Төрийн хэрэгжүүлж байгаа зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг боловсруулаад байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нарын хамт Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубынхантай уулзаж, уг хуулийн төслийн талаар ярилцлаа.
Төсвөөс хэрэгжүүлж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хувийн хэвшил өөрсдийн санхүүжилтээр гүйцэтгэж, чанар, үйлчилгээг дээшлүүлэх, иргэдэд хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх нь тус хуулийн төслийн гол зорилго юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой 19,6 их наяд төгрөгийн төсөл бий гэсэн тооцоо гарчээ. Хуулийн төслийн хүрээнд уул уурхай, банк, батлан хамгаалахаас бусад салбаруудад ААН-үүд түншлэлээр ажиллах боломжтой юм. Төр хувийн хэвшилтэй түншлэлийн гэрээ байгуулж, урт хугацаанд хэрэгжих баталгааг болгоно. Бизнесийн орчныг нь төр хамгаалж чадсанаар зөвхөн стандарт шаардлагаа тавьж, засвар үйлчилгээгээ хувийн хэвшил хариуцна гэдгийг хууль санаачлагчдын зүгээс тайлбарлалаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зүгээс “Төр бизнес эрхлэхээс татгалзаж, ААН-үүдэд орон зай олгож байгаа нь иргэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг авах боломжийг уг хуулийн төслөөр нээж өгч байна” гэж онцлов.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжиж эхэлбэл үйлчилгээний салбарт өрсөлдөөн бий болж, төсвийн зардал буурна. Урт хугацаанд хэрэгжих төсөл байх учраас шинэ технологиуд ч нутагших боломжтой гэдгийг хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс тодотгож байв.