Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвыг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх зорилгоор ОХУ-ын өндөр түвшний төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа нь оросын тал хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч буйгийн илрэл гэж харж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үзэл санааны дагуу амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааны шинэ зуун илүү арвин үр дүнтэй байлгахаар хоёр тал ажиллахыг санал болгов.

Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн мэндчилгээг ноён  К.И.Косачёв уламжлав.

Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимтэй хөгжүүлэхэд ОХУ-ын тал анхаарал хандуулж ажиллах талаар санал бодлоо илэрхийлэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа.

Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос 420 болж, автозамын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болж байна.

Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа нь автозамын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх арга хэмжээ болсныг Ерөнхий сайдын зөвлөх, уг үндэсний хорооны гишүүн Д.Амгаланбаатар хэллээ. Тэрбээр “Орон нутагт болон дагуул хаяа хотуудад үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх замаар хот хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах бодлогын хүрээнд төлөвлөгөө боловсруулсан” гэлээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын хилийн цэсийг тогтоож, хотын зүй бус төвлөрлийг задалж, хотын дэд төвүүд, хаяа, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төв рүү чиглэсэн зорчилтын зорилго, чиглэлийн давхцалыг багасгах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 54 хувь нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцдог. 2007 онд нийтийн тээврийн хэрэгслээр нийслэлчүүдийн 67 хувь нь үйлчлүүдэг байсан бол энэ тоо өдгөө 54 хувь болж буурсан судалгаа байна. Мөн 2020 оны байдлаар нийслэлд 41364 иргэн орон нутгаас шилжиж ирсний 72 хувь нь ажил орлогоо нэмэгдүүлэх, боловрол эзэмших зорилготой байжээ. Тиймээс хотын автозамын түгжрэлийг сааруулахын тулд орон нутагт ая тухтай, таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 14 зорилттой 90 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасныг Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатар хэлж байлаа. Жишээ нь, Улаанбаатар болон дагуул хотод татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх, орон нутагт бизнес эрхэлбэл татварын таатай орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах, дэд төвүүдийг орон сууцжуулж, инженерийн дэд бүтцийг шийдэх гэхчлэн олон ажил багтсан байна.

Мөн Улаанбаатар хотын “Нэг төвт шугаман хот”-ын төрхийг задалж, “Олон төвт хот”-ын загварт шилжүүлж, хөгжүүлэх бодлоготой уялдуулж, автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээ холбогдох албаны төлөөлөл хэлж байв.

Үндэсний хорооны хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

– Үндэсний хорооныхон байр сууриа нэгтгэж, шийдэл гарган Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулах

– Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх

– Тойрог замын ТЭЗҮ-г ирэх оны хоёрдугаар сарын 1-нд бэлэн болгож, танилцуулах

– Цагийн зөрүүтэй байх шийдлийг судлах зэрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Коронавирус цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Форумд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оролцож, нийгэм, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр нээлтийн илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ нийгэм болон байгалийн, эдийн засгийн эрсдэл гэсэн үндсэн гурван асуудал Монгол Улсад тулгамдаж буйг танилцуулаад, эдгээр эрсдэлийг давах туулах чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар танилцууллаа.


Тухайлбал, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр хилийн боомтуудыг өргөтгөж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг өрнүүлж байна. Халдварт цар тахлын улмаас дэлхий дахинд тулгамдаад буй гол асуудлын нэг нь олон улсын ачаа тээврийн бөөгнөрөл, саатал, үнийн өсөлт болоод буй учраас 17 жилийн турш зогсонги байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож, олон улсын худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, логистик, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хөгжүүлэхэд Засгийн газар анхаарч байна. Замын-Үүдийн боомтыг 2022 онд өргөтгөж шинэчилснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин, ачаа тээврийн хүчин чадал гурав дахин, Гашуунсухайт боомтын шинэчлэлийн үр дүнд нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж эдийн засгийн эрсдэлийг даван туулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг Шадар сайд С.Амарсайхан илтгэлдээ дурдлаа.
Цар тахлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад иргэн, аж ахуйн нэгж, төр засаг, иргэний нийгмийн байгууллагуудын бүх талын оролцоотойгоор эрсдэлийг даван туулах боломжтой бий гэдгийг тэрбээр онцоллоо. Монгол Улсын Засгийн газраас “10 их наядын цогц төлөвлөгөөг” хэрэгжүүлсний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өссөн. Цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газраас анхаарч ажиллаж байна. Үүний тулд эрсдэлийг “Даван туулах, дасан зохицох стратeги”-ийн дагуу эрүүл мэнд, эдийн засгаа тэнцвэртэй авч явах бодлого баримтлан ажиллаж буйг Шадар сайд илтгэлдээ дурдав.
Энэ удаагийн форум “Ковид ба эдийн засаг, ковид ба бизнес” гэсэн үндсэн хоёр чиглэлээр илтгэлүүд тавигдаж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар талаар хэлэлцэж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.