Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны зохион байгуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголд Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан “Монгол Улс дахь Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт” сэдвээр нээлттэй хяналт-шалгалтын тайлан танилцуулав.
Хүний эрхийн Үндэсний Комисс анх хийсэн 2005 оны үндэсний хэмжээний нээлттэй хяналт-шалгалтаар эрүү шүүлт манай улсад ноцтой түвшинд хүрсэн асуудал болохыг баримтжуулж, 2006 онд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулж байсан туршлагадаа тулгуурлан, 2023 онд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үндэсний нээлттэй хяналт-шалгалтыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, түүний харьяа нэгж, мөн хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, шинжээчдийн оролцоотой зохион байгуулсан юм.
Тэрхүү хяналт-шалгалтын тайлангийн үр дүнг сонсголын үеэр танилцуулахдаа:
- Тогтвортой, улс төрөөс ангид, мэргэжлийн нийгмийн ажил бий болгох;
- Хангалттай, өсөн нэмэгдэх санхүүжилт бүрдүүлэх;
- Олон талын оролцоот, хүүхэд төвтэй, шатлан захирсан бус тогтолцоотой;
- Хүүхэд хамгааллын үр дүнтэй, үр өгөөжтэй үйлчилгээ хүргэх;
- Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан төсөл, хөтөлбөр, санаачилга, түүний хэрэгжилтэд тавих аудитын хяналт чухал болохыг онцлов.