Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. “Ингэснээр Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.
“Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг “Чингис” бондын сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна.
Мөн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр “Самурай” бондын 223 сая ам.долларын өрийг бүрэн төлөхөд бэлэн болсныг Ерөнхий сайд мэдэгдлээ.

“Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаачтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монгол Улсын хөгжил эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо, санаачилгаас шууд хамаарна гэдгийг Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн 30 жилийн хийгээд өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, хөгжлийн цаашдын зорилтуудыг танилцуулав.

Монгол Улс хэрэглээ, халамжийн эдийн засгаас үйлдвэрлэл, мэдлэгийн эдийн засагт шилжиж, эрэлт хэрэгцээ, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнд суурилсан төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөгжлийн загварыг бий болгох шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь УИХ-аас баталсан “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх зорилготой цогц бодлого юм. Боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, хот хөдөөгийн сэргэлт, төрийн бүтээмжийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачдад тулгуурлаж, тэднийг идэвхтэй оролцуулна.

Монгол Улсын Засгийн газар ойрын 10 жилд эдийн засгийн хөгжлийг хурдасгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл нь шинжлэх ухаан, мэдээлэл технологи, инновацын салбар хэмээн онцгой ач холбогдол өгч, бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана. Эрдэмтэн, судлаачдын шинэлэг инновац, ноу хау, эрдэм шинжилгээний бүтээлийг төр зүгээр авч ашиглахгүй, шаардлагатай бол худалдаж авдаг жишигт шилжинэ. Ялангуяа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх 90 орчим томоохон төсөл, хөтөлбөрийг шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд нийцүүлж хэрэгжүүлнэ” гэлээ.

Мөн энэ удаагийн уулзалт, салбар хэлэлцүүлгүүдийн үр дүнд шинжлэх ухааны салбарт дутагдаж байгаа хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт татах боломж, оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар нэгдсэн шийдэл гаргахыг Ерөнхий сайд тус салбарынхнаас хүсээд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эдгээрийг хэлэлцүүлэхээ илэрхийллээ.

Шилдэг бүтээлд хоёр жил тутамд олгодог Үндэсний инновацын шагналыг энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар гардуулан өгөв. “Шилдэг инновацын бүтээгдэхүүн” төрөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Төвөөс зугатах хүчний шахуурга” бүтээлд олголоо. Тус бүтээл нь Mонгол инженерүүдийн олон жилийн инженерчлэлийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон бөгөөд баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр шатлалын бөмбөлөгт тээрмийн импортын шахуургуудыг бүрэн орлож,ашиглалтын хугацааг 2,7 дахин уртасган, үйлдвэрлэлийн зардлыг бууруулснаас гадна металл авалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлж 2021 онд 88 хувьд хүргэсэн бүтээл аж.  “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” төрөлд “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн “Зэв дижитал музей”  бүтээлийг шалгаруулжээ. Энэ бүтээл нь орчин үеийн дэвшилтэт технологи болох VR /virtual reality/, АR /augmented reality/ технологийг ашиглан Монголын түүх, соёл өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, амьдралыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд суурь болох  соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм.

Өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны салбарын 71 байгууллагад 5085 эрдэмтэн, судлаач ажиллаж байна. 1993-2021 оны байдлаар эрдэмтэн, судлаачдын 4244 төсөлд төрөөс 178,6 тэрбум төгрөг зарцуулжээ.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр боллоо. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хурлыг нээж үг хэллээ.
Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийгдсэн ажлууд багагүй үр дүнтэй байсан боловч ус, хөрсний бохирдол, хог хаягдлын менежментийн асуудлуудад шийдэл хэрэгтэй байсаар байна. Үндсэндээ Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд агаар, орчны бохирдол байсаар байгаа нь төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, нэгдсэн төлөвлөлтгүй байгаатай холбоотой. Тухайлбал, 2013 оны эцсийн байдлаар нийслэлд уламжлалт монгол гэрт 345 мянган хүн амьдарч байсан бол энэ оны эхэнд 324 мянган хүн амьдарч байгаа тухай тоо статистик нь бид найман жилийн хугацаанд монгол гэрт амьдарч буй иргэдийн тоог ердөө 21 мянгаар бууруулсан дүр зурагтай байна. Цаашид гаднах шинж тэмдгийг бууруулахын төлөө биш, асуудлын уг сурвалжийг арилгахаар тооцож ажил хэргээ зохион байгуулах шаардлагатай. Мэдээж агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хувьд нэг, хоёр жилийн дотор үр дүн гаргахад амаргүй. Гэхдээ холбогдох байгууллагууд уялдаа, холбоо, хамтын ажиллагаагаа сайжруулж, нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллавал, бодит үр дүнг 3-5 жилийн дотор гаргах боломж бий гэж тэрбээр хэллээ.

Агаар, хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэр болоод байгаа аймгийн төв, нийслэлийн гэр хорооллын өрхийн механик өсөлтийг багасгах, бохирдлын эх үүсвэрийг цөөлөх, дэд бүтцэд холбох, шаардлагатай нэгж талбаруудад дахин төлөвлөлт хийж барилгажуулах, иргэдийг орон сууцжуулах нь үндсэн зорилт байх хэрэгтэй гэдгийг онцлов.
Нэгэнт үүссэн бохирдлоос үүдэлтэй тулгамдсан асуудлуудын талаар хийгдсэн мэргэжлийн түвшний судалгаа шинжилгээ, тооцооллыг нэгтгэж, шалгуур үзүүлэлтийг хангахуйц оновчтой арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч буй. Иймд Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж дүгнэн, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Үндэсний хорооны даргын тушаалаар таван дэд Ажлын хэсгийг өнгөрсөн сард  байгуулсан. Эдгээр таван дэд ажлын хэсэг агаар, хөрс, ус, хог хаягдлын талаар тулгамдаж буй асуудлыг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгаа дүгнэлтийг үндэслэн шинэчлэн тодорхойлж, шийдлүүдийг боловсруулж богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа 2023 оны нэгдүгээр сард эцэслэн гаргах шаардлагатайг ЗГХЭГ-ын дарга үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, орон нутаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг хөтөлбөрийн хүрээнд сайн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үр ашгийг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр гурван томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Хүрсэн үр дүнг цаашид үргэлжлүүлэх талаар оролцогч байгууллагуудын төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ нэгтгэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлсэн “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл гэхэд өнгөрсөн хугацаанд сайн засаглал, төвлөрлийг сааруулах зарчим, төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой, тодорхой хуваарилах асуудлыг холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгуулах чиглэлээр үр дүнтэй ажилласан байна. Орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлд томоохон ахиц гарсан. Тиймээс уг хөтөлбөрийг цаашид урт хугацаанд үргэлжлүүлэх том шинэчлэлийн эхлэл гэдэгт оролцогч талууд санал нэгдэж байв.

Үүнээс гадна Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд ХЗДХЯ-тай хамтран “Иргэдийн оролцоо”, НЗДТГ, Азийн сантай хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Манай улсын хувьд орон нутгийн хөгжлийн асуудлаар иргэдтэй зөвлөлддөг боловч ардчилсан шийдвэр гаргах үйл явц хязгаарлагдмал байсан. Мөн нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний улмаас гэр хороолол тэлж, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүргэх асуудал нийслэлийн удирдлагуудын хувьд тулгамдсан асуудал болсон. Эдгээр хүндрэлийг шийдвэрлэхийн тулд уг хөтөлбөрөөр дамжуулж дэмжлэг үзүүлж, талууд амжилттай хамтран ажилласан гэдгийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр, “Хөтөлбөрийн эхний үе шат буюу 2012-2015 онд хүрсэн үр дүн болох “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэн, өргөжүүлснээр бизнес эрхлэгчид болон иргэдэд үр өгөөжөө өгсөн. Үүний адилаар 2015 оноос хойш буюу хөтөлбөрийн 2, 3 дахь үе шатанд бий болсон чухал үр дүнг хамтрагч байгууллагууд цааш өргөжүүлж, тогтвортой байдлыг хангана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн талаар Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри өөрийн улсын болон олон улсын сайн туршлага, техник туслалцаа үзүүлэх зэргээр хөтөлбөрийн гурван үе шатанд нийт 17 сая швейцар франкийн дэмжлэгийг үзүүлсэн. Монголын талын хамтрагч байгууллагууд болон Азийн сангаас өнгөрсөн хугацаанд тодорхой санхүүжилтийг гаргаж, хамтран үр дүнтэй ажилласан гэдгийг тэмдэглэлээ.

Улс тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2022” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Батдорж нар оролцлоо.

16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргээд “Та бүхэн Монгол Улсын иргэн хэмээх Үндсэн хуулиар хамгаалагдсан бүрэн эрх, эрх чөлөө ба ёсчлон биелүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн нийгмийн бие даасан гишүүн болж байна. Тиймээс Монгол Улсын бодит нөхцөл байдлыг танилцуулж, цаашдын хөгжилд иргэн та хэрхэн оролцох талаар ярилцъя” гэв.

Ерөнхий сайд хүүхэд, залууст Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцууллаа. “Эцэг өвгөдийнхөө баталгаажуулж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг дараагийн үедээ үнэ цэнтэйгээр хүлээлгэн өгөх үүргийг бидний үе хамтдаа үүрэх цаг хугацаа эхэлж байна” хэмээв. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого” -ын хүрээнд хэрэгжүүлж буй мега төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатайг  дурдаад “Та бүхэн 1-2 жилийн дараа мэргэжлээ сонгох гэж байна. Мэргэжил сонголтоо бодитоор тооцож хийх нь Та бүхэнд төдийгүй Монгол Улсын ирээдүйд нэн чухал” гэж захилаа.

Үе тэнгийнхнээ төлөөлж  нийслэлийн ерөнхий боловсролын 108 дугаар сургуулийн сурагч Ш.Номинжин, “Тэмүүжин өрлөг” сургуулийн сурагч Ө.Анхбаяр нар үг хэлж,  үндэсний бичгээ эрхэмлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг үеийнхэндээ уриаллаа.

16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 44331 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын ивээл дор тус улсад мөн зохион байгуулжээ.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан энэ сарын 23-25-нд Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдав.
Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн даргаД.Амарбаясгалан, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар ахалж, хоёр улсын яам, байгууллагын албаны төлөөлөл оролцов.
Хуралдааны үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэхэд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэгтэйг тэмдэглэж, ээлжит VI хуралдаанаар хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бэхжүүлэн хөгжүүлэх,Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалт, ноу-хау, техник технологийг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах талаар тодорхой санал солилцов.
Мөн БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж ажиллах талаар ярилцав. Солонгосын тал Монгол Улсад хэрэгжүүлж буй зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх, явцыг эрчимжүүлэх хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааны талаар зөвлөлдөх хоёр талын уулзалтыг тогтмол зохион байгуулахыг санал болгов.
Монгол Улс, БНСУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэйг талууд тэмдэглэж, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх стратегийн яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх талаар санал нэгдэв.


Хуралдааны үеэр Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын хүрээнд БНСУ-ын ухаалаг хот байгуулсан туршлагыг судлах чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх,Солонгосын “K-City Network” төсөл хөтөлбөрийг “Шинэ Зуунмод” хотод хэрэгжүүлэх, Алтанбулагийн тээвэр, логистикийн төв байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн дараагийн шатанд Алтанбулагийн тээвэр, логистикийн төвийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцов.
Солонгосын тал газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо нотолж,“Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах, газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллах хамтарсан Ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.
Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээрболов. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Бизнес Форум, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулан бизнес, аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд дэмжиж ажиллахаар болов.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлаж, ирэх он жилд гадаадын нэг сая жуулчин авах зорилт тавин ажиллаж буйтай холбогдуулан олон улсын жишиг стандартад нийцсэн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх,хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх,бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, маркетинг сурталчилгааны чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.  Солонгосын тал Монгол Улсыг БНСУ-д сурталчлан таниулах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд Сөүл хотноо байгуулагдсан Монголын Аялал жуулчлалын төв чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.


Мөн энэ хүрээнд хоёр улсын хооронд нислэг үйлдэх агаарын тээврийн үйл ажиллагааг дэмжих, Улаанбаатар-Инчоны чиглэлд “Аэромонголиа” ХХК-д зорчигч тээврийн хуваарьт нислэг үйлдэж эхлүүлэхээр тохиролцож,карго тээврийг эрчимжүүлэхээр тогтов.
Монгол, Солонгосын иргэдийн солилцоог өргөжүүлэх хүрээнд соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд, залуучуудын хөгжил, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах талаар ярилцав. Мөн БНСУ-д оршин суугаа манай иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хоёр улс харилцан адил байх зарчмын дагуу иргэд зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх, эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд визийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд талууд онцгойлон анхаарч ажиллахаар болов.
Хуралдааны хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Солонгосын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн Сун Хёг Сан нартай тус тус уулзаж, БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц байдлыг дүгнэж, цаашид хүний нөөцийг чадавхжуулах, Мэдлэг хуваалцах хөтөлбөрийн хүрээнд төрийн албаны шинэчлэл, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
Түүнчлэн, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, солонгосын тал манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг цаашид ч дэмжиж ажиллахаа нотлов.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 километр  төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо.
Энэ  оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг төмөр замыг богино хугацаанд  ашиглалтад оруулах үүрэг өгч байсан юм. Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр  найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн боллоо. Төмөр замын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
Тэрбээр “Улс орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км  төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууслаа. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандлын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусаж болдгийг өнөөдөр хамтдаа харлаа. Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан  бол өнөөдөр Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй” гэдгийг онцоллоо.


Мөн Ерөнхий сайд өнөөдөр монголчууд бид ажил эхлүүлж,  богино хугацаанд бүрэн дуусгаж чаддаг гэдгээ олон улсад нотлон харуулж чадлаа. Энэ бүтээн байгуулалт Монгол Улсыг олон талаар эергээр ойлгуулж, хөрөнгө оруулалтын орчинд томоохон нөлөөлөл үзүүлнэ  гэдгийг тэмдэглээд,  бүтээн байгуулалтад оролцсон үндэсний аж ахуй нэгжүүд, инженер техникийн ажилчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, оюутан залуучууд, нутгийн иргэдэд талархал илэрхийллээ.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна.  Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байна.
Төмөр замын шинэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ.
Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үйл ажиллагаанд оролцсоны дараа төмөр замын хилийн холбох хэсэг болон ачаа тээврийн терминалын ажилтай танилцлаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн нарийн царигийн гарцтай  болсноороо онцлог юм. Ингэснээр БНХАУ-ын Мандал боомттой шууд холбогдох боломжтой болжээ.
Тус  төмөр зам нь 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, гуравдугаар зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам юм. Тус бүтээн байгуулалтыг  төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэл хийж  гүйцэтгэжээ.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Дэчингунгаагийн Доржготов нарт хүртээлээ.
Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, өмнө нь уг одонг гардсан эрхмүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулж Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Чингис хааны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Эзэн богд Чингис хаан бол нийт монголчуудын эв нэгдлийн тулгуур, үндэстний шүтээн гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Хэнтий аймаг Их эзэн Чингис хааны өлгий нутаг учраас Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласан. Ингэснээр Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлал хөгжиж, тус аймаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх боломжтой гэлээ.


“Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ойг тохиолдуулж, Их хааны мэндэлсэн нутаг Хэнтий аймгийн Дадал суманд олон улсын жишигт нийцсэн “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлж буйг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалт өрнүүлж, Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудыг авто замаар холбох, зүүн бүсийн транзит тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Одоогоос 60 жилийн өмнө, 1962 онд төр, нийгмийн зүтгэлтэн Дарамын Төмөр-Очирын санаачилга, уран барималч Лувсанцэрэнгийн Махбалын загвар, удирдлагаар Чингис хааны гэрэлт хөшөөг бүтээж байжээ.

Монгол Улсын  урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу Монгол Улсын Засгийн газраас Төрийн бүтээмжийн Үндэсний хороог байгуулсан. Тус хороо анхдугаар хуралдаанаа хийж, төрийн байгууллагын бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ. “Шинэ сэргэлтийн бодлого” дахь Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд цахим технологид суурилсан иргэн төвтэй төрийн байгууллага байгуулах тухай тодорхой заасан байдаг. Энэ дагуу тус үндэсний хороо иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод төрийн албыг төлөвшүүлэх шаардлагатай байгааг Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тодотголоо.

Цар тахлаас шалтгаалж иргэд амьдралын шинэ хэв маягт аль хэдийн шилжсэн учраас түүнд тохирсон засаглалын хэв маягийг бий болгох шаардлага үүссэн талаар Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны ажлын албанаас танилцуулав. Тухайлбал, төрийн байгууллага хүн төвтэй үйлчилгээ үзүүлэх, цахим шилжилт хийх, датанд суурилсан шийдвэр гаргаж, уян хатан ажиллах ёстой гэдгийг онцлов. Цахим хөгжлийн сайд Н.Учрал цахим шилжилтийн үйл явц нь иргэдийн цаг завыг хэмнэх зэргээр амьдралын чанарт нөлөөлдөг. Тиймээс Засгийн газраас цахим шилжилтийг идэвхтэй хийж байгаа талаар танилцуулгадаа дурдлаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигын төсөөллийн индексийг урагшлуулахад нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулах, хоёрдугаарт, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох нь хамгийн чухал байгааг илэрхийлэв.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулийн дагуу төрийн давхардсан хяналт шалгалтыг бууруулах зорилгоор мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбар яамд руу шилжүүлэх болон Засгийн газар дэргэдээ дотоод хяналт шалгалтын газар байгуулахаар болоод байна.  Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар төрийн байгууллага давхардсан хяналт шалгалтаар иргэн, аж ахуй нэгждээ дарамт учруулдаг байдлыг зогсооно. Харин Засгийн газар дотоод хяналт шалгалтын газартай болсноор төрийн алба цомхон бөгөөд ур чадвартай, ёс зүйтэй байх тогтолцоог бүрдүүлэх  юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.