Төрийн албыг үр дүнтэй зохион байгуулж, албан хаагчдыг чадавхжуулах зорилгын хүрээнд БНСУ-ын Койка олон улсын байгууллагаас “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагыг бэхжүүлэх нь” төслийг өнөөдөр эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Д.Баасандорж, КОЙКА-ийн суурин төлөөлөгчийн орлогч И Кансан, Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ болон бусад албаны хүмүүс оролцов.
Төслийн хүрээнд Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, Удирдах ажилтнуудын манлайлал, удирдах чадварыг нэмэгдүүлэх, Төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Гүйцэтгэлийн удирдлагын цахим системийг хөгжүүлэх, ашиглах гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг байх юм.
БНСУ нь төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг олон улсын Инсайз индексийн хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр дэлхийд гуравдугаар байр эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байна. Тиймээс Монгол Улс төрийн албаны үр ашигтай байдлыг нэмэгдүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд тус улсын туршлага, хэрэгжүүлж буй ажлуудаас суралцах нь үр дүнтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцлов.
Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ уг төслийн эцсийн гол үр дүнг Монгол Улсын төрийн алба иргэддээ чанартай үйлчилгээ үзүүлдэг болох юм гэдгийг тодотголоо. Төрийн албыг чадавхжуулах уг төсөл 2025 он хүртэл хэрэгжинэ. Зөвлөх компанийн зүгээс албан хаагчдад сургалт явуулах, сурах бичгүүдээр хангах, зөвлөх үйлчилгээ өгөх, БНСУ-д туршлага судлуулах гэх мэт ажлуудыг төлөвлөжээ. Уг төслийн үр дүнг нийт төрийн  69181 албан хаагч ашиглана гэсэн тооцоо байна. Төсөл амжилттай хэрэгжиж чадсанаар төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээ илүү бодитоор гарч, зохих сайжруулалт хийгдэж чадна гэж үзэж буйгаа албаныхан илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр ‘Өглөөний уулзалт’ хийдэг уламжлалтай. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй “2023 оны сорилтуудыг даван туулах нь” сэдвийн хүрээнд өнөөдөр уулзлаа.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь уулзалтын гол зорилго байв.

“Өглөөний уулзалт”-д Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, “МАК” ХХК-ийн захирал Б.Нямтайшир, “Макс” группийн захирал Д.Ганбаатар, “Саус гоби сэндс” ХХК-ийн захирал А.Далангурван, “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл оролцож сонирхсон асуултдаа хариулт авч, ярилцлаа.

Тус салбарынхны хувьд тулгамдаж буй нийтлэг зургаан бэрхшээл байгааг УУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл танилцуулсан юм. Тухайлбал, хүний нөөцийн хомсдол буюу уртын ээлжийн зохицуулалт, байгаль орчны салбарын баримт бичгийн баталгаажуулалт болон орон нутгийн иргэдийн уул уурхайн талаарх зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл ихээхэн хүндрэл учруулдаг. Мөн тус салбарт түгээмэл ашигладаг химийн болон аюултай ангиллын тэсэлгээний бодис буюу тусгай ачаа барааны хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл хувийн хэвшлийнхэн дунд түгээмэл байгааг хэллээ. АМНАТ-ыг тооцоолох жишиг үнээр олоогүй орлогод татвар ногдуулж буй нь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт төдийгүй төр, хувийн хэвшлийн маргаан болдог байна. Уул уурхайн салбарын дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчний эрэлт, хэрэгцээ уул уурхайн компаниудад их байгааг Эрчим хүчний сайдад хувийн хэвшлийнхэн хэлж байлаа.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар уул уурхайн биржийн үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлснээр гарсан үр дүнг онцолсон бөгөөд уул уурхайн тусгай зөвшөөрөл, ТЭЗҮ, төлөвлөгөө зэрэг төрөөс хамаардаг шат дамжлагуудыг шилэн болгож цахимжуулахаар ажиллаж буй, лицензийн арилжаа наймаа өнгөрсөн хугацаанд хяналтгүй болсныг цэгцэлж, холбогдох хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа зэргийг танилцуулсан юм.

Ерөнхий сайд ганц удаагийн “Өглөөний уулзалт”-аар уул уурхайн салбарын бүх асуудлыг шийдэх боломжгүй,  асуудлаа тал талаас нь ярилцаж дундын шийдвэр гаргах нь дараагийн хүндрэл үүсэхээс сэргийлнэ гэдэг агуулгаар шинэ хандлага бий болгох нь чухал. Уул уурхай бол ухдаг, сүйтгэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа засах шаардлагатай. Цаашид уул уурхайг дангаар нь бус аж үйлдвэржилттэй хамтад нь хөгжүүлэх цаг болсон хэмээн онцолсон юм. Монгол Улсын эдийн засгийн 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын онцлог, өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн цаг үе, геофолитикийн өөрчлөлтийн талаар болон эдгээр хүчин зүйлүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төслүүдийг нийцүүлэх гол онцлог, давуу талыг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн Ашигт малтмалын тухай, Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байгаа энэ үед хувийн хэвшлийнхэн оролцоотой байх хэрэгтэйг онцоллоо. Хууль батлагдсаны дараа шүүмжлэх бус өмнө нь хэлж ярих хэрэгтэй, төрийн байгууллага ч дангаараа хуулийн төслүүдийг боловсруулж “хуурай” хууль гаргахгүй байхыг холбогдох сайд нарт анхаарууллаа.

Уул уурхайн салбарыг цаашдаа олборлолтоос боловсруулалт руу шилжүүлэх бодлогыг Засгийн газар баримталж байгаа учраас салбарынхан хариуцлагатай уул уурхайн суурь зарчмаа баримтлан аж үйлдвэржилт рүү эрчимтэй орохыг өглөөний уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд уриаллаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга нар болон Төрийн өмчит компаниудын удирдлагуудыг тус тусад нь хүлээн авч уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга ‘Шүүр’болон ‘Шилжүүлэн авах ажиллагаа’-г хариуцан ажиллаж байна.
‘Шүүр ажиллагаа’-ны хүрээнд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгож, хэрэгжилтийн тайланг ЗГХЭГ-т 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүргүүлэх чиглэл өгсөн юм. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн алба хуулийн зөрчилгүй байх учиртайг тэмдэглээд төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг Засгийн газар нэгдсэн байдлаар хэрэгжүүлж, төрд шаардлагатай албан хаагчдын судалгааг гарган хэрэгцээт мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байх зарчим баримтлахаа илэрхийллээ.


2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар ‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Тус компанийг олон улсын уул уурхайн компаниудын нэгдэл, группийн хэлбэрээр ажиллуулах зорилгыг баримталж байна. Цаашид бусад төрийн өмчит компаниудыг ч шинэчилнэ гэдгээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзах үеэрээ онцоллоо. Төрийн өмчит компаниудад шаардлагад нийцсэн, ур чадвартай албан хаагчид ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, сонгон шалгаруулалтын нэгдсэн системтэй болох ажлыг Засгийн газраас эхлүүлээд байна.
Засгийн газраас төрийн байгууллагын хүнд суртал, иргэнд үйлчилж буй үйлчилгээний чанар зэрэгт анхаарал хандуулж албан хаагчдаа чадавхжуулах, мэргэшүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн албан хаагч төрд ажиллахдаа нэг удаа шалгалт өгөөд зогсох бус ур чадвар, ёс зүйн шалгалтуудыг үе шаттай өгдөг байх зохицуулалтыг хийнэ гэдгийг онцоллоо.

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эрүүл энхийн манаанд үнэнчээр зүтгэж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэлээ.
Монгол Улс  вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж зорилтот бүлгийн 92 хувь нь II тунд, 53 хувь нь  III тунд, 120 гаруй мянган хүн IV тунд хамрагдлаа. Дэлхий даяар Ковид-19-ын 761 сая тохиолдол бүртгэгдэж, 6.8 сая хүн нас баржээ. “Цар тахлын эсрэг тэмцэлд өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран, өнгөрсөн гурван жилийн хугацаанд өдөр шөнийг ялгалгүй зүтгэж, нас баралтыг олон улсын дунджаас тав дахин бага байлгаж, 40 мянга гаруй хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан цагаан нөмрөгт баатрууддаа Засгийн газрын тэргүүн талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, хүрэх үр дүн болоод Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж, “Алсын хараа-2050” бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого. Хүний хөгжил төвтэй энэхүү бодлогын нэгдүгээрт эрүүл мэнд бий. Тиймээс эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв.


Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сараас эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог орон даяар эхлүүлж, 900 гаруй мянган иргэн хамрагдаад байна. Эрт илрүүлгээр илэрсэн зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн үйлчилгээний бодлогыг чиглүүлж байна. Тухайлбал, эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүд дунд шүдний өвчлөл зонхилж байна. Иймд Засгийн газар 2024 онд “Шүд” төслийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Цаашид дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг, эрт илрүүлэгт хамрагддаг, амьдралын идэвхтэй хэв маягтай,  эрүүл монгол хүнийг бий болгохын төлөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг эрүүл мэндийн салбарынхнаас хүслээ. Цар тахлыг хамтдаа даван туулсан шигээ эрүүл мэндийн суурь асуудлуудыг хамтдаа шийдвэрлэхэд Ерөнхий сайдын хувьд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд дотооддоо олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг авах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эх орныхоо эдийн засгийг босголцоход та бүхний оруулж буй хувь нэмэр юм гэлээ.
Тус арга хэмжээнд  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ болон 21 аймаг, есөн дүүргээс 800 орчим эмч, мэргэжилтэн оролцов.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн багш, оюутан залуусын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр гарсан санал, хүсэлтийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа.
Цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 2023 онд 1500 болгож, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Мөн оюутнуудыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд 2023 онд хамруулах, төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.


Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг И-Монголиа систем ашиглан олгох, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тоог нэмэгдүүлнэ. Мөн И-Монголиа систем И-студент цонхтой болсон, оюутнуудад төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг энэ цонхоор авах боломжтой боллоо.
 
Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө
УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх 30 гаруй саналыг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байхаар заах саналыг өгөхөөр тогтов. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах замаар жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангах санал гаргалаа гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж ярилаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн дүрэмд нэгдмэл засаглалын зарчим, толгой компанийн дүрэмд нийцүүлэн өөрчлөлт оруулна.
Монгол Улсын Засгийн газраас олон улсын уул уурхайн компаниудыг нэгдэл, группийн хэлбэрээр ажиллуулснаар илүү үр дүнтэй, амжилттай ажилладаг сайн туршлага, чиг хандлагыг нэвтрүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийг группийн зарчмаар ажиллуулахаар шийдвэрлэж бүрэлдэхүүнд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Монголросцветмент” ТӨҮГ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-г нэгтгэн өргөтгөөд буй.
Энэхүү олон улсын чиг хандлагыг хэлбэрийн төдий биш үйл ажиллагаандаа бодит агуулгаар нь хэрэгжүүлэхийн тулд олон улсын групп компанийн сайн засаглалын туршлагыг нэвтрүүлэх, Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан олон улсын зарчмаас Монгол улсын хууль эрхзүй, холбогдох дүрэм журамд нийцүүлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд өөрчлөлтүүдийг үе шаттайгаар оруулах шаардлага байгаа юм.
Компанийн дүрэмд өөрчлөлт орсноор нэгдлийн компаниудын засаглалын тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтэрч, нэгдсэн тогтолцоо сайжирч нэгдлийн үйл ажиллагааны уялдаа сайжирна
Түүнчлэн нэгдлийн хэмжээнд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдүүд үр дүнгийн хариуцлага хүлээдэг, аливаа нөлөөллөөс ангид цэвэр бизнесийн зарчимд суурилсан, мэргэжлийн түвшинд боловсруулагдсан стратеги төлөвлөлттэйгээр ажиллах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хөндлөнгийн аудитаар санхүүгийн хяналт, нягтлан бодох бүртгэл, тайлагналаа хянуулж нэгдлийн нээлттэй ил тод байдал, сайн засаглал бодитойгоор сайжирна гэж үзэж байна

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын нөлөөлөлд өртөж байгаа айл, өрхийн эд хөрөнгө болон иргэнд олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгана


“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн хүрээнд барилга угсралтын ажлын техник хяналтын зардалд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.
Тус төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд туссан болон соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2024 онд бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилгоор төслийн нөлөөлөлд өртөж байгаа шилжин суурьших айл, өрхийн эд хөрөнгийн болон иргэн бүрт олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилт, соёлын өвийг авран хамгаалах ажлын санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгана.
Төслийн нөлөөлөлд өртөж байгаа соёлын өвийг авран хамгаалах ажлыг зохион байгуулахад Соёлын яам мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

Товч мэдээ
·      Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын  тэргүүлэх мэргэжил, эрэлттэй мэргэжлийн чиглэлийг баталлаа. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөрөөр суралцагч элсүүлэх тоо, элсэлтийн босго оноо, зээл олгох суралцагчийн хяналтын тоог тогтооход баримтлах аргачлал баталж мөрдөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгалаа.
·      Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн чавхдаст, нумт, утсан хөгжмийн зэмсэг, дижитал концертын танхимын техник хэрэгсэл, дууны төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах нэг тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай хийлээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гадаад зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, олон улсын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах сэдвээр санал солилцов.
Ерөнхий сайд олон улсын байгууллагаас ажлын гараагаа эхэлж ажлын арга барил, дэг журмыг суралцаж байснаа дурдаад “Шинэ сэргэлт” илтгэл тавилаа. Илтгэлийнхээ эхэнд олон улсын геополитикийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Манай улсын нийт экспортын 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай. Уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгоход Засгийн газар анхаарч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар ярьж, боомтын сэргэлтийн төслүүд эрчимтэй хэрэгжиж буйг онцоллоо. Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусаж зүгшрүүлэх тээвэр эхлүүлсэн. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг найман сарын хугацаанд ашиглалтад оруулсан, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам мөн ашиглалтад орсон зэргийг дурдав.
Монгол дахь олон улсын байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын мэдлэг, туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд олон улсын байгууллагад ажилласан жилийг төрийн албатай дүйцүүлж, тэтгэвэрт тооцуулах хууль эрхзүйн орчныг шийдэх боломжтойг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.


Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн хэрэгжилт, “Шинэ сэргэлтийн бодлогын уялдаа” сэдвээр танилцуулга хийлээ. Цаашид гадаад зээл тусламжаар тэргүүн ээлжинд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдийг санхүүжүүлэх, хоёрдугаарт, хүнсний хангамж аюулгүй байдлын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэдгийг хэлэв.
Олон улсын байгууллагын төлөөллүүд Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацаанд хэрэгжих нь чухал байгааг, хэрэгжилт хяналтад анхаарах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байдлыг хангах, яамдын уялдаа холбоог сайжруулж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх зэрэг санал хэлэв.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны II хуралдааныг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан даргалж, тус хорооны 2022 оны  арван нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 01 тогтоолын хэрэгжилт, Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний санал, Хүний эрхийг хангах арга хэмжээний 2023-2025 оны төлөвлөгөөний төсөл, Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал тайлагнах, илтгэх журмын төсөл хэлэлцэв.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчилж Улсын Их Хуралд хүргүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаанд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төв байгуулах санал илэрхийллээ. Мөн үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлэх, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын III илтгэлийн мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ач холбогдлыг хорооны гишүүд цохон тэмдэглэв. Үүний зэрэгцээ малчдын эрхийн асуудал, дотуур байрны нөхцөл байдал, хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, хүний эрхийг хангахад салбар дундын бодлого, зохицуулалтыг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.

Манай улсад 2001 оноос хойш ХЭҮК-ын үйл ажиллагааг хараат бус байхад анхаарч, өөрийн байртай болгох асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны магадлан итгэмжлэл хариуцсан дэд хороо зэрэг байгууллага удаа дараа зөвлөж байсан юм. Тиймээс НҮБ-ын Парисын зарчмын дагуу хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах баталгааг хангаж, өөрийн байртай болох үндсийг бүрдүүлэн Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороонд 2545 м.кв газрын өмчийн гэрчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилж, Хүний эрхийн Үндэсний Комисст гардуулав.

 

 

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн иргэний нийгмийг төлөөлсөн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр уулзаж, санал солилцлоо.

Оролцогчдын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндэтгэх, хамгаалахад тулгамдсан асуудал, саад бэрхшээлийг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээг хуваалцаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах арга хэмжээний төлөвлөгөөний үр өгөөж, түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдол чухал байгааг онцлов.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бодлогын үр өгөөжтэй байдлыг бүрдүүлэх үүднээс таван жилийн хугацаатай арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөг тал бүрийн оролцоотой биелүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ч хувь нэмэртэй хэмээн тус уулзалтад оролцогчид онцолж байлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО, ТӨРӨЛ, ХЭМЖЭЭ

Тэтгэлгийн зорилго: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулахад оршино.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт хоёр үе шатаас бүрдэнэ:

I шат: Бичиг баримтын бүрдүүлэлт, эссэний үнэлгээ хийгдэнэ.

Үүний тулд тэтгэлэг горилогчид www.shineMyangan.mn цахим хуудас руу нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн, тэтгэлгийн өргөдлийн маягтыг бөглөж холбогдох нотлох баримт болон “Эссэ”-г хавсаргана. Холбогдох мэдээлэл дээрх цахим хуудаст байршсан байгаа:

II шат: Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилогчид нэгдүгээр шатанд ирүүлсэн “Эссэ”-ний агуулгын хүрээнд илтгэл /PPT/ бэлтгэж танилцуулж үнэлгээ авна.

Тэтгэлгийн хэлбэр:

1. Шилдэг суралцагчийн тэтгэлэг

2. Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлэг

3. Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

• Дотоодын сургалтын байгууллагын 50 хүртэлх шилдэг суралцагч тус бүрд 10,000,000.0 (арван сая) хүртэл төгрөгийн тэтгэлэг олгоно.

• Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах суралцах 50 хүртэлх суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

ХОЁР. ТӨРӨЛ ТУС БҮРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА

1. Шилдэг суралцагчийн тэтгэлэг горилогчид тавигдах шаардлага:

• Дотоодын сургалтын байгууллагын 2 ба 3 дугаар дамжааны өдрийн ангид суралцдаг байх;

• Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;

• Суралцагч нь зохих журмын дагуу сургалтын байгууллагад элссэн, боловсролын удирдлагын системд бүртгэгдсэн байх.

2. Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлгийн горилогчид тавигдах шаардлага:

• Олон улсын болон улсын хэмжээний оюутны соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарсан байх;

• Спортын төрлөөр суралцагч нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны спортын наадамд оролцож медальт байрт шалгарсан, эсхүл шатар, даамын төрлөөр “Олон улсын хэмжээний мастер” цол хүртсэн байх.

3. Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлгийн горилогчид тавигдах шаардлага:

• Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан байх;

• IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасан байх.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ, БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Тэтгэлэг горилогчид Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-тай сайтар танилцан, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагаас 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17:30 минут хүртэлх хугацаанд бүртгүүлнэ.

Өргөдөл гаргахдаа:

Тэтгэлэг горилогч нь онлайн өргөдлийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай. Өргөдөлд доорх зүйлсийг хавсаргасан байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

Шилдэг суралцагчийн тэтгэлэг горилогчид:

• 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын үндсэн хөтөлбөрийн 2 ба 3 дугаар дамжааны суралцагч болохыг баталгаажуулсан их, дээд сургууль, коллежийн захирлын эсвэл сургуулийн албан ёсны сургалтын цахим системээс авсан тодорхойлолт;

• Сургалтын байгууллагын албан ёсны сургалтын цахим системээс авсан суралцагчийн сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн дүнгийн тодорхойлолт буюу сургууль, коллежийн захирлын гарын үсэгтэй дүнгийн тодорхойлолт;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлогод миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000 хүртэл үгтэй байх

Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлгийн горилогчид

• Олон улсын болон улсын хэмжээний оюутны соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарсныг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;

• Спортын төрлөөр суралцагч нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны спортын наадамд оролцож медальт байрт шалгарсан, эсхүл шатар, даамын төрлөөр “Олон улсын хэмжээний мастер” цол хүртсэн болохыг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11pt

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000 хүртэл үгтэй байх

Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлгийн горилогчид:

• Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 онд эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсныг нотлох урилга, баталгаат орчуулга;

• Хүчинтэй хугацаа нь дуусгавар болоогүй, хамгийн багадаа IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасныг нотлох албан ёсны гэрчилгээний хуулбар;

• Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулга;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11pt

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000-2,000 үгтэй, монгол, англи хэлний аль нэгийг сонгон бичнэ.

• Тодорхойлох захидал (багш-1, байгууллага-1)

o Таны суралцах арга барил, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллагын тодорхойлолт);

• Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторын хөтөлбөрт хамрагдах тохиолдолд)

ДӨРӨВ. СУДЛАХ ЧИГЛЭЛ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЦАГАЛБАР,АНХААРАХ ЗҮЙЛС

Судлах чиглэлүүд:

Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй болон суралцах иргэдийг түлхүү дэмжинэ.

• “Алсын хараа-2050’, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах барилга, хот байгуулалт, зам тээвэр, уул уурхай, олборлолт, эрчим хүч, цахим хөгжил, мэдээлэл технологи, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологийн чиглэл,

• Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр, эсхүл онцгой байдал, хил, цагдаагийн албаны чиглэл,

Сонгон шалгаруулалтын зохион байгуулалтын хугацаа:

03.23-04.23 ны өдрүүдэд: Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлаж, өргөдөл хүлээн авна;

04.24-04.28-ны өдрүүдэд: Техникийн шалгуурыг хийж, өргөдөл, бичиг баримтийн бүрдлийг шалгана;

05.01-12-ны өдрүүдэд: Эссэний үнэлгээ хийгдэнэ.

05.15-16-ны өдрүүдэд: Эхний шатны сонгон шалгаруулалтын хариу болон дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцох хуваарийг тэтгэлэг горилогч бүрт и-мэйлээр мэдэгдэнэ.

05.17-30-ны өдрүүдэд: Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт зохион байгуулагдана.

06.01-ний 23:00 цагаас өмнө: Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтын хариуг тэтгэлэг горилогч бүрт и-мэйлээр мэдэгдэнэ.

Тэтгэлэг горилогчийн анхаарах зүйлс:

• Тэтгэлгийн сонгон шалгаруулатын зар, тавигдах шаардлагыг бүрэн гүйцэд уншиж танилцах;

• Өргөдлийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн байх;

• Эссэг тэтгэлэг горилогч бүр бичсэн байхаас гадна эссэний агуулгын хүрээнд илтгэл /PPT/ бэлтгэсэн байх шаардлагатай;

• Эссэ бичихдээ өөрийн санаа, үзэл бодолд тулгуурлан бичсэн байх бөгөөд бусдын бүтээл, санааг ашигласан бол эх сурвалжийг дурьдаж, эшлэл татсан байх;

• Тэтгэлгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, өөрийн мэдээллийг санаатайгаар буруу ирүүлсэн нь илэрсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас нэн даруй хасах үндэслэл болохыг анхаарах;

• Хөтөлбөрийн зарлалд дурьдаагүй нэмэлт материал болон цаасан хэлбэрээр ирүүлсэн мэдээлэл, материал хүлээн авахгүй болохыг анхаарах;

• Өргөдлийн маягт болон эссэ нь техникийн хувьд шаардлага хангаагүй бол дараагийн шатны шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Холбоо барих: Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг www.shineMyangan.mn сайт болон Боловсрол, шинжлэх ухааны яамны (51) 263449; 70120939; 75772727 утаснуудаас авах боломжтой.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгийг өнөөдөр МУИС-д зохион байгуулав. Тус өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцож “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын Их сургуулийн ашиглалтад ороод удаагүй байгаа “Багш, оюутны хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг МУИС-ийн захирал Д.Бадарч Ерөнхий сайдад танилцуулсан юм. Мөн төрийн өмчит зургаан их сургуулийн захирал, удирдлагуудтай уулзаж, санал солилцсон.

Оюутнуудтай уулзахдаа Ерөнхий сайд оюутны хөгжлийн талаарх төр засгийн бодлого, ялангуяа,  Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын ач холбогдол, ковидын өмнөх болон дараах гадаад, дотоод хүчин зүйлс, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулаад тэдний өмнө тулгамдаж буй асуудал бүрд чиглэсэн шийдлүүдийн хүрээнд сонирхсон асуултад нь хариулж, илэн далангүй ярилцав.

“Дэлхий даяар 1995 оноос хойш төрсөн Gen Z үеийнхэн буюу шинэ мянганы залуучуудын хандлага, сэтгэхүй, үзэл бодол хувьсан өөрчлөгдсөн энэ цаг үед Монгол Улсын хөгжлийг түүчээлэх, ирээдүйн боловсон хүчин болох залуу үеийнхний хүсэл, сонирхлыг байнга сонсож, тэдний дуу хоолойг төрийн бодлого, үйл ажиллагаандаа тусгахыг зорьдог хэмээн Ерөнхий сайд онцолсон. Тэрбээр, “1980 онд төрсөн залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно” гэсэн юм.

Интернэт, техник, технологийн дэвшлүүдтэй хамт өсөж, торнисон учраас өнөөгийн оюутнууд буюу Gen Z, шинэ үеийн залуучуудын гол онцлог нь хүлээлтэд нийцэхгүй тохиолдолд  дүгнэлт, шийдвэрийг маш хурдан гаргахаас гадна бизнес, брэндүүд, аливаа зүйлд өөрөө үнэнч байхаас илүү өөрт нь үнэнч байгаасай гэж хүсдэг тэмүүлэл өндөртэй болохыг олон судалгаа нотолсон байдаг. Тиймээс манай улсын тухайд ч ОЮУТНЫ ХӨГЖИЛ гэдэг ойлголт төрийн бодлого, сургалтын агуулга, сургуулийн орчин гээд бүх талд цогцоороо хөгжих шаардлагатай. Тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд ойрын жилүүдэд 39 мянган инженер шаардлагатай байгааг Ерөнхий сайд илтгэлдээ дурдсан.

Оюутнууд эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдах, “Оюутан цэрэг”-т хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, автобусны хөнгөлөлтийн картын үнийг бууруулах, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нээлттэй болгох, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг тулгамдаж буй 10 асуудлаа эрэмбэлж, Засгийн газраар шийдүүлэхийг хүссэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудал бүртэй холбоотой Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч,  заримыг нь газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, өдгөө төрийн 67 байгууллагын 747 үйлчилгээг нэг дор нэгтгээд байгаа “Е Mongolia” цонхонд “E student” цэсийг нэмж холбох байдлаар оюутнууд боловсрол, эрүүл мэнд, иргэний бүртгэл зэрэг төрийн бүх цахим үйлчилгээг гар утсаараа авах боломж тун удахгүй бүрдэнэ гэсэн юм. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа Боловсролын багц хуулийн шинэчлэлээр олон асуудал шийдэгдэнэ гэдгийг хэлээд улсын шалгалтын үеэр их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулахыг төрийн өмчит зургаан сургуулийн захирлуудад үүрэг болгосон юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн даатгалгүй оюутнуудыг нэг удаа эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах боломжтой гэж мэдэгдэв. Мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдрийн уулзалтын үеэр албан ёсоор зарласан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оролцох шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг өнөө жил нэмэгдүүлж, дотоодын их, дээд сургуулийн 2-3-р дамжааны 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Гадаадад суралцах магистр, докторын 50 хүртэл оюутанд төлбөрийг нь бүрэн хариуцна. Мөн Боловсролын зээлийн сангийн шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зээл олгодог байсан бол Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг энэ удаа буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдоно.

Орон даяар эхлүүлсэн уг тэтгэлэгт хөтөлбөрийг ирэх зургаадугаар сарын 02-ны өдрийг хүртэл зарласан бөгөөд нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриалав.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.