Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Ковид-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг Элчин сайд Х.Кобаяши хэлээд, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад олон талт харилцааны хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд талархал илэрхийлээд Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.
Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар 13-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Клечески Парламентын ээлжит сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах гэж байгааг дурдав. Мөн Монгол, Америкийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд Ковид-19 цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай Замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байгаад Элчин сайд баяр хүргэж, АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй хоёр талын хамтын ажиллагааны зарим төсөл, санал, санаачлагын талаар танилцуулж, хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид-19 цар тахалтай тэмцэхэд АНУ-аас манай улсад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, тус улсад амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдалд анхаарч, тусалж дэмжихийг хүсэв.
Талууд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь Компакт гэрээ, Америкийн хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн шугамаар хэрэгжиж буй сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.