Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулж Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Чингис хааны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Эзэн богд Чингис хаан бол нийт монголчуудын эв нэгдлийн тулгуур, үндэстний шүтээн гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Хэнтий аймаг Их эзэн Чингис хааны өлгий нутаг учраас Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласан. Ингэснээр Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлал хөгжиж, тус аймаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх боломжтой гэлээ.
“Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ойг тохиолдуулж, Их хааны мэндэлсэн нутаг Хэнтий аймгийн Дадал суманд олон улсын жишигт нийцсэн “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлж буйг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалт өрнүүлж, Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудыг авто замаар холбох, зүүн бүсийн транзит тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Одоогоос 60 жилийн өмнө, 1962 онд төр, нийгмийн зүтгэлтэн Дарамын Төмөр-Очирын санаачилга, уран барималч Лувсанцэрэнгийн Махбалын загвар, удирдлагаар Чингис хааны гэрэлт хөшөөг бүтээж байжээ.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран “Нутгийн удирдлага – 30” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцов.
“Нутгийн удирдлага-30” эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээлээ. Ерөнхий сайд мэндчилгээндээ “Алсын хараа – 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлт зорилтын хүрээнд орон нутагт нэн шаардлагатай томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйг тодотгожээ.
Монгол Улс 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулиараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, үзэл баримтлалыг шинэ агуулгаар баяжуулж шинэчилсэн. Энэхүү шинэчлэлд Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт бий. Энэ нь иргэддээ засаглалын дээд эрхийг олгохын зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны шинэ тогтолцоог бүрдүүлэх үндсийг тавьсан гэж үздэг.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тус хурлыг нээж үг хэлэхдээ “Өргөн уудам нутагтай, өөрийн онцлог соёл, түүхтэй, үндэстэн ястнуудын нэгдэл болсон манай орны хувьд нутгийн иргэд онцлогоо давуу тал болгох, улмаар бүсчилсэн хөгжлийг өрнүүлж, хамтын ажиллагаанд тулгуурлан нийгэм, эдийн засаг, соёлын нөөц боломжоороо тэргүүлэх, оршин суугч иргэдийнхээ хүсэл зориг, амьдралын боломж бололцоог дээшлүүлэх зорилго бүхий тус засаглалын хэлбэр нь манай улсын нөхцөлд илүү тохирсон олон улсын туршлага юм. Нөгөө талаас гүйцэтгэх эрх мэдэл, төлөөлөх эрх мэдлийн харилцан хяналтыг бодит болгох, төлөөллийн ардчиллын хэрэгжилт, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулж анхан, дунд шатны бодлогын хэрэгжилтийг иргэддээ ойртуулсан тогтолцоо” гэдгийг онцоллоо.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн илтгэл тавилаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого: Хот хөдөөгийн сэргэлт, Нутгийн өөрөөр удирдах байгууллагын хөгжил дэвшил – орон нутагт зэрэг илтгэлийг хурлаар хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Ирэх 2023 оны төсвийн онцлог:
– Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр нэг их наяд төгрөг хэмнэх боломж бий болж байна.
– Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцйвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг зорилтод түвшин болох -1,906.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.6 хувиас 481.1 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-ий 2.6 хувь байхаар баталлаа.
– Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.
– Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ.
– Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.
– Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ.
– Ирэх 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ.