Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ зарим улсын холбогдох албаны хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж байна.

Саудын Араб Улс эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо дахин илэрхийллээ 

Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фалитай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сард тус улсад айлчлах үеэрээ ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах талаар ярилцсан. Талууд энэхүү яриаг дараагийн түвшинд гаргах болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Шадар сайд Т.Доржханд хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төсөл, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцлоо.  Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фали тус улс Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол өндөр буйг илэрхийлж тухайлбал, эрчим хүчний салбарт үр ашигтай хамтран ажиллах боломжтойг онцлов.

Уулзалтаас Монгол Улс, Саудын Арабын Засгийн газар хооронд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийх,  санамж бичиг байгуулах чиглэлд  ажиллахаар тогтлоо.

Арабын Нэгдсэн Эмират Улсын ЗГХЭГ-ын сайд Шадар сайд Т.Доржхандыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2024 оны арванхоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааны талаарх яриаг дараагийн шатанд хүргэх, энэ хүрээнд АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн яам болон сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг MASDAR компанитай ойрын үед санамж бичиг байгуулах талаар ярилцав.

Арабын Нэгдсэн Эмират Улсын ЗГХЭГ-ын сайд Мохаммад Абдулла Аль Гергави хоёр улсын хооронд Эдийн засгийн хамтарсан хороо байгуулах хүсэлтээ илэрхийлж, Шадар сайд Т. Доржхандыг АНЭУ-д айлчлах, Дубай хотноо болох “World Government Summit”- арга хэмжээнд оролцохыг урилаа.

Монгол Улс “Envision” компанитай эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт байгуулав
Эрчим хүчний үндэсний хороо дэлхийд ногоон технологиор тэргүүлэгч “Envision” групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд 500 мегаваттын эрчим хүчний батарей хуримтлуурын станц байгуулах, сэргээгдэх эрчим хүч экспортлох, ногоон ажлын байр бий болгох зэрэгт хамтран ажиллахаар тусгалаа.


“Envision” группийн амжилттай шийдлүүд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө бүрэн ашиглаж, эрчим хүчний найдвартай дэд бүтцийг бий болгон, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэртэй болохыг Шадар сайд, Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд онцлов. “Envision” группийн ТУЗ-ийн дарга Жан Лэй хоёр талын энэхүү түншлэл нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн зорилтоо биелүүлж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. БНХАУ-ын “Envision” групп нь Олон Улсын Санхүүгийн корпорацитай хамтран нийслэл Улаанбаатар хотын бондоор Багануур дүүрэгт 50МВт/200МВт.ц эрчим хүчний хуримтлуур станц барьж, энэ өвлийн оргил ачааллаас өмнө хүлээлгэж өгөөд байна.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба”-ыг бэхжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд тус зорилтын хүрээнд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан.

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хөтөлбөр (2024-2030)”-ийг батлаад байна.

Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороог Ерөнхий сайдын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулж, тус хороог Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо ахлан ажиллаж байна.

Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Засгийн газрын Агентлагийн дарга нарт “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад оролцогчдод хандан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Б.Солонгоо төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг сахин биелүүлэхэд онцгойлон анхаарах, өөрийн эрхлэх асуудлын хүрээний төрийн болон төсвийн холбогдох байгууллагуудыг мэдээлэл, зөвлөмжөөр хангаж, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлийг өгөв.

 

 

Ерөнхий сайдын дэргэдэх нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан өнөөдөр боллоо.  Хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
Өнөөдрийн хуралдаанаар түгжрэл, утаа, агаарын бохирдол бууруулах чиглэлээр нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв.  Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан  орлогч А.Амартүвшин нар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Улаанбаатар хотод 2025-2028 онд нийслэлийн тулгамдсан асуудлуудын суурь шалтгааныг өөрчлөх 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ онд Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Туулын хурдны зам, Шинэ тойрог зам зэрэг төслийн ТЭЗҮ, сонгон шалгаруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тухайлбал, Улаанбаатар метроны сонгон шалгаруулалт гуравдугаар сард, бүтээн байгуулалт есдүгээр сард эхэлнэ. Улаанбаатар трамвай төслийн тендерийг зургадугаар сард зарлана. Трамвайн нэгдүгээр шугамыг 2028 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Туулын хурдны зам болон тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчим 2008, 2009 оны үед очих тооцоолол гарчээ.
Нийслэлд ногоон бүс байгуулах, халаалтын зуух болон ДЦС-уудын яндангийн шүүлтүүрийг шинэчлэх, автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна.

Тухайлбал, Москва хороолол, Баянхошуу, Хөтөл, III, IV хороолол, Эх нялхсын арын дэнж орчим, Хайлааст, Дэнжийн мянга, 32-ын тойрог,  Мамба дацан, Дарь эх орчмыг ногоон бүс болгосноор агаарын бохирдол 15 хувь буурна гэж үзжээ. Ногоон бүс дэх айл өрхийг шингэрүүлсэн хийн түлшинд холбох ажил энэ сараас эхэлж байна. Мөн нийтийн тээврийг цахилгаан болон шингэрүүлсэн түлшинд шилжүүлэх бөгөөд ирэх сард тендер зарлах ажээ.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жигнэсэн нүүрс, сайжруулсан түлш, хөх нүүрс, хийн түлш, грийн көүл гэхчлэн өөр өөр нэр томъёо ашиглахгүй байх, нэгдсэн нэг нэршил ашиглаж хэвшихийг албаны хүмүүст сануулав.  Мөн нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, үр дүнг нарийн тодорхойлж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан танилцуулахыг үүрэг болголоо.

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штаб бямба гаригт хуралдаад тардаг биш байнгын ажиллагаатай байх ёстойг Засгийн газрын тэргүүн онцлоод ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт штабын уялдаа холбоо, чиг үүргийг сайжруулахыг даалгалаа. Мөн нийслэлд хэрэгжих эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхзүйн орчны зохицуулалтыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлж ажиллахыг штабын гишүүд, холбогдох сайд нарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-г өнөөдөр  хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы  “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлов.

Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, манай улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд хоёр талын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг улам бүр эрчимжүүлэхийн төлөө буй гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах ажилд хамтран ажиллахыг хүслээ. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд Япон Австрали зэрэг улсуудын хэрэгжүүлж буй хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас гурван шилжилт буюу AI хиймэл оюун ухаан өндөр технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг эрчимжүүлж буй бөгөөд Япон Улсын Засгийн газрыг хамтран ажиллахыг санал болголоо.

Элчин сайд М.Игавахара Монгол Улстай хөгжүүлж буй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа эдийн засаг, дэд бүтэц, батлан хамгаалах салбарын харилцааг шинэ агуулгаар баяжуулахын төлөө буйгаа илэрхийлэв.  Тэрбээр Монгол болон Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” Монгол Улсын Их хурлаар соёрхон батлагдсанд талархал илэрхийллээ.

Япон Улсын Засгийн газраас  манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд иенийн хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд М.Игавахара хэллээ. Тус зээлийг Монгол Улс Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан 2017 оноос зогсоосон. Энэхүү зээлийг нэн тэргүүнд Монгол Японы хамтран хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар талууд санал нэгдэв. Мөн Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах бүтээн байгуулалтад зарцуулахаас гадна хөгжлийн бусад төслүүдэд хөнгөлөлттэй зээлийг ашиглах талаар нарийн судалж, дахин ярилцахаар тохиролцлоо.

Төрийн өмчийн компанийн талаарх зохицуулалтын болон өмчлөлийн талаар баримтлах нэгдсэн бодлого бүхий эрх зүйн орчин байхгүй, салангид зохицуулж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагаанд хяналт тавих, зах зээлийн зарчмаар ажиллахад хүндрэлтэй, хийдэл үүсгэж байна.

Мөн ТӨК-ийн хувьцаа, хөрөнгө эзэмших зорилго, үндэслэл болон ТӨК-ийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтцийн өөрчлөлт хийх бодлого тодорхойгүй, ТӨК-ийг үүсгэн байгуулах нөхцөл, шаардлага, үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй, хувийн хэвшилтэй зэрэгцэн бизнесийн үйл ажиллагаанд оролцож, тэдэнтэй өрсөлдөж буй. Тиймээс дээрх практик шаардлагуудад тулгуурлан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, энэ хүрээнд өнөөдөр (2025.01.07) МҮХАҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулав.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99, охин хараат компаниудыг оролцуулаад нийт 123 компани 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна. Мөн хувьцаа эзэмшигчийн 100 хувийн эрхийг хэрэгжүүлж байгаа 42 хуулийн этгээд, Эрчим хүчний яам-27, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-15 (Эрдэнэс Монгол нэгдэл), Сангийн яам-7, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-4, Зам, тээврийн хөгжлийн яам-3 хуулийн этгээд байна. Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөг буюу 21.1%-ийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан байна.

Мөн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43% нь алдагдалтай ажилласан. Тайланд оны нийт цэвэр ашгийн дүнгийн 92%-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-3.5 их наяд төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-803 тэрбум төгрөг, “Хөдөө аж ахуйг дэмжих корпораци” ХХК-101 тэрбум төгрөг, “Төрийн банк” ХК-94.7 тэрбум төгрөг, “МИАТ” ТӨХК-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм.

Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 275 хуулийн этгээдийн хувьд 13 хувьцаат компани 21.6 тэрбум төгрөг, 31 хязгаарлагдмал хариуцлагатай компани 18 тэрбум төгрөг, 200 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 45.9 тэрбум төгрөг, 31 төсөвт үйлдвэрийн газар 1.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу нийт 87.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн мэдээ гарсан.

ТӨХХК-23, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд-11, төрийн өмчит үйлдвэрийн газар-17, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд өрхийн эмнэлэг, эм эргэлтийн сан, нөхөрлөл, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд зэргийг багтааж тооцвол нийт 472 хуулийн этгээд байна.

Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгасан. Үүнд төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгов. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, журмыг тусгасан. Ингэснээр төр, орон нутаг эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой салбарт төрийн болон орон нутгийн өмчит компанийг хуулийн хүрээнд тодорхой шаардлагуудыг хангасан нөхцөлд байгуулах юм. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийг эзэмшлийн хувь хэмжээгээр нь буюу төр, эсхүл орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааг бүхэлд нь эзэмшдэг бол төрийн болон орон нутгийн өмчийн компани, төр, эсхүл орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг бол төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани гэсэн хоёр төрлөөр компанийг ангилахаар тусгалаа. Түүнчлэн төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг таслан зогсоож, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон аль нэг төрийн захиргааны төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх, ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхойлов.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын чанартай үр дагаварууд бий болно. Тодруулбал төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцоно. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрдэнэ. Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статусыг тодорхой болгоно. Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно. Төрийн өмчит Компанийн засаглалыг сайжруулж, хяналтын тогтолцоо, ил тод байдал, үүрэг хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, санхүүгийн үр ашиг, компанийн үнэ цэн өсөж, татварын орлого, төрийн эзэмшлийн ногдол ашиг сайжирна. Төр болон орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхээ ил тод, шударга, хариуцлагатай, өрсөлдөөнд саад учруулахгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Уг хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр (2024.12.17) томилолтын хугацаа нь дуусаж буцах болсонтой нь холбогдуулан төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Сайд Н.Учрал Тапан Мишрад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүмүүнлэг, энхийг дэмжих салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, “Найрамдал” медалиар шагнуулсанд баяр хүргэлээ.
Түүнчлэн Суурин зохицуулагчаар ажиллах хугацаандаа Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэх зорилтыг тууштай дэмжин, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс дахь НҮБ-ын 2022 оны үйл ажиллагааны тайлан Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын дунд шилдэг бөгөөд бүтээлч тайлангаар шалгарсан нь бүс нутагтаа “сайн жишээ” болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.
Ноён Тапан Мишра Монгол Улсад ажиллах хугацаанд Монгол Улсын Төр, засаг үргэлж дэмжин ажиллаж байсныг дурдаад цахим засаглалыг хөгжүүлэх, тэгш, хүртээмжтэй нийгмийг бэхжүүлэхэд нээлттэй, үр дүнтэй дэмжин хамтран ажиллаж байсанд Сайд Н.Учралд талархал илэрхийлэв.

Монгол улсад орчин цагийн газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр (2024.12.13) төрийн ордонд  болж буй ойн баярын хурлыг нээж үг хэлж, газрын харилцааны салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад баярын мэнд дэвшүүллээ.

Засгийн газраас газрын харилцааны үйл ажиллагааны олон салбар дамнасан онцлогт нийцүүлэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр салбарын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Мөн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Монгол улсын Ерөнхий сайдын шууд эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсний үр дүнд газрыг зөвхөн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн дагуу олгох, олон салбарын төслүүдийг газрын давхцал зөрчилгүй, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх болон Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан “газрын нэгдмэл сангийн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх” бодит боломж бүрдсэн.

Цаашид орон зайн их өгөгдлийг бүрдүүлэх, түүнд суурилсан төлөвлөлт, шийдвэр гаргалтыг дэмжих, хаягийн системийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, 3D кадастрыг нэвтрүүлж газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг төгөлдөржүүлэх, тэдгээрт шаардлагатай хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг эрчимжүүлнэ гэдгийг сайд Н.Учрал онцлов.

Газрын харилцааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд өөрийн хөдөлмөр зүтгэл, оюун ухаанаа дайчлан, хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч та бүхэнд Монгол улсад орчин цагийн газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамад Бин Иса Аль-Халифатай уулзаж, Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд булангийн орнууд, тэр дундаа өвөрмөц соёл, түүхтэй Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүх талын тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд идэвхжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 онд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, эрх зүйн 14 реформыг хийх зорилт тавьсан. Энэ хүрээндуул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хот байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлов.

Мөн хоёр орны бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшлийн харилцааг дэмжих, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын болон боловсролын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд хоёр талаас дэмжиж ажиллах боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамад Бин Иса Аль-Халифатай уулзаж, Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд булангийн орнууд, тэр дундаа өвөрмөц соёл, түүхтэй Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүх талын тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд идэвхжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 онд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, эрх зүйн 14 реформыг хийх зорилт тавьсан. Энэ хүрээндуул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хот байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлов.

Мөн хоёр орны бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшлийн харилцааг дэмжих, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын болон боловсролын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд хоёр талаас дэмжиж ажиллах боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр  арванхоёрдугаар сарын 05-ны өдөр тус улсын Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянд бараалхаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцав.

Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын талаар танилцуулж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, цахим хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ.

Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян эдгээр салбарт хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

Мөн талууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.