Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй.
“Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд, “Шувуу ажиллагаа”-ны Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар мэдэгдээд байна.
“Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг батлуулах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах юм. “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж буй. Ажлын хэсгийнхэн баасан гариг бүр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллаж, иргэдтэй уулзаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шүүр ажиллагаа”, “Шилжүүлэн авах ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд, “Шил ажиллагаа”-г Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.
Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллах Ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулж байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана
Бүгд Найрамдах Турк Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажиллаж, монгол хүний ур чадвар, тэсвэр хатуужил, тусч энэрэнгүй сэтгэл, хүн чанарыг олон улсад нотлон харуулж, гамшигт нэрвэгдсэн улс орны ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэн төр засгаас даалгасан өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлэгийн бүлэг”-ийг Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири Улсад хүмүүнлэгийнтусламж үзүүлэх, эрэн хайх, аврах баг оролцуулахаар шийдвэрлэсний дагуу онцгой байдлын байгууллагын 24, Зэвсэгт хүчний 11, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, нийт 41 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг хоёрдугаар сарын 8-ны өдөр буюу газар хөдлөлт болсноос хойш 68 цагийн дараа гамшгийн голомт болох БНТУ-ын Хатай мужийн Хатай хотод очиж ажилласан юм.
Монгол Улсын эрэн хайх, аврах баг 10 хоногийн хугацаанд Хатай хотын 20 орчим цэгт ажиллаж нийт найман хүний амь насыг авран хамгаалж, 19 цогцсыг холбогдох байгууллагад, мөн 20.000 доллар болон үнэт эдлэлийг цагдаагийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэж өгч, эрэлч нохойн тусламжтайгаар 45 цогцсыг илрүүлжээ. Аврах багийн эмнэлгийн бүлэг нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, гамшигт нэрвэгдсэн 115 хүний гар, хөл хугарсан, шоконд орж дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилжээ.
Мөн Монгол Улсаас БНТУ руу илгээсэн махан нөөш, лаа, хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг хүлээн авч, гэрийг нь барьж, хүмүүнлэгийн тусламжийн хамтаар гардуулсан юм.
Нийтийн эзэмшлийн талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргана
“Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Энэ үеэр нийтийн эзэмшлийн зориулалт бүхий талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргаж танилцуулахыг үүрэг болгож, цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Товч мэдээ
· Төрийн албаны тухай хуулийн дагуу Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо.
· Салбарын сайдаас ирсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
· “Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам”, “Хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загвар”-ыг баталлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй-г хүлээн авч уулзаж, БНХАУ 14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулж, Төр засгийн удирдлагуудыг шинээр томилж, улс орны хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргасанд баяр хүргэлээ. Шинээр томилогдсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянд чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт дахин хүсэж байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд хүслээ.
БНХАУ-тай хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, сайн хөршийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байсаар ирсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Бээжингийн Олимпын нээлтэд оролцох үеэр төмөр замын хил холболтын цэгийг хоёр тал тохиролцсоноор дэд бүтцийн төслүүд эрчимжиж байгааг дурдав.
Хятадын шинээр байгуулагдсан Засгийн газартай Монголын тал үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, харилцааны идэвхтэй хандлагыг хадгалахын төлөө байгаагаа нотлов.
Өнөөдөр орой /2023-03-15/ болох “Хятадын Коммунист Нам ба дэлхийн улс төрийн намуудын ээлжит дээд түвшний уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар оролцож, олон улс, бүс нутгийн эрх баригч намуудын хамт ажиллагаа, хоёр улсын харилцааны талаар байр сууриа илэрхийлнэ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд биечлэн оролцож, үг хэлэх гэж байгаад талархалтай байгаагаа Элчин сайд илэрхийлээд “Энэ арга хэмжээний үндсэн сэдэв нь “Модернизаци ба улс төрийн намуудын хариуцлага”. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлнэ. Дэлхийн олон орны улс төрийн намуудын удирдлага оролцоно. Энэ хурлаар Ши Жиньпин дарга соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлнэ. Энэ санаачилга нь дэлхийн соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэх, уламжлал шинэчлэлд ач холбогдол өгөх, олон улсын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн дөрвөн зорилготой” гэдгийг Элчин сайд онцоллоо.
Өнгөрсөн онд Монгол, Хятадын харилцаа идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшинд дөрвөн айлчлал амжилттай хэрэгжүүлсэн. Энэ онд Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж буй бөгөөд БНХАУ-ын төр засгийн шинэ удирдлага томилогдсоны дараа болж буй энэ уулзалтаар талууд айлчлалын асуудлаар санал солилцлоо.
Элчин сайд Цай Вэньруй “БНХАУ Монгол Улстай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, сайн хөршийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлж, элэгсэг дотно, чин үнэнч тууштай хамтран ажиллана. Хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэг гүйцэтгэдэг, айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь чухал. Монгол Улсын Ерөнхий сайдын манай улсад хийх айлчлалыг Хятадын тал чухалчилж, ач холбогдол өгсөөр ирсэн. Хоёр талын тохиромжтой цагт айлчлал хэрэгжүүлэхийг хоёр тал нотолж байгаа. Ерөнхий сайд таны хэлснийг миний бие шинэ Засгийн газарт уламжилна” гэж хэллээ.
Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм монголчууд аа,
Хөрөнгө оруулагчид, хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож, Өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлцсэн уурхайчид, инженер техникийн ажилтнууд Та бүхэндээ Гүний уурхайн эхний олборлолт эхэлж буй түүхэн өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэе.
Одоогоос нэг жилийн өмнө, 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюу Толгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан Оюу Толгой төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, эхний тэсэлгээг хийж байсан билээ.
Хөрөнгө оруулагч тал Гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа бүрэн хүрч чадлаа. Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд харилцан итгэлцлийн, хоёр талын хариуцлагатай байдлын суурь зарчим болж чадна гэдэгт итгэж байна.
Эрхэм хатагтай, ноёд оо
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна.
Энэхүү Гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй цахилгаан машины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрин үе, олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэргэдгийг онцлон тэмдэглэж байна.
Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ.
2022 онд Оюу Толгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюу Толгой төсөл юм.
Оюу Толгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй ээ. Энэхүү төслийн олон жил үргэлжилсэн ээдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байхыг хүссэн ард түмний хүсэл эрмэлзэл, нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж, Улсын Их Хурлын 92 болон 103-р тогтоолыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар болон Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Түр хороо, Ажлын хэсгийн гишүүдэдээ,
Оюу Толгой төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, засч сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт, эрхэм хөрөнгө оруулагчид, Та бүхэндээ Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье. Энэ бол монголчууд бидний хамтын бүтээл байсан гэдгийг онцгойлон хэлэхийг хүсэж байна.
Оюу Толгойн Гүний уурхай нь “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн чухал төслүүдийн нэг билээ.
Оюу Толгойн Гүний уурхай нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэрийн сэргэлтийн төслүүдтэй цогцоор хэрэгжиж, уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгох тэмцэлд Засгийн газар иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ялж чадвал жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүргэх монголчуудын олон жилийн мөрөөдлийг бодитоор наашлуулж чадна гэдэгт итгэл төгс байна.
Оюу Толгой төслийн хэлэлцээрт Монгол Улсын эрх ашгийг хангах зарчмыг хүндэтгэн ойлгож, хүлээн зөвшөөрч, урт хугацааны түншлэл, харилцан итгэлцлийг эрхэмлэсэн “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Танд болон Таны багт, эрхэм хөрөнгө оруулагчдадаа нийт монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Оюу Толгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод, харилцанашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна.
Оюу Толгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өнөөдөр хөрөнгө оруулагч талтай Зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн Монгол Улсад үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна. Энэ бол бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох биш нэмүү өртөг шингээж, Аж үйлдвэржилтийн сэргэлтийг бодитоор хэрэгжүүлэх түүхэн эхлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Цаашид Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа “Монголын За Андгай буй заа” хэмээх эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн язгуур үнэт зүйлдээ тулгуурлан эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ Монгол Улсын Засгийн газраа төлөөлж, нийт хөрөнгө оруулагчдын өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлж байна.
Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг уул уурхайн салбар, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик зэрэг уул уурхайн бус эдийн засгийн төслүүдэд идэвхтэй түншлэн ажиллахын тулд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалтыг бүх түвшинд дэмжин ажиллаж эхнээсээ бодит үр дүнгүүд гарч, том төслүүд эрчимжиж байна.
Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Туурвин бүтээхийн бэлгэдэл туулай жил Оюу Толгойн төслийн Гүний уурхайн эхний бүтээгдэхүүн олборлох нээлтээр эхэлж, 2023 оны нэгдүгээр сарын эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарч байгаад бэлгэшээж байна.
Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилдээ Монгол Улсаа дэлхий дахинд илүү үзэсгэлэнтэй болгож, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг эх орондоо татахын төлөө иргэн бүхэн, аж ахуйн нэгж бүхэн хичээн ажиллацгаая.
Эрхэм хөрөнгө оруулагчид Та бүхэнтэй “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр Монгол Улсад дахин уулзахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хүчирхэгжин бэхжиж, мандан бадрах болтугай!
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болголоо.
Мөн авлига, албан тушаалын хэрэгт төрд хураагдсан барилга, байгууламжид үнэлгээ хийж, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмж хангана
Хүн амыг эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмэлтээр хангахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, эрүүл мэндийн салбарын цахим системийн хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулахад техник, хангамжийн бүрдэл, тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дэмжих салбар хоорондын хамтарсан цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг Эрүүл мэнд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт тус тус даалгав.
Мөн “Шүд” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, Нүүр, ам судлалын үндэсний төв байгуулах асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов.
Х.Нямбаатар: Гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй. “Шувуу” ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг гадаадаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар олон нийтэд мэдээллээ.
Тэрбээр “Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх, хууль хяналтын байгууллагыг энэ чиглэлийн ажлаа эрчимжүүлэх чиглэлийг өгсөн. Энэ дагуу АТГ, УЕПГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Оргон зайлсан гэж хэлэх боломжгүй. АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлнэ. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохин байгуулна гэдгээ хэлсэн. Ингээд нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна гэлээ.
“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” “Монголросцветмет”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлээд байна
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.
2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нүүрсний нийт экспорт 8.7 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3.6 дахин, төмрийн хүдрийн нийт экспорт 0.9 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар, газрын тосны экспорт 0.8 сая баррелд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 100 хувиар тус тус өссөн байна.
Гадаад валютын улсын нөөц 2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 21 хувиар өсчээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн байна.
Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын экспортыг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулж байна.
“Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг албан ёсоор эхлүүлж амжилттай зохион байгуулсан. Энэ хугацаанд нийт таван арилжаа зохион байгуулж 204.8 мянган тонн нүүрсийг дуудлага худалдаагаар анхны үнээс 0-12.2 хувиар өсгөн 37.3 сая доллартай тэнцэх хэмжээний валютаар худалдсан байна.
Цахим арилжаагаар борлуулсан нүүрсний экспортын тээвэрлэлтийн хувьд туршилтын арилжаагаар худалдаалсан нүүрсийг “Энержи Ресурс” ХХК Гашуунсухайт терминалаас экспортод гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК анхны цахим арилжаагаар борлуулсан нүүрсийг БНХАУ-ын Ганц мод боомтод хүргэж, тээвэрлэлтийг хэвийн хийж байна.
Энэ оны эхний хоёр сард манай улс 42 мянган жуулчин хүлээн авчээ
“Монголд зочлох жил”-ийн бэлтгэл ажлын явцын танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийлээ.
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьсан.
Энэ оны эхний хоёр сард манай улсад ОХУ, БНСУ, БНХАУ-аас 43,311 жуулчин зочлон иржээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” хэрэгжүүлнэ
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоож, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан компанийн дүрэмд зохих нэмэлт өөрчлөлт оруулж батлуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгалаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой барьж байгуулах үйл ажиллагаанд хариуцсан салбарын бодлоготой уялдуулан чиглэл өгч, хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт даалгав.
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.
Журмын хүрээнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна.
Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин бусад байдлаар худалдан борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлжээ. Мөн журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэжээ.
Эдгээр хэрэгцээ шаардлагын хүрээнд Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал эсхүл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилж, арилжааны дэнчинг 10 хувиас таван хувь болгож бууруулахаар тогтлоо.
С.Бямбацогт: 2023 онд арав орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар болон Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус дэмжиж, эдгээр хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д Агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх буудлыг олон улсын зангилаа болгох зорилтууд тусгагдсан. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх нэг гол салбар бол аялал жуулчлал. Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам ая тухтай агаарын тээвэр, хямд тийз-хүртээмжтэй нислэг гэсэн бодлого, зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм. Агаарын тээврийг либералчлах, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 39 оронтой Агаарын харилцааны хэлэлцээртэй бол 2023 онд 10 орчим улстай шинээр хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ.
“2023 онд АНУ болон Австрали Улстай “Опен скай” агаарын хэлэлцээр байгуулна. Мөн энэ оны эхний хагаст Грек, Унгар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Эдгээр хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс дэлхийн агаарын тээврийн зангилаа цэгүүдтэй ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, бүрэн чөлөөтэй нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдэнэ” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно
Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14,15-нд зохион байгуулахаар боллоо.
Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллана.
Ч.Хүрэлбаатар: Манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оныхоос өндөр байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо.
Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-тай хэрэгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлалын зорилго байв.
Ерөнхий сайд Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Энэ үеэр тус сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг хүссэн. Ерөнхий сайд эдгээр асуудалд анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгоод Засгийн газрын хуралдаанд 30 хоногийн хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх,Элчин сайдын яам, Консулын газарт ТҮЦ машин ажиллуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгав.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар зээл биш гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр гол уулзалтууд хийсэн. Манай улсад зээл биш шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй. 2022 онд манай улсын эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрч сайжирсан. 2023 онд экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд сайн байх нь. Эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оныхоос өндөр байна гэж төсөөлж байна гэж хэллээ.
Товч мэдээ
· Ази тивийн физикийн 23 дугаар олимпиадыг 2023 оны тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулна. Олимпиадыг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
· Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гарган Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Тус бага хурлыг Хөшигийн хөндийд зохион байгуулах шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.