Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийг хангах Үндэсний хороо нийслэл болон 9 дүүргийн иргэдийн хурлын 30 төлөөлөгчийг “Хүний эрхийн манлайлагч – төлөөлөгч” сургалтад хамруулаад байна. Сургалтаар хүний эрхэд суурилсан хандлага, дүн шинжилгээ, хянан магадлагаа, хот төлөвлөлт, өргөдөл гомдол шийдвэрлэлт, жендэрийн мэдрэмж, тэгш хамарсан бодлого зэрэг сэдвээр хэлэлцэж, ажиллалаа. Төлөөлөгчид цаашдын бодлого шийдвэртээ хүний эрхийг хангаж, хамгаалсан байдлаар ажиллах нь тус сургалтын үндсэн зорилго юм. Ийнхүү Хүний эрхийн манлайлагч – төлөөлөгч сургалтад оролцогчдыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзаж, хүний эрхийг хангах чиглэлээр Засгийн газар хэрхэн ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Иргэдийн ажиллаж, амьдарч байгаа орчинд төрийн оролцоог аль болох багасгаж, чөлөөт эдийн засгийг дэмжсэн, либералчлалын бодлогыг эрчимжүүлэх зарчмыг Засгийн газар баримтлан ажиллаж буй”-г тодотголоо. Мөн 2000 оноос өмнө баталсан хуулиуд нь өнөөгийн нийгмийн шинэ тутам харилцаа, амьдралыг зохицуулж байгаа нь цаг үеэ даган шинэчлэгдэж буй иргэд, олон нийтийн амьдралд зохицохгүй байгааг жишээ олон бий. Өөрөөр хэлбэл дарга төвтэй хуулийн зохицуулалтыг өөрчлөх шаардлага байгааг дурдлаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгуулснаар төрийн хүнд суртлыг арилгах, гаргасан хууль журам бодит байдал дээр бүрэн хэрэгжиж чадаж байгаа эсэх дээр анхаарлаа хандуулна. Ингэснээр төрийн хүнд суртал арилж, баталсан хууль тогтоомж бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ. Иргэдээс жилдээ 1.2 сая гаруй өргөдөл, гомдол ирдэг ч үүний шийдвэрлэлт нь хангалттай биш байгаа учраас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар өргөдөл, гомдолд тандалт хийж, шийдвэрлэлтэд анхааран ажиллах юм.
Аймаг, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид нь тухайн дүүрэг, сумдын иргэдтэй хамгийн ойр ажилладаг, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сайн мэддэг учраас цаашдын үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг хүсэж буйгаа ЗГХЭГ-ын дарга онцоллоо.