Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай хувилбараар (2026.06.30) харилцан тохиролцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал “Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Үндэсний их баяр наадмын өмнө ард түмэндээ сайн мэдээ дуулгаж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа” гэж мэдэгдлээ.

Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг  1.5 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг  гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.

“Хэлэлцээрүүдийн үр дүн Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наядтөгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Төслийн үр өгөөжийг цаашдаа ч нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.

Мөн Засгийн газар хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж хамтран ажиллахаа илэрхийлээд РИО ТИНТО компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy” өргөтгөсөн хуралдаанд /2026.06.29/ гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч, Монголбанк, манай улсын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна.

Өргөтгөсөн хуралдаанаас гарсан онцлох үр дүн:

 -Нийт 545 сая ам.долларын төслийн хөрөнгө оруулалтын зургаан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт талууд гарын үсэг зурав.

– Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай Phillip Capital хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад оффисоо нээхээр боллоо.
– Унгарын OTP банк Монгол Улсад салбар байгуулах албан бичгээ Ерөнхий сайдад гардуулж өгөв.

Монгол Улсын Ерөнхий сайд Далянь хотноо Зуны Давосын уулзалтын үеэр бид тогтвортой бодлого, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн боломжуудын талаар ярилцсан. Харин өнөөдөр тэрхүү яриаг илүү нарийвчилж байгааг тодотгоод, Монгол Улс хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчноо хэрхэн сайжруулж буй тухай, “Чөлөөлье” бодлогын  талаар дэлгэрэнгүй мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөв.  Мөн энэхүү өргөтгөсөн хуралдаан нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татсан үр дүнтэй ажил болж буйг онцоллоо.

Энэ үеэр Унгарын OTP банкны ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф: “Хэрэв  манай банк Монголын зах зээлд үйлчилгээ үзүүлбэл, томоохон төслүүдийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалтыг санал болгоно. Мөн орон сууцны ипотекийн зах зээлд бүтээгдэхүүн санал болгох сонирхолтой байна. Өнөөдрийн байдлаар Монголын банкны зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин төдийлөн таатай биш байгаа. Харин Ерөнхий сайд эрх зүйн орчныг шинэчилж, либералчлалын бодлого хэрэгжүүлж буйг илэрхийллээ. Энэ нь бидний хувьд Монголд хөрөнгө оруулах боломжийг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Засгийн газрын хэрэгжүүлсэн шинэчлэл, төлөвлөж буй реформуудыг хөрөнгө оруулагчид сайшааж байна” гэлээ.

Технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг европын хөрөнгө оруулалтын удирдлагын компани болох Alpac Capital-ийн үүсгэн байгуулагч Луиш Сантуш хэлэхдээ, Монгол Улс барууны орнуудын хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөлөө хэдийн бүрдүүлжээ. Өмнө нь Монгол Улс голчлон жуулчдыг татдаг байсан бол одоо хөрөнгө оруулагчдын сонирхлыг  татах хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Монгол Улс хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, тогтвортой орчныг бүрдүүлж, сайн засаглалын суурийг тууштай бэхжүүлж байгааг бид харж байна. Монголд олон удаа ирж, хамтран ажиллах хэрэгтэй гэсэн итгэлийг өгч байна гэдгийг тодотгосон юм.

“Эдийн засгийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Ирмүүн “Өртгөсөн хуралдаан Монгол Улс олон улсад итгэлтэй, найдвартай түнш гэсэн сайн дохиог өгч чадлаа” гэдгийг онцлов.

“Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатарт үргэлжилнэ.

Тус хуралдаан нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг бэхжүүлэх, бүс болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чиглэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны X дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар хамтарсан хяналт шалгалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж зарим аймаг, сумдад ажиллалаа.

Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж 11 сумын 38 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, байгаль орчны холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу, ашигт малтмал ашиглахдаа нийтлэг үүргээ биелүүлээгүй найман аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох торгуулыг ногдуулаад байна. Төв аймгийн Заамар суманд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Орон нутгийн хэмжээнд Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Завхан, Дорнод, Архангай, Говь-Алтай аймагт нийт 141 аж ахуйн нэгжид шалгалт хийж, 281 зөрчил илрүүлэн улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, 44.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 130 аж ахуйн нэгжийг хамруулан шалгалаа. 65 нь үйл ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч, зургаан аж ахуйн нэгжид 25.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, найман аж ахуйн нэгжид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Одоогийн байдлаар нийт 134 аж ахуйн нэгж, объектод хамтарсан хяналт шалгалт хийж, байгаль орчны чиглэлээр 168, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 516, хэмжил зүйн чиглэлээр 199 буюу нийт 883 зөрчил илрүүлэн, гэмт хэргийн шинжтэй 17 үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлж, 14 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг түр болон хэсэгчлэн зогсоож, улсын байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Хамтарсан хяналт шалгалт нь үйлдвэрлэлийн осол, эндэгдэл, байгаль орчны доройтол, хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

-“Зуны Давос”  Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна-

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

Хуралдаанаар дэлхийн эдийн засаг, худалдаа, технологи, инновац, үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилт болон бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн чиг хандлага, тулгамдсан сорилт, шинээр бий болж буй боломжийн талаар санал солилцож, геоэдийн засгийн өөрчлөлт, ногоон шилжилтийн нөхцөлд тогтвортой өсөлтийг хадгалах, инновацыг бодит үр дүнд хүргэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улс энэхүү чуулга уулзалтад өндөр түвшинд оролцсоноор дэлхийн улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчидтай шууд харилцаа тогтоох, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, Засгийн газрын хөгжлийн бодлого, тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын бизнес, хөрөнгө оруулагчдын хүрээнд таниулах, шинэ түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдүүлж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын өдрүүдийн 07 дугаар сарын 11, 12-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2026 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Мөн ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах арга хэмжээ авахыг төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад уриалж байна.

Энэ жилийн үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан ажил, амралтын цагийн зохицуулалт хийх санал, хүсэлт  болон Хөдөлмөрийн тухай хуульд “ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэж заасныг үндэслэн Засгийн газрын тогтоол гарч байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 гэж заасан байдаг.

Батлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна

“Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын харилцааг өргөжүүлэх, цэргийн хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулах зэргээр өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1999 онд “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний батлан хамгаалах яам хоорондын хэлэлцээр” байгуулж эхэлж байжээ.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн томоохон тэгш ой 2026 онд тохиож байгаа учир “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, Монгол цэргийн баатарлаг түүх, цог хийморийг бэлгэдэх, Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх, иргэд, залуучуудын эх оронч үзэл, Үндэсний бахархлыг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн техникийн болон 8,500 орчим цэргийн жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна.

Товч мэдээ

·      Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг хавсралтаар баталж, төсвийн хязгаарт нийцүүлэн 2027 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

·      Зэвсэгт хүчний 330 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Ядмаагийн Чойжамцын нэрэмжит болголоо.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-т ажиллаж, гамшгаас хамгаалах тогтолцоо, аврах ажиллагааны техник технологи, хүний нөөцийн чадавх, сургалт бэлтгэлтэй танилцлаа.

БНТУ-ын гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, аврах ажиллагааны стандарт, хууль, эрх зүйн орчин, эрсдэлийн удирдлага болон урьдчилан сэргийлэх тогтолцооны талаар мэдээлэл авлаа.  Мөн аврах ажиллагаанд ашиглагдаж буй орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хэрэглээ, ажиллагааны онцлогийн талаар туршлага солилцлоо.

Гал түймэр унтраах зориулалтын автомашин, өндөр даралтын усан хангамжийн систем, эрэн хайх, аврах ажиллагааны техник хэрэгсэл, нуранги дор болон хязгаарлагдмал орчинд ажиллах тоног төхөөрөмж, дулаан мэдрэгч болон хайлтын камер, аврах ажиллагааны гидравлик багаж, зөөврийн гэрэлтүүлгийн систем, холбоо мэдээллийн тоног төхөөрөмж зэрэг гамшгийн үеийн шуурхай ажиллагаанд ашиглагддаг техник хэрэгслүүдтэй танилцлаа. Түүнчлэн гүн худаг, цооног болон хязгаарлагдмал орчинд осолдсон иргэдийг аврах ажиллагаанд ашигладаг тусгай тактик, аюулгүй ажиллагааны горим, олсон систем, өргөх төхөөрөмж, амьсгалын хамгаалах хэрэгсэл болон аврах ажиллагааны үе шат бүрийн зохион байгуулалтын талаар мэдээлэл авлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар нэвтрүүлэх, хангах боломжийг эрэлхийлж буйгаа илэрхийллээ. Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг Турк Улсад мэргэжлийн болон тактикийн сургалт, дадлага сургуулилтад хамруулах, хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа онцолж байна.

Талууд цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох, сургалт дадлагын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

БНТУ-ын онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах, гамшгийн дараах сэргээн босголтыг зохицуулах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэхээс гадна гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, түр орон байр, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт хийх, иргэдэд гамшгийн бэлэн байдлын сургалт явуулах, олон улсын хүмүүнлэгийн болон аврах ажиллагаанд оролцох зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр Гамшиг, онцгой байдлын удирдлагын газрын сургалт, мэдээллийн төвийн үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийн талаарх олон нийтэд зориулсан сургалт сурталчилгаа, алба хаагчдыг тасралтгүй чадавхжуулах тогтолцоо, дадлага сургуулилтын цогц талбайн үйл ажиллагаатай танилцав.

Мөн гамшгийн үеийн хамгаалах хувцас хэрэглэл, тусгай зориулалтын материал, аврах ажиллагаанд ашиглагддаг багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн стандарт, ашиглалтын шаардлага, алба хаагчдын аюулгүй ажиллагааг хангах аргачлалын талаар мэдээлэл солилцлоо.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр (2026.06.22) БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй албан ёсны уулзалт хийлээ.

БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи Зүүн хойд Азийн найдвартай түнш Монгол Улстай үйлдвэрлэл, логистикийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэж, хоёр улсын өнө эртний түүхэн найрсаг харилцааг хөгжүүлэх өргөн боломжтойг онцолж байна.

Уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр, логистик, бүсчилсэн хөгжил, гамшгийн менежмент болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэх, Монголын талын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн тусгай бүсүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Шадар сайд Н.Номтойбаяр Хөшигийн хөндийн эдийн засгийн тусгай бүс, Хархорум хотын бүтээн байгуулалт, орон сууц, дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэлийн төслүүдэд БНТУ-ын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, гамшгийн удирдлага, аврах ажиллагааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ илэрхийлэв.

Талууд Улаанбаатар хот болон “Шинэ Хархорум” хотыг бүс нутгийн тээвэр, логистикийн зангилаа болгон хөгжүүлэх, карго терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хоёр улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжуудын талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор /2026. 06.22/ мордлоо.

Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцоно.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.

Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн.

Дэлхийн эдийн засаг, инновац, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутгийн нэр хүндтэй олон улсын платформ болон хөгжиж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.06.18/  Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургуульд ажиллав. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогын хүрээнд дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ.

“Оюуны ундраа” сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд нийт 4817 суралцагчтай,  анги дүүргэлт 40-50 хүүхэдтэй хичээллэжээ.

Ирэх хичээлийн жилээс бүтцийн өөрчлөлт хийж, ахлах ангиудыг бие даасан ахлах сургууль болгон төрөлжүүлэн хөгжүүлнэ. Ингэснээр 10-12 дугаар ангийн 1004 суралцагч сонголтот, төрөлжсөн хөтөлбөрөөр хичээллэж, бүлэг дүүргэлт 42-оос 34 болон буурч, нэг ээлжээр хичээллэхээр болж байна.

1-2 дугаар ангийн сурагчдыг тус сургуулийн хойд талд баригдаж буй цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулж хичээллүүлэх юм. Ашиглалт багатай цэцэрлэгүүдийн барилгыг бага сургуулийн зориулалтаар ашиглахаар зохицуулж байна.

Ерөнхий сайд Н.Учрал “50 хүүхдэд нэг багш хүрэлцэхгүй. Тиймээс Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж байсан. Үр дүнд нь туслах багшийн асуудлыг шийдвэрлэж хүртээмж, чанарт эергээр нөлөөлж байна.  Цаашид төр сургууль барихаас татгалзана. Гэрт ойр хотхоны бага сургуулийг томоохон хотхонуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна. Ирэх хичээлийн жилд хотхоны бага сургуульд 10 мянган хүүхэд хамруулна” гэв.

Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж ажилласнаар 2026-2027 оны хичээлийн жилд 60,000 хүүхдийг өндөр ачааллаас чөлөөлөх боломж бүрдэхээр байна.

Нийслэлийн хэмжээнд 3000-аас дээш суралцагчтай 38 сургуулийн бүтцийг өөрчилж, давхарлах, өргөтгөх, анги зохион байгуулалт хийх, Гүүглийн сургалтын орчныш бий болгох зэрэг арга хэмжээг авч 2000 орчим хүүхэдтэй болгоно. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль, их сургуулийн зургаан лицейг төрөлжсөн ахлах сургууль болгоно. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт тус бүрд төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ дурдав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гэр хорооллоос 65 мянган хүүхэд хотын төв рүү суралцдаг. Эдгээр хүүхдийг гэрт ойр сургуульд хамруулах бага, дунд сургууль болох боломжтой обьект, байруудыг судалж байгаа гэв.

Засгийн газрын дэвшүүлсэн боловсролын салбар дахь Чөлөөлөлтийн бодлогын үр дүнд:

-Сургууль, цэцэрлэгийн хүчин чадлын ашиглалт 50 хувиар сайжирна.

-Боловсролын үйлчилгээний чанарын үнэлгээ 20-30 хувиар өснө.

-Багшлах боловсон хүчний дутагдал 50 хувиар буурна.

-Төсвийн үр ашиг багатай үрэлгэн зардлыг жилд 30-50 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой.

-Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг 20 хувиар бууруулна гэсэн тооцоо гарч байна.

Сангийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /2026.06.17/ Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Улсын Их Хурал “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлж буйгаа Сангийн сайд энэ үеэр онцлов.

Тэрбээр, тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,224.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 19,550.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 96.7 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэлээ.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу нийт 729 төсөл, арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110.0 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулсан хэмээн Сангийн сайд хэллээ.

Өнгөрсөн онд Төсвийн тогтворжуулалтын санд 429.1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос 119.0 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 443.5 тэрбум төгрөг, нийт 562.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөгт хүрч, 95.9 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөөнөөс 807.0 тэрбум төгрөгөөр дутуу, өмнөх оны гүйцэтгэлээс 1,101.2 тэрбум төгрөгөөр буюу 5.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Монгол Улсын 2025 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд нийт зарлага ба цэвэр зээлийн 81.8 хувийг урсгал зардал, 18.4 хувийг хөрөнгийн зардал, -0.3 хувийг эргэн төлөгдөх цэвэр зээл эзэлж байгаа аж.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.1, 8.10.2 дахь заалтад тус тус заасны дагуу нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж, аудит хийлгэн улсын төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хэмжээг баталгаажуулсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа тодотголоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.