Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Худалдан авах ажиллагааны хууль анх 2000 онд батлагдаж, 2005 онд шинэчилсэн найруулга хийгдэж, үүнээс хойш нийт 32 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. УИХ-аас батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Алсын хараа – 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тендер шалгаруулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавьсан. Тиймээс уг хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, ил тод, нээлттэй байдлыг бий болгох нь зайлшгүй байгааг Сангийн яамнаас танилцууллаа.
Тендерт оролцогч аж ахуй нэгжүүдийн зүгээс:
- Гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх нөхцлийг тодорхой болгох
- Тендер шалгаруулалтыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, хүний оролцоог багасгах
- Нээлттэй тендер шалгаруулалтын үед тендер хүлээн авах хугацааг багасгах зэрэг саналаа илэрхийлэв.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ил тод байдлыг нэмэгдүүлэх, одоогийнхоос олон ханган нийлүүлэгчид өрсөлдөх боломжтой болгох, орчин үеийн шинэлэг, шийдэл, техник, технологийн боломжуудыг нэвтрүүлэх замаар худалдан авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү чанартай болгоход анхаарах шаардлага үүсээд байгааг хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс тайлбарлав.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөл нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй зарим төсөл хөтөлбөрийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар урт хугацаанд хэрэгжүүлэх зорилготой юм. Хувийн хэвшил өрсөлдөөний зарчмаар шинэ технологитой болж, чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлдэг учраас томоохон төсөл хөтөлбөрийг ААН-үүдээр хэрэгжүүлэх нь төсвийн ачаалал буурч, олон нийт чанартай ажил үйлчилгээгээр хангагдана гэдгийг хууль боловсруулагчдын зүгээс тайлбарлалаа. Тус хуулийн төсөл нь уул уурхай, банк, батлан хамгаалахаас бусад салбарт хэрэгжихээр боловсруулжээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой 19,6 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр бий. Тиймээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар Боомтын сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хувийн хэвшил гүйцэтгэх боломж бүрдэнэ.
Төр хувийн хэвшилтэй түншилж ажилласнаар бизнес хийх таатай нөхцөл бүрдэж, нөгөө талаас иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл стандартад нийцсэн, чанартай үйлчилгээгээр хангагдана гэдгийг хууль боловсруулагчид онцолж байна.