Хүний эрхийг хангах Үндэсний хороо, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”, Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд Хороо, “Хил хязгааргүй хуульчид” ТББ хамтран 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Сурч боловсрох эрх: Дотуур байр” сэдвийн хүрээнд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д үндэсний II зөвлөгөөнийг зохион байгуулав.
Хүүхдүүд жил бүр ойролцоогоор 9 сарын турш, 260 гаруй хоногийг эцэг, эхийн асрамж халамжаас хол амьдарч байгаа нь төрийн зүгээс анхаарах шаардлагатай чухал асуудал юм. Монгол Улсын хэмжээнд 2021-2022 онд улсын хэмжээнд нийт 548 дотуур байранд 34,546 хүүхэд амьдарч, сурч, хөгжиж байна. Зөвхөн хөдөө, орон нутаг төдийгүй хот суурин газарт тусгай сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дотуур байр, их дээд сургуулийн дотуур байр гээд байршил, орон зайнаас үл хамааран сурч боловсрох эрхээ хэрхэн эдэлж буй талаарх өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаануудын тайлан, зөвлөмжийг уг зөвлөгөөний үеэр хэлэлцсэн юм.
Дотуур байрны хүүхэд гэх ойлголт нь бидний нүүдлийн соёл иргэншил, эрхэлж байгаа аж ахуйтай салшгүй холбоотой, зайлшгүй байх шаардлагатай боловсролын тогтолцоо бөгөөд уг асуудлыг олон жил бодлогын гадна орхисноос үүдсэн хэд хэдэн ноцтой хэрэг сүүлийн үед гараад байна. Энэ нь хүүхдийн сурч боловсрох, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг бүрэн хангаж чадаж байгаа эсэхэд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг татаж байна.
Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуульд дотуур байрны асуудлыг хангалттай зохицуулаагүй бөгөөд дотуур байран дахь хүүхдийн эрхийн хамгаалал нь боловсролын салбарын хариуцах асуудал уу эсвэл хүүхдийн эрхийн байгууллагын асуудал уу гэдэг нь ч эргэлзээтэй, тодорхойгүй явж ирлээ. Тиймээс шийдвэр гаргач нарын төлөөллийг оролцуулан уг асуудлыг “салбар дундын асуудал” гэж орхигдуулалгүй, хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулж хүүхдийн өмнө хэн үүрэг хүлээгч болохыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай юм.
Уг зөвлөгөөн нь дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахад үндэслэл нотолгоог талууд хэлэлцэх, холбогдох санал, зөвлөмж боловсруулах, үүрэг хүлээгч төрийн байгууллага, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх, Боловсролын тухай багц хуулийн төсөлд санал хүргүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзсэн билээ.
Монголын хуульчдын холбоо, “ЛГБТ Төв” ТББ хамтран ЛГБТИК+ эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, эрх зүйн салбарт хүний эрхийн зарчимд суурилсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх арга зүйг төлөвшүүлэх зорилгоор “ЛГБТИК+ үйлчлүүлэгчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх нь” сэдэвт нэг өдрийн сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдөр зохион байгуулав.
Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн судлаач, прокурор, доктор Б.Өнөрмаа, өмгөөлөгч Л.Отгондорж нар сургалтын хөтөлбөрийн дагуу сэдэв танилцуулж, агуулга чиглүүлж, хамтран ажиллалаа. Тус сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулахад чиглүүлэгч Б.Болорсайхан, Л.Отгондорж, Б.Өнөрмаа нар зөвлөн тусалсан юм.
Оролцогчдын зүгээс онол, практикын асуудал хөндсөн, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн онцлог, ялгаа, ач холбогдлыг таниулж мэдүүлсэн, чухал хэрэгцээт, цаашид үйлчлүүлэгчидтэй харилцахад мэргэжлийн талаас чиглэл, зарчим харуулсан хэмээн үнэлэв.
Хүний эрхийг хангах Үндэсний хороо “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, ЮНЕСКО-гийн Хүний эрх болон дээд боловсролын шинжээчдийн багтай хамтран хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, цаашид хамтран ажиллах мэдлэг, туршлагын сан, сүлжээ үүсгэх зорилгоор “Хүний эрхийн боловсролын чиг хандлага” олон нийтийн лекцийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Тус цуврал лекцийн анхны илтгэгчээр ЮНЕСКО-гийн Хүний эрх болон дээд боловсролын шинжээч, Нидерланд Вант Улсын Утрехт Их сургуулийн Хүний эрхийн төвд Хүний эрхийн боловсрол хариуцсан даргаар ажилладаг Фелиса Тиббиттс оролцов.
Энэхүү арга хэмжээнд их, дээд сургуулийн багш, сургуулийн төлөөлөл, мөн хүний эрхийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцож, хүний эрхийн боловсролын талаарх орчин үеийн чиг хандлага, ялгаа, онцлог, ач холбогдлын талаар хэлэлцжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхав.
Эрхэм Ерөнхийлөгчтэй Токио, Лондонд уулзсаны дараа эх орондоо уулзаж байгаадаа баяртай байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.
Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улсыг өөрийн чухал “Гуравдагч хөрш”, Европ дахь дотно, итгэлт түнш гэж үздэг бөгөөд тус улстай өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлст суурилсан Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг тэлж, шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт, дунд хугацааны хөгжлийн зорилтууд, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар товч танилцууж, түүхий эдийн манай баялаг нөөц болон Францын хөрөнгө оруулалт, технологи, нөу-хау, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, инновацад суурилсан эдийн засгийн харилцан үр ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.
“Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт”-аар улс орон бүхэн НҮБ-ын дүрмийг сахиж, энх тайвнаар зэрэгцэн орших, ардчилсан үнэт зүйлийг бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зэрэг олон чухал асуудлаар санал солилцсонд талархал илэрхийлээд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон “Их долоогийн бүлэг”-ийн дээд түвшний уулзалтад далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэх саналыг дэвшүүлж ажиллахыг эрхэм Ерөнхийлөгчөөс хүсээд далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын эрчим хүчний хангамж, эдийн засгийн экспорт, хөрөнгө оруулалтын асуудал бол бусад улс орнуудаас туйлын өвөрмөц гэдгийг анхааралдаа авахыг хүслээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа хийж буй энэ айлчлал хоёр орны харилцааны түвшнийг ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улс, БНФУ-ын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө буйгаа нотоллоо.
Хүний эрхийг хангах Үндэсний хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Залуус эрүүл мэнд төв” ТББ, “ЛГБТ Төв ТББ”, “Youth LEAD Mongolia” ТББ хамтран 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд анх удаа “ЛГБТИК+ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТАЛААРХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ” зохион байгуулав. Сургалтын үеэр “ЛГБТ Төв” ТББ-ын Эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч Г.Доржжанцан “Монгол дахь күийр залуучуудын хувь хүн, амьдралын туршлагыг зурган дүрслэлийн аргаар судлах нь” судалгаа, “ЛГБТ Төвийн 2023 оны ЛГБТИК+ олон нийтийн нөхцөл байдал”-ын судалгаа, “Монголын сургуульд транс сурагч байх нь” тохиолдол шинжлэх чанарын судалгаа, Ц.Отгонбаатар, Будапештийн Корвинус Их Сургуулийн докторант “Ичгүүрт иргэд: Монголын күийр олон нийтийн амьдралын туршлага” судалгааны үр дүнг танилцуулсан болно. Судлаач, шинжээчдийн туршлагыг хуваалцах үүднээс хэлэлцүүлэгт Г.Доржжанцан, Г.Нямпүрэв, Ц.Отгонбаатар, Э.Энхмаа нар оролцож, Ц.Цэвээнравдан чиглүүлэн хувийн туршлага, дадлага, мэргэшлээс нь хуваалцлаа. Сургалтын эцэст Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2023-2027 оны хүрээ, НҮБ-ын Хүний эрхийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ач холбогдлын талаар цохон тэмдэглэж, тус үйл ажиллагааг цувралаар зохион байгуулах, мэргэшсэн судлаачдыг татан оролцуулах хэрэгцээ байгааг хүлээн зөвшөөрсөн юм.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд төрийн байгууллагуудаас “судалгаа” гэсэн ангилал дор 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв бүхий ажлыг гүйцэтгүүлжээ. Харин тэдгээр судалгаануудыг нэг цэгт төвлөрүүлж, иргэд олон нийтэд ил тод, хүртээмжтэй болгох, төрийн бодлого төлөвлөлтөд ашиглах орчин нөхцөл бүрдээгүйн улмаас судалгааны давхардлаас үүдсэн үр ашиггүй төсвийн зардал үүсч, хийгдсэн судалгаануудын бодитой үр ашгийг хязгаарлаж байна.
Тиймээс Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны дарга, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар Үндэсний судалгааны нэгдсэн цахим платформыг дөрвөн модультайгаар төлөвлөн, эхний модулийг тун удахгүй хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Платформын хөгжүүлэлт, нэвтрүүлэлт нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үндэсний хэмжээний судалгааны санг бүрдүүлээд зогсохгүй, давхцал шалгах, агуулгын нарийвчилсан хайлт хийх, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдын хооронд мэдээлэл солилцох талбарыг бүрдүүлэх, судалгааны санал авах гэсэн төлөвлөгөөт зорилтуудын хүрээнд үргэлжилсээр байх юм.
ТБҮХ, ЗГХЭГ, ЦХХХЯ-наас нийт яам, агентлаг, аймгуудын ЗДТГ-т өгсөн үүргийн дагуу төрийн байгууллагууд энэ оны эхэн хагаст цахим хэлбэрээр байгаа судалгаанууд, 2024 онд багтааж төрийн өмчид буй нийт судалгаануудыг тус платформд нэгтгэж оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор тус судалгааны санд 1,000 орчим судалгаа нийтлэгдээд байна.
Уг платформтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ТБҮХ-ны Ажлын албатай холбогдоно уу.
Утас: 26-11-21
И-мэйл: NCSP@cabinet.gov.mn