Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б.Батцэцэг өнөөдөр (2025.05.12) Канад улсын “Каталисте Плас” байгууллагын гадаад харилцаа эрхэлсэн захирал Женнифер Адамстай “Канад-Монголын мерит” төсөл хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Канад Улсын санхүүжилттэй “Канад–Монголын Мерит” төсөл нь төрийн албаны ёс зүй, хүртээмж, хүний эрхийг дээдлэхэд чиглэнэ. Тодруулбал 2030 хүртэл орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэдийн оролцоо, төрийн үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлэх зорилготойгоор хөтөлбөр хэрэгжүүлэх юм .
Санамж бичгийн хүрээнд ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Кирил Иордановтай уулзав.
Монгол Улсын Засгийн газар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг үр ашигтай, ил тод, боловсронгуй болгож, уул уурхайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор “Каталисте Плас” байгууллагатай 2016–2024 онд “Канад–Монголын Мерит” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд хяналт шинжилгээ үнэлгээний чадавх чанарын шинэ түвшинд хүрсэн. Мөн хүний эрх, жендерийн мэдрэмжтэй төрийн албыг төлөвшүүлэх, орон нутгийн хөгжлийн сургалтад олон мянган төрийн албан хаагч хамрагдсаныг талууд онцлов.