Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-д санал авч байна.

Саналаа turbat@cabinet.gov.mn хаягаар болон бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 262958

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ.

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж байгаа нь хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл” гэдгийг онцоллоо. Мөн “Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай идэвхтэй түншлэн ажиллахад Монголчууд бид бэлэн байна” гэлээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан 103-р тогтоолын хүрээнд өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж,харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар “Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрсөн. Оюу толгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, Монголын 600 гаруй ханган нийлүүлэгчдийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96 хувийг монголчууд бүрдүүлсэн уурхай” гэж хэллээ. Мөн өнөөдрийн арга хэмжээ Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо гэдгийг онцоллоо.

Засгийн газрын ажлын хэсэг, УИХ-ын түр хороо удаан хугацаанд хөрөнгө оруулагч талтай зөвшилцсөний эцэст гацаанд орж, хуримтлагдаад байсан олон асуудлыг шийдэж чадсан бөгөөд үр дүнд нь 26 сар хүлээгдсэн Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат ийн эхэлж байна.

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу толгой ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцна. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт байдаг. Оюу толгой ХХК гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж байна.

Энэ өдөр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойс Хилл Ресурсес компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Оюутолгой төсөл дэхь Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн батлав

“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.
Журмын шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, халдвар тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, орон нутгийн онцлог, амьдралын шинэ хэв маягт дасан зохицоход хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай нийтлэг арга хэмжээг авахад чиглэгдсэн байна.
Өмнөх журмаар батлагдсан хязгаарлалтын арга хэмжээг хуулийн этгээд, гэр бүл, хувь хүнд чиглэсэн хэлбэрээр халдвараас сэргийлэх дэглэм, тусгай нөхцөл шаардлага, хариуцлагын гэрээг мөрдөн харьцангүй “сулруулсан” байдлаар шинэчлэн томъёолжээ.
Шинэчилсэн журмаар,
-Халдварын тархалт, өвчний хүндрэл, нас баралт, хүн амын дархлаажуулалтын хамралт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхиас хамаарч халдварын тархалтын түвшинг тодорхойлох түр зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар
-Халдварын тархалтын түвшинг тогтоосон үнэлгээний тайланг ХӨСҮТ, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар долоо хоног бүр тогтоож, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Онцгой комисст хүргүүлэхээр
-Хуулийн этгээдийн үйл ажиллагааны хязгаарлалтыг бүх шатны онцгой комисс орон нутгийн онцлогт тохируулан “ногоон”, “шар”, “улбар шар”, “улаан” түвшинд заагдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гаргахаар
-Стратегийн ач холбогдол бүхий салбар бүс нутагт хүн, хуулийн этгээдийн хэрэгжүүлэх арга хэмжээг шаардлагатай тохиолдолд Улсын онцгой комисс тогтоохоор тус тус тусгажээ.

Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар арчлалтын төслөөр мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал тавьж, ажлыг эрчимүүлэх Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахална.

Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын түвшинд анхаарна

“И-Монголиа академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын иргэд, олон нийттэй харилцах  “11 11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт шилжүүллээ.
Иргэд, байгууллагаас Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайдад хандан ирүүлж байгаа өргөдөл, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч энэ ажлыг хариуцсан нэгжийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцэд шилжүүлсэн байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Гуравдугаар тун хийлгээд гурван сар болсон бол дөрөвдүгээр тунд хамрагдаж болно

Коронавируст халдварын Омикрон хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан иргэдийг коронавируст халдварын эсрэг IV тунд хамруулах, нэмэлт тунд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо.
-Манай улсад коронавирусын халдварын тохиолдол өдөрт 200-250 бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдээд байна. Дэлхийд омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш манай улс хилийн боомтууд дахь хяналт, тандалтын ажлыг эрчимжүүлсэн. 2021 оны арваннэгдүгээр 27-ноос хойш коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 411 батлагдсан. Тандалт шинжилгээ үргэлжилж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэлдээ хэллээ.
Иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн, зорилтод бүлгийн иргэдийн 48,2 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дөрөвдэх тунгийн судалгаа хийгдэж байна. Вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон хүмүүс сайн дураараа IV тунд хамрагдаж болно гэв.
Манай улсад вакцины нөөц хангалттай, хугацаа дуусах болоогүй гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Мөн иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлахыг тэрбээр уриаллаа.

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
“Чингис хаан” олон улсын нисэн буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцнэ гэж үзэж байна.
Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшина. Ингэснээр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10, замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж төлөвлөж байна.
 
Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийт давхар хянах боломж бүрдэнэ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тендерийг зохион байгуулахад хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, шуурхай хялбар болгох, хариуцлагажуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Шинэчилсэн найруулгын төсөлд тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх, мэдээллийн технологи, цахим шилжилтийн дэвшилтэд аргыг ашиглах талаар төсөлд тусгажээ.
Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөхөөс гэрээ дүгнэх хүртэлх үе шатны мэдээллийг www.tender.gov.mn цахим системд төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгожээ.
Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийтээс давхар хянах, тендер шалгаруулалтыг аль болох богино хугацаанд зохион байгуулах боломж бүрдэнэ.

Товч мэдээ
·      Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталлаа.
·      Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүллээ. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгалаа.
·      Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.
·      Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгав.

 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Оны шилдэг хүүхэд” шагнал гардууллаа.

2021 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн  төрөлд 117 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үеийнхнээ манлайлсан 30 сурагч “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламж, гарын бэлэг гардуулсан юм.

Энэ үеэрээ тэрбээр бүтээлч байдал, сурлага, урлаг, түүх соёл, байгаль хамгаалал, хүмүүнлэг энэрэнгүй үйлс, хүүхдийн оролцоо, багийн амжилтаар манлайлсан эрхэм дүү нартаа чин сэтгэлийн баяр хүргэе гээд, цар тахлын амаргүй үед сурч боловсрох эрхэм үүргээ хичээнгүйлэн биелүүлж буй Та бүхэнд болон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархал илэрхийлье” гэв.

Энэ удаагийн шалгаруулалт нь хүүхдүүд хөл хорионы үед ч хичээл сурлагадаа шамдаж, өөрийгөө хөгжүүлж, аливаа олимпиад, уралдаан тэмцээнд биечлэн болон цахимаар оролцон өмнөх амжилтаа бататгаж, улс орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгаж чадсанаараа онцлог байна.

ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД:

Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөл:

1.    Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Б.Дашням

2.    Багануур дүүргийн Ерөнхий боловсролын “Сод” сургуулийн 9А ангийн сурагч Э.Ангараг

Сурлагын амжилт төрөл:

1.    “Орчлон” сургуулийн 12А ангийн сурагч О.Тэмүжин

2.    Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 12Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал

3.    “Орчлон” сургуулийн 12С ангийн сурагч Э.Тэргэл

Урлаг, уран бүтээл төрөл:

1.    Дорноговь аймгийн 3 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Г.Энгүүн

2.    Монгол Улсын консерваторийн Ерөнхий боловсролын сургуулийн 7А ангийн сурагч О.Нандин

3.    Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн 9-2 ангийн сурагч С.Бишрэл

4.    Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Г.Уянгадарь

5.    “Шинэ Монгол Харүмафүжи” дунд сургуулийн 3Б ангийн сурагч Т.Маргад

6.    “Амжилт кибер” сургуулийн 9-2 ангийн сурагч О.Эгшиглэнт-Од

Биеийн тамир, спорт төрөл:

1.    Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 8Ё ангийн сурагч Б.Ананд

2.    Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Г.Амаржаргал

3.    “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн сурагч М.Анхбаясгалан

4.    Орчлон сургуулийн 8Б ангийн сурагч Э.Эрхэс;

Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөл:

1.    Хэнтий аймгийн “Хэрлэн” 1 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч Б.Ичиннорвоо

2.    Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Т.Ундрахбаяр

3.    Нийслэлийн Ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ

Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөл:

1.    Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор 12А ангийн сурагч О.Мөнхтүшиг

2.    Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч И.Руслан

3.    Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч У.Ану-Үжин

Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөл:

1.    Нийслэлийн 42 дугаар сургуулийн 7А ангийн сурагч А.Гэсэр

2.    Дундговь аймгийн Сайнцагаан сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 12А ангийн сурагч Ч.Маргад

3.    Өмнөговь аймгийн 3 дугаар сургуулийн 9-р ангийн сурагч Л.Болортуяа

Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөл:

1.    Дорнод аймгийн сурагч Б.Ану

2.    Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Б.Халиунаа

3.    Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Билгүүн

Багийн амжилт төрөл:

Баян-Өлгий аймаг Дарын цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Х.Ахжол, Б.Али-Рахман, 12-р ангийн сурагч А.Ерганат нар тус тус шалгарлаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг 29 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Илгээлтэд,

“НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ жил энэ өдрийг НҮБ-аас “Цар тахлын дараах дэлхий ертөнцөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй, хүртээмжтэй, тогтвортой оролцоо ба манлайлал”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах амлалт нь зөвхөн шударга ёсны асуудал бус улс орны хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж харах болсон. Цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарч буй эдийн засаг, нийгмийн  хямрал өмнө байсан тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байна.

Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах төрийн бодлого, эрх зүйн орчинд олон шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийгмийн хамгаалал зэрэг салбар хоорондын уялдаа холбоог хангаж, иргэд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэхийг чухалчилна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийгэм соёлын арга хэмжээнд оролцоход дэд бүтцийн хүртээмжгүй байдал манайд суурь асуудал байсаар ирсэн. Тиймээс цаашид төр засгаас гарах аливаа бодлого шийдвэр, бүтээн байгуулалтууд бүх хүнд ээлтэй хүртээмжтэй байх, төлөвлөн хэрэгжүүлэхэд тухайлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангахад анхаарах болно. Энэ бүгдийг эрх зүйн орчинд нэгтгэн Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль гаргахаар боловсруулж байна. Энэ нь ахмад настан, хүүхдээ түрж яваа эцэг, эхэд ч хамаарах өргөн утга агуулгатай байх юм.

Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж Үндсэн хуульдаа тунхагласан. Ийм нийгмийг бий болгохын тулд боловсруулж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бүртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ санаа бодлыг тусгаж, бодит оролцоог хангаж ажиллахад онцгой анхаарах болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ” гэжээ.

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Ухаалаг засаг II төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.

Иргэд болон аж ахуйн нэгжид үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээг хүргэх, дижитал ур чадварыг эзэмшүүлэх, дижитал суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд энэ төслийн зорилго оршино.

Бэлтгэл ажлын хүрээнд төслийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар дараахь баримт бичгийн төслүүдийг боловсруулаад байна.

Иргэд, аж ахуйн нэгжид эдгээр баримт бичигтэй танилцаж, санал байвал info@smart.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

Төслийг энд дарж үзнэ үү.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж дарааах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүллээ

“Тогтвортой хөгжлийн зорилго”, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын бодлого, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.
Эдгээр амаржих газар нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага учраас Эрүүл мэндийн яамнаас шууд шатлан удирдах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дутмагаас хөрөнгө оруулалт орхигдож, амаржих газрын удирдлага, бүтэц зохион байгуулалтын оновчгүй шийдвэрээс үүдэлтэй эх барихын тусламж, үйлчилгээнд алдаа дутагдал гарч, ноцтой хүндрэлийн тохиолдол нэмэгдэх, эхийн амь нас эндсэн тохиолдлууд гарсаар байна.
Иймээс Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн амаржих газруудыг авч, эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нотолгоонд суурилсан анагаах ухааны дэвшлийг нэвтрүүлж, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна гэж үзэж байна.

Төмөр замын улсын хил огтлолын цэгийг тохиролцох Монголын талын ноот бичгийг албажууллаа

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж, Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс  удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрсэн юм.
“Найман жилийн хугацаанд шийдэгдэхгүй байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг хүлээн зөвшөөрөх ноот бичиг явуулахаар шийдвэрлэлээ. Гашуунсухайт – Ганцмод боомтын төмөр замын эрх зүйн орчин бүрдэж, эдийн засгийн эргэлтэд оруулах том боломж нээгдлээ” гэж Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Эдийн засгийг сэргээх төслүүдийг танилцуулав

Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц болон эдийн засгийг сэргээх төслүүдийн талаар Сангийн сайд танилцууллаа.
Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Цахилгаан дамжуулах агаарын шугам, Тавантолгой ДЦС, Чойбалсан зүүн бүсийн ДЦС, Хуримтлуурын төсөл, Амгалан ДС, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Зүүнбаян-Ханги төмөр зам, Богдхан төмөр зам, Газрын тосны үйлдвэр, Дамжуулах хоолой, УБ хотын багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, Боомтын шинэчлэл, Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр, Алтанширээт аж үйлдвэрийн парк, Орхон-Онги усны төсөл, Эрдэнэтийн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр зэрэг төслийн онцлог, ач холбогдол, санхүүжилтийн эх үүсвэр болон тооцоолол, эдийн засгийн үр өгөөж, шийдэх асуудлын талаар танилцуулсан байна.
 
Архангай, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна

Коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд танилцууллаа. 2021 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны хооронд 5744 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1271 тохиолдлоор буурсан байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт гуравдугаар тунгийн үр дүн гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.
Коронавирусын эсрэг нэмэлт тунгийн дархлаажуулалт улсын хэмжээнд үргэлжилж байна. Нийт хүн амын 16 хувь, зорилтот бүлгийн иргэдийн 25 хувь нь дархлаа сэргээх тунд хамрагдаад байна. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байгаа юм байна. Мөн Архангай, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна.
 
Товч мэдээ
·      Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг Ерөнхий сайд уриаллаа

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг хагас жил тутам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгов.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр,
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганаар “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг дэвшүүлсэн. Энэ бол зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр.
Хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол ойжуулалт. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулахэрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах юм. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн есөн зорилтын нэг мөн Ногоон хөгжил. Монгол Улс цаг алдалгүй эдийн засгийн олон тулгуурт бодлого, ногоон хөгжлийн загварт шилжих нь хөгжлийн ирээдүйн баталгаа юм гэж хэллээ.


Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлаж, энэ чиглэлийн ажлын уялдаа холбоо, хэрэгжилтийг эрчимжүүлж, тэрбум мод ургуулах санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах “Ойн судалгаа, хөгжлийн агентлаг” байгуулна.  Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх журамд мод ургуулах, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх замаар экологийн тэнцвэрийг хангах чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг үзүүлэлтийг нэмсэн гэдгийг Ерөнхий сайд онцлоод хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг уриаллаа. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллана гэлээ.


Өвс, тэжээлийн нөхөн бүрдүүлэлтээ шуурхай зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо

Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан,
-Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг, үхрийн арьс товруутах өвчин оношлогдоод байгаа аймгуудын нутаг дэвсгэрт өвчнийг бүрэн хяналтад авах, устгах, тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Аймаг, сумын бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг хангалтгүй бэлтгэсэн Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Увс аймаг өвс, тэжээлийн нөхөн бүрдүүлэлтээ шуурхай зохион байгуулахыг эдгээр аймгийн бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.
Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний тархалт их байгаатай холбогдуулан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт даалгав.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэнтэй танилцаж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Үзэсгэлэнд оролцогчдыг КОВИД-19-ийн халдварын эсрэг 3-р тундаа хамрагдсан эсэхийг шалгаж нэвтрүүлж байсан. МҮХАҮТ-д болж буй энэ үзэсгэлэнд оролцогчдод зориулан дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж, вакцины 3-р тундаа хамрагдах боломжоор хангаж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээсэн. Бид нэмэлт 3-р тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл одоо мөрдөж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшингээс “Шар” түвшин рүү шилжүүлэх стратеги барьж байна. Дэлхий даяар цар тахлын дельта хувилбараас сэргийлэхийн тулд вакцины 3-р тунг тарих нь үр дүнтэй гэсэн дүгнэлт хийж, 30 гаруй улс хүн амаа нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Засгийн газраас иргэдийг 3-р тунд хамруулах ажилд бүх төрлийн дэмжлэг үзүүлнэ.

Иргэд, аж ахуйн нэгж 3-р тундаа идэвхтэй хамрагдаж, цар тахлын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, хөл хориогүй, энгийн амьдрал руу үе шаттай шилжихийг уриалж байна” гэв.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар 70 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудын захиалгаар явуулын дархлаажуулалтын багууд 3-р тунг очиж хийж байна.

Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн зарлаж, бодлогоор дэмжиж байгаа билээ. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэнг Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд соёлын бүтээлч үйлдвэрлэгч 100 аж ахуйн нэгжийн 300 бүтээл оролцож байна.

Монгол Улсад жижиг дунд үйлдвэр үйлчилгээний 62,263 аж ахуйн нэгж, 906,495 ажилтан байна.

Тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18.3, нийт экспортын 2.4 хувийг бүрдүүлдэг томоохон салбар гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод “Энэ оны гуравдугаар сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар “Монгол соёл-Монголын баялаг” цогц хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн логистик сүлжээ бүхий Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж, энэ чиглэлийн аж ахуйн нэгж, иргэдийг нэгтгэнэ. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах юм. Соёлын баялаг бол Монгол Улсын тогтвортой хөгжлийг бий болгоход чухал үүрэгтэй шавхагдашгүй нөхөн сэргээгдэх нөөц юм” гэв.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд 12 салбар багтдаг. Энэ салбарт 11,600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5,600 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Нийтдээ 33,600 хүн идэвхтэй ажиллаж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувийг бүрдүүлж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр,нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Энэ ёслолд “Чингис хаан”-ы одонт эрхмүүд оролцсон юм.

Мөн өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.