Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийв. Тэрбээр,
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хамтарсан Засгийн газрын гэрээ болон Улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон гэдгийг тэрбээр хэллээ.
Мөн Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх төсөл, хөтөлбөр болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгааг тэмдэглэв.
 
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт,  эрчим хүчний салбарын 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хангуулах, тулгамдаж буй асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд, зам, тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болголоо.


 
ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.
Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ эдийн засгийн коридорын аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих шинэ мэдлэг, шинэ технологийг хөгжүүлэх олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулахаар төлөвлөж байна.

Товч мэдээ  
·      Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай, зохих шаардлагыг ханган боловсруулж, Засгийн газрын хуралдааны журамд заасны дагуу санал авч, ЗГХЭГ-т хянуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан хэлэлцүүлж байхыг  Засгийн газрын гишүүдэд даалгав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмын мэндийг хүргээд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент, шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулж талуудын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, боомт, байгальорчин, эрчим хүчний төслүүдийг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах асуудлаар талууд санал солилцов.

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад болсон парламентын ээлжит сонгуулийн үр дүнд УИХ, Засгийн газар шинээр бүрдсэнд Ерөнхий сайдад баяр хүргээд хоёр орны дипломат харилцааны 75 жилийн ойн хүрээнд хөрш хоёр орны хөгжлийг урагшлуулах, харилцан ашигтай шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Засгийн газрын бүтэц, цаашид баримтлах бодлогын талаар танилцуулав.

Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдаан Хүй долоон худагт болж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үзэж сонирхлоо.

Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 152 хурдан буян тоосоо өргөснөөс Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн алдарт уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн үрээ түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа. Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул, гуравт “Шунхлай” группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халзан, дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Улсын алдарт уяач Намсрайжавын Зоригтын загал, тавд Сүхбаатар аймгийн харьяат, Монгол Улсын алдарт уяач Уртнасангийн Тамирын халтар үрээ хурдаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү “Орхон түшээт” галаар зочилж хүрэн соёолонг уясан уяач, унасан хүүхдэд баяр хүргэлээ. Энэ жил Монгол төрийн сонгуульд ард түмэн ялсан, үндэсний их баяр наадам ч ардын наадам болж хурдан морьдын уралдааны нас насны түрүү, айргийг нутаг нутгийн хурдан хүлгүүд авч, даяар олноороо баясан цэнгэж буйг Ерөнхий сайд онцлоод соёолон насны морьдыг хурд хүчний илэрхийлэл хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Улсын маань хөгжил дэвшил ч үүн лугаа байж, “Орхон түшээт” галын морьд ч олон наадмын түрүү айраг авахын ерөөлийг дэвшүүллээ.


Соёолонгийн түрүү хүрэн үрээ өнгөрсөн жилийн улсын баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд айрагдсан бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Улсын тод манлай уяач Даариймаагийн Жаргалын шонхор халтар азарганы төл юм байна. Түрүү соёолонг 12 настай Мөнхзулын Адистай хүү унаж хурдлуулжээ.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхож, наадамчин олонд баяр наадмын мэнд дэвшүүллээ.
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын Үндэсний их баяр наадмын өмнө “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор Эдийн засгийн форумыг амжилттай зохион байгуулж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцсон юм.
Энэ жилийн баяр наадмын нээлтийн ажиллагааг 2000 гаруй жуулчин үзэж сонирхон, гадаадын 10 гаруй байгууллагын 40 орчим сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин сурвалжилж байна.

Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар нь нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус станцын нээлтэд оролцлоо.

Дулааны шинэ станц ашиглалтад орсноор:
·      448 орчим айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын дулааны эрчим хүчний хэрэглээг найдвартай тасралтгүй хангана.
·      Дулааны эрчим хүчний боловсруулалт хоёр дахин нэмэгдэнэ.
·      Орон нутагт 48 ажлын байр шинээр нэмэгдэнэ.
Айл өрх, аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбосноор уурын зуухны тоо цөөрч, агаарын бохирдол буурна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцлаа.
Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров, Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг 50 км хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусаж хөдөлгөөн нээлээ.
Автозамын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн удирдлагууд 68.6 км-ын  эхний хэсэг болох 50 км авто замын ажил дууссан, 18.6 км замын ажил үргэлжилж байна.  Гүйцэтгэл 94 хувьтай, 2025 оны аравдугаар сард бүрэн дуусна гэж танилцууллаа. Төслийн хугацаанд инженер техникийн ажилтан, машин механизмын оператор жолооч, туслах ажилчин нийт 97 хүний бүрэлдэхүүнтэй, 74 машин механизмаар замын ажлыг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар өнөөдөр (2024.06.24) Ташкент хотноо хоёр орны албаны төлөөлөгчдийг байлцуулан “Куксарой” ордонд Дээд түвшний хэлэлцээ хийлээ.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шадар сайд Жамшид Абдухакимович Ходжаев нар Монгол Узбекистаны “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.
Хамтарсан хөтөлбөрийг үзэглэснээр хоёр улсын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллах боломж бүрдлээ.

Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсан бөгөөд талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, агаарын болон авто тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр тогтов.

Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна
Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа.

Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо
“2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2024 оны зуны улиралд уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт үүрэг болголоо.
Зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас ахиу хур тунадас орохоор байна. Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар бороо, үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины давтагдал өндөр байгаа тул анхаарал болгоомж алдахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээллийг амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэж сурах, үер, усны аюулаас сэрэмжтэй байж, айл өрхүүд хонхор хотгор газар, голын татамд суурьшихгүй байх, нөөлөг салхины эрсдэлээс сэргийлж гэрээ даруулах, үер ус, аянга цахилгаанаас хамгаалах уламжлалт болон дэвшилтэт аргуудыг хэрэглэх зэргээр бэлтгэлтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв
2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн.
Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлж баталлаа.
Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцах үйл ажиллагааг сурталчлан таниулах, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан бөгөөд энэ чиглэлээр яамнаас хийсэн судалгаагаар эцэг, эхийн 60 гаруй хувь нь хоолны зардлыг хуваалцахыг дэмжсэн байна.

Товч мэдээ
·      Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт олголоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албаны ил тод, хүртээмжтэй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлж буй “Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийн нээлт боллоо. Тус системийн хэрэглээ, ач холбогдлыг танилцуулах сургалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид оролцов.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат энэ систем нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж буй томоохон ажил гэдгийг тэмдэглэв. Мөн “Төрийн албаны чадамж гэдэг бол албан хаагчдын чадамжийн сэргэлт гэсэн үг. Төрийн алба хангалттай хүний нөөцтэй байна уу, албан хаагчдынх нь чадамж ямар түвшинд байна, гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хийх, төрийн албаны бүтээмжийг хэрхэн сайжруулах, төлөвлөх вэ гэдэгт нэгдсэн цахим систем шаардлагатай байсан. Нөгөө талаас төрийн албан хаагчийн мэдээлэл өөрт нь нээлттэй болж, албан хаагч өөрийн мэдээллийг засварлах, шинэчлэх боломж бүрдэж байна” гэлээ.
Уг систем нь нийт 16 модультайгаас Мэдээллийн нэг цэг, ил тод байдал, Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн сангийн холболт, Цахим хүний нөөцийн удирдлага, цахим хяналт гэх таван модуль бүхий эхний  хувилбар хэрэглээнд нэвтэрч байна. Мэдээлэл чанаржуулалт, процесс хялбарчлах ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулж, системийн хөгжүүлэлтийг тогтмол хийх юм.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Ийм систем” нэвтэрснээр гүйцэтгэх засаглалын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн албан хаагчид, байгууллагуудын мэдээлэл илүү хэрэглээний түвшинд гарч байна” гэв.
“Засгийн газрын хүний нөөцийн цахим систем”-ийг нэвтрүүлснээр төрийн албаны хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах, системийн мэдээлэлд суурилсан өгөгдлийг төрийн албан хаагчийн цалин, нэмэгдэл, нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд албан хаагчийн тэгш оролцоо, шударга байдлыг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2024 оны гуравдугаар хуралдаан Хэнтий аймгийн Биндэр сум дахь Их хуралдай цогцолборт боллоо. Хуралдааныг тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдан явууллаа.
Тэрбээр Монголын Эзэнт гүрнийг байгуулсан анхны Их хуралдай болсон энэхүү түүхэн газар бол даян дэлхийг хоёр зууны турш засаглаж, хүн төрөлхтний соёл иргэншлийг тодорхойлж байсан бидний өвөг дээдсийн гайхамшигт түүхийн эхлэл цэг, Их Монгол Улсын гал голомт юм. Их эзэн Чингис хааны “Пакс Монголика” буюу Монголын их амар амгаланг даян дэлхийд тогтоосон түүх эндээс  эхэлсэн” хэмээгээд үндэсний хорооны хуралдаан түүхэн газарт болж байгаад бэлгэшээж буйгаа илэрхийллээ. 1206 оны улаан барс жил Онон мөрний эхэнд Тэмүжинд Чингис хаан цол өргөж, эсгий туургатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг даяар олноо зарлан тунхагласан түүхтэй.
Манай улс GoMongolia буюу Өөдөө тэмүүлэх Монгол үндэсний брэндийг олон улсад танилцуулж, өнгөрсөн жил 1.3 тэрбум ам.долларын орлого олсон. Цаашид амжилтаа илүү ахиулах учиртай. Түүх соёлоо дээдэлж, бататган бэхжүүлсэн улс үндэстэн илүү удаан оршин тогтнодог. Түүхийн дархлаа улс орны тусгаар тогтнолд нэн чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Хуралдаанаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөө, Их хуралдай цогцолборын менежмент, тогтвортой байдлыг хангах төсөлтэй танилцаж, эрдэмтэн судлаачдын саналыг сонсон хэлэлцлээ. Монгол Улсын ардын багш С.Дулам, академич С.Чулуун нар “Монголын Их орд өргөөний түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол,  “Чингис хаан ба монголчуудын үнэт зүйл” сэдвээр илтгэл тавьж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал Түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Монгол Улсын баялаг түүх, Их Эзэн Чингис хааны үнэт өв, нүүдэлчин соёлын онцлогт тулгуурлан дэлхийд танигдсан аялал жуулчлалын бүс бий болгоно гэж үзэж байна. Зүүн бүсийн гурван аймаг дархан цаазат газар, байгалийн цогцолбор газрууд олонтой түүх, соёл, байгаль, ан амьтны хосолмол аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрын бүтээн байгуулалтууд хийгдсэн зэрэг давуу талтай. Иймд Монгол Улсын түүхэн үеүдийг харуулсан сэдэвчилсэн парк байгуулахад олон улсын компаниудтай хамтран ажиллах, хил орчмын аялал жуулчлалд зориулсан үндэсний соёл, наадам сурталчлах үйл ажиллагааг хөгжүүлэх, түүхэн маршрутаар явган, морин, морин тэрэг, тэмээ, сарлаг, автомашин хосолсон аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх боломжтойг танилцууллаа. Авто зам, эрчим хүчний дэд бүтэц хангалттай биш, аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хөгжил сул, жуулчид зорин очиход хүндрэлтэй, шууд нислэггүй зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг хэллээ.


Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хуралдай цогцолборыг Чингис хааны музейн  харьяанд  байх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.


Их хуралдай цогцолбор нь гадаад, дотоодын жуулчдад Их эзэн Чингис хааны түүх, соёлыг сурталчилж, таниулахаас гадна Цонжин болдог, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Хэрлэнгийн хөдөө арал, Балданбэрээвэн хийд, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Дуурилаг нарс, Монгол хатдын өргөө, Дэлүүн болдог, Чингис хааны гэрэлт хөшөө хүртэлх түүхэн аялал жуулчлалын дурсгалт газруудын холбоос болсон чухал маршрут дээр оршиж байгаагаараа онцлогтой.  Уг цогцолборт Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох есөн хөлт Цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас Их Хуралдай хуралдах үеийн хаад, язгууртнуудын ордонд байрлан суух дэг ёсыг харуулсан зохиомж бүхий исэр сандал, туг хиур, хүндэтгэлийн орон зайг бий болгосон төдийгүй хаалга бүрийн дотор Монголын нууц товчоон, Шар тууж, Асрагч нэртийн түүх зэрэг түүхэн тулгар сурвалжийн ишлэлийг монгол бичгээр бичжээ. Мөн байгууламжид нэг ч хадаас ороогүй, углуургадаж босгожээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.