Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа уул уурхайн бус экспортын салбарынхантай хийлээ.
Уулзалтад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, гоо сайхан, эм, эмийн бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, банк бус, судалгаа, маркетингийн салбарын төлөөлөл оролцлоо.
Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0,5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна. Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Үүнд самнаагүй болон самнасан үс, хялгас, самар, лаазалсан махан бүтээгдэхүүн, өлөн, сүлжмэл гадуур болон дотуур хувцас, адууны мах, хөнгөн цагаан бусад багтаж байна.
Уул уурхайн бус экспортын салбарын нийт экспортод эзлэх хувь өнөөдөр бага байгаа ч нөөц боломж, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр их гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, төлбөрийн тэнцлийг үүнд дурдаж болно. Экспорт нэмэгдвэл төлбөрийн тэнцэл ашигтай гарна. Ингэснээр улсын валютын нөөц нэмэгдэж, төлбөрийн чадвар сайжирна. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 7.3 дахин өссөн үзүүлэлт юм. Бид хамтран ажилласнаар үүнийг цаашид нэмэх боломжтой гэв.
Монгол Улсын Засгийн газраас гадаад худалдааг цахим, хүнд сурталгүй, оновчтой болгох, шинэ боломжуудыг нээх зорилго тавьж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тухайлбал, бараа бүтээгдэхүүнийг экспортлоход бичиг баримтын бүрдүүлэлт, хил дээрх үйл ажиллагаанд 302 цаг зарцуулж байгааг 16 дахин багасгахаар ажиллаж байна. Үүнээс гадна үйлчилгээний худалдааг хөгжүүлэх үүн дотор аялал жуулчлалыг үйлчилгээний экспортын тэргүүлэх салбар болгох, экспортыг төрөлжүүлэх, боловсруулалтыг нэг шат ахиулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зэрэг чиглэлийг гадаад худалдааны бодлогод баримтлан ажиллаж байна.


Уул уурхайн бус экспортын салбарынхан ч Засгийн газрын бодлоготой олон зүйл дээр санал нийлж байв. Тухайлбал,
“Астра Рүүт” ХХК-ийн захирал Л.Энхбат: Хунчир, дэрвэгэр жиргэрүү, чихэр өвс гэсэн гурван төрлийн эмийн ургамал тарьж, экспортолдог.  Эмийн ургамлын экспорт ойрын 5-10 жилд ноолуурын экспортыг давах шинжтэй. Эмийн ургамал тарималжуулсан бүтээгдэхүүний хувьд нь тэмдэгтийн татвар төлдөг. Эмийн ургамлыг эрүүл мэнд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэгэн адил НӨАТ-аас  чөлөөлөх хэрэгтэй байна.
АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: Экспортод бид бэлэн биш байна. Брэнд хөгжүүлэлтийг бодлогоор дэмжээд өгье. Олон улсын томоохон үзэсгэлэнд брэнд хөгжүүлэгчдийг дэмжиж оролцуулмаар байна. Мөн реэкспортыг татвараар дэмжих шаардлагатай. Шингэн хүнсний экспортын хувьд ОХУ, Япон зэрэг том зах зээл байна. Бид дэлхийтэй өрсөлдөж байгаа учир гаалийн татварын дэмжлэг мөн хэрэгтэй байна.
Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: Монголын ноолуурын экспорт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Дэлхийн том брэндүүд өмнө нь БНХАУ-аас ноолуур авдаг байсан бол ковидтой холбоотойгоор Монголоос авч эхлээд байна. Хамгийн сүүлд гэхэд Италийн хоёр том брэнд Монголын ноолуурын салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. Энэ эрэлт, сонирхлыг хангахад тогтвортой бодлого, зээлийн хүртээмж, хугацааг нэмэх хэрэгтэй байна.

“Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан: 2019 онд Монгол Улс 577 мянган жуулчин авсан. 2023 онд дэлхийд анх удаагаа ковидын өмнөхөөс давсан жуулчин авч чадсан улс магадгүй дэлхийд ганцхан Монгол болохоор байна. Энэ бол маш том дэвшил. Япон Улс 2019 онд 32 сая жуулчин авсан. Энэ үзүүлэлтдээ 2025, 2026 онд л хүрч магадгүй гэсэн таамаг байна.
Энэ хоёр жил гаруйн хугацаанд Засгийн газар аялал жуулчлалын салбарт маш том дэвшил гаргалаа. Монголд ирсэн худалдан авагчдын худалдан авалт бол бидний хувьд маш том экспорт байдаг. Энэ жил бид маш сайн бэлтгэлтэй байх ёстой. Засгийн газар яг үүнтэй ижил ноолуурын салбарт ч дэвшил гаргана гэж найдаж байна.
“Глобал Номадик Продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бат-Эрдэнэ: Манайх Архангай аймгийн гурван суманд үйлдвэрлэлээ явуулж, АНУ, Япон зэрэг улсад бүтээгдэхүүнээ гаргадаг. Хамгийн том асуудал хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин болоод байна. Түүнчлэн малын эрүүл мэнд, бүртгэлжүүлэлтэд анхаарах хэрэгтэй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны улсын төсвийг батлахаас өмнө уул уурхайн бус экспортын салбарын эрх зүйн орчныг тодорхой болгох санал гаргалаа. Мөн уул уурхайн бус экпсортын тэргүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг тодорхойлж, дунд хугацааны хөтөлбөр боловсруулан ажиллах нь зүйтэй гээд салбарынхныг хамтран ажиллахыг хүслээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллага шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг нэвтрүүлэх, чадавхжуулах зорилготой “Хүний эрхийн манлайлагч-Төлөөлөгч”  сургалтын III хэсгийг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэл болон 9 дүүргийн ИТХ-ын 30 төлөөлөгчийн хамтаар 2023 оны дөрөвдүгээр сарын 6-7 -ны өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Сургалтын I хэсэгт оролцогчдод Хүний эрхийн боловсролыг 3 өдрийн турш олгож, сургалтын төгсгөлд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хүний эрхийн боловсрол олгох замаар төсөл хэрэгжүүлж, иргэдийн санаа бодлыг нээлттэй сонсож, хүний эрхийн асуудлаарх өргөдөл, гомдлыг шийдвэрлэх багаар ажиллах даалгаврыг гүйцэтгэх ажлыг даалгажээ.

Сургалтын II хэсэгт Хүний эрхийн манлайлагч – төлөөлөгч сургалтад оролцогчдыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзаж, хүний эрхийг хангах чиглэлээр Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, мөн багуудад гүйцэтгэх даалгаврын талаар сургалтын багаас чиглүүлж ажилласан нь эерэг үр дүнтэй байв.

Сургалтын III хэсэгт “Цахим орчинд хүний эрхийг хүндэтгэх нь” сэдвээр Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамир, “Хувийн манлайллын төлөвлөгөө” сэдвээр “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа, “Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо: Монгол Улсын хамтын ажиллагаа” сэдвээр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл нар сургалт орлоо. Мөн тус сургалтын бодлогын зочноор Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан оролцож санал солилцлоо.

Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтад “Хөгжих эрхийг биелүүлэх нь: Нийгэм, эдийн засгийн асуудал” сэдвээр Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож, “Хүний эрхийн индексийн ач холбогдол”, “Хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөх нь” зэрэг сэдвүүдээр Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан нар тус тус сургалт орохоос гадна оролцогчдын дунд Хүний эрхийн асуудлаар мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан нь онцгой байлаа.

Оролцогчдын тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг нийтийн сонсгол хийсэн байдал, шинэ төсөл санаачилж үр дүнтэй хэрэгжүүлсэн байдал, гомдол шийдвэрлэсэн байдлаар оноо өгч дүгнэхэд Налайх дүүргийн баг тэргүүлэн, удаах байрыг Чингэлтэй дүүрэг, гутгаар байрыг Баянзүрх дүүрэг эзэлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга талархал, дурсгалын зүйлээр шагнав. Сургалтын эцэст бүх оролцогч “Сургалтад хамрагдсан гэрчилгээ” гардан авлаа.

 

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл, эрх зүйн орчны ойлгомжгүй байдал, оновчгүй зохицуулалт зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлын талаарх саналаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ирүүлж хамтран ажиллахыг хүсэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх мэдлийн зааг, ялгааг оновчтой тодорхойлж, оролцоог зохистой хангасан, иргэдээ сонсдог, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг тогтолцоог бүрдүүлэх, “хувийн хэвшлийн хөгжлийг дэмжсэн цомхон бөгөөд үр ашигтай, үр нөлөөтэй бүтэц, зохион байгуулалтыг төрийн байгууллагуудын бүх түвшинд нэвтрүүлэх”, “Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх”, “төрөөс олгох зөвшөөрлийн тоог цөөлж, олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх” зэрэг олон зорилт дэвшүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж буй. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдээс санал авч буй юм.
Саналаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт албан тоотоор, info@ags.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 51262046 тоот дугаараас лавлаж болно.

 

 

 

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагааг хэрэгжүүлж буй. Иргэдийн мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах, “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтлоо.
·      Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар, тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн мэдээлэл;
·      Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт;
·      Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, албаны цахим шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл;
·      Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт;
Эдгээр мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад 2023 оны зургадугаар сарын 1-ний дотор хүргүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Засгийн газрын тусгай сангийн удирдлага, захирал нарт тус тус даалгалаа.
Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээллийг нэгтгэн үр дүнг 2023 оны зургадугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц нэмэгдэж, тогтвортой хадгалагдахад боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө
 
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдлээ. Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. Тухайлбал, 2023 оны эхний гурван сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортоор гарч, 2019 оны мөн үеэс 2.5 сая тонноор, өмнөх оны мөн үеэс 10 сая тонноор тус тус өслөө гэж сайд мэдээллээ.
Мөн бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээ гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэнээр мэдээллийн ил тод байдал хангагдаж, АМНАТ-ийн тайлагналт, орлого нэмэгдлээ. Түүнчлэн уул уурхайн цахим арилжааны бирж 2023 оноос ажиллаж эхэлснээр нийт 800 мянган тонн нүүрсийг дуудлага худалдаагаар борлуулаад байна. Цаашид экспортын үйл ажиллагааг сааталгүй үргэлжлүүлэх, хилийн нэвтрүүлэх чадварыг тогтвортой хадгалах, зохион байгуулалтыг оновчтой удирдах, экспортолж буй баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тулгамдаж буй асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
 
Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын үүрэг оролцоог чухалчилна
“Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан авах Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
“Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэрийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Боомтын сэргэлтийн зургаан бодлогын дэд зорилтыг дэвшүүлж, эдийн засгийг богино хугацаанд сэргээх мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын үүрэг оролцоог чухалчлах, хувь нэмрийг тодотгох, төр шинжлэх ухаан-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурласан гарц шийдлийг тодорхойлох зорилготой юм.

Тухайлбал, Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд шинэ бүтээгдэхүүний технологи, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг баяжуулах, боловсруулах технологи бий болгох, байгалийн хийн хоолой барих бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн, хангамжийг сайжруулах төслүүдийн технологи, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах чиглэлээр дотоодын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдээр гүйцэтгүүлэх боломжтой ажлын жагсаалт гаргаж танилцуулахыг даалгажээ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Хуулийн төсөл соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэмэгдэнэ.  Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээхтэй холбоотой үе шат бүрд бүртгэл, мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар сайжирч, гадаад зах зээлд өрсөлдөх боломж бүрдэн, ажлын байр нэмэгдэж, Монгол хүний шавхагдашгүй баялаг оюуны бүтээлийг сурталчлах, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлэх юм.

Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа
Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа.
Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгалаа.
 
         Товч мэдээ
·      Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө) соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2023 оны зургадугаар сарын 26-29-нд зохион байгуулна. Швейцарь Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төв болон Эдийн засаг, хөгжлийн яам хооронд Солилцох захидал болон Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд уг төслүүдэд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ оны нэгдүгээр сард хийсэн уулзалтаас хойш хоёр улсын хооронд яриа, хэлэлцээ эрчимтэй өрнөж байгаад талархалтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Уулзалтаар соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, нийтийн тээвэр, сансар судлал зэрэг салбарын хамтарсан төсөл, хөтөлбөрийн талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд тус компани дахь охин компаниудын бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийнэ. Өнөөдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллалаа. 2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлээд байна. Энэ шинэчлэлээр өөрийн харьяан дахь 39 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсаас хөрөнгө оруулалт татах, менежмент, засаглалын зөв хэлбэр рүү шилжих юм.
Дүрмийн шинэчлэлээр “Эрдэнэс Монгол” ХХК -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар болсон. Энэ хүрээнд хараат бус, мэргэжлийн, чадавхтай боловсон хүчнээр ТУЗ бүрдэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, улс төрөөс хамааралтайгаар шийдвэр гаргадаг бус мэргэжлийн баг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-д орж ажилладаг болно гэдгийг компанийн удирдлагууд тодотголоо.
Засгийн газраас төрийн өмчит компанийн үр ашигт байдлыг анхаарах зарчмыг баримталж байна. Төрийн өмчит компани, Төрийн өмчит үйлдвэрийн газар зэрэг төрийн мэдлийн компаниуд үр ашигтай ажилладаг эсэхээс хамаарч үйл ажиллагаа явуулах эсэх нь шийдэгдэнэ. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяаны охин компаниудын долоог нь татан буулгахаар болсон талаар ЗГХЭГ-ын дарга тодотгов. Мөн ТУЗ-ийн 270 гишүүний тоог 27 хүртэл бууруулах чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн гэдгийг мэдэгдлээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр тус компанийн нүүрс болон зэсийн групп ТУЗ-тэй, бусад охин компаниуд нь ТУЗ-гүй болж байна. ТУЗ нь жилд хоёр тэрбум төгрөгийн зардалтай байдаг бол гишүүдийн тоог багасгаж, цалинг цагаар тооцох системийг хэрэгжүүлснээр 0,5 тэрбум төгрөг болон буурна.

Төрийн албыг үр дүнтэй зохион байгуулж, албан хаагчдыг чадавхжуулах зорилгын хүрээнд БНСУ-ын Койка олон улсын байгууллагаас “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагыг бэхжүүлэх нь” төслийг өнөөдөр эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Д.Баасандорж, КОЙКА-ийн суурин төлөөлөгчийн орлогч И Кансан, Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ болон бусад албаны хүмүүс оролцов.
Төслийн хүрээнд Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, Удирдах ажилтнуудын манлайлал, удирдах чадварыг нэмэгдүүлэх, Төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Гүйцэтгэлийн удирдлагын цахим системийг хөгжүүлэх, ашиглах гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг байх юм.
БНСУ нь төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг олон улсын Инсайз индексийн хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр дэлхийд гуравдугаар байр эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байна. Тиймээс Монгол Улс төрийн албаны үр ашигтай байдлыг нэмэгдүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд тус улсын туршлага, хэрэгжүүлж буй ажлуудаас суралцах нь үр дүнтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцлов.
Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ уг төслийн эцсийн гол үр дүнг Монгол Улсын төрийн алба иргэддээ чанартай үйлчилгээ үзүүлдэг болох юм гэдгийг тодотголоо. Төрийн албыг чадавхжуулах уг төсөл 2025 он хүртэл хэрэгжинэ. Зөвлөх компанийн зүгээс албан хаагчдад сургалт явуулах, сурах бичгүүдээр хангах, зөвлөх үйлчилгээ өгөх, БНСУ-д туршлага судлуулах гэх мэт ажлуудыг төлөвлөжээ. Уг төслийн үр дүнг нийт төрийн  69181 албан хаагч ашиглана гэсэн тооцоо байна. Төсөл амжилттай хэрэгжиж чадсанаар төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээ илүү бодитоор гарч, зохих сайжруулалт хийгдэж чадна гэж үзэж буйгаа албаныхан илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр ‘Өглөөний уулзалт’ хийдэг уламжлалтай. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй “2023 оны сорилтуудыг даван туулах нь” сэдвийн хүрээнд өнөөдөр уулзлаа.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь уулзалтын гол зорилго байв.

“Өглөөний уулзалт”-д Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, “МАК” ХХК-ийн захирал Б.Нямтайшир, “Макс” группийн захирал Д.Ганбаатар, “Саус гоби сэндс” ХХК-ийн захирал А.Далангурван, “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл оролцож сонирхсон асуултдаа хариулт авч, ярилцлаа.

Тус салбарынхны хувьд тулгамдаж буй нийтлэг зургаан бэрхшээл байгааг УУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл танилцуулсан юм. Тухайлбал, хүний нөөцийн хомсдол буюу уртын ээлжийн зохицуулалт, байгаль орчны салбарын баримт бичгийн баталгаажуулалт болон орон нутгийн иргэдийн уул уурхайн талаарх зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл ихээхэн хүндрэл учруулдаг. Мөн тус салбарт түгээмэл ашигладаг химийн болон аюултай ангиллын тэсэлгээний бодис буюу тусгай ачаа барааны хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл хувийн хэвшлийнхэн дунд түгээмэл байгааг хэллээ. АМНАТ-ыг тооцоолох жишиг үнээр олоогүй орлогод татвар ногдуулж буй нь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт төдийгүй төр, хувийн хэвшлийн маргаан болдог байна. Уул уурхайн салбарын дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчний эрэлт, хэрэгцээ уул уурхайн компаниудад их байгааг Эрчим хүчний сайдад хувийн хэвшлийнхэн хэлж байлаа.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар уул уурхайн биржийн үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлснээр гарсан үр дүнг онцолсон бөгөөд уул уурхайн тусгай зөвшөөрөл, ТЭЗҮ, төлөвлөгөө зэрэг төрөөс хамаардаг шат дамжлагуудыг шилэн болгож цахимжуулахаар ажиллаж буй, лицензийн арилжаа наймаа өнгөрсөн хугацаанд хяналтгүй болсныг цэгцэлж, холбогдох хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа зэргийг танилцуулсан юм.

Ерөнхий сайд ганц удаагийн “Өглөөний уулзалт”-аар уул уурхайн салбарын бүх асуудлыг шийдэх боломжгүй,  асуудлаа тал талаас нь ярилцаж дундын шийдвэр гаргах нь дараагийн хүндрэл үүсэхээс сэргийлнэ гэдэг агуулгаар шинэ хандлага бий болгох нь чухал. Уул уурхай бол ухдаг, сүйтгэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа засах шаардлагатай. Цаашид уул уурхайг дангаар нь бус аж үйлдвэржилттэй хамтад нь хөгжүүлэх цаг болсон хэмээн онцолсон юм. Монгол Улсын эдийн засгийн 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын онцлог, өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн цаг үе, геофолитикийн өөрчлөлтийн талаар болон эдгээр хүчин зүйлүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төслүүдийг нийцүүлэх гол онцлог, давуу талыг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн Ашигт малтмалын тухай, Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байгаа энэ үед хувийн хэвшлийнхэн оролцоотой байх хэрэгтэйг онцоллоо. Хууль батлагдсаны дараа шүүмжлэх бус өмнө нь хэлж ярих хэрэгтэй, төрийн байгууллага ч дангаараа хуулийн төслүүдийг боловсруулж “хуурай” хууль гаргахгүй байхыг холбогдох сайд нарт анхаарууллаа.

Уул уурхайн салбарыг цаашдаа олборлолтоос боловсруулалт руу шилжүүлэх бодлогыг Засгийн газар баримталж байгаа учраас салбарынхан хариуцлагатай уул уурхайн суурь зарчмаа баримтлан аж үйлдвэржилт рүү эрчимтэй орохыг өглөөний уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд уриаллаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга нар болон Төрийн өмчит компаниудын удирдлагуудыг тус тусад нь хүлээн авч уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга ‘Шүүр’болон ‘Шилжүүлэн авах ажиллагаа’-г хариуцан ажиллаж байна.
‘Шүүр ажиллагаа’-ны хүрээнд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгож, хэрэгжилтийн тайланг ЗГХЭГ-т 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүргүүлэх чиглэл өгсөн юм. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн алба хуулийн зөрчилгүй байх учиртайг тэмдэглээд төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг Засгийн газар нэгдсэн байдлаар хэрэгжүүлж, төрд шаардлагатай албан хаагчдын судалгааг гарган хэрэгцээт мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байх зарчим баримтлахаа илэрхийллээ.


2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар ‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Тус компанийг олон улсын уул уурхайн компаниудын нэгдэл, группийн хэлбэрээр ажиллуулах зорилгыг баримталж байна. Цаашид бусад төрийн өмчит компаниудыг ч шинэчилнэ гэдгээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзах үеэрээ онцоллоо. Төрийн өмчит компаниудад шаардлагад нийцсэн, ур чадвартай албан хаагчид ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, сонгон шалгаруулалтын нэгдсэн системтэй болох ажлыг Засгийн газраас эхлүүлээд байна.
Засгийн газраас төрийн байгууллагын хүнд суртал, иргэнд үйлчилж буй үйлчилгээний чанар зэрэгт анхаарал хандуулж албан хаагчдаа чадавхжуулах, мэргэшүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн албан хаагч төрд ажиллахдаа нэг удаа шалгалт өгөөд зогсох бус ур чадвар, ёс зүйн шалгалтуудыг үе шаттай өгдөг байх зохицуулалтыг хийнэ гэдгийг онцоллоо.

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эрүүл энхийн манаанд үнэнчээр зүтгэж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэлээ.
Монгол Улс  вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж зорилтот бүлгийн 92 хувь нь II тунд, 53 хувь нь  III тунд, 120 гаруй мянган хүн IV тунд хамрагдлаа. Дэлхий даяар Ковид-19-ын 761 сая тохиолдол бүртгэгдэж, 6.8 сая хүн нас баржээ. “Цар тахлын эсрэг тэмцэлд өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран, өнгөрсөн гурван жилийн хугацаанд өдөр шөнийг ялгалгүй зүтгэж, нас баралтыг олон улсын дунджаас тав дахин бага байлгаж, 40 мянга гаруй хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан цагаан нөмрөгт баатрууддаа Засгийн газрын тэргүүн талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, хүрэх үр дүн болоод Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж, “Алсын хараа-2050” бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого. Хүний хөгжил төвтэй энэхүү бодлогын нэгдүгээрт эрүүл мэнд бий. Тиймээс эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв.


Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сараас эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог орон даяар эхлүүлж, 900 гаруй мянган иргэн хамрагдаад байна. Эрт илрүүлгээр илэрсэн зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн үйлчилгээний бодлогыг чиглүүлж байна. Тухайлбал, эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүд дунд шүдний өвчлөл зонхилж байна. Иймд Засгийн газар 2024 онд “Шүд” төслийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Цаашид дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг, эрт илрүүлэгт хамрагддаг, амьдралын идэвхтэй хэв маягтай,  эрүүл монгол хүнийг бий болгохын төлөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг эрүүл мэндийн салбарынхнаас хүслээ. Цар тахлыг хамтдаа даван туулсан шигээ эрүүл мэндийн суурь асуудлуудыг хамтдаа шийдвэрлэхэд Ерөнхий сайдын хувьд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд дотооддоо олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг авах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эх орныхоо эдийн засгийг босголцоход та бүхний оруулж буй хувь нэмэр юм гэлээ.
Тус арга хэмжээнд  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ болон 21 аймаг, есөн дүүргээс 800 орчим эмч, мэргэжилтэн оролцов.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.