Монгол Улсын хүндэт иргэд ээ!
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2022 оны улсын төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барилаа.
Дэвшүүлсэн зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлж, цар тахлын эрсдлээс гарахын тулд одоогоос найман сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулганы индрээс үг хэлэхдээ “Цар тахлыг даван туулахын тулд вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх, Эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлэх, Шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлж, авилгын индексийг бууруулах” гэсэн дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлж байсныг та бүхэн тодхон санаж байгаа биз ээ.
Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хоёрдахь удаа Улсын Их Хурлын чуулганы танхимд үг хэлэхдээ найман сарын өмнө дэвшүүлсэн  зорилтынхоо үр дүнг эргэн товч дүгнэх нь зүйтэй гэж бодож байна.
Хүн төрөлхтөнд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш учирсан хамгийн хүнд аюул зовлон болох Ковид-19 цар тахлыг та бид хамтдаа даван туулж байна.
Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй ээ.
Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёрдахь хүнд үе байлаа.
Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь л бүрэн тунд хамрагдаад байна.

Харин манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.

Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор хэрвээ вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга хүртэлх иргэдийн амь нас бодит эрсдэлд орох байлаа.
Вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулахад шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье.
Дархлаажуулалтын үр нөлөөгөөр эдийн засгаа алхам алхмаар сэргээж, хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлж, хатуу хөл хориогүй энгийн амьдралын хэмнэлд өдрөөс өдөрт дасан зохицож байгаа ч өнгөрсөн хугацаанд 1424 хүний эрдэнэт амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлье…
Дэлхий нийтэд цар тахлаас улбаалсан тээвэр логистикийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг гэнэтийн цочрол, хямралт байдал энэ оны сүүл, ирэх оны эхний хагаст үргэлжлэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. Мөн цар тахал цаашид хэр удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын судлаачид өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна.
Хэдий нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй ээ, харин цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой.
Засгийн газар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг Улсын Их Хуралд өргөн барилаа.
Зүйрлэж хэлбээс хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна.

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Миний бие Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн баригдсан 2022 оны улсын төсвийн төслийн гурван онцлогийг товч тоймлон хэлье.

Нэгдүгээрт, 2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв юм

Бид ирэх оноос хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эдийн засгаа сэргээх шинэчлэлийг үе шаттай хийх болно.
Цар тахлын хариу үйлдэл, иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн сэргэлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Уул уурхайгаас гадна, Боловсруулах аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч,  Аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан гэж дүгнэж болно.
Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ.
Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ.
Тавантолгой Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөрзамын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Эдгээр төсөл нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой.
Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгалаа. Зам дагаж хөгжил ирдэг гэж Монголчууд ярьдаг. Тэр дундаа хилийн боомтуудыг холбож дуусгах нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой билээ.
Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж, төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлнэ. Төр 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг эрхэлж байна. Хэрэв эдгээр чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 218 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмж, цалин хөлс одоо байгаа түвшнээс дээшлэх боломжтой гэж үзэж байна. Энэ бодлого цаашид амжилттай хэрэгжвэл олон жил шүүмжлэгдсэн төрийн данхар бүтцээс гүйцэтгэлд суурилсан цомхон чадварлаг болох суурь эхлэл тавигдна.
Төрийн өмчит 339 компаниас томоохон компаниуд ашигтай ажиллаж, төрийн ачааллаас үүрэлцэж байгаа боловч ихэнх компаниуд нь алдагдалтай ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудад Засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг 2022 онд багтаан хэрэгжүүлж, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах болно.
Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.  2022 оны улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө бүхэн эдийн засагт үржүүлэхийн хүрдний үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлан боловсруулагдсан болно.
Халдварт цар тахлын цаг үед төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд ажиллаж болдгийг харуулсан билээ. Ирэх онд ч төр өөрийн зардлаа танах, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг улсын төсвийн төсөлд тусгалаа.

Хоёрдугаарт, 2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөв юм.
Энэ бодлогын хүрээнд байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн иргэдийг одооноос бэлтгэж, Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.
Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна.  Тиймээс л бид халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм.  Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ.
Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжих болно.
Чанартай боловсролыг хангах зорилгоор Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа бөгөөд цахим боловсрол, үр дүн, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг мөн 2022 оны улсын төсөвт тусгаад байна.
Эрүүл мэнд, Боловсролын салбар бол хангалуун дундаж давхаргыг бүрдүүлэх хамгийн чухал салбар бөгөөд уг салбаруудын тогтолцооны шинэчлэлийг хийхэд энэ жилийн төсөв чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Дэлхий дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхийн тулд ойн асуудал хариуцсан агентлаг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажиллана. Төрийн бүх албан хаагчид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлын үнэлгээний системд мод тарих болон хог хаягдлыг шийдвэрлэх асуудлыг шинээр тусгасан болно.

Гуравдугаарт, 2022 оны төсвийн бас нэгэн онцлог бол нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангах бодлогын шинэчлэлийн эхлэл юм.

Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа Их хотын асуудлыг зөвхөн Нийслэлийн Засаг даргад даатган орхихгүй ээ! хэмээн чуулганы танхимд хэлж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Монгол Улсын Засгийн газар Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг шийдвэрлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд өөрөө ахлан Нийслэл Улаанбаатар хотын удирдлагыг бүх талаар дэмжин ажиллаж байна.

Улсын Их Хурлаас Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг баталж, Засгийн газраас нийслэл хотын төвлөрлийг сааруулах, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх, ухаалаг, иргэдэд ээлтэй хот болгох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Ирэх 2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээлээ.

Мөн Богдхаан уулыг тойрсон төмөрзамын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхлэх болно.

Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал бол хөдөөгийн хөгжлийн түвшин тааруу байгаатай шууд холбоотой билээ. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах, Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын асуудал ирэх онд шийдвэрлэгдэх болно.

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Та бүхэн мэргэн ухаанаар хэлэлцэж, 2022 оны улсын төсвийг баталж өгөхийг хүсье.
Эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтсоныг эцэг дээдсийн минь буурал түүх нотолдог билээ.

Хоосон улс төржилтийг хойш нь тавин, цар тахлыг даван туулж, дэвшүүлэн тавьсан хөгжлийн зорилтуудаа бодитоор хэрэгжүүлэх, амьдралын чанарын болон бусад хөгжлийн үзүүлэлтүүдээр бүс нутагтаа тэргүүлэх том зорилгын төлөө хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна.

Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар цар тахлын мутацилагдсан хувилбарт вакцины нөлөө өдрөөс өдөрт багасах эрсдэлтэй байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тун ус агаар мэт хэрэгтэй билээ.
Иргэд Та бүхэн нэмэлт гуравдугаар тундаа сонголттойгоор хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа

Засгийн газрын хуралдаан 2021 оны аравдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны аравдугаар сарын 12-нд хийсэн цахим уулзалтын дүнг Засгийн газраар хэлэлцэж, уулзалтын мөрөөр БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахална. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа нар багтжээ.

Тус ажлын хэсгийн ажлын явц, үр дүнг сар тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо.

Төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар тохиролцоонд хүрчээ

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилтэй огтлолцох цэгийг тогтоох тухай протоколыг энэ сард багтаан Хятадын талтай байгуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс  удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрчээ.

Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан болно

Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан энэ сарын 15-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

Тус зөвлөл нь Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг цогц байдлаар төлөвлөн хөгжүүлэх, эдгээр салбар дахь томоохон төслийг хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хамтын ажиллагааны механизм юм.

Хуралдаанаар Засгийн газраас БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх  сонирхолтой байгаа томоохон төслүүдийг танилцуулж, зарим төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх талаар ярилцах юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэв

“Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэхээр тогтож, тус компанийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д үүрэг болголоо.

“Таван толгой түлш” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болсноор тус компанийн нэгдсэн санхүүгийн тайланд нэгтгэгдэх, оруулсан хөрөнгө оруулалтад хяналт тавих, өр төлбөрийн асуудлаар оновчтой менежмент хийх зэрэг давуу тал үүснэ гэж үзэж байна.

“Таван толгой түлш” ХХК-ийн төрийн эзэмшлийн 49 хувьд ногдох төлөөллийн 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, явц, үр дүнгийн талаар танилцуулж ажиллахыг холбогдох хүмүүст даалгав.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулах шаардлагатай гэв

“Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Энэ хүрээнд Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар тусгай зөвшөөрөл, худалдан авах ажиллагаа зэрэг төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, оновчтой болгож, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад чиглэгдсэн илүү таатай эрх зүйн орчин бүрдэхээс гадна Монгол Улсын төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна.

“Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо”-ны дэргэд төр, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулах шаардлагатай байгааг хуралдааны үеэр үүрэг болгожээ.

Товч мэдээ

·      Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний эрх шилжүүлэх болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөө гаргаж, ирэх оны төсвийн тухай хууль батлагдсан даруйд баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлэн бэлтгэл ажлыг хангаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болголоо.

·      Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

·      МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс шийдвэрлэхийг Сангийн сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгалаа.

·      Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэхийг хуралдаанаас үүрэг болгосон байна.

·      Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

·      Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулга хийв.

·      Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор 64 баримт бичгийг хүчингүй болголоо. Үүнтэй холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

·      Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·      Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд одоо ашиглаж байгаа 52 нэгж талбараас эхний ээлжинд тус нийгэмлэгийн барилга, байгууламжийн байрлаж байгаа 49 нэгж талбарын газар ашиглах эрхийг 2021 оны аравдугаар сард багтаан баталгаажуулах асуудлыг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт болон Нийслэлийн Засаг даргад даалгав.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцов.   Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод  саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил  огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхий сайд нар тэмдэглэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хөрш улсын хувьд Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.

Нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд нар  “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарал хандуулж ажиллахаа нотоллоо.

Талууд хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрийн ойр хэлхээ холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцов.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас боловсруулсан “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д санал авч байна.

Саналаа turbat@cabinet.gov.mn хаягаар болон бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 262958

Зөвлөх үйлчилгээ: Шилжилт хөдөлгөөний бодлогын зөвлөх

Байршил: Улаанбаатар хот, Монгол улс

Үргэлжлэх хугацаа: 6 сар Эхлэх хугацаа:

2021 оны 10 дугаар сар

Танилцуулга

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, биелэлтэд хяналтшинжилгээ хийх механизмыг шинэчлээд байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050”, 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа билээ. Харин дунд хугацааны буюу 10 жилийн хөгжлийн бодлогын баримт бичиг нь дараах долоон чиглэлээр хөгжлийн зорилтот хөтөлбөр байхаар хуульчлагдсан. Үүнд: Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр; Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр; Эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр; Байгаль орчны зорилтот хөтөлбөр; Засаглалын зорилтот хөтөлбөр; Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр; Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр юм. Монгол Улсын Засгийн газар эдгээр хөтөлбөрийн төслийг 2022 оны 6 дугаар сард багтаан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Дээрх хөгжлийн хөтөлбөрийн төслийг боловсруулахад хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах талаар салбар дамнасан асуудлыг судалж, эдгээр хөтөлбөрүүдэд тусгах нь чухал ач холбогдолтой билээ. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь дунд хугацааны буюу хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Алсын хараа 2050-урт хугацааны бодлогын хүрээнд батлагдан гарах бусад бодлогын баримт бичгүүдэд шилжилт хөдөлгөөний асуудлуудлыг зохистойгоор тусгах, холбогдох арга зүйн зөвлөмжөөр хангах, шаардлагатай судалгаа шинжилгээг гүйцэтгэх юм.

Үүрэг хариуцлага:

1. Үндэсний, бүс орон нутгийн болон салбарын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бодлого, хууль эрх зүй, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй танилцах, холбогдох журам, зааварт үндэслэн хүн амны шилжилт хөдөлгөөний асуудлын хүрээнд бодлогын зорилго, зорилт, үр дүн, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох;

2. Хууль эрх зүй, бодлогын орчин, тоон мэдээлэл зэрэгт дүн шинжилгээ хийж, тэдгээрийн зөрүүтэй байдлыг тодорхойлох;

3. Үндэсний, салбарын болон аймаг, орон нутгийн түвшинд шилжилт хөдөлгөөний одоогийн байдлыг судалж, танилцуулах;

4. Шилжилт хөдөлгөөний ирээдүйн загвар, төсөөллийг тодорхойлох, хувилбар боловсруулах;

5. Шилжилт хөдөлгөөний олон улсын шаардлага, туршлагыг судалж, танилцуулах;

6. Монгол Улсын дунд хугацаанд (10 жил) хэрэгжих Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон үндэсний, салбарын, салбар дундын түвшинд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

7. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон бусад холбогдох талуудтай хамтран шилжилт хөдөлгөөнийг үндэсний, салбарын, орон нутгийн хөгжлийн бодлогод тусгах талаарх Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

8. Холбогдох бүхий л судалгаа, шинжилгээ, баримт нотолгоонд үндэслэн шилжилт хөдөлгөөний талаарх бодлогын үзэл баримтлалыг боловсруулах;

9. Баримт бичгийн боловсруулалтад салбар дундын бусад асуудлууд (хүний эрх, жендэрийн тэгш байдал, бүсийн хөгжил, дэд бүтцийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, засаглал, дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөний удирдлага, зохицуулалт гэх мэт)-г уялдуулан тусгах;

10. Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн боловсруулалтын явцад холбогдох байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, загвар, хяналтын хуудас боловсруулах;

11. Алсын хараа 2050, Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Аюулгүй, цэгцтэй, зөрчилгүй шилжилт хөдөлгөөний дэлхийн компакт гэрээ (Global Compact for Migration) хоорондын уялдааг хангах;

12. Шаардлагатай хурал, уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах;

13. ЗГХЭГ-н Бодлого төлөвлөлтийн газар болон ОУШХБ-с даалгасан бусад үүрэг даалгаварыг шуурхай, тасралтгүй гүйцэтгэх.

Шаардлагатай туршлага, ур чадвар:

-Математик, статистик, загварчлал, эдийн засаг, хүн ам зүй, төрийн бодлого, төрийн захиргаа, улс төр судлал болон бусад холбогдох чиглэлээр магистрын зэрэгтэй байх;

-Хөгжлийн бодлого төлөвлөлт, зохицуулалт, бодлогын судалгаа, хяналт-шинжилгээ үнэлгээ, систем сэтгэлгээ болон бусад чиглэлээр нийт 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай. Үүнээс шилжилт хөдөлгөөний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;

-Математик, загварчлал хийж байсан туршлагатай;

-Тогтвортой хөгжлийн зорилтууд болон үндэсний хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудын талаар мэдлэгтэй байх;

-Холбогдох хууль, дүрэм журам судалж, дүн шинжилгээ хийх чадвартай;

-Mонгол хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх. Англи хэлтэй бол давуу тал болно. Бүрдүүлэх материал: Сонгогдсон зөвлөх нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого, төлөвлөлтийн газар болон Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын удирдлага, чиглэлийн хүрээнд ажлын хэсгийн бусад зөвлөхүүдтэй хамтран бүтэн цагаар ажиллана.

– Ажлын намтар (CV), уг ажлыг гүйцэтгэх сонирхолоо илэрхийлсэн нэг хуудаст багтаасан захидал (cover letter)-г Англи болон Монгол хэл дээр бэлтгэн iomubadminhr@iom.int гэсэн хаягаар 2021 оны 10 сарын 6-ны дотор цахимаар ирүүлнэ үү.

-Имэйлийнхээ гарчиг хэсэгт “Application for Migration expert” гэж бичнэ үү. Хугацаа хэтэрсэн өргөдлийн материалыг хүчингүйд тооцно. Зөвхөн хураангуй жагсаалтад багтсан өргөдөл гаргагчидтай холбоо барина.

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшинд суралцуулдаг тэтгэлэгт хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр нь 2021 оны 9-р сарын 1-ний өдрөөс шинэ элсэлтээ зарласан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://jds-scholarship.org/country/mongolia/index.html   вэб сайтаас авна уу.

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийн хүрээнд “Төрийн энтерпрайз архитектур болон Өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоо” дэд төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд “Энтерпрайз архитектурын сургагч багш бэлтгэх” цахим сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Зорилго

Сургагч багш бэлтгэх сургалтын зорилго нь энтерпрайз архитектурын талаар цогц ойлголт өгөх, “Монгол Улсын Төрийн Энтерпрайз Архитектур”-ын бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдлэг олгох, ТЭА-ыг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх мэргэжилтнүүдэд зориулж сургалт зохион байгуулах чадвар эзэмшүүлэхэд оршино.

Зорилт 

  • Энтерпрайз архитектурын онолын талаар цогц ойлголт өгөх
  • Монгол Улсын төрийн энтерпрайз архитектурын тогтолцооны талаар мэдлэг олгох
  • Төрийн энтерпрайз архитектурын платформ дээр ажиллах дадлага туршлага олгох
  • Төрийн энтерпрайз архитектор бэлтгэх хөтөлбөр боловсруулах мэдлэгтэй болгох. 

Сургалт нь дараах 5 сэдвийн хүрээнд явагдана. Үүнд:

  1. Энтерпрайз архитектур, цар хүрээ, олон улсын чиг хандлага;
  2. Монгол Улсын төрийн энтерпрайз архитектур, түүний бүтэц зохион байгуулалт, мета загвар;
  3. Бизнес, аппликейшн, дэд бүтэц, өгөгдөл, аюулгүй байдал, стандартын архитектур;
  4. Монгол Улсын төрийн энтерпрайз архитектурын платформын бүтэц, зохион байгуулалт, түүний ашиглалт (цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээ хийх, хувилбар, зорилтот архитектур болон цаашид хэрэгжүүлэх замын зургийг гаргах г.м.);
  5. Сургагч багш бэлтгэх хөтөлбөр, сургалтын агуулга, сургалтын материалтай танилцах.

Сургалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газар, Удирдлагын академийн холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.

 

 

“Монгол Улсын Засгийн газрын 100 хоног”  ажлын тайлантай энд дарж танилцана уу.

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

Төслийн дугаар:  5483-MN

Зөвлөх үйлчилгээний нэр:  Төрийн албаны онлайн сургалтын платформ хөгжүүлэх.

Зөвлөх үйлчилгээний дугаар:  CQS-2.5.6

 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго нь Төрийн албаны онлайн сургалтын платформыг хөгжүүлж хүлээлгэн өгнө.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй байгууллага уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

Шалгуурын хураангуй:

  • Сүүлийн 3 жилийн (2018 оны 1 дүгээр сараас тооцох) хугацаанд цахим сургалтын систем хөгжүүлж нэвтрүүлсэн 1 гэрээг амжилттай хэрэгжүүлсэн байна. (Нотлох баримт гэрээний хувь, ажил хүлээлцэх акт ирүүлнэ.)
  • Сүүлийн 3 жилийн (2018 оны 1 дүгээр сараас тооцох) хугацаанд вэб дээр суурилсан систем болон мобайл аппликэшн хөгжүүлж нэвтрүүлсэн 2 гэрээг амжилттай хэрэгжүүлсэн байна. (Нотлох баримт гэрээний хувь, ажил хүлээлцэх акт ирүүлнэ.)

Ажлын даалгаврын англи хувилбарыг энд, монгол хувилбарыг энд дарж үзнэ үү.

“Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан хосолмол үнэлгээний аргыг ашиглана.

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ доор дурдсан хаягаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.

Зөвлөх үйлчилгээг 3 сарын хугацаанд Улаанбаатар хотод  хийж гүйцэтгэнэ.

 

Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2Б байр, Үндэсний хөгжлийн газар 303 тоот

Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ

Утас: +976-51264870

Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn

 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын санаачлагаар Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT төсөлтэй хамтран боловсруулсан “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт цахим сургалтыг танилцуулж байна.

Энэхүү цахим сургалтад хамрагдснаар Засгийн газрын 2020 оны 206, 216, 217, 218 дугаар тогтоолоор батлагдсан журам болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалаар батлагдсан загвар, аргачлалтай танилцах боломжтой.

Та “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт цахим сургалтын бүх сэдвүүдийг судалж, шалгалтыг амжилттай өгснөөр цахим гэрчилгээ авах нөхцөл бүрдэнэ.

Цахим сургалтын хаяг: http://surgalt.unelgee.gov.mn

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.