Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь жилдээ “ХЭРЭГЦЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ЗӨВЛӨГЧ ТАТВАРЫН АЛБА” уриан дор орон даяар зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэм хүндэт баялаг бүтээгч, татвар төлөгчид өө,

Хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ шингээн татвар төлж, Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь болсон Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Та бүхэн бол монгол хүнд хийх ажил, авах цалин олгогчид, Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана, Монголын хөгжлийн хөдөлгүүр юм.

Төсвийн мөнгө гэж үгүй. Татвар төлөгч Та бүхний мөнгө л бий. Та бүхний төлсөн татвараар улсын төсөв бүрдэж, эмч, багш, төрийн албан хаагчдад цалин хөлс олгож, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж, зам, дэд бүтэц бүтээн байгуулдаг. Энх цагийн хамгийн эх оронч үйл хэрэг бол татвар төлж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, ирээдүйг өнөөдөр бүтээлцэж буй иргэний өндөр үүрэг хариуцлага юм.

Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрлөж бүтээж буй хүн бүхэнд саад болсон хүнд суртлын чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын эрхэм зорилго нь улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгахад оршиж байна. Засгийн газрын Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүйн чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт бүгд баялаг бүтээгчид, хувийн хэвшил, хийж бүтээх хүсэлтэй хүн бүхэнд хаяглан зориулсан бодлого юм.

Төр эдийн засгийн гайхамшиг, ид шид бүтээж чадахгүй. Дэлхийн цаг төр үймээнтэй, түлш шатахуун, тээвэр логистикийн хүндрэл нүүрлэсэн энэ цаг үед баялаг бүтээгчдэдээ, хувийн хэвшилдээ, чөлөөт өрсөлдөөн, эрх чөлөөний хүчинд итгэх нь Засгийн газрын үндсэн чиг шугам юм. Засгийн газар эхний сардаа багтааж, эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа. Бодлого гэдэг дуусдаггүй яриа биш бодит шийдлээр амилж, амьдралд биеллээ олно гэдэг итгэл үнэмшлээр чөдөр тушааг тайлж, чөлөөлж ажиллана. Засгийн газрын чөлөөлөлтийн бодлого, шийдлээс татвар төлөгч Та бүхэндээ дараах 4 зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна.

Нэгдүгээрт, Хөдөлмөрлөж бүтээж буй хүн бүхэн, хэн бүрийг хууль журмын гох дэгээ, хүнд суртлын чөдөр тушаанаас чөлөөлж, татварын ачаа дарамтыг хөнгөлөх нь Монгол Улсын Засгийн газрын бодлогын цөм байх болно. Улсын төсвийн орлогын цөм нь татвар хэдий боловч баялаг бүтээгчдээ “дарамтлах биш дэмжих”, “хаах биш нээх” нь үндсэн зарчим, үндэс тулгуур нь байх болно. Татварын өртэй 12153 компани, аж ахуйн нэгжийн битүүмжлэгдсэн дансыг нээсэн нь итгэлцлийн зарчим дээр үндэслэсэн шийдвэр юм. 2026 онд төлөвлөгөөт эрүүл мэнд, байгаль орчноос бусад 7300 гаруй хяналт шалгалтыг цуцалсан нь хийж бүтээх, хөгжиж дэвших хүслийг чөлөөлсөн иж бүрэн багц шийдлийн бодит алхам юм. Монгол Улсын Засгийн газар шударга ёс, эв нэгдлийн гагнаас нь эрх чөлөө хэмээх үнэт зүйлийг эрхэмлэн, хааж боох биш нээж чөлөөлж, татварын эрх зүйн орчныг эрүүл саруул, илүү уян хатан, ойлгомжтой болгоно. Хууль ёсны бизнес эрхлэгч, татвар төлөгчдөө ад үздэг, ашиг орлого олохыг буруушаан хавчдаг хортой чихрийн хугацаа нь дууссан.

Хоёрдугаарт, Монгол хүнд хийх ажил, авах цалин олгож, татвар төлж буй баялаг бүтээгчдэдээ боож хаах бус дэмжиж нээх хүндрэлд өртсөн компаниудаа хөл дээрээ дахин босоход нь боломж олгоно. Итгэлийн хариуд итгэл төрж, итгэлцэл үүсэж, хөрөнгө оруулалт, эх орны үйлдвэрлэл, экспорт өсөн тэлэх, дахин сэргэх эш үндэс болно. Төрийн бүх шатан дахь бизнест саад тотгор болсон хуулиас давсан дүрэм журмын гох дэгээ, хүнд суртлын чөдөр тушааг тайлсан шиг тайлж чөлөөлнө. “No surprise” зарчим буюу төр “гэнэтийн бэлэг” барьж, элдэв хиймэл зохиомол саад тотгор босгохыг хориглоно. Төрийн бүх шатны шийдвэр улс төрийн биш эдийн засгийн утга учиртай байхыг шаардаж хянаж ажиллана. Тогтвортой байдал гэдэг бол тодорхой байдал юм. Тогтвортой байдал гэдэг бол урьдчилан таамаглах бололцоо олгохгүй өглөө босоод өөр юм ярихгүй, баялаг бүтээгчдийн төсөл, төлөвлөгөөнд нь садаа болохгүй байх тухай ойлголт юм. Тогтвортой байдал гэдэг бол гавьяа байгуулахгүй гэхэд гай болохгүй, лай биш зай болох тухай ойлголт юм.

Гуравдугаарт: Татварын хувь хэмжээнээс дутахгүй онц чухал зүйл бол шударга тогтолцоо юм. Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог гажуудлыг засаагүй цагт татварын бааз сууриа өргөтгөж чадахгүй. Аль ч нийгэмд хүн ажиллаж бүтээдэг. Татвараа тайлагнах нь цаасан хүнд суртлын шийтгэл биш цахим хөнгөн суртлын шийдэл байх ёстой. Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж татвар төлж буй иргэндээ халтай биш ээлтэй, хүнд сурталтай биш хүн чанартай тогтолцоог бүрдүүлнэ. Татварын ажилтан хөндлөн зураастай үнэмлэх харуулж байцааж загнахдаа биш зөвлөн туслагч, үйлчилгээний албан хаагч болж, соёл, хандлага, сэтгэлгээг өөрчлөхөд хийх ажил их байна.

Татвар төлөх нь гэмт хэрэг шиг, татвар төлөхгүй байх нь гэгээн үйлс шиг байгаа цагт Монгол Улс хөгжихгүй нь гашуун боловч үнэн. Татвар төлөх нь хамгийн эх оронч иргэний үйлдэл.

Эрхэм хүндэт татвар төлөгчид өө,

Та бүхний төлсөн татвар зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах төсвийн орлого зарлаг бус маргаашийн Монголыг бүтээж буй их үйлс юм. Та бүхний хөлс хүч, хөдөлмөр зүтгэл шингэсэн татварын нэг төгрөг бүрийг гамнаж хэмнэж, үр дүнтэй, өндөр бүтээмжтэй, ухаалаг зөв зарцуулж, төсвийн сахилга батыг сахиулахын төлөө Монгол Улсын Засгийн газар хичээн ажиллах болно.

Татвар төлөгчдөө хүнд суртал, ачаа дарамт, илүү их хийж бүтээх хүслийг хяслаас чөлөөлж, эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөн, эрх чөлөөний хүчинд итгэсэн татварын хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулан, Улсын Их хуралд өргөн барина.

Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарсан Монголоо бүтээгчид Та бүхэндээ гүн талархал илэрхийлж эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.”

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.02/ Дорноговь аймгийн “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-д ажиллалаа. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлж, нэг цонхны бодлогоор ажиллах нь чухал байгааг тэрээр онцолж байна. Өөрөөр хэлбэл бүсчилсэн хөгжлийн бодлогыг дан ганц аймаг, сум хоорондын хөгжил гэж харахаас илүүтэйгээр хөрш улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаас нь авч үзэх шаардлагатай байгааг тодотгов.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 900 га газар бүхий тус чөлөөт бүсэд 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн ч бодитой үр дүнд хүрээгүй тул юун түрүүнд холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг зохион байгуулж, хөрөнгө оруулагчдыг татах ажлыг эхлүүлэхээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл хууль, эрх зүй болон эдийн засгийн бодлого төлөвлөлтөн дээр ажиллах юм.

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-д экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих гол зарчмыг баримтална гэлээ. Тодруулбал хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүнүүдийг чөлөөт бүсээр дамжуулан экспортлох шаардлагатай гэж үзэж байна. Харин дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, түүхий эд нь байдаггүй барилгын зарим материал, сэргээгдэх эрчим хүч, хүнс болон эмийн үйлдвэрлэлийг чөлөөт бүсэд хөгжүүлэх зорилготой байгаагаа тодотголоо. Чөлөөт бүс бол хөрш улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх учиртай. Татварын хөнгөлөлтөөр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд борлуулах, нөгөө талаас манай улсын дотоодод үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүнийг гадаадын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэл эрхлэгчид чөлөөт бүсэд үйлдвэрлэж, манай зах зээлд нэвтрүүлдэг болох нь Шадар сайдын баримталж буй гол бодлого гэдгийг танилцууллаа.

Замын – Үүд чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар 16 аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 2011-2017 онд тус бүс нутагт дулаан хангамж, цахилгаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол зэрэг дэд бүтцийн нэгдүгээр хэлхээний ажлууд гадны хөнгөлөлттэй зээлээр хийгджээ. Харин одоо тус дэд бүтцийн засвар үйлчилгээг дахин хийх зайлшгүй нөхцөл байдалтай байна. Эдгээр байгууламжууд нь сумын хэрэгцээг хангаж байгаа хэдий ч өсөн нэмэгдэж буй ачаалал, хөгжлийн шаардлагад нийцүүлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх хэрэгцээ шаардлагатай гэдгийг чөлөөт бүсийн удирдлагууд уламжиллаа. Тиймээс Шадар сайдын зүгээс юун түрүүнд чөлөөт бүсийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Үнэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс эхэлнэ.

“Сэтгүүлч хүний үзэгний үзүүрт бусдын амьдрал бий” гэдэг нь нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагыг илэрхийлдэг.

Баримтад тулгуурласан бодит мэдээллээр нийгмээ түүчээлж, соён гэгээрүүлж яваа сэтгүүлзүйн салбарын эрхэм та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.

Ардчиллын тулгуур нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга хүнд суртал, дарамт, авлигаас түмэн олноо чөлөөлнө.

Энэ ажил иргэдэд үнэн зөвөөр хүрэх эсэх нь чөлөөт сэтгүүлзүйгээс шууд хамаарна.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр урагшилсан нь ахиц дэвшил.

Миний хувьд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгааг илэрхийлж, иргэд, сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талд тууштай зогсож ирсэн.

Цаашид сэтгүүлзүйг дарамтгүй, эрх зүйн чөлөөт орчинд ажиллуулах нь бид бүхний хамтын зорилго юм.

Үзэг хурц, үзэл бодол эрх чөлөөтэй байж үнэн амьдарч, ардчилал бат оршино.

Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.04.30/ Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Учрал манай улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төв нарийн судалгаа хийж буй. Судалгааны үр дүнд хэрэгжүүлэх төсөл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд чухал болохыг тэмдэглэлээ.

Мөн Австралийн Амбан захирагч Сэм Мостин 2025 оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулах хоёр талын зорилтыг бататгасан чухал үйл явдал болсон. Цаашид дээд, өндөр түвшний айлчлалуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүлээгдэж буй баримт бичгүүдэд гарын үсэг зурахын төлөө байна гэв.

            Элчин сайд Лео Зенг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд анхаарч ажиллаж буй талаар танилцууллаа.

Австрали Улс 1994 оноос Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн. Манай улсын 850 гаруй иргэн тус улсад урт болон богино хугацааны сургалтад хамрагджээ. Тэтгэлэгт хөтөлбөр 2023-2024 онд 15 байсан бол 2025 онд 17, 2026 онд 20 болж нэмэгджээ.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Европын холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарт евро стандартыг нутагшуулах, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Түүнчлэн, Европын холбооны гишүүн орон Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлээр онцгой байдлын салбарт “Агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж буйд талархаж, цаашид төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа онцлов. Европын холбоо нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөдөө орон нутгийн хөгжилд анхаарал хандуулж буй учраас “Европын өдөрлөг 2026” үйл ажиллагааг ирэх сард Дархан-Уул аймагт зохион байгуулах тухай дурдав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Европын холбооны улс орнууд хоорондын харилцааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд санал нэгдэж, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо

Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас олгохоор боллоо.

Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 01-нээс тооцож санхүүжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгав.

Мөн тус хуралдаанаас “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөр болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулахад шаардлагатай зарим арга хэмжээ авах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

“Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

“Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж авах ёстой гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.

“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд мэдэгдлээ.

Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ

Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ. Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байна. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Энэ нь эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлж, ялангуяа тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбарт дарамт үзүүлэхээр байна. Мөн шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн болзошгүй зардал нэмэгдэх эрсдэлтэй байна.

“Засгийн газар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст албан захидал хүргүүлсэн. Мөн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тус улсад гэрээ хэлэлцээр хийж ажилласан. Одоо Казахстанд ажиллаж буй. Салбарын сайд шатахууны нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг боломжит хэмжээнд барих зорилготой уулзалт, яриа хэлэлцээр хийж буй”-г Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Монгол Улсын Засгийн газар шат шатны арга хэмжээг авч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд салбар бүр богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Товч мэдээ

  • “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. “Ингэснээр Улсын бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн бүртгэл авахаар биечлэн үйлчлүүлдэг иргэдийн ачаалал 55 хувиар буурна, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100 хувь цахимжуулах, хуулийн этгээдийн тамга, тэмдгийг цахимжуулах ажлын эхлэл болж байна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээллээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан үр дүнгийнхээ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд мэдээлэл өглөө. Сайд Г.Дамдинням ОХУ-ын холбогдох хүмүүстэй шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, Казахстан улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулах томилолттой явж буй юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын албан захидлыг уламжилжээ. Мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, “Роснефть” компанийн захирал Игорь Сечин, “Газфромнефть” компанийн захирал А.Дюков нартай уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарах чиглэлээр ярилцсаны үр дүнд зарчмын тохиролцоонд хүрчээ. ОХУ дотоодын зах зээлийн үнээрээ түлш нийлүүлэхээ илэрхийлжээ. Ингэснээр ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Мөн Казахстан улс манай улсад жилд нэг сая тонн түүхий нефть нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, санамж бичиг байгуулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн нээлтэд  /2026-04-22/ оролцлоо.

            Энэхүү өргөтгөлийн барилгын санхүүжилтийг анх 2018 онд улсын төсөвт суулгажээ.  Ковид цар тахал, шүүхийн маргаан үүссэн зэрэг олон шалтгаанаас барилгын ажил хойшилсоор өдийг хүрчээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эрх шилжүүлэх шийдвэр гарснаар шүүхийн маргаан эцэслэгдэж, нэмэлт 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн төсвөөс шийдвэрлэж, “Эм ди констракшн” ХХК ашиглалтад хүлээлгэн өгчээ.

62 дугаар сургуулийн сурагчид гурван ээлжээр, зарим нь түрээсийн байранд хичээллэж байсан бол 640 хүүхдийн суудалтай энэ өргөтгөл ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон тойрогтоо 10 жилийн дараа, Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар ирж байгаадаа баяртай байна. Тойргийнхоо тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх зорилгоор 23, 29 дүгээр хороог сургууль, цэцэрлэгтэй болгох, 62 дугаар сургуулийн барилгыг өргөтгөж хүүхдүүдийг гурван ээлжээс чөлөөлөх,  12 дугаар сургуулийн барилгыг шинэчлэн бариулах зорилго тавьж байсан. Хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг харах сайхан байна” гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын өнөөдрийн хуралдааны боловсролын салбартай хамаарах шийдвэрүүдийг багш, ажилтнуудад танилцууллаа.

Нэгдүгээрт, салбарын багш, ажилчдын албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр багш, ажилчид цалингийн нэгдсэн сүлжээтэй болж, ирэх сарын 01-нээс 50 хувь нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авна. НДШ, ЭМД-ын санд үүссэн өр төлбөрөөс боловсролын байгууллагуудыг чөлөөллөө. Багш, ажилтнууд тэтгэвэр тогтоолгох, жирэмсний амралт авах,  хүүхэд асрах чөлөө хүсэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, зээл тусламжид хамрагдах, виз мэдүүлэхэд эрсдэл үүсэхгүй боллоо.

Хоёрдугаарт, Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” стратегийг баталлаа. Энэ хүрээнд “Сайн” хөтөлбөр хэрэгжүүлж, сайн багшийг тасралтгүй хөгжүүлж, гэрт ойрхон сайн сургуулийг төлөвлөж, шударга, нээлттэй үнэлгээг нэвтрүүлнэ. Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран дэлхийн боловсролыг технологиор дамжуулан авна.

Боловсролын бодлого, санхүүжилтийг тогтвортой хангаж, багш нараа дэмжиж ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд багш нар ур чадвар, бүтээмжээ дээшлүүлэн хөгжүүлж, сургалтын чанарыг сайжруулах, сурагч бүрийн авьяасыг нээн хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.04.17) Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон холбогдох албаныхантай Дулааны IV цахилгаан станцад ажиллалаа. Тус станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 49.0 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.2 хувийг ханган ажилладаг бөгөөд системийн оргил ачааллыг үүрч, стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК нь 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлуудаа хэрхэн эхлүүлээд байгаагаа болон өнөөгийн ажиллаж байгаа хүчин чадал, цаашид зайлшгүй хийгдэх ёстой хөрөнгө оруулалтын саналаа Ерөнхий сайд Н.Учралд танилцуулав.

Цахилгаан станц өндөр хүчин чадлаар ажиллаж, 33 тэрбум төгрөгөөр импортлох байсан эрчим хүчийг 15 тэрбумаар нийлүүлэн, бодит хэмнэлт хийсэн, дизель түлшийг урьдчилан хангалттай нөөцөлсний улмаас үнийн савлагаанд өртөх эрсдэлийг бууруулсан зэрэг амжилттай байгаа аж.

Түүнчлэн нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, харин нэг гигакалори дулааныг 40,800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг байна. 2025 онд тус байгууллага цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Дулааныг үйлдвэрлэсэн өртгөөсөө багаар нийлүүлэх бодит шаардлагын улмаас нийт дүнгээр 30.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тарифын бодлогыг өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг байгууллагын удирдлагууд онцолсон бөгөөд хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл 2027 онд 118 тэрбум төгрөгийн алдагдалд орох тооцоолол гарсныг хэллээ.

Мөн өнөөдрийн байдлаар 260 тэрбум төгрөгийн үндсэн зээлтэй ба төлөлтөө хойшлуулах хүсэлтийг Хөгжлийн банканд өгчээ. Эрсдэлийн үнэлгээгээр 504.4 тэрбум төгрөгийн засвар шаардлагатай. Цаашид өвлийн оргил ачааллыг найдвартай давахын тулд санхүүжилтийг шийдвэрлэж, засвар шинэчлэлээ эрчимжүүлэх ёстой аж.

Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүчний шинэчлэл бол манай Засгийн газрын голлон анхаарч байгаа асуудлуудын нэг. Нэн тэргүүн эрчим хүчний салбар эдийн засгийн эргэлтэд орж зөв бүтэцтэй ажиллаж байж цаашдаа төрийн татаасгүй, өр төлбөргүй, гал алдахгүй зөв голдиролдоо орно гэж үзэж байна.

Энэхүү шинэчлэлийг алаг цоог хийж болохгүй, яаралтай засвар үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэх, шинэ эх үүсвэр барих, үнэ тарифыг иргэдэд дарамтгүйгээр алгуур шинэчлэх, хөрөнгө оруулалтыг боомилж буй шаардлагагүй зөвшөөрөл, хязгаарлалтаас чөлөөлөх, үнэ нэмэхийн хажуугаар компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах гээд цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн юм. Мөн салбарыг эдийн засгийн гацаанаас гаргах, зах зээлийн зөв горимд шилжүүлэх чадварыг нь харгалзан Эрчим хүчний сайдыг томилсон гэдгээ дурдав.

Үүнээс гадна нэн тэргүүнд өвлийн бэлэн байдалд шууд нөлөөлөх зарим асуудлуудыг шийдвэрлэхээ илэрхийллээ. Үүнд: Тус станцын Хөгжлийн банкин дах зээлийн төлөлтийг хойшлуулахад анхаарч, нэн яаралтай засвар үйлчилгээний 5.5 тэрбумын санхүүжилтийг болон хүчин чадлыг өргөтгөх 550 тонн/цаг уур үйлдвэрлэх нэмэлт зуух барихад шаардлагатай 90.5 сая ам.долларыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр шийдвэрлэх зэрэг багтжээ. Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ “Өвөлдөө одооноос бэлтгэе. Засвар үйлчилгээгээ хавар, зундаа амжуулахгүй бол гал алдах эрсдэлтэйг бид хангалттай харсан. Үүссэн асуудлуудыг шийдвэрлэнэ. Ингэхдээ төрийн зүгээс иргэдэд учрах санхүүгийн дарамтыг хөнгөлж, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шаардлагатай татаасыг гаргана.

2026-2028 онд эрчим хүчний компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулж, урт хугацааны зээлийг хэвийн болгосноор 2029 оноос салбарыг улсын төсвийн татаасгүй ажиллах нөхцөлд хүргэнэ. Зөвхөн засваруудаас гадна шинэ эх үүсвэрүүд, сэргээгдэх эрчим хүч, хувийн хэвшлийн төслүүдийг дэмжинэ. Тэгж байж бид өвлийг өнтэй сайхан давдаг болно, гадаад дотоодын аливаа гэнэтийн эрсдэлд сандарч тулгамдахгүй болно, эдийн засгийг тэлэх шинэ төслүүдээ эхлүүлж болно. Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилж, бодит өртөгт ойртуулан, цаашид инфляц, түлш, валютын хөдөлгөөнтэй уялдуулан индексжүүлсэн тогтолцоонд шилжүүлнэ.

Эцэст нь хэлэхэд, гал манаж гэрэл түгээж буй та нартаа баярлалаа. Хариуцлагатайгаар өдөр, шөнөгүй ажиллаж буй та бүхнийг Засгийн газар ойлгож, дэмжих болно. Ажлаа хариуцлагатай хийж байгаа хэнийг ч халж солихгүй” гэв. Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарыг хүнд суртал, хаалттай байдал, урт болон богино хугацаанд үүссэн өр төлбөрүүд, засаглалын хямрал, үр ашиггүй байдлаас чөлөөлөхөөр ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшүүлэн Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй 1 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтад:

1.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж, томилно.

   2.Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан шаардлагын дагуу дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд:

  • төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
  • улс төрийн намын удирдах албан тушаалтан;
  • бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
  • бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.

 Хоёр. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягт;
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Нийгмийн даатгал төлсөн баримт бичиг;
  • Боловсролын зэргийн дипломын баталгаажуулсан хуулбар;
  • Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллагын албан бичиг, тодорхойлолт;
  • Төрийн бус байгууллагын нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл;
  • Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа;
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.

Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигчийн материалыг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цаг дуустал Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ үү.

 Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-183

Цахим хаяг: choijilgarav@cabinet.gov.mn

 Лавлах утас: 51- 260406

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.