Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулав. “Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдаан, бүс бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн зохион байгууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэл танилцуулав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх болсон шалтгаан болон хүрсэн үр дүн, цаашдын зорилтот түвшинг тэрбээр тодотгов. Бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, аймгууд тус тусдаа биш, бүсээс сонгогдсон парламентын гишүүд, иргэдийн оролцоотойгоор бүс, бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо нийлж тодорхойлох, зөвхөн төр бүхнийг хийх биш хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын орчноор дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахаар Засгийн газраас бодлого гарган ажиллаж байна. Энэ хүрээнд 14 мега төслийг боловсруулсан. Эдгээр төсөл бүх бүс нутагт хэрэгжинэ гэдгийг Ерөнхий сайд онцлоод төсөл тус бүрийн давуу талыг танилцуулав.
2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд 2023 онд 70.4 их наяд төгрөг болж өссөн. Энэ онд 79.2 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн гэлээ.
Цаашид Монгол Улсын хөгжлийн дараагийн стратегийг тодорхойлохдоо дараах гурван шилжилтийг хийхэд онцгой анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг хөгжлийн стратегидээ илүү анхаарах, хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн шилжилт хэрхэн өрнөх вэ гэдэг дээр стратегиа тодорхойлбол илүү чухал. Гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт ямар байх вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэлээд “Шилжилтийн үеийн шинэ эдийн засаг” хэмээн дээрх гурван шилжилтийг тодорхойллоо. Тиймээс эдгээр шилжилтээр бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлох шинэ хэрэгцээ, шаардлага үүсэж байгаа учир үүнийг хэрэгжүүлж чадвал хөгжлийг хөөж биш угтаж гүйцэх болно гэв.
Мөн тэрбээр “Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг, нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлэхээр Засгийн газар тусгасан. Ингэснээрээ төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гаргаж салах болно” гэлээ.
Энэ удаагийн “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-аас бүсийн засаглал, эрх зүйн орчин, эдийн засаг, татварын орчин, хүн ам, нийгмийн хөгжлийн бодлого, дэд бүтэц, бүс ба шилжилт (AI хиймэл оюун ухааны шилжилт, ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт) гэсэн асуудлуудад төвлөрч үр дүн гарна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН 70%-ИЙГ ХУВИЙН ХЭВШЛЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛНЭ
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр (2024.11.17) Төв аймаг дахь “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Засгийн газрын 2023 оны 220 дугаар тогтоолоор авто замын засвар арчлалтын төрийн өмчит 20 компанийг нэгтгэж “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тогтоол гараад 2 жил болсон ч нэгтгэх болон менежментийн ажил удаашралтай байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн ажлыг сайжруулна. Төрийн өмчит компаниуд нэгдмэл удирдлага, бүтэцтэй болсноор бодитой хэмнэлт гарна. Тухайлбал, жил бүр ТУЗ-ийн зардал 600 орчим сая, чиг үүргийн давхардлыг арилгаж, оновчтой бүтэц зохион байгуулалтаар 300 гаруй сая, хөрөнгийн нэгдсэн удирдлага зохицуулалтаар нэг тэрбум, нийт 2 тэрбум орчим төгрөгийн зардал хэмнэнэ. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхийн оронд дийлэнх ажлаа гүйцэтгүүлнэ. Авто замын засвар арчлал сайжирна. Хувийн хэвшлийн оролцоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс өмнө бүрэн дуусгах, зах зээлийн зарчимд нийцүүлэн шинэчлэх, авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах зорилтууд биелэх зэрэг олон давуу тал бүрдэнэ. Тиймээс энэ ажлыг урагшлуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК улсын чанартай авто замыг 30 хэсэгт хувааж, төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 10 компани Зам, тээврийн яамтай гэрээлэн ажилладаг. Зам засварын хөрөнгийн 35 хувийн хэвшилд оногдож байна.
Нэгтгэн зохион байгуулснаар хувийн хэвшлийн оролцоог 2-3 жилийн дотор 70 хувьд хүргэнэ. Үлдсэн 30%-ийн зардлаар төр улсын чанартай авто замын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ.
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААН СӨҮЛ ХОТНОО БОЛЖ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VIII хуралдаан өнөөдөр (2024.11.11 )Сөүл хотноо зохион байгуулагдаж байна. Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Учрал, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Кан Ин Сон нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын албаны хүмүүс оролцож байна.
Хуралдааны эхэнд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглээд хоёр орны худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэгтэй болохыг онцлов.
Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн илүү өргөн боломжийг нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, яриа хэлэлцээ амжилттай явагдаж буйг сайшаан тэмдэглэв.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт БНСУ-аас хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар талууд санал солилцлоо.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖУ ТЭ ЁЛЬТОЙ УУЛЗАВ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол-Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Учрал өнөөдөр Сөүл хотноо зохион байгуулагдаж буй тус хорооны VIII хуралдааны хүрээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Сайд Н.Учрал Монгол Улс, БНСУ-ын харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Талууд Хамтарсан хорооны энэ удаагийн хуралдаан хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататгах, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг амжилттай үргэлжлүүлэх, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхэд чухал ач холбогдолтой болсныг санал нэгтэйгээр дүгнэв.
БНСУ нь манай “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно чухал түнш бөгөөд тус улстай харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм.
ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН РЕФОРМ ХИЙНЭ
Засгийн газрын дэргэдэх төрийн бүтээмж хариуцсан байгууллага, үндэсний хороод өнөөдөр (2024.11.07) төрийн ордонд хуралдлаа.
🔘Хурлаар төрийн процессын инженерчлэл, төрийн албаны шинэчлэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг танилцуулж, Төрийн албаны хууль тогтоомжийн шинэчлэл, процессын дахин инженерчлэл, Төрийн чадамж буюу бүтээмжийн тухай хэлэлцэв.
🔘Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг үүрэг болгов. “Алсын хараа 2050” зэрэг хөгжлийн томоохон зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхдээ салбаруудын хамтын ажиллагааг орхигдуулснаар үр дүн нь учир дутагдалтай гарч байгааг өнгөрсөн 30 жил харуулж байна. Тиймээс хуралдаанд оролцогч байгууллагууд хамтын ажиллагаагаа сайжруулж, үр дүнтэй ажиллахад анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэв.
🔘Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөл , Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засгийн бодлогын зөвлөл, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, “Алсын хараа 2050” Үндэсний хороо, Засгийн газрын хүний нөөцийн газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын төлөөллүүд оролцлоо.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЭРИК ТЕОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог өнөөдөр (2024.11.05) төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд Сингапурын технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
Сайд Н.Учрал Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Ноён Эрик Тео хоёр улсын хамтын ажиллагаа өргөжүүлж, Сингапурын хуримтлалын сан, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, Сингапурын хот байгуулалтын туршлага, дэд бүтцийн шийдлүүдийг Монгол Улсын бүсчилсэн хөгжилд нийцүүлэн хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний дэргэдэх Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга Клод Имовэн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Францын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, үр дүнтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэв. Энэ хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөнөөс энэ сарын 30-нд хамтран зохион байгуулах хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалт амжилттай болж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнд тусгагдсан мега төслүүд болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээрх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Мөн Монгол, Францын хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцож, Засгийн газрын зүгээс уран олборлох төслийн хүрээнд байгаль орчны асуудалд онцгой ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, мэдээллийн технологи зэрэг олон салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Уулзалтад Монгол, Францын хамтарсан төслүүдийг Францын талаас хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон нь ач холбогдолтой боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйг цохон тэмдэглээд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 16 жилийн дараа хийгдэж буй энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.
Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэсэн нь хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэхүйц ач холбогдолтойг онцлоод Казахстан Улс нь Төв Ази дахь манай улсын анхны “Стратегийн түнш” улс болж буйг онцолж хоёр улсын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, Монгол, Казахстаны “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд Казахстан Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.
Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг сайшаагаад цаашид хоёр орны нэрийн хуудас болохуйц харилцан ашигтай, эдийн засгийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг дурдав.
Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, шинэ дөт чиглэлийг бий болгох, агаарын харилцааг өргөжүүлэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг сайшаан тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ оны дөрөвдүгээр сард болсон шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учирсан, Монгол Улсын Засгийн газраас 200.000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Казахстаны тал талархал илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийн стратегийг тодорхойлохдоо энэ гурван шилжилтэд анхаарах шаардлагатай
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулав. “Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдаан, бүс бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн зохион байгууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэл танилцуулав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх болсон шалтгаан болон хүрсэн үр дүн, цаашдын зорилтот түвшинг тэрбээр тодотгов. Бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, аймгууд тус тусдаа биш, бүсээс сонгогдсон парламентын гишүүд, иргэдийн оролцоотойгоор бүс, бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо нийлж тодорхойлох, зөвхөн төр бүхнийг хийх биш хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын орчноор дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахаар Засгийн газраас бодлого гарган ажиллаж байна. Энэ хүрээнд 14 мега төслийг боловсруулсан. Эдгээр төсөл бүх бүс нутагт хэрэгжинэ гэдгийг Ерөнхий сайд онцлоод төсөл тус бүрийн давуу талыг танилцуулав.
2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд 2023 онд 70.4 их наяд төгрөг болж өссөн. Энэ онд 79.2 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн гэлээ.
Цаашид Монгол Улсын хөгжлийн дараагийн стратегийг тодорхойлохдоо дараах гурван шилжилтийг хийхэд онцгой анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг хөгжлийн стратегидээ илүү анхаарах, хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн шилжилт хэрхэн өрнөх вэ гэдэг дээр стратегиа тодорхойлбол илүү чухал. Гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт ямар байх вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэлээд “Шилжилтийн үеийн шинэ эдийн засаг” хэмээн дээрх гурван шилжилтийг тодорхойллоо. Тиймээс эдгээр шилжилтээр бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлох шинэ хэрэгцээ, шаардлага үүсэж байгаа учир үүнийг хэрэгжүүлж чадвал хөгжлийг хөөж биш угтаж гүйцэх болно гэв.
Мөн тэрбээр “Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг, нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлэхээр Засгийн газар тусгасан. Ингэснээрээ төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гаргаж салах болно” гэлээ.
Энэ удаагийн “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-аас бүсийн засаглал, эрх зүйн орчин, эдийн засаг, татварын орчин, хүн ам, нийгмийн хөгжлийн бодлого, дэд бүтэц, бүс ба шилжилт (AI хиймэл оюун ухааны шилжилт, ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт) гэсэн асуудлуудад төвлөрч үр дүн гарна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ БОСТОН КОНСАЛТИНГ ГРУППИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын сайд, ЗГХЭГ- ын дарга Н.Учрал Бостон Консалтинг Группийн төлөөлөгчдийг өнөөдөр (2024.10.25) төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Сайд Н.Учрал уулзалтын эхэнд Монгол Улсын Аялал жуулчлалын үндэсний стратегийг боловсруулахад оролцож, хамтран ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.
Мөн төрийн өмчит компаниудын шинэчлэл, үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжууд нээлттэй болохыг илэрхийлээд, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Төрийн өмчит компаниудын Менежментийн шинэчлэл, өмчийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх техник туслалцааны (SMART TA) төслийг хамтран хэрэгжүүлж буй талаар танилцуулав.
Бостон Консалтинг Группийн төлөөлөгчид дээрх чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах, үргэлжлүүлэн ажлын уулзалт зохион байгуулах саналаа илэрхийлэв. Тус групп нь дэлхийн 40 гаруй оронд 80 орчим салбартай, менежментийн томоохон байгууллага юм.
МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотод ажиллаж байна. Өнөөдөр (2024.10.16) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа.
Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалтыг ийнхүү зохион байгуулж буй нь талууд гурван талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйн илрэл юм. Засгийн газрын тэргүүн нар гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд гурван тал илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв. Мөн Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг харилцан уялдуулж, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулахад Монголын тал бэлэн байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамруулах 33 төслийн жагсаалтыг Монголын холбогдох байгууллагууд тохиролцсон. Энэ жагсаалтын нэгдүгээр заалтад тусгагдсан Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх нь гурван улсын эдийн засгийн коридор үүсгэхэд нэн чухал эхлэл цэг болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг урагшлуулахын төлөө байгаагаа хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой байгаа нь хамтын ажиллагааны төслүүд хэрэгжихэд чухал нөлөөтэйг дурдаад гурван улсын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглал гаргах санал дэвшүүлэв. ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин эдийн засгийн коридор байгуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг Оросын тал дэмжиж буйг хэлээд бодит ажил хэрэг болгоход анхаарахаа онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улстай эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.
Энэхүү уулзалтыг тогтмолжуулах нь гурван талын бодит хамтын ажиллагааг идэвхжүүлж, гурван талын стратегийн томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжил, Ази тивийн нийтлэг эрх ашигт нийцнэ гэдэгт талууд санал нэгдэв. Гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2025 онд зохион байгуулахаар тохиролцов.