Хүний эрхийг хангах Үндэсний хорооны зүгээс Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Монголын Эмнести Интернэшнл” ТББ, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Манай улс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм” буюу Зорилт 5.5-д зааснаар иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн түншлэлийг бэхжүүлэх замаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд хамаарал бүхий талуудын оролцоог хангасан зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар 2050 онд хүн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх хүний эрхийн түгээмэл соёл төлөвшсөн байхаар зорьж байгаа билээ. Мөн Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн “1.1.2.6. Хүний эрхийн боловсролын төлөв байдал, хэрэгцээ шаардлага, хамрах хүрээг судалсны үндсэн дээр хүн ам, төрийн албан хаагчид, удирдах ажилтан, бүх шатны сургуулийн сурагч, оюутны хүний эрхийн албан ба албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлж, энэ асуудлаар үндэсний мэргэжилтэн, сургагчдыг бэлтгэх дэд хөтөлбөр гарган хэрэгжүүлнэ” хэмээх зорилт хэрхэн биелж байгааг тал бүрээс оролцогчид дүгнэн хэлэлцлээ.
Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулсан уг симпозиумд хүний эрхийн боловсрол, сургалтын чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 110 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаач, хүний эрх хамгаалагч оролцож, хүний эрхийн боловсролыг олгож, түгээж байгаа тогтолцоо, арга зүйг сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ өөрсдийн мэргэшил, туршлагад тулгуурлан санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж боловсруулсан юм.
Энэхүү симпозиум нь цар тахлын дараах сэргэлтийн мөрөөр 2023 онд НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жил, Хүний эрх хамгаалагчдын тунхаглалын 25 жил, Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалын 12 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх 75” санаачилгыг дэмжиж байгаагаар онцлогтой билээ.