Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо боллоо. Уулзалтыг Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст тэргүүллээ.

 Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд Монгол, Британийн хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалын хүрээн дэх хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээг зохион байгуулав.

Эдийн засгийн өсөлтийн чиглэлээр:

Сайд нар Монгол, Британийн эдийн засгийн хамтын өсөлтийг хангах хүрээнд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа нотлов. Талууд Улаанбаатар хотод метроны систем байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжийг Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Мөн худалдаанд учирч буй саад тотгор, процессыг хөнгөвчлөх замаар хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх болон тогтвортой, ил тод бизнесийн орчныг бий болгох асуудлаар санал солилцов.

Эрчим хүчний шилжилтийн чиглэлээр:

Талууд хоёр улсын уур амьсгалын стратегийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төсвийн санхүүжилтийг хөшүүрэг болгох чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхийн чухлыг онцлов.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орсон талуудын 17  дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулахаар болсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, тус хурлын бэлтгэл ажил, хурлаас гарах үр дүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжилтнүүдийн харилцан солилцоог зохион байгуулахаар тохиров.

Эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр:

 Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд талууд Эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.  Түүнчлэн хоёр улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах, Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө онцгой анхаарна гэдгээ санал нэгтэй  илэрхийллээ. Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст Монгол Улсад 2024 онд болсон сонгуулиар эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэнийг онцолж, Монгол Улс 2028 оноос эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэхээр болсныг өндрөөр үнэлэв. Мөн Шадар сайд С.Амарсайхан 2024 онд Британид болсон парламентын сонгуулийн дүнгээр эмэгтэйчүүдийн төлөөлөл хамгийн өндөр түвшинд хүрснийг сайшаав.  Талууд “Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 30 жилийн ойг угтан олон талт механизмын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.

Нэн чухал эрдэс баялгийн чиглэлээр:

Сайд нар Монгол Улсын эрдэс баялгийг байгалийн өвөрмөц тогтоц, өвийг хөндөхгүйгээр олборлох нь чухал гэдэгтэй санал нэгдэв. Мөн хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгмийн хариуцлага болон засаглалын өндөр стандартыг нэвтрүүлэх, Монгол хүний ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахын ач холбогдлын талаар ярилцлаа.

Энэ чиглэлээр нэн чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлэв.

Боловсрол, иргэний нийгэм болон иргэд хоорондын харилцааны чиглэлээр:

Сайд нар Монгол, Британийн иргэд хоорондын харилцаа бэхжиж, ялангуяа Чевенинг тэтгэлэгт хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо идэвхтэй өргөжиж байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улс дахь англи хэлний сургалтыг британийн тал үргэлжлүүлэн дэмжихийг илэрхийлж, Британи компаниудтай өрнүүлж буй түншлэлд суурилан англи хэлний сургалтад хамрагдах бололцоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллахаар талууд тохирлоо.

Сайд нар Монгол залуусын Чевенинг тэтгэлгээр суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх болон их сургуулиудын түншлэлийг өргөжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

Талууд хоёр улсын соёлын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшааж, “Монголын ертөнцийн урлаг” үзэсгэлэнг Эзэн хааны урлагийн академид 2027 онд толилуулахаар болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст нар цаашид Монгол, Британийн хооронд дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Монгол, Британийн бизнес уулзалтад хоёр улсын 70 гаруй төлөөлөл оролцлоо

Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд “Британийн туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжууд” сэдэвт бизнес уулзалт боллоо. Бизнес уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтууд, түүнд тусгагдсан хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах төрийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн талаар болон Бүсчилсэн хөгжлийн бодлогын тухай танилцууллаа.

Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд Британийн худалдаа үйлчилгээ, жижиг бизнес, экспортын сайд Гарет Томастай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ажил хэрэгч, үр дүнтэй яриа өрнүүлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерсийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ардчилал, хөгжлийг тууштай дэмжигч “гуравдагч хөрш” Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн гадаад бодлогын хүрээнд гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлзэж буйг тэмдэглээд хоёр талын түншлэл, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцолж, энэхүү айлчлал нь хоёр талын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Шинэ Зеландын сайн засаглал, чөлөөт зах зээлийн тогтолцоо нь бидний хувьд үлгэр жишээ болж ирсний сацуу тус улсын дэлхийд танигдсан хөдөө аж ахуй, хоршооны сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч, ач холбогдол өгч буйг онцлов.

Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксоны халуун дотно мэндчилгээг уламжлаад Шинэ Зеландын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.

Тэрбээр энэ удаа Шинэ Зеландын Фермерүүдийн хоршооны Ерөнхийлөгч У.Лангфордын хамтаар Монгол Улсад айлчилж байгаагаа тэмдэглэж, энэ нь хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр (2025.02.23) Дархан-Уул аймгийн төрийн албаныхантай уулзлаа. Аймгийн удирдлагууд нийгэм эдийн засгийн үзүүлэлт, өрсөлдөх чадварын статистик, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд хэрхэн ажиллаж буйгаа танилцуулав.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газраас бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Зөвшөөрлийн хууль давсан журмуудыг цуцлах чиглэл өгсөн. Ингэснээр өнөөдрийн байдлаар 50 гаруй журам цуцлагдаж, иргэд 200 хоногт авдаг байсан зөвшөөрлийг цөөн хоногт эсвэл цахимаар, шат дамжлага багатайгаар авах боломж бүрдэж байна. Зөвшөөрлийг зөв болгох ажил ингээд зогсохгүй, шат дараатай үргэлжилнэ. Дархан-Уул аймаг руу шилжин ирэх иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, 2024 онд гэхэд 8000 гаруй иргэд шилжиж ирсэн байна. Тиймээс та бүхэн иргэндээ ээлтэй, эдийн засаг нь тэлсэн аймаг болгохын төлөө ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хүнд сурталгүй хүргэхэд анхаарч ажиллахыг чиглэл болгож байна.
Засгийн газрын 14 мега төслийн нэг нь “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэсэн гангийн үйлдвэр юм. Тус үйлдвэрийг барьж байгуулах тухай тогтоолыг Засгийн газар өнгөрсөн сард баталсан.
🔘Энэ хүрээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт болон холбогдох албаныхан өнөөдөр (2025.02.23) “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллаж, тулгамдаж буй асуудлын талаар үйлдвэрийнхэнтэй санал солилцлоо.
🔘ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн Ган үйлдвэрлэлийн цогцолбор нь Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой чухал төсөл. Үйлдвэр ашиглалтад орсноор гангийн дотоодын хэрэгцээг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой. Түүнчлэн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 дахин нэмэгдэнэ. Үндэсний баялгийн санд жилд 250 тэрбум төгрөг төвлөрүүлж, гангийн үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх боломж бүрдэнэ.
🔘“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн төслийн нэгжийн ахлах инженер Ж.Өлзийбадрах: Ган хайлуулах цогцолбор үйлдвэр нь нойтон баяжмалын үйлдвэр, хорголжийн үйлдвэр,
аргалжийн үйлдвэр, гангийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэрүүдийн хамт
байгуулагдахаар тооцоолсон. Цогцолбор ашиглалтад орсноор жилд нэг саяас дээш тонн хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Түүнчлэн 1200 орчим шинэ ажлын байр бий болно.
🔘“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийг 2022 оны 4-р сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч, удирдлага менежментийг шинэчилсэн. Төр буцаан авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 92453 тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 78654 тонныг борлуулан 231,1 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. 2024 онд 291.7 тэрбум төгрөгийн орлого олж, 51,9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнээс улсын төсөвт 55,6 тэрбум төгрөг, Дархан-Уул аймгийн төсөвт 31,5 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 13,6 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.
🔘ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цогцолборын ажлыг эрчимжүүлж, шийдлээ хүлээсэн, гацсан ажлуудыг урагшлуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
     
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байна. Энэ үеэр Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпорац, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сангийн Дархан-Уул аймаг дахь салбарын үйл ажиллагаатай танилцав.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон тус яамны газар, хэлтсийн дарга, яамны харьяа агентлагуудын удирдлагууд ХАА-н салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөө танилцуулсан юм.
🔘Тус яам “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгож эхэлсэн байна. Эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 488 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төлөвлөөд байгаа бөгөөд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулах юм. Хөтөлбөрийн үр дүнд ноолуурын бүрэн боловсруулалтыг 20-40 хувь, ноосны боловсруулалтыг 25-55 хувь, арьс ширний боловсруулалтыг 30-50 хувь хүртэл нэмэгдүүлж, 10 орчим мянган ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлж буй.
🔘Мөн “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлснээр газар тариаланг, эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлж, эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Улсын хэмжээнд нийт 200 га талбайг шинээр эргэлтэд оруулж, махны чиглэлийн 150 мянган толгой, сүүний чиглэлийн 50 мянган толгой үхрийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилт тусгасан. Тариалангийн салбарт улаан буудай, төмс, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангаж, фермерийн аж ахуй хөгжүүлэх суурь нөхцөл болох малын тэжээлийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих юм.
🔘ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймагт шилжин суурьшсантай холбоотойгоор төвийн бүсийн ХАА-н салбарын хөгжил, эдийн засгийн үзүүлэлт сайжирч, төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогууд үр дүнгээ өгч байна. Тус яамны томоохон төслүүдийг засгийн газар бодлогоор дэмжиж, эдийн засагт таатай үр дүн авчрахаар ажиллаж буй. ХХААХҮЯам орон нутагт нүүж ирсэнтэй холбоотой гарч буй хүндрэл, асуудлууд бий. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын танилцуулсан яамны барилга, ажилчдын орон сууц, түрээс, томилолтын зардал гэх мэт асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж үе шаттай арга хэмжээ авч, шийдэх болно” гэсэн юм.

🔘“Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль энэ оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
🔘Хуульд хотын зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, Ухаалаг хот буюу хотын хөгжилд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах, хотын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийн ил тод байлгах тухай тусгасан. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлал, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Засгийн газраар батлуулах, эхний ээлжийн бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх шаардлага үүсээд буй.
🔘Энэ хүрээнд салбар хоорондын уялдааг хангуулан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргах, үүрэг чиглэл өгөх зорилгоор “Шинэ Хархорум” хотын Бүтээн байгуулалтын үндэсний хороо өнөөдөр (2025.02.21) төрийн ордонд хуралдлаа.
🔘Хурлаар “Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, тус хотод хэрэгжүүлэх байгаль экологийг сэргээж, мод тарих 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл арга хэмжээ, нисэх буудлын ТЭЗҮ, ундны усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаа, төмөр замын судалгааны талаар хэлэлцлээ.
🔘ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Шинэ Хархорум хотын эдэлбэр газарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн ажлын явцыг сонсож, хоттой холбоотой төсөл, арга хэмжээнүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхийг чиглэл болгов.
 
“Зөвшөөрлийн зөвлөл”-ийн ээлжит хурал өнөөдөр (2025.02.18) болж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн батлав. Мөн тус зөвлөлийн тогтоол хэрэгжихгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа салбаруудад ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн шинжээч ажиллуулахаар тогтов.
🔘Тодруулбал уул уурхай, эрчим хүч, боловсролын салбарт ажлын хэсэг байгуулах, банк санхүү, гаалийн салбарт мэргэжлийн шинжээч томилж, ажиллуулахаар боллоо.
🔘Өнөөдрийн байдлаар “Зөвшөөрлийн зөвлөл”-ийн тогтоолыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлж, зургаан яам, зохицуулах хорооны 27 журмыг бүхэлд нь хүчингүй болгож, 8 журамд хэсэгчлэн өөрчлөлт оруулав.
🔘Жишээлбэл Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь https://fb.watch/xQ3nJ0_kQO/ “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж хууль давсан хоёр журмыг цуцалсан. Ингэснээр тусгай зөвшөөрлийн 11 зүйл 116 заалт 3 зүйл 10 заалт болж буурав. Мөн Төсөлд тусгай зөвшөөрөл олгож, инженерүүд нэгэн зэрэг хэд хэдэн төсөл дээр ажиллах боломжтой болно. Зөвшөөрлийн шат дамжлага 128-аас 88, зөвшөөрөл олголтын хугацаа 200 хоногоос 22 хоногт шууд цахимаар авах боломжийг бүрдүүллээ.
🔘Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж, хууль давсан акт, журмуудаа хүчингүй болгов. https://fb.watch/xQ3DawGRU5/ Үр дүнд нь зөвшөөрөл олголтын хугацаа 48 өдөрт олгодог байсныг зогсоож 22 өдөрт олгож эхлэв. Мөн шат дамжлага нь 133-аас 65 болж, олон төрлийн бичиг баримт шаарддаг хүнд суртлыг буурууллаа.
🔘Ингэснээр төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, түргэн шуурхай, хүний хандлагаас үл хамаарсан шийдвэр гаргалтыг дэмжих, иргэд, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбарчлах, зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлж байна.
   

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцлов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг бүрдүүлжээ.

Монголын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг дэлхий дахинд жишиг болсон Сингапур, Бахрейн улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлын 51 хувь нь гадагшаа чиглэж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах ёстой. Business Friendly Mongolia буюу Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улс болох стратегийг хэрэгжүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа олон улсын бизнесийн орчин руу Монгол Улсыг “хөтлөх”  зорилготой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Засгийн газар хиймэл оюун, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжлийн шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван шилжилтийг салбар бүрд хийхээр зорьж буй. Тиймээс шинэ эдийн засгийн бүтцийн үндсэн хөшүүрэг нь баялаг бүтээгчид байх бөгөөд дээрх гурван шилжилтийг хэрэгжүүлж баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ирэх долдугаар сард болох Монголын Эдийн засгийн форумын бэлтгэлийг одооноос эхлүүлэх, зохион байгуулалтад анхаарахаас илүүтэй бодит үр дүн гаргах нь чухал. Татварын орчин гэхэд зөвхөн нэг талаас анхаарах бус төр, иргэн, аж ахуйн нэгж гэхчлэн бүх талыг оролцуулж эрх зүйн орчныг шийдэх нь илүү оновчтой. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл асуудал бүрд төвлөрч, бүх талын саналыг нэгтгэж, ажил хэрэгч ажиллахыг Ерөнхий сайд анхааруулав.

Засгийн газрын гишүүн, Шадар Сайд Т.Доржханд Дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улс хэрхэн оролцсон талаарх үр дүнг, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Бизнес эрхлэх орчны үнэлгээ” шалгуур үзүүлэлт, бизнесийн орчны индексүүдийн талаар тус тус танилцуулав.

Бизнес эрхлэхүйн индексээр манай улс 2020 онд 190 орноос 81 дүгээр байрт, Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2024 онд 176 орноос 76-р байрт жагссан байна. Монгол Улсад бизнес эхлэх, өмч бүртгүүлэх зэрэгт тулгардаг  шат дамжлагыг цөөрүүлэх, зөвшөөрлийн цахим системийг боловсронгуй болгох, зээлийн хүү, татварын төрөл, хувь хэмжээг бууруулах, үр ашиггүй татаасыг зогсоох, үнэт цаасны зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, гадаад худалдаа эрхлэхэд бичиг баримт бүрдүүлэхэд хугацаа их зарцуулдгийг өөрчлөх, хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалал сул, хүнд суртал их, шүүхийн үйл ажиллагааны чанар тааруу, авлигын хяналтын орчин муу байгааг иргэд, хувийн хэвшлийнхэн хэлж байв.

Төрд байгаа мэдээллийг иргэнээс давхар нэхэхээ больж, хялбаршуулсан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд шууд олгох, тусгай шаардлагуудыг олгосны дараа хянадаг болох, QR код ашиглах зэрэг шийдлийг зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлдэг болохоор ажиллаж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг танилцуулахдаа онцлов.

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн талаар 600 орчим аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг нэгтгэж танилцууллаа. Эдгээр санал болон Сангийн яамнаас боловсруулсан татварын цогц реформын төслийг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.

Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаас гадна татварын философио эргэж хармаар байна. Татвараар мэргэшсэн шүүх байгуулж, мэргэшсэн шүүгч, прокурортой болох, татварын байцаагч технологийн өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд анхаарах асуудал олон байна. Бизнесийн орчинд үүссэн аливаа маргааныг заавал шүүхээр оруулж ачаалал нэмэхгүйгээр МҮХАҮТ-ын дэргэдэх арбитраар ч юм уу, хараат бус мэргэжлийн шүүгчдээр зохицуулдаг тогтолцоог бүрдүүлмээр байна. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг эргэж харах, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллага төлдгийг болиулах хэрэгтэй зэрэг саналыг тус зөвлөлийн гишүүд хэллээ.

Тус хуралдаанаас Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томиллоо. Мөн зөвлөлийн дэргэд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бүтэц байгуулахаар болов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр,

“Эрхэм монголчууд аа,

Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.

Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна.

Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. 

Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.

Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.

Мөн энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон Мега төслийн судалгааны ажил эхэлж байна.

Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин
1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.

Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.

 Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье.

Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.02.04/ болж, хуралдааныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал нээв.
🔘Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 2023 онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдэж өмнөх оныхоос 10 байраар ухрахад эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо гэсэн сөргөөр нөлөөлсөн юм. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг шинэчилсэн тогтолцоогоор явуулсны үр дүнд 32 эмэгтэй гишүүн сонгогдож, парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.4 хувьд хүрсэн билээ. Энэ нь Азийн дундаж 21.2 хувиас давж, Дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхсөн төдийгүй, өмнөх сонгуулийн үр дүнгээс даруй 8.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
🔘Мөн Олон Улсын Парламентын холбооноос (Inter-Parliamentary Union) гаргадаг Парламент дахь эмэгтэйчүүд үзүүлэлтээр 2024 онд Монгол Улс 39 байр урагшилж, 90-д эрэмбэлэгдээд байна гэсэн юм.
🔘Хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр хорооноос үндэсний хэмжээнд гаргаж олон нийтэд мэдээлдэг хүйсийн тэнцвэрт байдлын тайланд ахиц гарсан гэв. Тухайлбал, төрийн томилогдох албан тушаалтан болох яамдын газар хэлтсийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарын хувьд хуульд заасан квот хангагдсан байна.
🔘Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг зохион байгуулна. Энэ хүрээнд “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг Жендэрийн үндэсний хорооноос санаачлан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам манлайлан зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.