Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНЭУ-ын Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар-тай 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр уулзаж, уул уурхай, эрчим хүч, боловсрол, мэдээллийн технологийн салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүд, цаашид хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ, нэн ялангуяа хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийн ажлыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан манай “оюун санааны хөрш”, соёл, ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж ирснийг онцлон тэмдэглэж, Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны Хамтарсан хорооны монголын хэсгийн даргын хувьд хоёр улсын харилцааны бүхий л асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.
БНЭУ-ын Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал хандуулж буйд талархал илэрхийлж, БНЭУ-ын Засгийн газраас үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр нягт хамтран ажиллахын төлөө буйг нотлов.
Талууд англи хэлний багш, мэдээллийн технологи, уул уурхайн салбарын мэргэжилтнийг БНЭУ-д сургах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд тус аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 62,4 их наяд төгрөг, экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Төрийн албан хаагчдын цалинг 20-60 хувиар нэмсэн, 2016 онтой харьцуулахад дундаж тэтгэврийн хэмжээ 2,2 дахин нэмэгдсэн байна.
Ерөнхий сайд Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг дурдаад Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй нь эдийн засагт эергээр нөлөөлж буйг хэллээ.
Дорноговь аймгийн иргэд аймгийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийг шийдэх, Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрханы орчимд олгосон хайгуулын лицензийг цуцалж өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон Политехник коллежийн барилгыг шинэчлэх, Замын-Үүд сумын жолооч нарын тээвэр хийх асуудалд анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, малчдын талаар цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг саналыг хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 2024 оны улсын төсөв батлагдахаас өмнө орон нутагт ажиллаж иргэдийн саналыг сонсож буй.
1. Дулааны станцыг өргөтгөх ( Сайншанд сум)
2. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн цогцолбор барих
3. Хамарын хийдийн гурван замын уулзвараас-Зүүнбаян чиглэлийн 22 км автозам барих
4. Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөх, хэрэглээний халуун усны шугамыг шинээр хийх
5. Хатанбулаг-Ханги чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам
6. 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга (Даланжаргалан сум)
7. 200 суудалтай соёлын төвийн барилга ( Дэлгэрэх сум)
8. Соёлын төвийн барилга (Эрдэнэ сум)
9. Политехник коллежийн барилгын зураг төсөв
10. Шүүхийн шинжилгээний албаны барилга барих ажлыг ирэх онд хийх шаардлагатай гэдэгт уулзалтад ирсэн иргэдийн төлөөлөл санал нэгдлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулт өглөө. Аймгийн иргэдийн эрэмбэлсэн бүтээн байгуулалтыг ирэх онд улсын төсөвт тусгана гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Иргэдийн санал хэлсэнчлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрхны асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, улсын тусгай хэрэгцээнд авна гэв. Мөн Замын-Үүдийн жолооч нарын тээвэрт үүссэн асуудалд ажлын хэсэг ажиллаж, нэг сарын дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Малчдын талаар төрөөс баримтлах цогц бодлогыг боловсруулж байгаа, малчдын төлөөллийг Парламентад оруулахаар зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв.
Энэхүү арга хэмжээний үеэр 100 гаруй улсын 1550 орчим оролцогч нэгдсэн хуралдаан, дээд хэмжээний дугуй ширээний уулзалт, сэдэвчилсэн болон чөлөөт хэлэлцүүлэг, стратегийн уулзалт, семинар, танилцах арга хэмжээ, шагнал гардуулах ёслолд оролцжээ.
Нээлттэй засгийн түншлэлийн (НЗТ) дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болорсайхан “Ардчилсан шилжилтийн үед иргэний нийгмийн тогтвортой байдлыг бий болгох, хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийн зочин илтгэгчээр оролцлоо.
Тус хэлэлцүүлгийг Цивитатэс (Civitates) ТББ-ын захирал Элиза Петер чиглүүлж, Эл Десарроллогийн Харилцаа холбоо, хөгжлийн хүрээлэнгийн (ICD) захирал Анабел Круз, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Төрийн ёс зүй, шударга байдлын газрын Ерөнхий захирал Милагрос Ортиз Бош, Эль Сальвадор Улсын Эл Десарроллогийн үндэсний сангийн (FUNDE) Ил тод байдал, авлигын асуудал эрхэлсэн захирал Жессик Эстрада, Азербайжан Улсын Хуульчдын нийгэмлэг үүсгэн байгуулагч Зия Гулиев оролцож, нээлттэй засагт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн улсын тулгамдсан асуудал, түүнийг хэрхэн шийдэх талаар байр сууриа авлига, ардчилал, иргэний нийгэм, иргэний орон зайтай холбож хэлэлцлээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхий дахины төрийн болон төрийн бус байгууллага, бодлого боловсруулагчид хуран цуглаж, цахим эрин дэх нээлттэй засаглал, засаглал, бодлого боловсруулах үйл явцыг технологийн тусламжтайгаар илүү ил тод, хариуцлагатай болгох, ардчиллыг хадгалан үлдэх талаар анхаарч хэлэлцэж байна. Мөн Эстони Улсын ил тод цахим засаглал болон иргэний нийгэмтэй ойр харилцдаг сайн туршлага нь дэлхийд үлгэрлэдэг бөгөөд бусад улсын төлөөлөл суралцах таатай орон зайг бүрдүүлжээ.
Нээлттэй засгийн Үндэсний зөвлөлийн дэд дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Чиг хандлага, сорилт, инновац: Дижитал засаглалын шинэ хил хязгаар” сэдвээр дээд хэмжээний дугуй ширээний уулзалтад оролцож Монгол Улсын цахим засаглалыг хэрхэн урагшлуулах, бүс нутгийн болон олон улсын түвшинд мөрдөгдөж буй хэм хэмжээ, стандартын нөлөөлөл болон Нээлттэй засгийн түншлэлээр дамжуулан хэрхэн дижитал засаглалын ахиц дэвшил гаргаж болох тухай өөрийн байр суурийг илэрхийллээ.
Нээлттэй засгийн түншлэлийн дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ази, Номхон далайн бүсийн гишүүн – Австрали, Өмнөд Солонгос, Индонез, Филиппин, Папуа Шинэ Гвиней, ажиглагч Балба Улсын төлөөлөлтэй НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болорсайхан ярилцав. Хэлэлцүүлгийн үеэр улс орны төлөөлөгчид бүсийн хэмжээнд тулгамдсан асуудал, бэрхшээл, сорилын зэрэгцээ түүнийг даван туулах, шийдэх арга зам, өөрсдийн сайн туршлагын талаар хөндсөн билээ. Монгол Улсын төлөөллийн зүгээс Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, түүнийг Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлс, зарчимтай уялдуулан хэрэгжүүлэх боломжтойг, мөн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг өргөн бүрэлдэхүүнтэй тал бүрээс сорил, шийдлээ хэлэлцэн шийдэхээр зорьж байгааг цохон тэмдэглэжээ.
Тэгш хамрах, авлигын эсрэг, халдашгүй байдлыг хангах, цахим засаглал, иргэний орон зай, шударга ёс, нээлттэй парламент, төсвийн нээлттэй байдал, төрийн албаны хүргэх үйлчилгээ, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц, мэдээлэлтэй байх эрх зэрэг Нээлттэй засгийн түншлэлийн хамрах хүрээний дагуу нэгдсэн, салбар, сэдэвчилсэн хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага цуврал байдлаар өрнөж байна. Мөн иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, төрийн, судлаачдын төлөөлөл болсон оролцогчдын дунд олон болон хоёр талын уулзалт, ярилцлага зохион байгуулж байна.
Нээлттэй засгийн түншлэлийн (НЗТ) дээд хэмжээний уулзалтыг 2023 оны 9 дүгээр сарын 5-7 -ны өдөр Эстони Улсын Таллин хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр 9 дүгээр сарын 5-ны өдөр 70 гаруй улсын иргэний нийгэм болон Нээлттэй засгийн түншлэл хариуцсан төрийн байгууллагын 260 орчим төлөөлөл хамтдаа харилцан суралцах, туршлага солилцох, хэлэлцэх анхны “НЗТ-ийн цугларалт” (OGP Camp) боллоо. Манай улсын иргэний нийгмээс “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын зөвлөх Ц.Мандхайхатан, Засгийн газраас Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, мэргэжилтэн Д.Номинчимэг төлөөлж оролцов.
Цугларалтын үеэр НЗТ-ийн 2023-2028 оны стратегийг танилцуулж, иргэний нийгмийн болон төрийн байгууллагын оролцогч талууд энэхүү стратегийг тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэхээр хэрхэн хамтран талаар хэлэлцсэн болно. Мөн нээлттэй засгийн туршлагаа оролцогчид хуваалцаж, туршлагаа хуваалцахаас гадна тулгамдсан асуудал, сорилт даван туулах санаа, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Нээлттэй засгийн түншлэлийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо.
Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж авлигын эсрэг тэмцэл, 5Ш ажиллагааг зарлаж, эдийн засаг, боловсрол, төсөв санхүү, баялгийн реформыг өрнүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө орон нутаг, бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч “Шинэ сэргэлтийн 5 цагариг” концепцыг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймаг, боомтуудаа автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд танилцууллаа. Реформыг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцож, хөгжлийг боомилж буй хязгаарлагч хүчин зүйлс, тухайлбал авлигатай хамтран тэмцэхийг Ерөнхий сайд уриаллаа.
Ховд аймгийн иргэд шударга ёсны тэмцлээ тууштай үргэлжлүүлэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг баримтлах, иргэдэд газрыг шударгаар эзэмшүүлэх, баруун бүс нутагт бензин шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг бууруулах, сурагчдын автобус, сургууль цэцэрлэгийн засвар, аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг хөндөн ярилаа.
Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулт өгөв. Халзан бүргэдэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ, иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтын гэрээнд удахгүй гарын үсэг зурна. Тус станц ашиглалтад орсноор бүс нутаг, улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Нэг хүнд ногдох ДНБ 10.4 сая төгрөг. 3.5 сая малтай, 2936.1 га талбайд газар тариалан эрхэлдэг. БНХАУ, ОХУ, Казахстаны зах зээлд ойр оршдог, дэд бүтцээр бүрэн холбогдсон, эрчим хүчний нөөц сайтай, олон улсын тээврийн сүлжээнд холбогдсон, жилийн дөрвөн улиралд аялал жуулчлал, аж үйлдвэрлэл хөгжүүлэх, газар тариалан, хүнсний ногоо тариалах боломж өндөртэй аймаг юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд үйлдвэрлэл технологийн парк, шинэ суурьшлын бүсийн төсөл эхэлж буй бол БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронтой Булган-Такашикен боомтын өргөтгөлийг хэрэгжүүлэх болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд байна.
2024 оны төсвийн төслийг боловсруулахад Засгийн газар иргэдийн саналыг авч байна. Ховд аймгийн иргэд Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах, Ховдын дулааны станцын өргөтгөлийн 2-р үе шат, Олон ястны өв соёлын цогцолбор музейн барилга, Гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээний зураг төсөв, Ховд-Улаангом чиглэлийн 163,3 км хатуу хучилттай автозам, Жаргалантын 320 хүүхдийн сургууль болон Ховд сумын цэцэрлэгийн барилга, 1000 айлын орон сууцны зураг төсөв, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл зэргээр төслүүдийг эрэмбэллээ.