Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл, эрх зүйн орчны ойлгомжгүй байдал, оновчгүй зохицуулалт зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлын талаарх саналаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ирүүлж хамтран ажиллахыг хүсэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх мэдлийн зааг, ялгааг оновчтой тодорхойлж, оролцоог зохистой хангасан, иргэдээ сонсдог, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг тогтолцоог бүрдүүлэх, “хувийн хэвшлийн хөгжлийг дэмжсэн цомхон бөгөөд үр ашигтай, үр нөлөөтэй бүтэц, зохион байгуулалтыг төрийн байгууллагуудын бүх түвшинд нэвтрүүлэх”, “Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх”, “төрөөс олгох зөвшөөрлийн тоог цөөлж, олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх” зэрэг олон зорилт дэвшүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж буй. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдээс санал авч буй юм.
Саналаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт албан тоотоор, info@ags.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 51262046 тоот дугаараас лавлаж болно.

 

 

 

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагааг хэрэгжүүлж буй. Иргэдийн мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах, “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтлоо.
·      Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар, тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн мэдээлэл;
·      Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт;
·      Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, албаны цахим шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл;
·      Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт;
Эдгээр мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад 2023 оны зургадугаар сарын 1-ний дотор хүргүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Засгийн газрын тусгай сангийн удирдлага, захирал нарт тус тус даалгалаа.
Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээллийг нэгтгэн үр дүнг 2023 оны зургадугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц нэмэгдэж, тогтвортой хадгалагдахад боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө
 
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдлээ. Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. Тухайлбал, 2023 оны эхний гурван сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортоор гарч, 2019 оны мөн үеэс 2.5 сая тонноор, өмнөх оны мөн үеэс 10 сая тонноор тус тус өслөө гэж сайд мэдээллээ.
Мөн бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээ гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэнээр мэдээллийн ил тод байдал хангагдаж, АМНАТ-ийн тайлагналт, орлого нэмэгдлээ. Түүнчлэн уул уурхайн цахим арилжааны бирж 2023 оноос ажиллаж эхэлснээр нийт 800 мянган тонн нүүрсийг дуудлага худалдаагаар борлуулаад байна. Цаашид экспортын үйл ажиллагааг сааталгүй үргэлжлүүлэх, хилийн нэвтрүүлэх чадварыг тогтвортой хадгалах, зохион байгуулалтыг оновчтой удирдах, экспортолж буй баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тулгамдаж буй асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
 
Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын үүрэг оролцоог чухалчилна
“Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан авах Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
“Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэрийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Боомтын сэргэлтийн зургаан бодлогын дэд зорилтыг дэвшүүлж, эдийн засгийг богино хугацаанд сэргээх мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын үүрэг оролцоог чухалчлах, хувь нэмрийг тодотгох, төр шинжлэх ухаан-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурласан гарц шийдлийг тодорхойлох зорилготой юм.

Тухайлбал, Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд шинэ бүтээгдэхүүний технологи, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг баяжуулах, боловсруулах технологи бий болгох, байгалийн хийн хоолой барих бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн, хангамжийг сайжруулах төслүүдийн технологи, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах чиглэлээр дотоодын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдээр гүйцэтгүүлэх боломжтой ажлын жагсаалт гаргаж танилцуулахыг даалгажээ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Хуулийн төсөл соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэмэгдэнэ.  Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээхтэй холбоотой үе шат бүрд бүртгэл, мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар сайжирч, гадаад зах зээлд өрсөлдөх боломж бүрдэн, ажлын байр нэмэгдэж, Монгол хүний шавхагдашгүй баялаг оюуны бүтээлийг сурталчлах, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлэх юм.

Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа
Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа.
Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгалаа.
 
         Товч мэдээ
·      Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө) соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2023 оны зургадугаар сарын 26-29-нд зохион байгуулна. Швейцарь Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төв болон Эдийн засаг, хөгжлийн яам хооронд Солилцох захидал болон Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд уг төслүүдэд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ оны нэгдүгээр сард хийсэн уулзалтаас хойш хоёр улсын хооронд яриа, хэлэлцээ эрчимтэй өрнөж байгаад талархалтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Уулзалтаар соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, нийтийн тээвэр, сансар судлал зэрэг салбарын хамтарсан төсөл, хөтөлбөрийн талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд тус компани дахь охин компаниудын бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийнэ. Өнөөдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллалаа. 2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлээд байна. Энэ шинэчлэлээр өөрийн харьяан дахь 39 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсаас хөрөнгө оруулалт татах, менежмент, засаглалын зөв хэлбэр рүү шилжих юм.
Дүрмийн шинэчлэлээр “Эрдэнэс Монгол” ХХК -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар болсон. Энэ хүрээнд хараат бус, мэргэжлийн, чадавхтай боловсон хүчнээр ТУЗ бүрдэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, улс төрөөс хамааралтайгаар шийдвэр гаргадаг бус мэргэжлийн баг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-д орж ажилладаг болно гэдгийг компанийн удирдлагууд тодотголоо.
Засгийн газраас төрийн өмчит компанийн үр ашигт байдлыг анхаарах зарчмыг баримталж байна. Төрийн өмчит компани, Төрийн өмчит үйлдвэрийн газар зэрэг төрийн мэдлийн компаниуд үр ашигтай ажилладаг эсэхээс хамаарч үйл ажиллагаа явуулах эсэх нь шийдэгдэнэ. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяаны охин компаниудын долоог нь татан буулгахаар болсон талаар ЗГХЭГ-ын дарга тодотгов. Мөн ТУЗ-ийн 270 гишүүний тоог 27 хүртэл бууруулах чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн гэдгийг мэдэгдлээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр тус компанийн нүүрс болон зэсийн групп ТУЗ-тэй, бусад охин компаниуд нь ТУЗ-гүй болж байна. ТУЗ нь жилд хоёр тэрбум төгрөгийн зардалтай байдаг бол гишүүдийн тоог багасгаж, цалинг цагаар тооцох системийг хэрэгжүүлснээр 0,5 тэрбум төгрөг болон буурна.

Төрийн албыг үр дүнтэй зохион байгуулж, албан хаагчдыг чадавхжуулах зорилгын хүрээнд БНСУ-ын Койка олон улсын байгууллагаас “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагыг бэхжүүлэх нь” төслийг өнөөдөр эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Д.Баасандорж, КОЙКА-ийн суурин төлөөлөгчийн орлогч И Кансан, Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ болон бусад албаны хүмүүс оролцов.
Төслийн хүрээнд Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, Удирдах ажилтнуудын манлайлал, удирдах чадварыг нэмэгдүүлэх, Төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Гүйцэтгэлийн удирдлагын цахим системийг хөгжүүлэх, ашиглах гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг байх юм.
БНСУ нь төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг олон улсын Инсайз индексийн хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр дэлхийд гуравдугаар байр эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байна. Тиймээс Монгол Улс төрийн албаны үр ашигтай байдлыг нэмэгдүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд тус улсын туршлага, хэрэгжүүлж буй ажлуудаас суралцах нь үр дүнтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцлов.
Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ уг төслийн эцсийн гол үр дүнг Монгол Улсын төрийн алба иргэддээ чанартай үйлчилгээ үзүүлдэг болох юм гэдгийг тодотголоо. Төрийн албыг чадавхжуулах уг төсөл 2025 он хүртэл хэрэгжинэ. Зөвлөх компанийн зүгээс албан хаагчдад сургалт явуулах, сурах бичгүүдээр хангах, зөвлөх үйлчилгээ өгөх, БНСУ-д туршлага судлуулах гэх мэт ажлуудыг төлөвлөжээ. Уг төслийн үр дүнг нийт төрийн  69181 албан хаагч ашиглана гэсэн тооцоо байна. Төсөл амжилттай хэрэгжиж чадсанаар төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээ илүү бодитоор гарч, зохих сайжруулалт хийгдэж чадна гэж үзэж буйгаа албаныхан илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр ‘Өглөөний уулзалт’ хийдэг уламжлалтай. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй “2023 оны сорилтуудыг даван туулах нь” сэдвийн хүрээнд өнөөдөр уулзлаа.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь уулзалтын гол зорилго байв.

“Өглөөний уулзалт”-д Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, “МАК” ХХК-ийн захирал Б.Нямтайшир, “Макс” группийн захирал Д.Ганбаатар, “Саус гоби сэндс” ХХК-ийн захирал А.Далангурван, “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл оролцож сонирхсон асуултдаа хариулт авч, ярилцлаа.

Тус салбарынхны хувьд тулгамдаж буй нийтлэг зургаан бэрхшээл байгааг УУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл танилцуулсан юм. Тухайлбал, хүний нөөцийн хомсдол буюу уртын ээлжийн зохицуулалт, байгаль орчны салбарын баримт бичгийн баталгаажуулалт болон орон нутгийн иргэдийн уул уурхайн талаарх зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл ихээхэн хүндрэл учруулдаг. Мөн тус салбарт түгээмэл ашигладаг химийн болон аюултай ангиллын тэсэлгээний бодис буюу тусгай ачаа барааны хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл хувийн хэвшлийнхэн дунд түгээмэл байгааг хэллээ. АМНАТ-ыг тооцоолох жишиг үнээр олоогүй орлогод татвар ногдуулж буй нь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт төдийгүй төр, хувийн хэвшлийн маргаан болдог байна. Уул уурхайн салбарын дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчний эрэлт, хэрэгцээ уул уурхайн компаниудад их байгааг Эрчим хүчний сайдад хувийн хэвшлийнхэн хэлж байлаа.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар уул уурхайн биржийн үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлснээр гарсан үр дүнг онцолсон бөгөөд уул уурхайн тусгай зөвшөөрөл, ТЭЗҮ, төлөвлөгөө зэрэг төрөөс хамаардаг шат дамжлагуудыг шилэн болгож цахимжуулахаар ажиллаж буй, лицензийн арилжаа наймаа өнгөрсөн хугацаанд хяналтгүй болсныг цэгцэлж, холбогдох хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа зэргийг танилцуулсан юм.

Ерөнхий сайд ганц удаагийн “Өглөөний уулзалт”-аар уул уурхайн салбарын бүх асуудлыг шийдэх боломжгүй,  асуудлаа тал талаас нь ярилцаж дундын шийдвэр гаргах нь дараагийн хүндрэл үүсэхээс сэргийлнэ гэдэг агуулгаар шинэ хандлага бий болгох нь чухал. Уул уурхай бол ухдаг, сүйтгэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа засах шаардлагатай. Цаашид уул уурхайг дангаар нь бус аж үйлдвэржилттэй хамтад нь хөгжүүлэх цаг болсон хэмээн онцолсон юм. Монгол Улсын эдийн засгийн 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын онцлог, өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн цаг үе, геофолитикийн өөрчлөлтийн талаар болон эдгээр хүчин зүйлүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төслүүдийг нийцүүлэх гол онцлог, давуу талыг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн Ашигт малтмалын тухай, Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байгаа энэ үед хувийн хэвшлийнхэн оролцоотой байх хэрэгтэйг онцоллоо. Хууль батлагдсаны дараа шүүмжлэх бус өмнө нь хэлж ярих хэрэгтэй, төрийн байгууллага ч дангаараа хуулийн төслүүдийг боловсруулж “хуурай” хууль гаргахгүй байхыг холбогдох сайд нарт анхаарууллаа.

Уул уурхайн салбарыг цаашдаа олборлолтоос боловсруулалт руу шилжүүлэх бодлогыг Засгийн газар баримталж байгаа учраас салбарынхан хариуцлагатай уул уурхайн суурь зарчмаа баримтлан аж үйлдвэржилт рүү эрчимтэй орохыг өглөөний уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд уриаллаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга нар болон Төрийн өмчит компаниудын удирдлагуудыг тус тусад нь хүлээн авч уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга ‘Шүүр’болон ‘Шилжүүлэн авах ажиллагаа’-г хариуцан ажиллаж байна.
‘Шүүр ажиллагаа’-ны хүрээнд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгож, хэрэгжилтийн тайланг ЗГХЭГ-т 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүргүүлэх чиглэл өгсөн юм. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн алба хуулийн зөрчилгүй байх учиртайг тэмдэглээд төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг Засгийн газар нэгдсэн байдлаар хэрэгжүүлж, төрд шаардлагатай албан хаагчдын судалгааг гарган хэрэгцээт мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байх зарчим баримтлахаа илэрхийллээ.


2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар ‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Тус компанийг олон улсын уул уурхайн компаниудын нэгдэл, группийн хэлбэрээр ажиллуулах зорилгыг баримталж байна. Цаашид бусад төрийн өмчит компаниудыг ч шинэчилнэ гэдгээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзах үеэрээ онцоллоо. Төрийн өмчит компаниудад шаардлагад нийцсэн, ур чадвартай албан хаагчид ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, сонгон шалгаруулалтын нэгдсэн системтэй болох ажлыг Засгийн газраас эхлүүлээд байна.
Засгийн газраас төрийн байгууллагын хүнд суртал, иргэнд үйлчилж буй үйлчилгээний чанар зэрэгт анхаарал хандуулж албан хаагчдаа чадавхжуулах, мэргэшүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн албан хаагч төрд ажиллахдаа нэг удаа шалгалт өгөөд зогсох бус ур чадвар, ёс зүйн шалгалтуудыг үе шаттай өгдөг байх зохицуулалтыг хийнэ гэдгийг онцоллоо.

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эрүүл энхийн манаанд үнэнчээр зүтгэж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэлээ.
Монгол Улс  вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж зорилтот бүлгийн 92 хувь нь II тунд, 53 хувь нь  III тунд, 120 гаруй мянган хүн IV тунд хамрагдлаа. Дэлхий даяар Ковид-19-ын 761 сая тохиолдол бүртгэгдэж, 6.8 сая хүн нас баржээ. “Цар тахлын эсрэг тэмцэлд өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран, өнгөрсөн гурван жилийн хугацаанд өдөр шөнийг ялгалгүй зүтгэж, нас баралтыг олон улсын дунджаас тав дахин бага байлгаж, 40 мянга гаруй хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан цагаан нөмрөгт баатрууддаа Засгийн газрын тэргүүн талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, хүрэх үр дүн болоод Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж, “Алсын хараа-2050” бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого. Хүний хөгжил төвтэй энэхүү бодлогын нэгдүгээрт эрүүл мэнд бий. Тиймээс эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв.


Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сараас эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог орон даяар эхлүүлж, 900 гаруй мянган иргэн хамрагдаад байна. Эрт илрүүлгээр илэрсэн зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн үйлчилгээний бодлогыг чиглүүлж байна. Тухайлбал, эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүд дунд шүдний өвчлөл зонхилж байна. Иймд Засгийн газар 2024 онд “Шүд” төслийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Цаашид дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг, эрт илрүүлэгт хамрагддаг, амьдралын идэвхтэй хэв маягтай,  эрүүл монгол хүнийг бий болгохын төлөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг эрүүл мэндийн салбарынхнаас хүслээ. Цар тахлыг хамтдаа даван туулсан шигээ эрүүл мэндийн суурь асуудлуудыг хамтдаа шийдвэрлэхэд Ерөнхий сайдын хувьд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд дотооддоо олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг авах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эх орныхоо эдийн засгийг босголцоход та бүхний оруулж буй хувь нэмэр юм гэлээ.
Тус арга хэмжээнд  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ болон 21 аймаг, есөн дүүргээс 800 орчим эмч, мэргэжилтэн оролцов.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн багш, оюутан залуусын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр гарсан санал, хүсэлтийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа.
Цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 2023 онд 1500 болгож, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Мөн оюутнуудыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд 2023 онд хамруулах, төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.


Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг И-Монголиа систем ашиглан олгох, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тоог нэмэгдүүлнэ. Мөн И-Монголиа систем И-студент цонхтой болсон, оюутнуудад төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг энэ цонхоор авах боломжтой боллоо.
 
Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө
УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх 30 гаруй саналыг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байхаар заах саналыг өгөхөөр тогтов. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах замаар жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангах санал гаргалаа гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж ярилаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн дүрэмд нэгдмэл засаглалын зарчим, толгой компанийн дүрэмд нийцүүлэн өөрчлөлт оруулна.
Монгол Улсын Засгийн газраас олон улсын уул уурхайн компаниудыг нэгдэл, группийн хэлбэрээр ажиллуулснаар илүү үр дүнтэй, амжилттай ажилладаг сайн туршлага, чиг хандлагыг нэвтрүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийг группийн зарчмаар ажиллуулахаар шийдвэрлэж бүрэлдэхүүнд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Монголросцветмент” ТӨҮГ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-г нэгтгэн өргөтгөөд буй.
Энэхүү олон улсын чиг хандлагыг хэлбэрийн төдий биш үйл ажиллагаандаа бодит агуулгаар нь хэрэгжүүлэхийн тулд олон улсын групп компанийн сайн засаглалын туршлагыг нэвтрүүлэх, Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан олон улсын зарчмаас Монгол улсын хууль эрхзүй, холбогдох дүрэм журамд нийцүүлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд өөрчлөлтүүдийг үе шаттайгаар оруулах шаардлага байгаа юм.
Компанийн дүрэмд өөрчлөлт орсноор нэгдлийн компаниудын засаглалын тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтэрч, нэгдсэн тогтолцоо сайжирч нэгдлийн үйл ажиллагааны уялдаа сайжирна
Түүнчлэн нэгдлийн хэмжээнд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдүүд үр дүнгийн хариуцлага хүлээдэг, аливаа нөлөөллөөс ангид цэвэр бизнесийн зарчимд суурилсан, мэргэжлийн түвшинд боловсруулагдсан стратеги төлөвлөлттэйгээр ажиллах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хөндлөнгийн аудитаар санхүүгийн хяналт, нягтлан бодох бүртгэл, тайлагналаа хянуулж нэгдлийн нээлттэй ил тод байдал, сайн засаглал бодитойгоор сайжирна гэж үзэж байна

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын нөлөөлөлд өртөж байгаа айл, өрхийн эд хөрөнгө болон иргэнд олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгана


“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн хүрээнд барилга угсралтын ажлын техник хяналтын зардалд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.
Тус төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд туссан болон соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2024 онд бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилгоор төслийн нөлөөлөлд өртөж байгаа шилжин суурьших айл, өрхийн эд хөрөнгийн болон иргэн бүрт олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилт, соёлын өвийг авран хамгаалах ажлын санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгана.
Төслийн нөлөөлөлд өртөж байгаа соёлын өвийг авран хамгаалах ажлыг зохион байгуулахад Соёлын яам мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

Товч мэдээ
·      Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын  тэргүүлэх мэргэжил, эрэлттэй мэргэжлийн чиглэлийг баталлаа. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөрөөр суралцагч элсүүлэх тоо, элсэлтийн босго оноо, зээл олгох суралцагчийн хяналтын тоог тогтооход баримтлах аргачлал баталж мөрдөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгалаа.
·      Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн чавхдаст, нумт, утсан хөгжмийн зэмсэг, дижитал концертын танхимын техник хэрэгсэл, дууны төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах нэг тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай хийлээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гадаад зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, олон улсын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах сэдвээр санал солилцов.
Ерөнхий сайд олон улсын байгууллагаас ажлын гараагаа эхэлж ажлын арга барил, дэг журмыг суралцаж байснаа дурдаад “Шинэ сэргэлт” илтгэл тавилаа. Илтгэлийнхээ эхэнд олон улсын геополитикийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Манай улсын нийт экспортын 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай. Уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгоход Засгийн газар анхаарч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар ярьж, боомтын сэргэлтийн төслүүд эрчимтэй хэрэгжиж буйг онцоллоо. Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусаж зүгшрүүлэх тээвэр эхлүүлсэн. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг найман сарын хугацаанд ашиглалтад оруулсан, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам мөн ашиглалтад орсон зэргийг дурдав.
Монгол дахь олон улсын байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын мэдлэг, туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд олон улсын байгууллагад ажилласан жилийг төрийн албатай дүйцүүлж, тэтгэвэрт тооцуулах хууль эрхзүйн орчныг шийдэх боломжтойг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.


Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн хэрэгжилт, “Шинэ сэргэлтийн бодлогын уялдаа” сэдвээр танилцуулга хийлээ. Цаашид гадаад зээл тусламжаар тэргүүн ээлжинд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдийг санхүүжүүлэх, хоёрдугаарт, хүнсний хангамж аюулгүй байдлын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэдгийг хэлэв.
Олон улсын байгууллагын төлөөллүүд Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацаанд хэрэгжих нь чухал байгааг, хэрэгжилт хяналтад анхаарах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байдлыг хангах, яамдын уялдаа холбоог сайжруулж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх зэрэг санал хэлэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.