Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтын ажилд шилжсэн. Тус бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн багцад хуваан ажиллаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаар хоёр, гуравдугаар багцад багтсан худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерт шалгарсан БНЭУ-ын “Мега инженеринг Инфрастракчер” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн.
Үүний дагуу өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Мега инженеринг Инфрастракчер” компанийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Палимпати Доория нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай болон УУХҮЯ, ГХЯ, ЭЗХЯ, Сангийн яамны албан тушаалтнууд, Төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид биечлэн оролцсон бол БНЭУ-ын ЭКСИМ банк, “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд цахимаар оролцлоо.
“Мега инженеринг Инфрастракчер” компани хоёр, гуравдугаар багц ажлуудыг хамтад нь гүйцэтгэх бөгөөд 2025 оны дөрөвдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөж буй юм.
Тус бүтээн байгуулалтын эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжид, иргэний есөн барилга, 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган м.куб багтаамжтай усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжууд багтаж буй бөгөөд барилга угсралтын ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани гүйцэтгэж байгаа юм. Тус ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөн, ажиллаж байна.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны анхны хурал боллоо. Хуралдаанаар Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн орлогыг бүрэлдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын хэмжээ, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.
Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд уртын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах ёстой гэсэн байр суурьтай байна. Өдөрт хилээр гарах нүүрс тээврийн автомашины тоог БНХАУ-ын тал шийддэг учир халдвар хамгааллаа сайтар баривал машины тоог нэмэх боломжтой. Мөн тээврийн жолооч нарын ажил, амьдралын нөхцөл байдалд анхаарах, Цагаанхад суурьшлын бүсэд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг шийдэх, эмнэлэг барих зэрэг шаардлага байгааг хорооны гишүүд онцоллоо.
“Эрдэнэс Тавантолгой” компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК 500.0 сая ам.доллар орлого төвлөрүүлэх боломжтой” гэлээ.
Хилийн боомтын захиргааны дарга Ш.Лхачинжав Гашуунсухайт боомтын тээвэр зохицуулалтын талаар танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боомт шинэчлэн, хөгжүүлэхдээ тэнд ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх нь чухал” гэлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Боомтын сэргэлтийн үндэсний хороо цаашид хилийн боомт дээр ажиллаж байгаа ажилчдын ундны ус, цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэж, суурьшлын бүс болгох вэ гэдэг дээр нэгдсэн төлөвлөгөө гаргаж, анхаарч ажиллах шаардлагатай” гэсэн санал хэллээ.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрсний тээврийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын XX их хурал амжилттай хуралдаж, БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Ши Жиньпин Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэлээ. Мөн манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томиллоо.
Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан
-1975 онд Улаанбаатар хотод төрсөн
Боловсрол:
-1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль, 2006 онд Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль, 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, боловсролын докторын зэрэгтэй
Ажилласан байдал:
2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал
2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт,
2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
2013-2015 онд Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга,
2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна.
Улсад 22 жил ажилласан туршлагатай.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны аравдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д энэ сарын 12-15-нд хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа. Айлчлалын хүрээнд болсон албан ёсны хэлэлцээ, уулзалтуудаар ярилцаж, тохиролцсон асуудлын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Ерөнхий сайдаар батлуулж ажиллана.
Энэ удаагийн айлчлал нь хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засаг, худалдаа болон аж үйлдвэр, бүтээн байгуулалтын олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, гуравдагч хөрш-ХБНГУ-ын эдийн засгийн эрх ашиг, сонирхлыг татах чухал ач холбогдолтой боллоо гэж дүгнэж байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг тохиролцлоо. Мөн тус улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд, Холбооны Эдийн засаг, уур амьсгалын яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүс, улс төрийн намуудын төлөөлөл, Германы бизнес эрхлэгчид, тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монголын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөлтэй албан болон ажил хэргийн уулзалт хийлээ.
Монгол, Германы харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулах саналыг талууд зарчмын хувьд тохирч, энэ зорилтоо 2024 онд буюу дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдсэн нь айлчлалын гол үр дүн гэж дүгнэж байна.
Товч мэдээ
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Мөнгөнцогийн Ганхүлэгийг томиллоо.
· Сэргээгдэх эрчим хүчний төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын гадаад, зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, дэд сайд нар, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчдыг багтаасан юм. Тус ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг гал унтраах байдлаар бус, харин асуудлын шалтгааныг нь шийдвэрлэх замаар цогцоор нь шийдэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.
2023 оны Улсын төсвийн төсөлд Хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангах чиглэлээр,
– Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгасан.
– Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх,
– Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна.
– Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.
– Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.
– Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
– Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгаас бусад аймгууд төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжихээр тусгажээ.
2023 оны төсвийн төсөлд тусгасан эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах нь тус Ажлын хэсгийн гол үүрэг гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим системийн хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутагт шинээр бий болох ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “E-Мongolia” системд байршуулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Орон нутагт ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлж байж Улаанбаатарын төвлөрлийг бууруулах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд аймаг, бүс нутгийн онцлогт тулгуурласан, хэрхэн хөгжүүлэх, улсын хэмжээнд шилжин суурьшилтыг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.
Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо. Анх удаа болж байгаа уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, гадаадын зочид, төсвийн ерөнхийлөн захирагч, эдийн засагч, судлаач зэрэг 400 гаруй хүн танхимаар, орон нутгийн удирдлагууд, гадаад улс оронд суугаа Элчин сайд нар зэрэг 300 гаруй төлөөлөгч цахимаар оролцсон юм. Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн явцад иргэдийн саналыг “Е parliament” болон “D parliament” цахим системээр авч, 68 мянга гаруй иргэнээс 800 орчим санал ирүүлснээс олонх нь төсвийн зардлыг танах, алдагдлыг бууруулахад илүү анхаарах ёстой гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан бодлого, үзэл баримтлал, 2022 оны төсвийн жилийн онцлог, нийгэм, эдийн засагт тулгарсан гадаад дотоод хүчин зүйлс, цаашид эдийн засгийн хямралыг сөрсөн ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
2022 оны төсвийг боловсруулахад цар тахлын хямралыг даван туулах эдийн засгаа сэргээхэд төсвийн бодлогыг чиглүүлж, Засгийн газар үйл ажиллагаагаа бүхэлд нь зориулсан. Харин энэ удаагийн төсвөөр олон жил ярьсан төсвийн шинэчлэлийг хийх гэж буй нь хамгийн том давуу тал гээд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, дэлхий дахинд энэ оны эхээр бий болсон шинэ сорилт буюу Орос, Украины дайнаас хамааралтай геополитикийн тодорхойгүй үед 2023 оны төсвийг хэлэлцэж байгааг тэмдэглэв. Мөн Засгийн газраас бодлогын дөрвөн томоохон үр дүн гаргахад анхаарсан. Нэн түрүүнд эдийн засгийн макро тэнцвэрийг хангаж, эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьд тогтвортой барих нь Монгол Улсын хувьд ойрын жилүүдэд хамгийн чухал юм. Үүнийг гаднын хөрөнгө оруулагчид таатай үзүүлэлт гэж үздэг. Өнөөдөр 15 хувьд хүрээд байгаа инфляцийг нэг оронтой тоонд оруулах, үнийн өсөлтийг хязгаарлахад Засгийн газар онцгой анхаарсан. Төсвийн алдагдал өр үүсгэж байсныг өөрчлөх, үргүй зардлыг бууруулах, халамжийг шат дараатай хумих, төлбөрийн баланс буюу орж, гарч байгаа валютын урсгалын тэнцвэрийг хангахыг чухалчилсан. Ялангуяа, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын нөөц, төгрөгийн ханшийн уналтын эсрэг бодлогын арга хэмжээ авахаар ирэх оны төсвийг боловсруулсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн сэргэлт, хотын түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн томоохон төслүүдийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 оны төсөөлөл, бодлогын чиглэл” сэдвийн хүрээнд цар тахлаас өмнөх ба одоогийн эдийн засгийн харьцуулалт болон валютын ханшийн өсөлт, нөөц буурахад нөлөөлсөн хүчин зүйлүүд, мөнгөний нийлүүлэлт, зээлийн гарц буурч байгаа шалтгаан, болзошгүй эрсдэлийн талаар оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Эдийн засгийн өсөлт саарч, инфляц өсөж, ажил эрхлэлт буурснаар өнөөдөр стагфляц үүсэх нөхцөл бүрдсэн байгаа, ирэх онд ч инфляц зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэй байгаа аж. Тиймээс ирэх онд Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, экспорт болон хувийн хэвшлээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж ДНБ-ийн өсөлтийг 2019 оны үзүүлэлт буюу таван хувьд хүргэх боломжтой гэсэн юм.
Сангийн сайд Б.Жавхлан 2023 онд эдийн засагт нөлөөлөх гадаад хүчин зүйлс, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүн, татварын ямар бодлогын дэмжлэг үзүүлэх гэж байгаа, “үр дүнд суурилсан” цалингийн системийг хэрхэн нэвтрүүлэх, хүүхдийн мөнгийг ямар хувилбараар олгох, Засгийн газрын гадаад өрийг хуваарийн дагуу төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. 2023 онд Засгийн газар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж нэг их наяд төгрөг хэмнэхээр төлөвлөсөн, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин шилжих хөрөнгө оруулалтын 86 хувийг дуусгах, төсвийн алдагдлыг 5.1-ээс 2.8 хувь хүргэж бууруулна. Макро эдийн засгийн хувьд чанартай экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг таван хувь, жилийн эцэст инфляцийг инфляцийг 10-аас доош түвшинд хүргэж, зээлжих зэрэглэлээ хадгалахаар зорьж байгааг дэлгэрэнгүй танилцууллаа.