Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр (2024.11.17) Төв аймаг дахь “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Засгийн газрын 2023 оны 220 дугаар тогтоолоор авто замын засвар арчлалтын төрийн өмчит 20 компанийг нэгтгэж “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тогтоол гараад 2 жил болсон ч нэгтгэх болон менежментийн ажил удаашралтай байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн ажлыг сайжруулна. Төрийн өмчит компаниуд нэгдмэл удирдлага, бүтэцтэй болсноор бодитой хэмнэлт гарна. Тухайлбал, жил бүр ТУЗ-ийн зардал 600 орчим сая, чиг үүргийн давхардлыг арилгаж, оновчтой бүтэц зохион байгуулалтаар 300 гаруй сая, хөрөнгийн нэгдсэн удирдлага зохицуулалтаар нэг тэрбум, нийт 2 тэрбум орчим төгрөгийн зардал хэмнэнэ. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхийн оронд дийлэнх ажлаа гүйцэтгүүлнэ. Авто замын засвар арчлал сайжирна. Хувийн хэвшлийн оролцоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс өмнө бүрэн дуусгах, зах зээлийн зарчимд нийцүүлэн шинэчлэх, авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах зорилтууд биелэх зэрэг олон давуу тал бүрдэнэ. Тиймээс энэ ажлыг урагшлуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК улсын чанартай авто замыг 30 хэсэгт хувааж, төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 10 компани Зам, тээврийн яамтай гэрээлэн ажилладаг. Зам засварын хөрөнгийн 35 хувийн хэвшилд оногдож байна.
Нэгтгэн зохион байгуулснаар хувийн хэвшлийн оролцоог 2-3 жилийн дотор 70 хувьд хүргэнэ. Үлдсэн 30%-ийн зардлаар төр улсын чанартай авто замын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ.