Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгав.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зардлын ангилалтай болж, салбар бүрд төсөв хуваарилдаг болно;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нийгмийн бүх салбарт бодитой хангах нөхцөл бүрдэх бөгөөд ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн байдал сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүсгэн байгуулсан, эсхүл тэдний эрхийг хамгаалахаар нэгдсэн төрийн бус байгууллагуудын шалгуурыг тодорхойлсноор төр иргэний нийгмийн түншлэл бэхжиж, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чанар, хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлсноор байгууллагын чадавх бэхжиж, салбар дундын уялдаа холбоо сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг дэмжих, үйл ажиллагааг санхүүжүүлэх тогтолцоо тодорхой болж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй эх/эцэг/-ийн нийгмийн хамгаалал сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчинд олгох урамшууллын төсвийн эх үүсвэр тодорхой болж, төсвийн эх үүсвэр давхардахгүй болно;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны дэмжлэгийн зохицуулалт тодорхой болсноор үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Үндэсний хороо болгон өөрчилж, хорооны ажиллах хэлбэр, ажлын албаны чиг үүрэг тодорхой болно;
-Хуулийн давхардал, хийдэл арилж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд, хүртээмжийн зохицуулалт нь салбарын бусад хуулиар нарийвчлан зохицуулагдана.
“Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
“Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах эерэг үр дагавар үүснэ гэж үзэж байна.
Тухайлбал,
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болж, сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэнэ.
Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ, орон сууцны байшинд гэрийн тэжээвэр амьтан тэжээх, ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол, явган хүний зам, хогийн цэг төлөвлөх, байгуулах, гэрэлтүүлэг суурилуулах болон бусад дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болно.
СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамжийн асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх, ашиглалт, үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой засвар, арчлалтын сан байгуулагдсанаар орон сууцны байшин буюу оршин суугчдын өмчийн үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой хадгалах санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно гэж үзэж байна.
Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ
Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар газар чөлөөлөх, норм дүрмийн дагуу олгоогүй тохиолдолд буцаан хурааж авах, шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудыг ашиглалтад ороход цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ашиглалтад орох хугацааг хойшлуулах, үүнд хяналт тавих зорилгоор улсын комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төлөөлөл багтаах, шинээр баригдаж буй хотхон, хорооллуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар нийслэл, тухайн орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны газарт эзэмших эрхийг шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Сургуулийн хүртээмж, ачааллаас шалтгаалан бий болсон гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн тоог бууруулахаар 11 байршилд 5980 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн төсөл, арга хэмжээг шинээр, 40,350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл, арга хэмжээ 2024 онд он дамжин шилжин хэрэгжиж байна.
“Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх, барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг гаргаж арга хэмжээ авахыг даалгалаа” гэж Л.Энх-Амгалан сайд ярилаа.
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Тус тогтоолоор шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бэлтгэх, тасралтгүй хөгжих боломж, нийгмийн баталгааг хангах хүрээнд салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, олон улсын дэвшилтэт технологийг нутагшуулах хүрээнд салбарын технологи дамжуулах бодлогын чиглэл, төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Шинжлэх ухаан, технологийн салбарын тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх, салбар дундын судалгаа хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Шинжлэх ухааны академийн материаллаг бааз, хүний нөөцөд түшиглэн ахисан түвшний их сургууль байгуулна. Шинжлэх ухааны академийн их сургуулиар бэлтгэх мэргэжлийн чиглэл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг холбогдох их сургуулиудтай хамтран боловсруулж, батлах, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалт, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд үүрэг болгов.
Товч мэдээ
· Ямааны угаасан ноолуурыг 2024 оны долдугаар сарын 01-нээс, бүх төрлийн боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана.
· Нийгмийн халамж, улсын бүртгэл, татварын үйлчилгээг технологид тулгуурлан цахимаар үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа дагаж мөрддөг захиргааны хэм хэмжээний актад хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим хэлбэрээр харилцах боломжийг олгосон зохицуулалтыг тусгахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
· Монгол Улсаас Эсватинийн Хаант Улстай дипломат харилцлаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
· Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “МАЗ-ын автозамын засвар, арчлалтын 42 ширхэг машин нийлүүлэх төсөл”, “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрүүдийн нэмэлт хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна.

“Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэнбүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдна. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ” гэлээ.

Мөн Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэдгийг тэмдэглэлээ.
Үндэсний баялгийн сан Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван данстай байх юм. Хуримтлалын санг Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулах юм. Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг энэ санд шилжүүлж, орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ. Ингэснээр Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж, ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж, хүлээлгэд байсан 10,000 айл өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байна.
Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд байгаагийн 3,520 нь орон нутагт, үлдсэн 16,531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.
Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэлийн 50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна.
Хууль батлагдсанаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа
Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг дөрвөн жилийн хугацаагаар сунгалаа. Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.
Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.
Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.
Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.
Товч мэдээ
· Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.
· БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
· Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай шийтгэх тогтоол 123 хуудас, Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн магадлал 71 хуудас, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгов.
· Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Мандалбаатарын Маргад-Эрдэнийг томиллоо. М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна.
· Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэнэ. Түүхэн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Энэ оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгалаа.
· Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд хугацааны явцын тайланг хэлэлцэн дэмжээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” дахин шинэчлэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан 4.0 хувилбараа өнөөдөр танилцууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
“E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдэд зээлийн лавлагаа авах, виза мэдүүлэх, бичиг баримт захиалах зэрэг хэрэгцээт мэдээллийг багцаар санал болгож, дуу хоолойгоор дамжуулж мэдээллээ хайх, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлж, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг үүсгэжээ. Мөн эмнэлэгт цаг авах, шинжилгээ, дүрс оношилгооны хариу, эмнэлэг, эмийн танилцуулга, жорын түүх харах зэрэг эрүүл мэндийн олон үйлчилгээг цахимжуулж, замын хураамж, жолоочийн торгууль, оношилгоо, даатгалын мэдээлэл, цаг агаар, үер усны аюул, угаар мэдрэгчийн дохио зэрэг мэдээлэл, сонордуулгыг иргэдэд өгдөг болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд оролцсон, дэмжсэн, нэгдсэн бүх хүнд талархал илэрхийлээд, “E-Mongolia” систем төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгож иргэдийн мэдэх эрхийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж буйг онцоллоо. Үүний үр дүнд тухайлбал, далд эдийн засаг ил болж эдийн засаг 43 их наядаас 69 их наядад хүрч, нийгэмд авлигыг үл тэвчих сэтгэл зүй бий болжээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль саяхан батлагдлаа. “E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй мөн холбогдож байна. Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг цогцоор нь шийдэх “20 минутын хот” концепцийг боловсруулж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Нийслэлийн төв дэх эрх мэдэл, төрийн үйлчилгээний төвлөрлийг задлахад “E-Mongolia” системийн гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж 2020 оны аравдугаар сард “E-Mongolia” нэгдсэн системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн бол өнөөдөр 1.8 сая хэрэглэгчтэй болж, тус системд 86 байгууллагын 1233 үйлчилгээ нэвтэрчээ. “E-Mongolia” жилийн өмнө 3.0 хувилбараа танилцуулж байсан бол өнөөдөр илүү дэвшилтэт 4.0 хувилбараа нээж хэрэглээнд нэвтрүүллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 тавдугаар сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болж байна.
Хуримтлалын санд 2024 онд төвлөрүүлсэн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу арвижуулах зорилгоор холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөж, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо.
Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах талаарх Бүгд Найрамдах Сингапур Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор тус улсын Үндэсний их сургуулийн болон Хуримтлалын сангийн зөвлөх, судлаачидтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллахыг тогтоолд тусгав.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр заасан. Сангийн хөрөнгийг Монгол банк дахь төрийн сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар заасан. Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна
Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хавсралтаар баталлаа. Энэхүү бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүжлснээр мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
Товч мэдээ
· Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг олон улсын болон үндэсний эрх зүйн механизмын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.















