Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор /2026. 06.22/ мордлоо.
Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцоно.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.
Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн.
Дэлхийн эдийн засаг, инновац, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутгийн нэр хүндтэй олон улсын платформ болон хөгжиж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /2026.06.17/ Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Улсын Их Хурал “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлж буйгаа Сангийн сайд энэ үеэр онцлов.
Тэрбээр, тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,224.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 19,550.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 96.7 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэлээ.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу нийт 729 төсөл, арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110.0 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулсан хэмээн Сангийн сайд хэллээ.
Өнгөрсөн онд Төсвийн тогтворжуулалтын санд 429.1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос 119.0 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 443.5 тэрбум төгрөг, нийт 562.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөгт хүрч, 95.9 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөөнөөс 807.0 тэрбум төгрөгөөр дутуу, өмнөх оны гүйцэтгэлээс 1,101.2 тэрбум төгрөгөөр буюу 5.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Монгол Улсын 2025 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд нийт зарлага ба цэвэр зээлийн 81.8 хувийг урсгал зардал, 18.4 хувийг хөрөнгийн зардал, -0.3 хувийг эргэн төлөгдөх цэвэр зээл эзэлж байгаа аж.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.1, 8.10.2 дахь заалтад тус тус заасны дагуу нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж, аудит хийлгэн улсын төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хэмжээг баталгаажуулсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа тодотголоо.

Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шаардлага ирүүлсэн. Шаардлагын хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Идэр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзан асуудлыг зөвшилцлөө.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэдний шаардлагыг хүлээн авч, хүний эрхийг дээдлэх, тэгш оролцоог хангах зарчмын хүрээнд бодитой шийдвэрүүдийг гарган, шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснийг мэдэгдлээ. Мөн шаардлагад ирүүлсэн яам дангаар шийдэх боломжгүй асуудлуудыг бусад яамд, төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх үйл явцыг манлайлан ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын хүрээнд тавьсан шаардлагад дараах арга хэмжээг авч ажиллаж байгааг танилцуулав.
Дохионы хэлний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх: ГБХНХ-ын яам “Монгол дохионы хэлний тухай” хуулийн төслийг боловсруулж байна. Тус хуулийн үзэл баритлалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Тус хууль дохионы монгол хэлийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоох замаар сонсголын бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох үндсэн зорилго багтаж байна.

Хэлмэрчийн санхүүжилтийг төсөвт тусгах: Төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд саадгүй хүргэх зорилгоор дохионы хэлмэрчийн зардлыг 2027 оны төсөвт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих албан ёсны чиглэлийг 2026 оны тавдугаар сарын 27-ны өдөр яамд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлжээ.
Мэдээллийн хүртээмжийг технологиор шийдвэрлэх: Харилцаа холбооны зохицуулах хороо телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрч, хадмал тайлбартай нэвтрүүлэх “MNS” стандартыг батлуулах, IPTV системд олон улсын ITU-T H702 зөвлөмжийн дагуу технологийн шийдэл нэвтрүүлэх ажлыг хийж эхлүүлсэн.
Ажлын байрны тогтвортой байдлыг хангах: Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны одоогийн ашиглаж буй байранд үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
Төсөв санхүүжилт, хяналтын талаар: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга болон “Монгол дохионы хэлний тухай” анхдагч хуулийн төсөлд санхүүжилтийн механизмыг илүү тодорхой болгоно. Мөн 2025, 2026 онд тус чиглэлээр хийсэн арга хэмжээ, хяналт шалгалтын үр дүнг танилцууллаа.

Сонсголгүй жолоочийн эрхийн зохицуулалттай холбоотой асуудлыг салбар хариуцсан байгууллагуудад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз зэрэг байгууллагатай албан уулзалт зохион байгуулж сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлыг танилцуулан шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Төрийн нарийн бичгийн даргын зүгээс иргэн бүрд тэгш, хүртээмжтэй төрийн үйлчилгээг үзүүлэх хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн шаардлагыг ажил хэрэг болгож шаардлагатайг онцолж, хариуцах удирдлага, албан хаагчдад үүрэг даалгавар өглөө.


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган” Төрийн ордонд болж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ.
Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монголын Уламжлалт эмнэлэг “Манба Дацан” төвийн тэргүүн, “Оточ манрамба” их сургуулийн ректор, хамба лам Д.Нацагдорж болон салбарын эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүд оролцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монголын уламжлалт анагаах ухаан нь монголчуудын олон зууны турш хуримтлуулсан мэдлэг, туршлага, хүн ба байгалийн зохицлыг эрхэмлэсэн үнэт өв болохыг онцолж, энэхүү өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан судалгаатай уялдуулан хөгжүүлэх нь өнөөгийн чухал зорилт гэдгийг тэмдэглэлээ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” нь салбарын бүтэц, тогтолцоо, хүний нөөц, сургалт, судалгаа, инновац, эмийн үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлыг хөгжүүлэхэд бодлогын чухал дэмжлэг болж байгааг онцлон дурдав. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, инновацыг дэмжих, нотолгоонд суурилсан эмчилгээ, оношилгооны арга зүйг боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Чуулганы үеэр уламжлалт анагаах ухааны төрөөс баримтлах бодлого, салбарын бүтэц зохион байгуулалт, тусламж үйлчилгээний тогтолцоо, эрх зүйн орчин, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хүний нөөцийн бодлого, эмч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, сургалтын чанар, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөв. Түүнчлэн уламжлалт анагаах ухааны салбарт их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн тогтолцоотой уялдуулах, тусламж үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах асуудлыг хөндөн хэлэлцлээ. Уламжлалт эмийн ургамлын нөөц хамгаалалт, зохистой ашиглалт, эмийн бүртгэл, чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэл, хүртээмжийн асуудалд онцгойлон анхаарч, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийг дэмжих талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний санхүүжилт, даатгалын тогтолцооны шинэчлэл, салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, эмч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, цаашид авах арга хэмжээний талаар төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 87 дугаар тогтоолын хүрээнд боловсруулагдаж буй “Уламжлалт анагаах ухааны тухай” анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын талаар хэлэлцэж, салбарын төлөөллүүдээс санал авч нэгтгэн боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Чуулганы төгсгөлд уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээ, инновацыг дэмжих, эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан тус чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Олон улсын тэмцээнийг манай улс анх удаа зохион байгууллаа. Тэмцээнд Монгол, Япон, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казакстан, БНСУ, БНХАУ, ОХУ-ын 52 тамирчин оролцов. Тэмцээн Улаанбаатар хотод хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцож зохион байгуулагчид, баг тамирчид, салбарынханд баяр хүргэж, үг хэллээ.
Монгол Улсад дрон технологийг уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, онцгой байдал, дэд бүтцийн хяналт, хүргэлтийн үйлчилгээ зэрэг бодит хэрэгцээтэй салбаруудаас эхлэн үе шаттай нэвтрүүлэх нь зүйтэй. Туршилтаар батлагдсан, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй шийдлүүдийг төр бодлогоор дэмжиж, хувийн хэвшил хөрөнгө оруулалтаар тэлэх ёстойг хэллээ. Энэ салбар бол ирээдүйн залуучуудын салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Дрон инженерчлэл, кодчилол, нислэгийн удирдлага, дата боловсруулалт, хиймэл оюун, геомэдээллийн систем зэрэг шинэ ур чадварууд Монголын залуучуудад дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нээж байна гэв.

Дэлхийн дроны зах зээл ихээхэн тэлж, ирээдүйд дэлхийн эдийн засаг, технологийн салбарт хөрөнгө оруулалтаараа түүчээлэх нь тодорхой байна. Манай улс техник, технологийн энэхүү хурдтай хөгжлийг цаг алдалгүй нэвтрүүлэх асуудлыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Цахим үндэстэн болох зорилтууддаа тусган, өндөр технологийг нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд анхаарч байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны нэг чиглэл нь нисэгчгүй нисэх хэрэгслийн хэрэглээ, хөгжүүлэлт, ашиглалтыг нэмэгдүүлэх явдал юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Тамирчин залуусын хувьд Олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаагаа илэрхийлж байв. Манай улс Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын тэмцээнийг энэ жилийн нэгдүгээр сард албан ёсоор спорт хэмээн бүртгэсэн байна.
Монгол орон өргөн уудам газар нутагтай, хүн амын суурьшил харьцангуй сийрэг, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр логистик, онцгой байдал, байгаль орчны хяналт зэрэг салбар алслагдсан орон зайд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь нисгэгчгүй технологийг бодитоор нэвтрүүлэх маш том боломж болдог байна. Дрон технологи нь хүний амь нас аврах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг маш олон салбарт амжилттай нэвтэрч хурдтай хөгжиж байгаа юм.

Монголын дрон нисгэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга И.Наранбаатар хэлэхдээ, Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын “DRONECON 2026” олон улсын тэмцээн нь зөвхөн шилдэг жолоодогч тамирчдыг тодруулаад зогсохгүй, орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах, Монгол залуусын техникийн сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадварыг дэлхийн түвшинд гаргах, олон улсын баг тамирчдын мэдлэг, туршлагыг харилцан солилцох чухал талбар болсон гэв.






Уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр, логистик, бүсчилсэн хөгжил, гамшгийн менежмент болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэх, Монголын талын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн тусгай бүсүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Шадар сайд Н.Номтойбаяр Хөшигийн хөндийн эдийн засгийн тусгай бүс, Хархорум хотын бүтээн байгуулалт, орон сууц, дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэлийн төслүүдэд БНТУ-ын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, гамшгийн удирдлага, аврах ажиллагааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ илэрхийлэв.


























