Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжүүлж буй хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Тус аймаг 2016 оноос хойш түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр 2512 айлыг орон сууцаар хангажээ. Үүний 329 нь түрээсийн орон сууцанд хамрагдсан байна. Энэ онд 288 айлыг түрээсийн орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ.

Түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцны мкв-ын үнийн тухайд 1.9-2.4 сая төгрөг байна. Түрээсийн орон сууц барих эх үүсвэрийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж, одоогийн байдлаар 36.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдсан айлууд 5-10 жилд сар бүр төлбөр төлөхдөө хүү, алданги, ханшийн зөрүү огт төлөхгүй. Байрны төлбөрөө төлж дуусаад гэрчилгээ авсны дараа татварын хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх нь үүсэх юм байна.

Тус аймаг нарийн мэргэжлийн эмч, англи хэл, математикийн шилдэг багш нарыг орон нутагт ажиллуулах зорилгоор орон сууцаар үнэ төлбөргүй хангах бодлого хэрэгжүүлж байна. Ингэхдээ таван жил тогтвортой ажиллах нөхцөл тавьж, энэ шаардлагыг хангасан тохиолдолд амьдарч буй байрыг нь шууд өмчлөлд нь шилжүүлэх юм. 21 өрх дээрх нөхцөлөөр байртай болжээ.

Мөн түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж “Single apartment” төслийг энэ онд эхлүүлэх гэж байна. Тус төсөл нь орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх хүртлээбуюу 1-5 жилд зөвхөн хэрэглээний зардлаа л төлж, амьдрах боломжийг залууст олгох ажээ.

“Single apartment” нь 18-20 мкв байр, бүрэн тохижилттой, өмсөх хувцас, сургуулийн дипломтойгооирэхэд л хангалттай гэж аймгийн удирдлагууд танилцууллаа. Уг төсөлд хамрагдах залууст Дорноговь аймагт зургаан сараас дээш ажилласан, НДШ төлдөг байх гэсэн шалгуур тавьж байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг танилцуулж, туршилтаар нэвтрүүлэх төрийн байгууллагуудад чиглэл өгөх арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

2024 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт 65, Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн дундаж 77, төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээний дундаж 98.7 хувьтай байна. Гэтэл иргэд олон нийтээс төрийн үйлчилгээнд өгсөн сэтгэл ханамжийн судалгааны үнэлгээ 40 хувьтай гарсан. Олон улсын жишгээр албан хаагчдын гүйцэтгэлийн дундаж болон иргэд, олон нийтийн үнэлгээгээр өгсөн дүн хоёрын зөрүү нь 35 хувь дотор байвал гүйцэтгэлийн удирдлагын харилцаа нь хэвийн явагдаж байна гэж үздэг бол энэ тоо манайд 58 хувь байгаа нь онцгой анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг танилцуулж, туршилтаар нэвтрүүлэх төрийн байгууллагуудад чиглэл өгөх арга хэмжээний үеэр хэллээ.

Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим систем байхгүй учраас төрийн 100 гаруй байгууллагын 5000 орчим албан хаагч гүйцэтгэлийн удирдлагын цахим программыг дор бүрнээ нэвтрүүлэн ашиглаж байна. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэлснээр төрийн албаны төлөвлөлт, тайлагналт, үнэлгээний харилцаанд нэг стандарт бүхий мэдээллийн нэгдсэн сангийн удирдлагын ижил зарчим хэрэгжиж эхэлнэ гэлээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн тайлан, үнэлгээний мэдээллийг ил болгосон, цахим системийг нэвтрүүлснээр гүйцэтгэлтэй холбоотой мэдээллүүдийг олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр илүү дэлгэрэнгүй хүргэх боломж бүрдэнэ. Энэхүү системийг бий болгох санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар КОЙКА байгууллагын төслийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд системийн хөгжүүлэлтийн ажлыг мэдээллийн технологийн хувийн хэвшлийн мэргэжлийн компаниар гүйцэтгүүлжээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэн, хариуцлага, ил тод байдлыг хангаж, гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгохоор заасан нь Засгийн газрын “Шинэ итгэл, Эрс шинэтгэл” бодлогын тэргүүлэх зорилтын нэг юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэдтэй уулзлаа. Уулзалтад тус аймгийн 14 сумаас иргэдийн төлөөлөл оролцов.

Дорноговь аймагт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буйд иргэд талархал илэрхийлээд, олон салбарт бугшсан авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүслээ.

Тус аймгийн Мандах суманд ноос, ноолуур үнэгүйдэж, малын өвчлөл ихэсжээ. Үүнээс болж малчдын орлого буурсан. Шалтгааныг нь нутгийн иргэд хариуцлагагүй уул уурхайтай холбоотой гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт тасалдсанаас өрийн гинжин хэлхээ үүссэн нь эрүүл мэндийн үйлчилгээг доголдуулах хэмжээнд хүрсэн талаар тэд ярив. Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан Ерөнхий сайдын шийдвэрийг сайшаагаад, хамгийн гол нь бодит үр дүн гаргаж, цэгцлэх ёстой гэж байр сууриа илэрхийллээ.

Даланжаргалан, Өргөн сумдын эмнэлэг туулах чадвар сайтай машингүйн улмаас алсын дуудлагад цаг алдах зэргээр тусламж үйлчилгээ нь саатаж байна. Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг шийдвэрлэж, сумдад тээврийн хэрэгсэл олгохоор боллоо.

Дорноговь аймаг 1.6 сая малтай. Харин аймгийн хэмжээнд малын эмч 26 байгаад дүгнэлт хийж, бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Татварын ачааллаас болж мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд бэхжиж чадахгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Дорноговь аймаг 72 мянга гаруй хүн амтай.  Тус аймаг улсаас татаас авдаггүй цөөн аймгийн нэг. Өнгөрсөн онд улсын төсөвт 166.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэлээ.

Бортээгийн орд – суурь судалгаа бүрдсэн төсөл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.

Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн, нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусна.

Нүүрсний зах зээлийн дэлхийн чиг хандлага: БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд цахилгаан болон сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай уялдан 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ мэдэгдэхүйц буурах эрсдэл ажиглагдаж байна.

Иймд дэлхийн олон улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байна.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

  • Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах
  • Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох
  • Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох
  • Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих
  • Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах

Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:

  • Байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж,
  • Үндэсний баялгийн сан арвижин,
  • Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд -шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулсан. Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2025 оны арван хоёрдугаар сарын 08-12-нд зохион байгуулж, сонсголын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгсөн УИХ-ын тогтоол баталсан юм. УИХ-ын Түр хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцээгүй, ногдол ашиг авах хугацаа хойшилсон, зардал хэтэрснээс өгөөж эрс буурсан, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоо бодитой хангагдаагүй, ил тод бус гэсэн дүгнэлт гаргасан.

УИХ-аас баталсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх алхмуудыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд “Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас томилсон Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.

Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчид эрх тэгш байх зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, хөндлөнгийн аудит оруулах, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах, төслийн зардал, санхүүжилтэд УИХ-ын хяналтыг хангах зэрэг тодорхой асуудлуудыг хөндөж, тус төслийн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх талаар “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ.

Дэлхийн Банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг-2” төслийн хүрээнд “Засгийн газрын архивын болон шийдвэрийн цахим системийг хөгжүүлэх” БАГЦ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж байна.
⏰Тендерийн санал авах сүүлийн хугацаа: 2026 оны 02-р сарын 09-ний өдөр, 15:00 цаг
📢 Тендерийн нээлт: 2026 оны 02-р сарын 09-ний өдөр, 15:15 цаг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн энэ Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, хилийн цэргийн бэлэн байдалд шалгалт хийлээ.

Хил хамгаалах ерөнхий газар Удирдлагын нэгдсэн төвийг төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2024 оноос ашиглаж эхэлжээ. 2025 онд ХЗДХ-ийн сайдын тушаалаар бүтэц, орон тоог нь албажуулжээ.

Дэвшилтэт технологид суурилсан удирдлагын нэгдсэн төв нь олон улсын жишигт нийцсэн С5 зэрэглэлийнх. Уг төвд хилийн бүх боомт болон хилийн хэсгүүдийг холбож, хяналт, удирдлагаар ханган ажиллаж байна. Ингэхдээ хил хамгаалах салбарын хэмжээнд бие даасан, хаалттай сүлжээний дэд бүтэц байгуулжээ.

Хяналт, удирдлагын тогтолцоо сайжирч, хил хамгаалах ажлын үр дүнд ч эергээр нөлөөлж буйг Ерөнхий сайдад илтгэв. Тухайлбал, хил дээр гарсан хэрэг зөрчил өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд 79 хувиар буурчээ. Мөн цаг агаарын аюулт үзэгдэл, бусад учир шалтгааны улмаас ард иргэдэд учирч болох байсан 13 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилж сэргийлж чаджээ.

Хойд хилийг хянан баталгаажуулах ажил 86 хувьтай үргэлжилж байгааг ХХЕГ танилцуулаад зарим хэсэгт байгалийн бартаа саад ихтэй тул техник хэрэгсэл болон төсвийн дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүслээ. Мөн ирэх жил урд хилийг хянан баталгаажуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дэмжиж анхаарч ажиллана. Ялангуяа,орон сууцжуулах асуудалд онцгой анхаарна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Ирж буй 2026 онхил хамгаалах салбарт технологийн дэвшлийг эрчимтэй нэвтрүүлсэн жил болох учиртай. Энэ тал дээр шинэ санаа, санаачилга гаргаж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлээд ирэх оны төсөвт хилийн цэргийн салбарт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэнэ гэлээ.

Гэнэтийн шалгалтад бэлэн байдлаа бүрэн харуулсанд Ерөнхий сайд талархал илэрхийлээд бэлэн байдалд ОНЦ үнэлгээ өгч байна гэлээ.

Ерөнхий сайд ”Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдрөөр хилчидтэйгээ уулзаж байгаадаа талархалтай байна. Нийт хилчид болон хилийн зурваст алба хааж буй хилчин дайчдад алба хаагч та бүхнээр дамжуулан баярын мэнд хүргэе” гэлээ.

-Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй-

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаригийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Асуулгын цагийг зохион байгуулав. Дөрөв дэх удаагийн Асуулгын цагаар “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” сэдвийн хүрээнд мэтгэлцээн өрнүүллээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Д.Цогтбаатар, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болон гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийн үр дүн, дэд сайд нарын томилгоо, эдийн засгийн нөхцөл байдал, татварын шинэчлэл зэрэг сэдэв, агуулгын хүрээнд асуулт бэлджээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулахдаа эдийн засгийн гол үзүүлэлтүүд болон статистик тоо, баримтыг дурдав. Тэрбээр, “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” гэдэг үнэн. Үнэхээр хамтарсан Засгийн газар ажилласан 2025 оны зургаадугаар сар хүртэл эдийн засаг унаж, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж уруудсан байсан. Долларын ханш 4000 төгрөг давах, инфляц 15 хувьд хүрэх тооцоололтой байсан. Тэгвэл унасан эдийн засаг одоо сэргэсэн.

Өнгөрч буй жил хүнд жил байсан. Хөөс хагарч үнэнтэй нүүр тулсан жил байсан. Ирэх жил хүнд жил байна. Дэлхийн эдийн засаг ийм байна. Нүүрсний үнэ хоёр, гурван жилийн өмнөхөөс дөрөв дахин унасан байна. Тийм учраас эрс шийдэмгий бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд, авлигатай тэмцсэний үр дүнд хэдэн хэрэг шүүхэд шилжүүлсэнээс илүү бодит үр дүнд эдийн засгийн өсөлт өнөөдөр хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.5 хувь болж давах дүнтэй байна. Долларын ханш 3600 төгрөг давсан байсан одоо 3550 төгрөг болж буурсан. Төгрөгийн ханш чангарлаа. 15 хувь хүрч өсөж байсан инфляц 8.2 хувь болж буурлаа. Авсан арга хэмжээний үр дүнд эдийн засаг бодитой сайжирч байгааг илэрхийлэх тоонууд. Дотоодын статистик ийм байхаас гадна дэлхий Монгол Улсыг үнэлээд олон улсад нэр хүндтэй Moody’s, S&P агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэлийг B2, тогтвортой ангиллаас B1 тогтвортой ангилал руу шилжүүллээ”

Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй. Унаж байсан эдийн засаг өссөн. Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн хэмээв.

Ерөнхий сайд мөн авлига, хулгайтай хийж байгаа тэмцэл тууштай үргэлжилж байгааг онцолж, өнгөрсөн авлига, албан тушаалын 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн, олон арван хэрэг шалгагддаж байна. Тухайлбал, 2 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, лицензийг битүүмжилж шалгах ажиллагаа явуулж, энэ талаар нэхэмжлэлийг гаргаад байгааг дурдав.

Татварын реформын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэхдээ УИХ-д өргөн бариад байгаа татварын багц хуулиар данс хаадаг гэх мэт албадлагын шинжтэй механизмаас илүү зөвлөн тусалдаг, аж ахуйн нэгжүүдээ дэмждэг үйл хэлбэр, тогтолцоо руу шилжиж байгаа гэлээ. Мөн татварын өршөөлийг эхэлж хэрэгжүүлдэггүй, цогц реформыг эхэлж хийдэг. Татварын өршөөл үзүүлэх тухай гажуудуулсан мэдээлэл эдийн засагт ямар дохио өгөх вэ гэдгийг тооцох ёстойг онцлов.

Татварын өртэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж байгаа асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл сүүлийн статистик мэдээгээр 23 мянга орчим аж ахуйн нэгжийн данс хаагдсан байсныг Засгийн газрын хуралдаанаар чиглэл өгч 4368 аж ахуйн нэгжийн дансыг нээгээд байгаа аж.

Дэд сайд нар томилсонтой холбоотой гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд Г.Занданшатар гүйцэтгэх засаглалд дэд сайдыг ажиллуулдаг нь дэлхийн улс орнуудад ч тогтсон жишиг. Засгийн газрын сайдын ажлыг дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор олон улс оронд дэд сайд болон түүнтэй дүйх статустай албан тушаалууд бий. Нэршил нь янз бүр боловч эрх, үүрэг нь дэд сайдын статусаар салбарын бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, парламенттай харилцах харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй. Нөгөө талаар Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “4.Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасны дагуу дэд сайд нарыг томилсон.

Цаашид төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлж, бүтээмжид суурилсан үнэлгээг нэвтрүүлж, төрийн албанд дахин инженерчлэл хийнэ гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, улсын томоохон эмнэлгүүдийн нөхцөл байдалтай очиж танилцаж буй. Энэ хүрээнд өнөөдөр /2025.12.20/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд 10 сая еврогийн санхүүжилтээр 2021 оноос гурван үе шаттай хэрэгжүүлж байна.

 Төслийн үр дүнд Хавдар судлалын үндэсний төв соронзон резонаст томографын аппарат, компьютер томографын аппарат, ангиограф, AI дэмждэг дижитал маммограм аппараттай болжээ. Ингэснээр дэлхийн жишигтэй хөл нийлүүлж, өндөр хүчин чадал бүхий дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хорт хавдрыг эрт илрүүлж, оношилж, эмчлэх нөхцөл бүрдэж байна.

Хавдар судлалын үндэсний төв энэ сарын 28-нд мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглахаар төлөвлөгөөний дагуу бэлтгэж байна. Тус төв 2022 онд туяа эмчилгээнд шугаман хурдасгуурт аппаратад суурилсан технологи нэвтрүүлсэн нь уг эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулж, хүртээмжийг 25 хувиар нэмэгдүүлжээ.

Манай улсад эмчлэх боломжгүйд тооцогдож байсан тархины гүнд байрлалтай хавдрын эсрэг мэс заслыг тус төвд өнгөрсөн оноос хийж эхэлжээ. Мөн 2018 онд БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нартай хамтран амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийж байсан бол өдгөө уг эмчилгээг тус төвийн эмч нар гардан гүйцэтгэдэг болжээ.

21 аймаг, есөн дүүргийг Хавдар судлалын үндэсний төвтэй холбосон цахим бүртгэлийн систем нэвтрүүлснээр өвчтөн хаана ч оношлогдсон, мэдээлэл нь Хавдар судлалын үндэсний төвд бүртгэгдэж, хугацаа алдахгүй эмчилгээ эхлүүлэх боломжтой болжээ.

Эмчилгээ, оношилгооноос гадна хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ жил Хойд бүсэд хавдрын дэд төв нээсэн. Сонгинохайрхан дүүрэгт “Хавдар судлалын үндэсний төв -2” төсөл хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Мөн дурангийн оношилгоо, эмчилгээний төв барьж байна. Ирэх онд ашиглалтад оруулна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзан /2025.12.19/, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнөөдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 27 дугаар хуралдааныг богино хугацаанд амжилттай зохион байгуулсанд хоёр талын Үндэсний хэсгийн дарга нар Шадар сайд Х.Ганхуяг болон Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нарт баяр хүргэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурал соёрхон баталсныг мэдээлж, Оросын тал болон тус холбооны бусад гишүүн орнууд ойрын хугацаанд Түр хэлэлцээрийг мөн батална гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн ОХУ-ын дотоод нөхцөл байдал амаргүй байгаа төдийгүй олон улсын зах зээл тогтворгүй байдал үүссэн үед Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж байгаад талархал илэрхийлж, манай улсын өвлийн улиралд ялангуяа бензиний хэрэглээ нэмэгддэг тул нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ.

Эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц төслийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр талд харилцан ашигтай болохыг онцолж, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахыг сaнал болгов.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлахаар төлөвлөж буйг мэдээллээ.

Тэрээр цааш хоёр талын эрчим хүчний салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр талын боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа тэмдэглэж, эдгээр салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээ илэрхийллээ.

Талууд хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг байхгүй байгаа нь зөвхөн иргэд хоорондын зорчих хөдөлгөөн төдийгүй хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйд санал нийлж, шууд нислэгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны дүнгээр байгуулсан Протоколыг хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.