961, 1971 онд гарч байжээ. Гэвч Богд хааны зуны ордны залгаа газрыг 2007 онд иргэнд өмчлүүлж, одоо барилга байгууламж барьж байгаа үйл баримтаас үзвэл, төрөөс түүх, соёлын өвийг хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүйн илрэл гэж Ерөнхий сайд Г.Занданшатар үзэж байна. Иймд түүх, соёлын дурсгалт газрын унаган төрх, язгуур соёлын үнэт шинж чанарыг алдагдуулахгүйгээр хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэн үлдээх зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 700 м2 газар (Богд хааны Хүрэн ордны хажуу талын)-ыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, хууль зөрчсөн албан тушаалтныг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, учруулсан хохирлыг нэхэмжлэх, үр дүнг энэ сард багтаан Засгийн газарт танилцуулах,
- Иргэнд өмчлүүлсэн шийдвэр холбогдох хууль тогтоомжийн дагуу эсэхийг шалгах хугацаанд уг газарт барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасны дагуу түдгэлзүүлэх,
- Богд хааны зуны ордныг улсын хамгаалалтын зэрэглэлд оруулах асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасны дагуу Засгийн газраар шийдвэрлүүлэх,
- Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу Богд хааны Хүрэн ордны барилга, архитектурын дурсгалын харагдах сүр барааг хадгалах зорилгоор түүний эргэн тойронд шинээр барих барилга байгууламжид өндрийн хязгаар тогтоох,
- Устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээний төлөвлөгөө, түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газруудад хамгаалалтын бүс бүрэн тогтоосон эсэхийг нягтлан шалгаж, хамгаалалтын бүсийг гүйцээн тогтоохыг тус тус үүрэг болголоо.
























