


Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VI хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн танилцуулга, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн урамшуулал олгох журмын төслийн танилцуулгыг хэлэлцлээ.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Нийслэлийн Засаг даргын I орлогч Т.Даваадалай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналыг танилцуулав. Томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд тендер сонгон шалгаруулалтаас эхлээд одоогийн эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа бөгөөд эхний ээлжид найман хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль, Газрын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатайг тодотголоо.
Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мега төслүүдийн гэрээний сонгон шалгаруулалтын үе шат, гэрээний нөхцөл болоод тендер зохион байгуулалтын зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, худалдан авалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор нэг тэрбум төгрөг хүртэлх бараа, ажил, үйлчилгээг “Цахим дэлгүүр”-ээс худалдан авах, хүний оролцоог багасгаж, хиймэл оюун нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн бүлэг зохицуулалтыг тусгажээ. Мөн “зураг төсөл” гэх тодорхойлолтыг Барилгын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль зэрэгт өөр өөрөөр тусгасан, Төсвийн тухай хуульд “зураг төсөв” гэж заасан нь салбар хоорондын уялдааг хангадаггүй аж. Иймд Барилгын тухай хуулийн 4.1.30 дахь заалтыг өөрчилж, ТЭЗҮ-г урьдчилсан болон нарийвчилсан гэх зэргээр тодотгох хэрэгтэйг танилцуулав.
Ерөнхий сайд “Сангийн яам, нийслэл болон холбогдох байгууллагууд зарчмаа нэгтгэсэн байна. Одоо улс төрийн намуудын саналыг тусгах, Улаанбаатар хотын худалдааны танхим хариуцаад хэвийн хэвшлийнхнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Харин улс орны эдийн засагт өндөр ач холбогдол бүхий мега төслүүдийг УИХ-д танилцуулж нээлттэй болгох нь зүйтэй” гэлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулж байгуулахаар тогтлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох журмын төслийн талаар штабын гишүүдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Шуурхай штабаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн ногоон бүсчлэлийн хүрээг тогтоож, үнийн урамшуулал олгох тухай НИТХ-ын тогтоол гаргахаар бэлтгээд байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүс нь Баянхошуу, Толгойт, 7 буудал, Амгалан орчмын 100 мянган өрхийг хамарна. Эхний ээлжид 30 мянган өрхийг хамруулна. Ингэхдээ албадахгүй, айл өрхүүдэд сонголт өгнө. Шаардлага хангасан айлууд төхөөрөмжөө суурилуулаад, үнийн хөнгөлөлтөө эдэлнэ. Айл өрхүүдэд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлшийг хэрэглээнээс халсан байх шаардлага тавина” гэв. Ногоон бүсчлэл дэх айл өрхүүдийг бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч бусад эх үүсвэрт үе шаттайгаар холбох аж. Мөн урамшууллын зохицуулалт хийснээр эрчим хүчний хэмнэлт нэмэгдэж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 55,6 хувиас 20.8 хувь болгож бууруулахаар тооцоолжээ. Танилцуулгатай холбогдуулж штабын гишүүд дулаалгын аян өрнүүлэх, дулаалгийн шийдлүүдийн талаар мэдээлэл цуглуулж танилцуулах, айл өрхүүдийг хийн түлшинд холбохтой зэрэгүүцүүлэн хөх нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөн, санал солилцлоо.
ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийнхнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Засгийн газрын хуралдаанд бүрд танилцуулж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн холбогдох сайд нарт дэмжлэг үзүүлж ажиллахыг даалгаж, уг хуулийн төслийн өмнө нь дагалдах хуулийн төслөөр УИХ-д өргөн баригдаж буцаагдсан, одоо дахин бие даан өргөн барих тул хариуцлагатай хандаж, хаврын чуулганаар батлуулах хэрэгтэй гэв. Мөн хөх нүүрсний талаар агаарын бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөлөл, үр дүн, хэрэглээнд нэвтрүүлэх тоолцоолол бүхий дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж штабын дараагийн хуралдаанд танилцуулах чиглэл өглөө.
Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо боллоо. Уулзалтыг Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст тэргүүллээ.
Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд Монгол, Британийн хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалын хүрээн дэх хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээг зохион байгуулав.
Эдийн засгийн өсөлтийн чиглэлээр:
Сайд нар Монгол, Британийн эдийн засгийн хамтын өсөлтийг хангах хүрээнд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа нотлов. Талууд Улаанбаатар хотод метроны систем байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжийг Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Мөн худалдаанд учирч буй саад тотгор, процессыг хөнгөвчлөх замаар хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх болон тогтвортой, ил тод бизнесийн орчныг бий болгох асуудлаар санал солилцов.
Эрчим хүчний шилжилтийн чиглэлээр:
Талууд хоёр улсын уур амьсгалын стратегийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төсвийн санхүүжилтийг хөшүүрэг болгох чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхийн чухлыг онцлов.
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулахаар болсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, тус хурлын бэлтгэл ажил, хурлаас гарах үр дүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжилтнүүдийн харилцан солилцоог зохион байгуулахаар тохиров.
Эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр:
Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд талууд Эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах, Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө онцгой анхаарна гэдгээ санал нэгтэй илэрхийллээ. Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст Монгол Улсад 2024 онд болсон сонгуулиар эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэнийг онцолж, Монгол Улс 2028 оноос эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэхээр болсныг өндрөөр үнэлэв. Мөн Шадар сайд С.Амарсайхан 2024 онд Британид болсон парламентын сонгуулийн дүнгээр эмэгтэйчүүдийн төлөөлөл хамгийн өндөр түвшинд хүрснийг сайшаав. Талууд “Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 30 жилийн ойг угтан олон талт механизмын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.
Нэн чухал эрдэс баялгийн чиглэлээр:
Сайд нар Монгол Улсын эрдэс баялгийг байгалийн өвөрмөц тогтоц, өвийг хөндөхгүйгээр олборлох нь чухал гэдэгтэй санал нэгдэв. Мөн хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгмийн хариуцлага болон засаглалын өндөр стандартыг нэвтрүүлэх, Монгол хүний ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахын ач холбогдлын талаар ярилцлаа.
Энэ чиглэлээр нэн чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлэв.
Боловсрол, иргэний нийгэм болон иргэд хоорондын харилцааны чиглэлээр:
Сайд нар Монгол, Британийн иргэд хоорондын харилцаа бэхжиж, ялангуяа Чевенинг тэтгэлэгт хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо идэвхтэй өргөжиж байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улс дахь англи хэлний сургалтыг британийн тал үргэлжлүүлэн дэмжихийг илэрхийлж, Британи компаниудтай өрнүүлж буй түншлэлд суурилан англи хэлний сургалтад хамрагдах бололцоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллахаар талууд тохирлоо.
Сайд нар Монгол залуусын Чевенинг тэтгэлгээр суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх болон их сургуулиудын түншлэлийг өргөжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.
Талууд хоёр улсын соёлын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшааж, “Монголын ертөнцийн урлаг” үзэсгэлэнг Эзэн хааны урлагийн академид 2027 онд толилуулахаар болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст нар цаашид Монгол, Британийн хооронд дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Монгол, Британийн бизнес уулзалтад хоёр улсын 70 гаруй төлөөлөл оролцлоо
Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд “Британийн туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжууд” сэдэвт бизнес уулзалт боллоо. Бизнес уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтууд, түүнд тусгагдсан хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах төрийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн талаар болон Бүсчилсэн хөгжлийн бодлогын тухай танилцууллаа.
Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд Британийн худалдаа үйлчилгээ, жижиг бизнес, экспортын сайд Гарет Томастай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ажил хэрэгч, үр дүнтэй яриа өрнүүлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерсийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ардчилал, хөгжлийг тууштай дэмжигч “гуравдагч хөрш” Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн гадаад бодлогын хүрээнд гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлзэж буйг тэмдэглээд хоёр талын түншлэл, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцолж, энэхүү айлчлал нь хоёр талын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Шинэ Зеландын сайн засаглал, чөлөөт зах зээлийн тогтолцоо нь бидний хувьд үлгэр жишээ болж ирсний сацуу тус улсын дэлхийд танигдсан хөдөө аж ахуй, хоршооны сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч, ач холбогдол өгч буйг онцлов.
Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксоны халуун дотно мэндчилгээг уламжлаад Шинэ Зеландын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.
Тэрбээр энэ удаа Шинэ Зеландын Фермерүүдийн хоршооны Ерөнхийлөгч У.Лангфордын хамтаар Монгол Улсад айлчилж байгаагаа тэмдэглэж, энэ нь хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.



























