Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа
Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй бөгөөд 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хангуулсан байна.
Хөгжлийн банк 2023 онд 500.0 сая ам.долларын бонд болон 30.0 тэрбум иений бонд буюу гадаад хоёр бондын нийт 750.0 орчим сая ам.долларын дүн бүхий гадаад өрийг төлөх хатуу сорилттой тулгараад байсан.
Засгийн газар нүүрсний хулгайтай амжилттай тэмцсэний үр дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарч, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн.
Засгийн газрын зүгээс бодлогын зөв арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 10 сарын 23-ны өдөр Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын эргэн төлөлтийг өрийн зохицуулалт хийх замаар өмнө нь авсан зээл, бондын өр төлбөрийг эдийн засагт дарамт учруулахгүйгээр төлөх бодлого баримталж байгаа энэ үед Хөгжлийн банк өөрийн гадаад өр төлбөрөө зээлийн эргэн төлөлтөөрөө барагдуулж байгаа нь цаашид тус банкны үйл ажиллагаа хэвийн явагдах итгэлийг дээшлүүлж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллана
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгой ордын олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг судалж, холбогдох саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспорт, тээвэрлэлт, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлж, нүүрсний борлуулалтын орлого огцом нэмэгдсэн, компанийн сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан, цэвэр ашгийн хэмжээ давж биелсэн зэрэг бодитой эерэг үзүүлэлтүүд гарсан байна.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн, борлуулалтын орлого хамгийн өндөр түвшинд хүрсэн буюу 2022 онд 1.1 тэрбум ам.долларт хүрсэн,  Засгийн газраас даалгасан үүрэг, даалгаврыг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлого олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.
Иймд нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгойн ордын олборлолтыг сайжруулах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Гэр бүлийн тухай хууль нь Иргэний хуулийн суурь зарчимтай төдийлөн уялдаагүй бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдаж өөрчлөлт оруулсан байна.
Монгол Улсын хувьд хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг төдийлөн нарийвчлан зохицуулаагүй байна.
Бусад улсын  жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг шинэлэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байна.
Иймд гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталжээ.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа зарим агентлагт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийж, дүнг гаргасан талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан процессын дахин инженерчлэл хийх талаар гаргасан санал дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тэдгээрийн харьяа нийт салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болголоо.
Процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлснээр:
–   иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг үйл явц, процессын тоог багасгана;
–   төрийн нэг үйлчилгээг хүргэхэд иргэн нэгээс илүүгүй төрийн албан хаагчтай уулзах зарчимд хүрнэ;
–   төрийн үйлчилгээ үзүүлэх албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй, хүндрэл багатай зохион байгуулна;
–   байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, илүү үр ашигтай болох;
–   төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ;
– төрийн байгууллагуудын дундын үйлчилгээ, менежмент зэрэг орчин үеийн төрийн үйлчилгээний хандлага, менежмент, сайн туршлагыг салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ.

Товч мэдээ
-Ирээдүйн өв сангийн хуримтлагдсан хөрөнгийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор Төрийн сангийн нэгдсэн данснаас тусгаарлах тухай хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Ирээдүйн өв санд 2,8 их наяд төгрөгийн хуримтлал үүсээд байна.

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэх цаг болжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал алхам  болох юм. Сүүлийн гурван жилд Та бид хамтдаа өнгөрсөн 30 жилийн хамгийн хүндрэлтэй, тодорхойгүй, дэлхийн хэмжээний эдийн засгийн сорилттой нүүр тулгарч, цар тахал, дайны ээдрээтэй цаг үеийг туулж байна. Бидний ололт амжилт, алдаа дутагдлыг бодитоор мэдрүүлж, цаг алдалгүй засаж залруулах ёстойг сануулсан” гээд ДНБ 2021 онд 43, 2022 онд 53.8, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрч тэлсэн байна. Ийм үед Компанийн тухай хууль үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Хувийн хэвшил зовлонгоо яриад өнгөрдөг, төр сонсоод мартдаг нүдэн балай, чихэн дүлий байдлыг өөрчлөх цаг болсон. Эрх зүйн цогц шинэчлэл тал дээр ажлын хэсэг гаргаж, хамтарч ажиллая. Эдийн засгийн хүртээмжийг иргэд, аж ахуйн нэгжид хэрхэн тэгш хүртээмжтэй байлгах вэ гэдгээ ч ярилцъя гэлээ.

Ирэх онд ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар давна гэж тооцоолжээ. УИХ, Засгийн газраас 30 жилийн хугацаанд гаргасан 560 гаруй баримт бичгийг цэгцэлж, 2019 онд Үндсэн хуульд хөгжлийн бодлого төлөвлөлтийн заалт оруулж, 2020 онд УИХ “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Цаашид хууль эрхзүйн, бодлогын тогтвортой байдлыг хангах боломж бүрдсэн гэж үзэж байна.

МҮХАҮТ-ын танхимын дарга Д.Энхтүвшин Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бизнес эрхлэгчидтэй уулзаж буйд талархал илэрхийлээд Монголын бизнесийн орчны судалгааны урьдчилсан дүнг танилцуулаа. Судалгаанд 4606 аж ахуйн нэгж хамрагджээ. Тэрбээр бизнес эрхлэх орчин дундаж түвшинд байна. Эдийн засгийн орчны үзүүлэлт цар тахлын үеийнхээс найман хувиар буурчээ. Интернэтийн хангамж сайжирсан, инфляцын эдийн засагт үзүүлэх нөлөө  худалдаа, тээвэр, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэх орчин дунджаас доогуур, аялал жуулчлалын салбарынх ахисан дүн гарсан. Бизнес эрхлэх орчныг сайжруулахад татварын таатай орчин буюу хүртээмжтэй байдал чухлыг аж ахуйн нэгжүүд онцолсныг дурдлаа. Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хүний нөөцийн хомсдолд орж буй талаар бизнес эрхлэгчид хэлжээ.
Судлаач Д.Бум-Эрдэнэ “Монголын бизнесийн тренд-2024, Үндэсний ТОП-50 CEO”судалгааны дүнг танилцууллаа. Ирэх онд бизнесийн орчин таатай байх дүр зураг гарчээ. Гэхдээ аль ч салбарт ажиллах хүчний хомсдол үүссэн, төрийн оролцоо хувийн хэвшилд их байна гэх судалгааны дүн гарсан байна.

Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид чөлөөт бүс, эдийн засгийн коридор, эрчим хүч, уул уурхайн салбарт том төслүүд хэрэгжүүлэх саналаа хэлж, төрийн албаны уялдаа холбоо муу, дунд шатанд хүнд суртал их байгааг Ерөнхий сайдад уламжилж байлаа. Мөн аж ахуйн нэгжүүдтэй уулзаад өнгөрөх бус эргэх холбоотой, үр дүн гардаг байх ёстойг ч хэлсэн.
Зарим аж ахуйн нэгжийн төлөөллийн байр суурийг хүргэе.
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт:

“Оюутолгой”-г эс тооцвол уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт маш бага. Төр бүтээн байгуулалтын том төслүүдээ хийж байна. Хувийн хэвшилдээ ач холбогдол өгөхгүй, хөрөнгө оруулалт татах талаас ярихгүй байгаа. Хөрөнгө оруулалт татах дагнасан агентлаг алга. Оюутолгойгоос ахиу орлого олоод байгаа учраас уул уурхайн салбарыг орхигдуулаад байна. Үүнийг дагаад засаглал муу. Уул уурхайн салбар ажлын байр цөөн бий болгодог. Засаглалын асуудлыг анхаарах шаардлагатай байна.
“Ачит Ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан:
Бизнес хөгжихөд саад болж буй зүйл бол засаглалын чадавх. Баг, сумын ЗДТГ ч үүнд хамааралтай. Найдвартай дэд бүтэц буюу эрчим хүч, тээвэр, судалгаа хөгжүүлэлтийн соёл Монголд муу, үр өгөөжтэй хууль эрх зүйн орчин бизнес хөгжихөд саад тээг болж байна.
“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар:
-Эрчим хүчний хараат байдал хөгжлийг хойш чангааж байна. Манай компани түүчээлээд баруун бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай станц баръя. Компаниудад ижил тэгш эрх зүйн орчин бүрдүүлж өгвөл сайн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд “Төр, хувийн хэвшилд аль алинд нь шүүмжлэлтэй зүйлс бий. Алдаа, оноогоо дүгнээд урагшлах ёстой. Ирэх 30 жилийн хөгжил, шийдэл ярья. Монголын компаниуд ирэх 30 жилд олон улсын зах зээлд бизнесээ тэлж, гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, үндэсний томоохон мега төслүүдийг хамтран хэрэгжүүлэх цаг нь болжээ. Хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хувийн хэвшлийн аж  ахуйн нэгжүүдийн өнцгөөс өөрчилье. МҮХАҮТ хувийн хэвшилтэйгээ ярилцаад, хууль эрх зүйн орчноо тодорхойл. Энэ бол шинэ хандлага. Ажлын арга барилдаа хийж буй өөрчлөлт. Бид шаардлагатай улс төрийн дэмжлэг үзүүлнэ. Эрх зүйн цогц шинэчлэл хийхийн тулд төлөвлөгөө гаргаад явъя. МҮХАҮТ гэдэг институцээ олон улсын хэмжээнд хүргэе. Цаашид аливаа хуулийн төслийг МҮХАҮТ-аар дамжуулан хувийн хэвшлийн дуу хоолойг тусгаж, хэлэлцүүлдэг жишиг тогтоох нь чухал” гэлээ.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны зүгээс Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Монголын Эмнести Интернэшнл” ТББ, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Манай улс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм” буюу Зорилт 5.5-д зааснаар иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн түншлэлийг бэхжүүлэх замаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд хамаарал бүхий талуудын оролцоог хангасан зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар 2050 онд хүн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх хүний эрхийн түгээмэл соёл төлөвшсөн байхаар зорьж байгаа билээ. Мөн Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн “1.1.2.6. Хүний эрхийн боловсролын төлөв байдал, хэрэгцээ шаардлага, хамрах хүрээг судалсны үндсэн дээр хүн ам, төрийн албан хаагчид, удирдах ажилтан, бүх шатны сургуулийн сурагч, оюутны хүний эрхийн албан ба албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлж, энэ асуудлаар үндэсний мэргэжилтэн, сургагчдыг бэлтгэх дэд хөтөлбөр гарган хэрэгжүүлнэ” хэмээх зорилт хэрхэн биелж байгааг тал бүрээс оролцогчид дүгнэн хэлэлцлээ.

Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулсан уг симпозиумд хүний эрхийн боловсрол, сургалтын чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 110 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаач, хүний эрх хамгаалагч оролцож, хүний эрхийн боловсролыг олгож, түгээж байгаа тогтолцоо, арга зүйг сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ өөрсдийн мэргэшил, туршлагад тулгуурлан санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж боловсруулсан юм.

Энэхүү симпозиум нь цар тахлын дараах сэргэлтийн мөрөөр 2023 онд НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жил, Хүний эрх хамгаалагчдын тунхаглалын 25 жил, Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалын 12 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх 75” санаачилгыг дэмжиж байгаагаар онцлогтой билээ.

ЮНЕСКО-гийн Ардчилал, дэлхийн иргэншил, өөрчлөлтийн боловсролын салбар (DCMÉT) 2023 оны 10 дугаар сарын 25-27-ны өдөр “Энх тайван, Соёл, Нийгмийн шударга ёс” симпозиумыг 50 дэд хуралдаанаар зохион байгууллаа. Симпозиумын 2 дахь өдөр “Хувьсаж буй боловсрол”-ын сэдвийг онцолсон бөгөөд уг сэдвийн хүрээнд “Монгол Улсын  боловсролын салбар дахь өөрчлөлт” дэд хуралдаанд Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш Д.Оюунсүрэн, “Сайн боловсролын төлөө төв” ТББ-ыг үүсгэн байгуулагч Д.Номинчимэг нар оролцлоо. Оролцогчид Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын 4.7 дахь дэд зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай хүчин чармайлт, шинээр батлагдсан боловсролын тухай хууль, хүчирхийллийн бус хандлагыг төлөвшүүлэх, энх тайвны боловсрол олгох үйл ажиллагаа, хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтолцоо, залуучуудад хүний ​​эрхийн боловсролыг олгох, ял шийтгэлийн тогтолцоотой зэрэгцэн нөхөн сэргээх шударга ёс, хүчирхийлэлгүй хандлагыг боломжит хэрэгсэл болгох тухай өөрсдийн санал бодлыг илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны зохион байгуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголд Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан “Монгол Улс дахь Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт” сэдвээр нээлттэй хяналт-шалгалтын тайлан танилцуулав.

Хүний эрхийн Үндэсний Комисс анх хийсэн 2005 оны үндэсний хэмжээний нээлттэй хяналт-шалгалтаар эрүү шүүлт манай улсад ноцтой түвшинд хүрсэн асуудал болохыг баримтжуулж, 2006 онд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулж байсан туршлагадаа тулгуурлан, 2023 онд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үндэсний нээлттэй хяналт-шалгалтыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, түүний харьяа нэгж, мөн хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, шинжээчдийн оролцоотой зохион байгуулсан юм.

Тэрхүү хяналт-шалгалтын тайлангийн үр дүнг сонсголын үеэр танилцуулахдаа:

  1. Тогтвортой, улс төрөөс ангид, мэргэжлийн нийгмийн ажил бий болгох;
  2. Хангалттай, өсөн нэмэгдэх санхүүжилт бүрдүүлэх;
  3. Олон талын оролцоот, хүүхэд төвтэй, шатлан захирсан бус тогтолцоотой;
  4. Хүүхэд хамгааллын үр дүнтэй, үр өгөөжтэй үйлчилгээ хүргэх;
  5. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан төсөл, хөтөлбөр, санаачилга, түүний хэрэгжилтэд тавих аудитын хяналт чухал болохыг онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 25-26-нд болж буй ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллах, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байгааг илэрхийлэв.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын оролцогч орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын оролцогч улсуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг ойрын 10 жилд хэрэгжүүлэх эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд худалдаа, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын оролцогч улс орнуудыг далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэхийг уриалж, далай бол зөвхөн далайтай улс орнуудын өмч төдийгүй, дэлхийн бүх улс оронд хүртээмжтэй байх нь улс орнуудын тэнцвэрт хөгжилд чухал хувь нэмэртэй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дурдаж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг том төслүүдийг ШХАБ-ын үйл ажиллагаатай уялдуулах боломжтой болохыг онцлон тэмдэглэлээ.
Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан,Иран, Беларусь, Туркменистан зэрэг улсын төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох хүрээнд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Ариповтай 2023 оны аравдугаар сарын 26-нд хоёр талын уулзалт хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай, Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж буйг уулзалтын эхэнд тэмдэглэв.
Талууд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшх 30 гаруй жилийн хугацаанд харилцан итгэлцсэн, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай, тогтвортой хөгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд бүхий л түвшинд төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Дээд түвшинд ярьж тохирсны дагуу Монгол Улсаас Узбекистан Улсад суух Дипломат төлөөлөгчийн газраа ойрын хугацаанд нээхээр төлөвлөж буйг дурдаад ЭСЯ нээснээр хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэх, бизнес, аж ахуйн нэгжүүд хооронд хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж буйг тэмдэглэсэн юм.
Түүнчлэн Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг 2024 онд зохион байгуулах, “Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын худалдаа, аж үйлдвэрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллах, Монгол Улсад жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалах хамтарсан аж ахуй байгуулах, Монголоос арьс шир нийлүүлэх боломжийн талаар ярилцав.
Талууд хоёр улсын худалдаа, эдийн засаг, тэр дундаа тээвэр логистикийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээр болон Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиров.

Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тааламжтай үедээ эх орондоо айлчлахыг урилаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Бишкек хотноо уулзлаа.
Ерөнхий сайд нар дөрвөн сарын өмнө Бээжин хотноо уулзаж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагаанд олон жил яригдсан асуудлуудаа энэ онд багтаан хоёр талдаа шийдвэрлэж, 2024 онд хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх зарчмын тохиролцоонд хүрснийг онцлоод, өнгөрсөн хугацаанд хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй ажилласны дүнд тодорхой ахиц гарсныг сайшаан тэмдэглэв.
Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Хятадын бүх талын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд баяртай байгаагаа талууд харилцан илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятадын хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудал амжилттай урагшилж байгааг тэмдэглэн, цаашид байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд “Их багтаамжийн нийтийн тээвэр нэвтрүүлэх”, “Улаанбаатар хотын шинэ тойрог замын сүлжээ бий болгох” зэрэг төслийг хэрэгжүүлэх, ухаалаг хотын төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах, орон нутгийг барилгажуулах зэрэг хөтөлбөрийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам идэвхтэй хөгжин бодит үр ашгаа ард түмэнд хүртээж байгааг тэмдэглэн, хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарын үр дүнтэй яриа, хэлцэл цөөнгүй удаа болж, Хятад, Монголын хамтын ажиллагаанд Монгол Улс чухал ач холбогдол өгч байгаад талархаж буйгаа илэрхийлэн, Монголын талаас санал болгосон асуудлуудыг дэмжихээ илэрхийлж, хилийн боомтуудын холболтыг урагшлуулах, ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд илүү нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замыг шинэчлэх, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны автозам болон ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой барих зэрэг төслийг хамтран идэвхтэй урагшлуулахаар хоёр тал тохиролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяныг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээн авав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 онд алт, мөнгө цэвэршүүлэх “Карабалтинский уул уурхайн хүдрийн комбанит” компанийг байгуулсан. “Киргиз Улсад алт олборлолт, үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх арга хэмжээний тухай” тус улсын Ерөнхийлөгчийн 2001 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн зарлигийн дагуу цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрлэлийг “Кыргызалтын” ХК-д шилжүүлжээ.

Тус үйлдвэр жилд 40 тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай, алт агуулсан түүхий эд боловсруулах технологийн дагуу мөнгөний агууламж өндөртэй “Доре” хайлшийг боловсруулж байна. Мөн алтны чанарыг тодорхойлох судалгааны лабораторитой. Англи Улсын үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага /UKAS/-ын итгэмжлэлийн дагуу “Доре” хайлшийн алт гулдмайн – 999.9, мөнгөн гулдмайн – 999 дээжтэй гулдмайг үйлдвэрлэж байна.

Цэвэршүүлэх үйлдвэр 1999 оны аравдугаар сараас Лондонгийн металлын бирж “Good Delivery”-ээр баталгаажсан бөгөөд Жеруй, Талди-Булак
Левобережный зэрэг ордыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа үйлдвэрийн захирал Советов Чынгыз Жыргалбаевич Ерөнхий сайдад танилцуулж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 онд алт, мөнгө цэвэршүүлэх “Карабалтинский уул уурхайн хүдрийн комбанит” компанийг байгуулсан. “Киргиз Улсад алт олборлолт, үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх арга хэмжээний тухай” тус улсын Ерөнхийлөгчийн 2001 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн зарлигийн дагуу цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрлэлийг “Кыргызалтын” ХК-д шилжүүлжээ.

Тус үйлдвэр жилд 40 тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай, алт агуулсан түүхий эд боловсруулах технологийн дагуу мөнгөний агууламж өндөртэй “Доре” хайлшийг боловсруулж байна. Мөн алтны чанарыг тодорхойлох судалгааны лабораторитой. Англи Улсын үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага /UKAS/-ын итгэмжлэлийн дагуу “Доре” хайлшийн алт гулдмайн – 999.9, мөнгөн гулдмайн – 999 дээжтэй гулдмайг үйлдвэрлэж байна.

Цэвэршүүлэх үйлдвэр 1999 оны аравдугаар сараас Лондонгийн металлын бирж “Good Delivery”-ээр баталгаажсан бөгөөд Жеруй, Талди-Булак
Левобережный зэрэг ордыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа үйлдвэрийн захирал Советов Чынгыз Жыргалбаевич Ерөнхий сайдад танилцуулж байв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.