Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэнтэй танилцаж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Үзэсгэлэнд оролцогчдыг КОВИД-19-ийн халдварын эсрэг 3-р тундаа хамрагдсан эсэхийг шалгаж нэвтрүүлж байсан. МҮХАҮТ-д болж буй энэ үзэсгэлэнд оролцогчдод зориулан дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж, вакцины 3-р тундаа хамрагдах боломжоор хангаж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээсэн. Бид нэмэлт 3-р тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл одоо мөрдөж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшингээс “Шар” түвшин рүү шилжүүлэх стратеги барьж байна. Дэлхий даяар цар тахлын дельта хувилбараас сэргийлэхийн тулд вакцины 3-р тунг тарих нь үр дүнтэй гэсэн дүгнэлт хийж, 30 гаруй улс хүн амаа нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Засгийн газраас иргэдийг 3-р тунд хамруулах ажилд бүх төрлийн дэмжлэг үзүүлнэ.

Иргэд, аж ахуйн нэгж 3-р тундаа идэвхтэй хамрагдаж, цар тахлын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, хөл хориогүй, энгийн амьдрал руу үе шаттай шилжихийг уриалж байна” гэв.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар 70 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудын захиалгаар явуулын дархлаажуулалтын багууд 3-р тунг очиж хийж байна.

Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн зарлаж, бодлогоор дэмжиж байгаа билээ. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэнг Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд соёлын бүтээлч үйлдвэрлэгч 100 аж ахуйн нэгжийн 300 бүтээл оролцож байна.

Монгол Улсад жижиг дунд үйлдвэр үйлчилгээний 62,263 аж ахуйн нэгж, 906,495 ажилтан байна.

Тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18.3, нийт экспортын 2.4 хувийг бүрдүүлдэг томоохон салбар гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод “Энэ оны гуравдугаар сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар “Монгол соёл-Монголын баялаг” цогц хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн логистик сүлжээ бүхий Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж, энэ чиглэлийн аж ахуйн нэгж, иргэдийг нэгтгэнэ. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах юм. Соёлын баялаг бол Монгол Улсын тогтвортой хөгжлийг бий болгоход чухал үүрэгтэй шавхагдашгүй нөхөн сэргээгдэх нөөц юм” гэв.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд 12 салбар багтдаг. Энэ салбарт 11,600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5,600 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Нийтдээ 33,600 хүн идэвхтэй ажиллаж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувийг бүрдүүлж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр,нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Энэ ёслолд “Чингис хаан”-ы одонт эрхмүүд оролцсон юм.

Мөн өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвыг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх зорилгоор ОХУ-ын өндөр түвшний төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа нь оросын тал хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч буйгийн илрэл гэж харж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үзэл санааны дагуу амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааны шинэ зуун илүү арвин үр дүнтэй байлгахаар хоёр тал ажиллахыг санал болгов.

Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн мэндчилгээг ноён  К.И.Косачёв уламжлав.

Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимтэй хөгжүүлэхэд ОХУ-ын тал анхаарал хандуулж ажиллах талаар санал бодлоо илэрхийлэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа.

Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос 420 болж, автозамын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болж байна.

Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа нь автозамын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх арга хэмжээ болсныг Ерөнхий сайдын зөвлөх, уг үндэсний хорооны гишүүн Д.Амгаланбаатар хэллээ. Тэрбээр “Орон нутагт болон дагуул хаяа хотуудад үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх замаар хот хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах бодлогын хүрээнд төлөвлөгөө боловсруулсан” гэлээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын хилийн цэсийг тогтоож, хотын зүй бус төвлөрлийг задалж, хотын дэд төвүүд, хаяа, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төв рүү чиглэсэн зорчилтын зорилго, чиглэлийн давхцалыг багасгах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 54 хувь нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцдог. 2007 онд нийтийн тээврийн хэрэгслээр нийслэлчүүдийн 67 хувь нь үйлчлүүдэг байсан бол энэ тоо өдгөө 54 хувь болж буурсан судалгаа байна. Мөн 2020 оны байдлаар нийслэлд 41364 иргэн орон нутгаас шилжиж ирсний 72 хувь нь ажил орлогоо нэмэгдүүлэх, боловрол эзэмших зорилготой байжээ. Тиймээс хотын автозамын түгжрэлийг сааруулахын тулд орон нутагт ая тухтай, таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 14 зорилттой 90 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасныг Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатар хэлж байлаа. Жишээ нь, Улаанбаатар болон дагуул хотод татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх, орон нутагт бизнес эрхэлбэл татварын таатай орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах, дэд төвүүдийг орон сууцжуулж, инженерийн дэд бүтцийг шийдэх гэхчлэн олон ажил багтсан байна.

Мөн Улаанбаатар хотын “Нэг төвт шугаман хот”-ын төрхийг задалж, “Олон төвт хот”-ын загварт шилжүүлж, хөгжүүлэх бодлоготой уялдуулж, автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээ холбогдох албаны төлөөлөл хэлж байв.

Үндэсний хорооны хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

– Үндэсний хорооныхон байр сууриа нэгтгэж, шийдэл гарган Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулах

– Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх

– Тойрог замын ТЭЗҮ-г ирэх оны хоёрдугаар сарын 1-нд бэлэн болгож, танилцуулах

– Цагийн зөрүүтэй байх шийдлийг судлах зэрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Та бүхнийг https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt линкээр орж Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд саналаа өгөхийг уриалж байна.

УРЛАГ, СОЁЛ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭГ 50 ХУВИЙН ДҮҮРГЭЛТТЭЙГЭЭР ИРЭХ САРЫН 1-НЭЭС НЭЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээнэ

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө.
Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов.
Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэлээ.
Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов.

Хүнсний бүтээгдэхүүн, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөрзамаар татан авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан импортоос хэт хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд болон Гадаад харилцааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт үүрэг болголоо.
Хэрэглээний үнийн сагсыг бүрдүүлдэг 185 бүтээгдэхүүний 78 хувийг Эрээн-Замын-Үүд боомтоор импортолдог. Эрээн-Замын-Үүд автозамын боомтоор нэвтрэх хүнсний импортын ачаа тээвэр 7-30 хоног доголдоход инфляц 0.4-1.1 нэгжээр өсөх, төсвийн орлого 15-60 тэрбум төгрөгөөр буурах, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.3-7.1 хувь өсөхөөр байна.
Хүнсний гол нэрийн импортын бүтээгдэхүүний татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан бөгөөд Эрээн хотод тогтоосон хязгаарлалтын бүсийн гадна байгаа хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг төмөр зам болон бусад автозамын боомтоор нэн яаралтай татан авах зохицуулалтыг хийж байгаа ажээ.

Монгол төрийн түүхийн музейг “Чингис хаан” музейд нэгтгэнэ

Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэлээ. Музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгалаа.
Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 мянган хүнд үйлчилдэг, орон тооны 18 ажилтантай юм байна.
Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний хаадын алт, мөнгө, зэс зооснууд, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон XIII зууны үеийн язгууртны хувцас хэрэглэл, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумынБурхан толгойн булшнаас гарсан Монгол хатны богтаг малгай болон эрт, эдүгээгийн төрт ёсны түүхэнд холбогдох ховор нандин 703 дэсийн 1237 үзмэртэй ажээ.

Товч мэдээ
· Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгав.
· Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас олгосон зээлийн асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр тогтлоо.
· Авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа.
· Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд болон Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт даалгав.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук манай улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр бараалхав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ойн босгон дээр манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Засгийн газрын орлогч даргад талархал илэрхийлэв.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук хоёр орны ард түмэн өнгөрсөн хугацаанд ямагт ойр байж, түүхэн сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж ирснийг тэмдэглээд дэлхийн II дайны хүнд жилүүдэд Монгол Улс хамгийн идэвхтэй дэмжлэг үзүүлж ирснийг Оросын ард түмэн хэзээ ч мартахгүй гэлээ.

Талууд 100 жилийн ой тохиож буй 11 дүгээр сарын 5-ны өдрийг угтан олон жил шийдлээ хүлээж буй өр зээл, үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ зууныг эхлүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, цахим уулзалт зохион байгуулах талаар санал солилцож, эдгээр арга хэмжээний үеэр хэрэгжүүлж болох зарим томоохон төсөл, хөтөлбөрийн талаар ярилцах боломжтойг онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар уулзалтын төгсгөлд манай хоёр улс төдийгүй, Монгол-Евразийн эдийн засгийн холбоо хооронд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц бололцоо байгааг тэмдэглэж, цахим засаглал, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хил, гаалийн хяналтыг хөнгөвчлөх, стандартыг уялдуулах чиглэлд хамтын ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдаааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажил амжилттай үргэлжилж буйг сайшааж, судалгааны дүнг ойрын хугацаанд гаргана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийж буй Ажлын айлчлалын хүрээнд “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга Виталий Анатольевич Маркелов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийн хамтарсан ажлын хэсгийн Монголын талын ахлагч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монголын хэсэг дээрх барилгын төслийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлын явцын талаар хэлэлцлээ.
Байгалийн хийн хоолойн төслийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж, хоёр улсын төр, засгийн түвшинд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа учраас төслийн ажил цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйг талууд онцлон тэмдэглэв.


Өнгөрсөн гуравдугаар сард болсон уулзалтын үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараагийн шатны ажлууд хэрэгжиж эхэлснийг “Газпром” НХН-ийн удирдлага дурдаад, цаашид тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний квотыг тогтоох, мөн төсөлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд гаалийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт хууль эрх зүйн хүрээнд шийдэх зүйлүүд байгааг хэлж байлаа.
Хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах тул төслийг урагшлуулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
Талууд энэ онд багтаж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгахаас гадна инженерийн нарийвчилсан судалгаануудыг хийж, барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэхээр харилцан санал солилцож, тохиролцов.

Коронавирусын халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулан, нийт ажилтнуудаа гурван удаагийн вакцинжуулалтад хамруулжээ.
БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины эхний тунд нийт ажилтны 100 хувь, хоёр дахь  тунд 98 хувь нь хамрагдсан бол гуравдугаар тунд 3919 ажилтан буюу 82.4 хувь нь хамрагдаж, Пфайзер вакцин хийлгэжээ.
Ингэснээр дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа 14 хоногоос хойшхи өдөр бүрийн тохиолдлын тоо эрс буурчээ. Тухайлбал, өдөрт дунджаар халдварын 27 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо байдлаар 1-4 болжээ.
“Энэ нь дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр нөлөө” гэж тус үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ярилаа.
Тасралтгүй найдвартай үйл ажиллагаатай, улс орны нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй үйлдвэрийн хувьд ажилтнуудынхаа аюулгүй байдал, халдвараас хамгаалах зэрэгт онцгой анхаарал хандуулж, цар тахлын эсрэг авах арга хэмжээний цогц хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ажилтан бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж цар тахлыг хамтын хүчээр даван туулахаар хичээж буйг Шуурхай штаб онцоллоо.

Коронавирус цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Форумд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оролцож, нийгэм, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр нээлтийн илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ нийгэм болон байгалийн, эдийн засгийн эрсдэл гэсэн үндсэн гурван асуудал Монгол Улсад тулгамдаж буйг танилцуулаад, эдгээр эрсдэлийг давах туулах чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар танилцууллаа.


Тухайлбал, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр хилийн боомтуудыг өргөтгөж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг өрнүүлж байна. Халдварт цар тахлын улмаас дэлхий дахинд тулгамдаад буй гол асуудлын нэг нь олон улсын ачаа тээврийн бөөгнөрөл, саатал, үнийн өсөлт болоод буй учраас 17 жилийн турш зогсонги байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож, олон улсын худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, логистик, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хөгжүүлэхэд Засгийн газар анхаарч байна. Замын-Үүдийн боомтыг 2022 онд өргөтгөж шинэчилснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин, ачаа тээврийн хүчин чадал гурав дахин, Гашуунсухайт боомтын шинэчлэлийн үр дүнд нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж эдийн засгийн эрсдэлийг даван туулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг Шадар сайд С.Амарсайхан илтгэлдээ дурдлаа.
Цар тахлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад иргэн, аж ахуйн нэгж, төр засаг, иргэний нийгмийн байгууллагуудын бүх талын оролцоотойгоор эрсдэлийг даван туулах боломжтой бий гэдгийг тэрбээр онцоллоо. Монгол Улсын Засгийн газраас “10 их наядын цогц төлөвлөгөөг” хэрэгжүүлсний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өссөн. Цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газраас анхаарч ажиллаж байна. Үүний тулд эрсдэлийг “Даван туулах, дасан зохицох стратeги”-ийн дагуу эрүүл мэнд, эдийн засгаа тэнцвэртэй авч явах бодлого баримтлан ажиллаж буйг Шадар сайд илтгэлдээ дурдав.
Энэ удаагийн форум “Ковид ба эдийн засаг, ковид ба бизнес” гэсэн үндсэн хоёр чиглэлээр илтгэлүүд тавигдаж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар талаар хэлэлцэж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.