“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа. Уралдааныг
1. Үндэсний шилдэг бүтээл бүхий хөтөлбөртэй телевиз
2. Телевизийн үндэсний шилдэг бүтээл
3. Телевизийн хүүхдэд зориулсан үндэсний бүтээл
4. Үндэсний шилдэг бүтээл бүхий хөтөлбөртэй радио
5. Радиогийн үндэсний шилдэг бүтээл
6. Радиогийн хүүхдэд зориулсан үндэсний бүтээл
7. Орон нутгийн телевизийн шилдэг бүтээл
8. Орон нутгийн телевизийн хүүхдийн шилдэг бүтээл
9. Орон нутгийн радиогийн шилдэг бүтээл гэсэн төрлөөр явуулж шилдэгүүдийг тодруулсан байна.
I. ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ
1. Сүхбаатар аймгийн BBS телевизийн “Ээмэг хонгор” нэвтрүүлэг
2. “Орон нутгийн телевизийн хүүхдийн шилдэг бүтээл” төрөлд Дорнод аймгийнЗалуучууд, уран бүтээлийн нэгдлийн “Зуни, Туни хоёр” нэвтрүүлэг
3. “Орон нутгийн радиогийн шилдэг бүтээл” төрөлд Хөвсгөл аймгийн Сторм ФМ-105 “Амьд харилцаа” нэвтрүүлэг
II. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ
1. Гэр бүлийн радио 104.5-ын “Дүрэмгүй хонх” нэвтрүүлэг
2. Марчаахай ХХК-ийн “Монгол наадам” телевизийн нэвтрүүлэг
III. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ
1. Арга билиг 95.7 радиогийн “Адуучин хүүд тохиолдсон явдал” нэвтрүүлэг
2. Контент Хаус Монголиа ХХК болон Соёл урлагийн их сургуулийн хамтран бүтээсэн “Эрдэнийн судар оршивой” телевизийн нэвтрүүлэг
IV. ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ БҮХИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ РАДИО, ТЕЛЕВИЗ
1. UBM радио 89.3
2. Монгол Эйч Ди ТВ телевиз тус тус шалгарлаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэв. Тэрээр оюун санааны дархлаа бол тусгаар тогтнолын баталгаа гэдгийг тодотгоод үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн бүтээлийг нэмэгдүүлэх, ард иргэд, ялангуяа хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээлийг дэмжинэ гэв.
Шилдэг бүтээлүүд нь ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдолтой, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Шилдэг бүтээл болон шилдэг бүтээл бүхий радио, телевизийг жил бүрийн Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шалгаруулдаг юм. Шүүгчдийн комиссыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, редактор Г.Золжаргал ахалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр нь хилийн боомтын зорчих хөдөлгөөнийг зогсооход чиглэсэн юм. Иймд уг шийдвэрийг иргэддээ хилээ хаасан мэтээр ойлгохгүй байхыг хичээнгүйлэн хүсье.
Тодруулбал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, халдварыг хүн ам дотроо алдах эрсдлийг бууруулах зорилгоор гадаадад гацсан монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авчрах, хилээр нэвтрүүлэх ажлыг УОК-ын шийдвэрээр тасралтгүй зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар 16 мянга 117 иргэнээ эх оронд нь татан аваад байна.
Сүүлийн саруудад тусгай үүргийн нислэгийн давтамж, чиглэлийг эрс нэмж, сардаа 14-16 нислэг авч байгаа нь 7 хоног бүр 3-4 нислэг үйлдэж байгаа гэсэн үг юм.
Хэрэв өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед буюу гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах горим мөрдөгдөж байх хугацаанд агаарын хилийг нээж, арилжааны нислэгүүдийг эхлүүлэх тохиолдолд тусгаарлах байрны нөөц, эмчлэх хүчин чадлаас шууд шалтгаалах тул нислэгийн тоо мөн 14-16 байна. Энгийн буюу арилжааны нислэгүүдийг нээх тохиолдолд дараах нөхцөл, хүндрэлүүд үүснэ:
– Зорчигчийн мэдээлэлд тулгуурлан тусгаарлах байрны хуваарь, тооцоог урьдчилан гаргах, онгоц буусны дараа зорчигчдыг тусгаарлах байр руу тээвэрлэх, сэжигтэй иргэдийг тусгаарлаж, зорчигчдын дунд халдвар тарах эрсдлээс сэргийлэх боломжгүй болно,
– Онгоц буусны дараа дээрх ажлыг зохион байгуулах шаардлагатай тул зорчигчид онгоцонд олон цагаар хүлээх, халдвартай зорчигч байх тохиолдолд халдвар тархах эрсдлийг нэмнэ,
– Тухайн нислэгээр ирэх зорчигчдын мэдээллийг урьдчилан авч, хяналт тавих, гадаадад удаан хугацаагаар гацсан иргэдийг тэргүүн ээлжинд авах боломжгүй буюу тийз авахаар хандсан хамгийн анхны хүмүүс нислэгт хамрагдана,
– Суудлын дүүргэлт буурах, тийзийн үнэ нэмэгдэх магадлалтай.
Жич: Гадаад орнуудаас чартераар ирж буй иргэдийн нэрсийг цахимаар ил болгож, ил тод, хуулийн байгууллагуудын хяналтыг мөн эрчимжүүлж, зөвхөн энэ сард 6-р сарынхаас 2 дахин их буюу 4500 орчим иргэдээ авч ирэх ажил гүйцэтгэх шатандаа явагдаж байна.
ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг улс орнуудын хил гадаад иргэдэд хаалттай байгаа нь дамжин өнгөрөх арилжааны нислэгүүдийг нээхгүй байх нэг үндэслэл болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв. Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.
Улсын аварга П.Бүрэнтөгс:
Нэгийн даваанд залуу бөх Д.Бат-Өлзий
Хоёрын даваанд залуу бөх Г.Алтанбагана
Гурвын даваанд аймгийн харцага Т.Түвшинтулга
Дөрвийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
Тавын даваанд улсын начин Б.Чимэдвандан
Зургаагийн даваанд аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ
Долоогийн даваанд аймгийн арслан Б.Бат-Орших
Наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан
Есийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1. Азийн хөгжлийн банкнаас зээл 100 сая ам доллар.
Богино хугацаанд хэлэлцээр хийж, УИХ-аар соёрхон батлуулснаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн санд хүлээн авсан.
2. ОУВС-аас зээл 99 сая ам доллар.
2020 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
3. Европын холбооноос буцалтгүй тусламж болох 50.8 сая евро буюу 59.7 сая ам доллар.
2020-2024 онд буюу 4 жилийн хугацаанд нийт 50.8 сая еврог буцалтгүй тусламжаар төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээж авахаас 2020 онд 16 сая евро буюу 18 сая ам.доллар хүлээж авна. Хараахан орж ирээгүй байна.
Төсвийн дэмжлэгээс гадна Засгийн газар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг оношлох, эмчлэх чадавхийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх төслийн санхүүжилт хэлбэрээр нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрүүд бүрдүүлсэн.
4. Дэлхийн банкнаас 26.9 сая доллар.
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11 500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдан авалтыг Дэлхийн банкны журмын дагуу Эрүүл мэндийн яам зохион байгуулах бөгөөд санхүүжилт нь тоног төхөөрөмж нийлүүлэгч компани руу Дэлхийн банкнаас тухай бүр шилжинэ.
5. Японы Засгийн газраас 1.2 тэрбум иен буюу 9 сая 319 мянган ам доллар.
2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хоёр өөр тусламжийн нот бичигт гарын үсэг зурсан.
Эхний 1.0 тэрбум иенийг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хэлбэрээр буюу “COVID-19” цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл Япон Улсаас нийлүүлнэ. Эдгээрийг худалдан авах, тээвэрлэх, нийлүүлэх ажлыг JICS (Japan International Cooperation System) байгууллага шууд хариуцан гүйцэтгэх бөгөөд санхүүжилт нь Япон Улс дотроо шууд шилжинэ.
249 сая иенийг Япон Улсын их, дээд сургуулиудад Монгол Улсаас хүмүүс сургахад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулна.
6. АНУ-ын Элчин сайдын яамнаас 1.2 сая ам доллар.
2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Засгийн газар КОВИД-19 халдварын эсрэг тэмцэхэд зориулж Засгийн газарт 1.2 сая ам. доллар буюу 3.3 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон. Энэ дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан Эрүүл мэндийн яам, Монгол дахь ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн санд халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр олгоно.
7. НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган ам долларын зээл тусламж авсан.
Улсын онцгой комиссын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх хугацаа, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг наймдугаар сард тусгай үүргийн нислэгээр татан авах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал сунгав
Монгол Улсын Шадар сайдын 2017 онд баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу холбогдох байгууллагууд 07 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийхэд КОВИД-19 халдвар манай улсын хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар хөрш БНХАУ-д хоногт 160-180 тохиолдол, ОХУ-д хоногт 4-6 мянган хүн халдвар авч байна. Өвчлөл буурахгүй байгаа шалтгааныг хөл хорионы дэглэмийг бууруулсан, иргэд буруу, ташаа мэдээлэлд автаж анхаарал нь суларсан, амны хаалт зүүхээ больсон зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Одоогоор дэлхийн 35 улс онц байдал зарласан бол 22 улс хөл хорио тогтоон, 88 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацааг тухай бүр нь сунгаж байна.
Цэцэрлэг, сургуулийн хичээлийг 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр болов
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Наймдугаар сард 3500 орчим иргэнээ татаж авна
Наймдугаар сард 14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ. Тухайлбал:
д/д | Хаанаас | Чиглэл | Зорчигчийн тоо /урьдчилсан байдлаар/ | Хугацаа |
1 | БНСУ | Сөүл | 250 | 2020.08.01 |
2 | АНУ | Сиатлл | 250 | 2020.08.05 |
3 | БНЭУ | Шинэ Дели/Ханой | 170 | 2020.08.06 |
4 | Япон | Токио | 250 | 2020.08.07 |
5 | ХБНГУ | Франкфурт | 250 | 2020.08.08 |
6 | БНЧУ | Прага | 170 | 2020.08.10 |
7 | БНСУ | Сөүл | 250 | 2020.08.14 |
8 | БНСУ | Сөүл /транзит/ | 250 | 2020.08.15 |
9 | БНТУ | Истанбул | 250 | 2020.08.20 |
10 | ХБНГУ | Франкфурт | 250 | 2020.08.21 |
11 | БНСУ | Сөүл | 250 | 2020.08.22 |
12 | Япон | Токио | 250 | 2020.08.24 |
13 | ХБНГУ | Франкфурт | 250 | 2020.08.26 |
14 | Австрали | Сидней | Австрали, Зүүн Өмнөд Ази | 2020.08.27 |
Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр тусгай үүргийн дөрвөн нислэг үйлдэх боломжийг судлаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал зэрэг холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна. Ажлын хэсэг хангайн бүсийн аймгуудын засаг дарга нартай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж зарим асуудлаар нэг ойлголт, шийдэлд хүрэх зорилготойгоор ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалт зөвлөгөөний үеэр УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдаад удаагүй байгаа энэ Засгийн газрыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэх, улс орны үндэсний аюулгүй байдал, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах, дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг олон арван асуудал, үүрэг, хариуцлага хүлээж байгаа тухай онцолсон.
Хангайн бүсийн аймгуудын засаг дарга нар, холбогдох албаныхантай хийсэн уулзалт зөвлөгөөн дээр Монгол Улсын Шадар сайдын хэлсэн үгнээс хэсэгчлэн хүргэж байна. “Сүүлийн 3 жилийн байдлаар хангайн бүсийн аймгуудад тохиолдсон 40 удаагийн үер болон усны ослоор 68 хүн амь насаа алдсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар саруудад их хэмжээний хур бороо орсон, амралт, аялал зугаалга, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээс Булган аймагт 3, Өвөрхангай аймагт 2, Хөвсгөл аймагт 10 хүн усны ослоор, Архангай аймагт 5 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаад байна.
Ховд аймгийн Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт 6, 7 дугаар саруудад байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчнөөр 3 хүн өвчилж, 1 хүн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Архангай аймгийн 4, Баянхонгор аймгийн 11, Завхан аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4, Хөвсгөл аймгийн 3 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд иргэдийн амралт, зугаалга нэмэгдсэн энэ үед тарваган тахал өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэх нь зүйтэй юм.
Энэ жилийн хувьд зуншлага 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа бөгөөд бүсийн аймгуудаас Баянхонгор аймгийн Баянхонгор, Баян-Өндөр зэрэг 14 сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Гучин-Ус сумын нутгаар муу байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан аймаг, орон нутгаас өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мах боловсруулах, малын тэжээл бэлтгэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, сумдын эрүүл мэндийн төвийг шаардлагатай багаж хэрэгсэл, автомашинаар хангах үйл зэрэг хүсэлтийг ирүүлж байна.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын дулааралтай холбоотойгоор ган, зудын давтамж ихэссэн, малын тоо толгой ихээхэн өссөн, олон аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн өвөлжилтийн бэлтгэлийг хангалтгүй хийсэн зэрэг шалтгаанаар 2000-2002 онд 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая толгой мал хорогджээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг ажил хэрэг болгоход аймаг, орон нутгийн удирдлага та бүгдийн хүчин чармайлт ихээхэн чухал болохыг сануулъя.
Ажил хариуцсан хүмүүсээс шалтгаалж, цаг үеийн ажил саатан, өвөлжилтийн ажилд хүндрэл учирсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай хатуу хариуцлага тооцож ажиллах болно гэдгийг хэлье.
Хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, тогтоол шийдвэрийн заалт нэг бүрийг бодит ажил хэрэг болгосоноор ирэх өвөл, хаврыг амжилттай даван туулах юм.
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахад дараах хэдэн гол асуудалд анхаарч ажиллахыг онцлон хэлье. Үүнд:
– Бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтийг зохион байгуулах бодлогыг сум, баг бүр гаргаж, даацаас хэтэрсэн малыг хэрхэн өвөлжүүлэх арга замыг тооцон, биелэлтийг хангуулах ажлыг шуурхай зохион байгуулъя.
– Отроор өөр аймаг, сумын нутагт өвөлжих өрхүүдийг 11 дүгээр сарын 1-ний дотор отор хийх газар нутагт нь очуулж, буудал бууц, хашаа хороо, худаг усны асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай. Энэ асуудлыг аймгийн удирдлагууд анхааралдаа авч, сум, багийн түвшинд хүрч ажиллах хэрэгтэй. Улс орны эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед малын зүй бус хорогдол, эндэгдэлгүй өвлийг өнтэй давж, хариуцлагагүй, цалгар назгай, залхуугаасаа болж хохирол амсаж улс, орон нутгаас илүү зардал чирэгдэл гаргахгүй байх нь иргэд, малчид, орон нутгийн удирдлага та бидний хариуцлага, хүчин чармайлтаас ихээхэн хамаарах тул үлдэж буй хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг үүрэг болгож байна” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.