Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 23-ны даваа гарагт Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ.

Энэ дагуу Хөгжлийн банкнаас зарим арга хэмжээг авч байна. Өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар “Улстөрчдийн нөлөөгөөр Хөгжлийн банкинд ажилд томилогдсон хүмүүсийн зарим нь өнөөг хүртэл ажлаа хийж байна. Чанаргүй зээл олголтод оролцсон зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцох мэдэгдэх хуудас АТГ-аас ирүүлсэн. Энэ дагуу ажлаас нь чөлөөлж байна” гэлээ.

Зээл олголтод оролцсон Хөгжлийн банкны зарим албан тушаалтан тухайн компанийн хувь эзэмшдэг зөрчил ч шалгалтын явцад илэрснийг Ж.Эрхэмбаатар дэд захирал дурдаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкийг алдаа, дутагдал гаргахгүй, хараат бусаар ажиллах үүрэг өгсөн. Бид бодлого, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна гэлээ.

Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкинд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна.

Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаан Төрийн ордонд болов.
Ээлжит хуралдааныг тус хорооны орлогч дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалж,  хуралдаанд Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон хорооны гишүүд 80 хувийн ирцтэй  оролцлоо.
Жендэрийн үндэсний хороо нь төрийн болон  төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй.


Хуралдаанаар хорооны 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилт,  ЖҮХ-ны дэргэдэх салбар зөвлөл (14),  салбар хороод (31)-ын жэндэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тайлантай танилцаж, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа.
Түүнчлэн Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжсэн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)”-ний төслийг танилцуулан хэлэлцүүлж, гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.
Жендэрийн үндэсний хорооноос 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,  шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийн тэгш оролцоог дэмжихэд чиглэсэн гурван зорилт бүхий 36 ажлыг тусгажээ.
Цаашид стратеги төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой асуудлаар Жендэрийн үндэсний хорооны гишүүдийн уулзалт, семинарыг зохион байгуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарахаар гишүүд санал нэгдлээ.

Хувьчлал нэрээр үнэгүй авсан “Эрдэнэт Медипас” эмнэлгийг төрийн өмчид буцаан авах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллаж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд шилжүүлж авсан ч өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр төлөөгүй. Үүгээр барахгүй Эрдэнэт үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээрийг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэлээ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Засгийн газрын тогтоол шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнд танилцуулж, одоогийн ханшаар 120 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн цогцолборыг хүлээлгэн өгөв.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Иж бүрэн цогцолбор эмнэлэг хүлээн авч буй энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийн захирлын хувьд тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг цаашид бүрэлдэхүүнээр нь ажиллуулах, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах тухай 95 дугаар тушаал гаргасан. Одоо бид цаашид тус эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж байна” гэсэн юм.
Медипас эмнэлэг нь 8 тасаг, 1 төв, 7 алба, нийт 16 нэгж, 19 лабораторитай үйл ажиллагаагаа явуулж буй. Мөн бүрэн автомат үйл ажиллагаа бүхий ариутгалын тасаг, эмнэлгийн нэгдсэн IT систем, улсдаа ганц байгаа ЭХО оношлогооны аппарат бүхий Япон улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг.
Түүнчлэн гадаад болон дотоодын нарийн мэргэжлийн эмч нарыг урт болон богино хугацаагаар урьж, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажилладаг юм байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 23-нд болж, дарах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

“Капитал банк” ХХК-иас НДС, ЭМДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов

Татан буугдсан “Капитал банк” ХХК-иас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт банкны эрх хүлээн авагчаас санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлыг шуурхай зохион байгуулах, шилжүүлэн авсан хөрөнгийг борлуулж, холбогдох санд төвлөрүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, энэ ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Хураагдсан өмчийг нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, төрийг хохиролгүй болгох ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.
Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад Монгол банкны шалгалтын тайлангаар бусдад 624,6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон. ЭМДС, НДС-гийн нийт 240,3 тэрбум  төгрөгийн өр төлбөртэй гарсан, үүнээс одоо 166,2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
“Төрийн байгууллагыг хохиролгүй болгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Капитал банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 118 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөөс 45,8 тэрбум төгрөгийн хөрөнгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт, 71,2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлж өгөхөөр, үлдэгдэл төлбөрийг Капитал банкны эрх хүлээн авагч нь зээлийн эргэн төлөлтөөр барагдуулна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.
 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газар 37 байна. Тавантолгой нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, зэс, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байна. Төмөр зам баригдсанаар орд газар эдийн засгийн эргэлтэд орж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил 2019 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн сонгон шалгаруулалтыг энэ сард хийнэ
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг шууд гэрээ байгуулах концесст оролцогчийн сонгон шалгаруулалтыг энэ хоёрдугаар сард багтаан дуусгахыг Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхт, концессийн гэрээг байгуулж барилгын ажлыг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан эхлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт үүрэг болголоо.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн, Жининь-Хөххот-Бугат /1722 км/ тээвэрлэлтийн маршрутыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат /1404/ болгон өөрчлөх нь төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломж бүрдэнэ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2021 онд боловсруулсан техник эдийн засгийн урьдчилсан судалгаагаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь нийт 269 км урттай, хоёр өртөө, хоорондын зам дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөгдөж, Зүүнбаян өртөөнд холбогдохоор урьдчилан тооцоолжээ.
Төмөр замыг 2022 оны аравдугаар сард ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.

“Монголын эдийн засгийн чуулган 2022” энэ оны дөрөвдүгээр сард болно
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ.
Амгалангийн дулааны станцын өргөтгөх төслийн бэлтгэл ажлын хүрээнд тендерийн үнэлгээний хороо энэ сард байгуулагдан тендерийн баримт бичгийг боловсруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлажээ.
Мөн дулааны IV станцыг 500 тн/ц уур үйлдвэрлэх хүчин чадалтай зуухаар өргөтгөх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн ТЭЗҮ-ийг энэ сард баталсан бөгөөд санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Хөгжлийн банкинд хүсэлт гаргаад байна.
Улаанбаатар хотод өвлийн оргил ачааллын үед дулаан хангамжийн сүлжээтэй хослон ажиллах дөрвөн хийн эх үүсвэр барихаар төлөвлөсөн. Хийн дулааны дөрвөн эх үүсвэр барих санхүүжилтийг улсын төсөвт үе шаттайгаар тусгуулан хэрэгжүүлнэ зэрэг төслүүдийн явцын талаар танилцуулгад дурдлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын танилцуулгатай холбогдуулан
“Монголын эдийн засгийн чуулга уулзалт-Шинэ сэргэлтийн бодлого” арга хэмжээ болон түүний хүрээнд үе шаттайгаар зохион байгуулах үндэсний болон орон нутгийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа.
“Монголын эдийн засгийн чуулган-2022” дөрөвдүгээр сарын 7,8-нд болно. Долдугаар сард “Наадам- чуулга уулзалт”, арваннэгдүгээр сард “Invest Mongolia” уулзалт зохион байгуулна.
  
Товч мэдээ
·      2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жилээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
·      “Эрдэнэт үйлдвэр”-ийн эд хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт даалгав.
·      Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран байгуулсан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тус түншлэлд одоогоор 13 орон гишүүнээр нэгдэж ороод байна.
·      Олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад даалгав.
·      Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг 2022 оны гуравдугаар сарын 7-11-нд ОХУ, Беларусь улсад ажиллахыг зөвшөөрч, ажиллах удирдамжийг баталлаа.
·      Энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Хүний эрхийн Үндэсний комисс нь УОК-той мэдээлэл солилцох, зөвлөн туслах хэлбэрээр хамтран ажилладаг бөгөөд цар тахлын үед 53 байгууллагад шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч ажилласан байна.
Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал намжиж, Шар түвшинд шилжсэн ч уялдаа холбоотой ажиллах нь зүйтэй гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд хэллээ.
УОК-ын зүгээс ч Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй цаашид сар бүр уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцож байх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ асуудлаар хэлэлцэн тогтлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв.

Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа. Хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгов.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд өрнөх бүтээн байгуулалтын зарим ажлын зураг төсөл, газрын байршилтай танилцлаа.

Хөшигийн хөндийд баригдах Засгийн газрын нэгдсэн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууц барих, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зураг төсөл бэлэн болжээ. Тухайлбал, ИНЕГ-ын ажилтнуудын орон сууцыг дагаад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн хотхон сүндэрлэх юм байна.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, оюутны хотхон, үйлчилгээний төвүүдийг БНСУ, Казакстан, Сингапур улсын загвараар барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээ авч, зарим ажлынх нь зураг төслийг гаргасан байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудлын орчимд иргэд, аж ахуйн нэгж газар авсныг Ерөнхий сайд шүүмжилж, Засгийн газрын шийдвэр албажихаас өмнө иргэд яаж мэдэж, газар авсан байх вэ. Энэ бол цэвэр авлигатай холбоотой асуудал гээд Шадар сайд С.Амарсайханд судалж, шалгахыг үүрэг болголоо. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад хариуцлага тооцохыг, цаашид энд шинээр газар олгохгүй байхыг анхааруулсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа бүх сайд нартай хамт дээрх ажилтай танилцсан. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа гурван удаа Хөшигийн хөндийд ажиллаж, зарим үүрэг даалгаврыг өгч байсан, өнөөдөр энэ ажлынхаа биелэлтийг шалгаж буй нь энэ юм.

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт  эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын ажил үүрэг чухал нөлөөтэйг онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлого, шийдвэр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийн талаар орон нутгийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Цар тахлын хүнд үед Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3 хувьтай агшсан эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан. Оюутолгойн гүний уурхайн олборлолтын эхний шат эхэлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгснийг онцоллоо. “Шинэ сэргэлтийн бодлого’’-ын хүрээнд аймаг, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлэхэд онцгой анхааран,  туйлын хариуцлагатай ажиллахыг захилаа.
2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа. Төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам , орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэлээ.
Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогийн байдлаар тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг 100 хувь тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 48 хувь, Дархан-Уул аймаг 43, Увс 45 хувь, Сэлэнгэ 36 хувь, Архангай 19 хувь, Дундговь 17 хувиар сүүл мушгиж байна.


Тавдугаар сард орон даяар эхлэх хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг эртнээс хангаж зохион байгуулах ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.
Засаг дарга нартай байгуулж буй гэрээг хагас жил, жилийн хугацаанд дүгнэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг Ерөнхий сайд тэмдэглэн хэллээ.
Засаг дарга нар 50+1 зарчмаар олонхоороо асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх санал дэвшүүлбэл Засгийн газрын хуралдаанаар оруулж болно. Орон нутгийн түвшинд уул уурхайн лиценз олголтыг цэгцлэх чиглэлээр  хуульд өөрчлөлт оруулж, ямар арга хэмжээ авах талаар аймаг, орон нутгийн удирдлага саналаа хэлж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт  эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилж  Засгийн газрын гишүүд салбарын бодлого шийдвэрээ аймаг,  орон нутгийн удирдлагуудад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас боловсруулсан  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-д санал авч байна.

Саналаа dondogmaa@cabinet.gov.mn хаягаар болон бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 263310

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 16-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаар сард эхэлнэ

Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна. Танилцуулгатай холбоотойгоор  нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жил 0-18 насны хүүхдүүдийг ч мөн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамруулахаар нэмлээ. Насанд хүрэгчид 23, хүүхдүүд 15 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдана.
2022 онд өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагаанд 60,8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, даамжруулахгүй эмчилж, сэргийлснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад  эмнэлгийн ачаалал багасгах, улсын орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтой юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна

Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, тус яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэлээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт тодорхой болж, хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалт болон бусад салбаруудтай холбох  зэрэг ажлыг шинэ агентлаг гүйцэтгэнэ.  Мөн хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ.
 
Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь болон Каннын кино наадамд оролцоно

Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь, Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг Каннын кино наадамд тус тус оролцох нь зүйтэй гэж үзлээ.
Зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2022 оны Соёлын сайдын төсвийн багцаас, 2023 оноос улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хандив тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч, зохион байгуулалт, мэргэжлийн өндөр түвшинд оролцож, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг олон улсын энэхүү биеннальд манай улсаас 2015, 2017, 2019 онд оролцож байсан бөгөөд холбогдох төрийн бус байгууллага нь оролцох эрх, санхүүжилтийг хувийн хэвшил, олон улсын байгууллага болон бусад хандивын эх үүсвэрээс бүрдүүлэн, зохион байгуулж иржээ.
Каннын кино наадамд монгол уран бүтээлчдийн кино  2017, 2021 онд тус тус шалгаран оролцож байжээ.
Товч мэдээ
·      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал, “Бээжин 2022” өвлийн XXIV олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
·      Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар боллоо. 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
·      Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, дүрмийг баталлаа. Зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталснаар хэмжлийн нэгж, түүний эталоныг бий болгох, хөгжүүлэх, нэгж дамжуулалтыг хангах зэрэг төрийн чиг үүргийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарна гэж үзэж байна.
·      Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын “Макс фаундейшн” төрийн бус байгууллагын хооронд байгуулах хамтран ажиллах гэрээний төслийг хэлэлцэн дэмжээд гарын үсэг зурах эрхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт олголоо.
·      Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.