Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин ажиллана.
Авлигатай тэмцэх таван ажиллагаа:
Нэг. Шүгэл ажиллагаа
● Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлуулах;
● Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах;
● Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах.
Хоёр. Шүүр ажиллагаа
● Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
● Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх;
● Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах;
● Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх
Гурав. Шувуу ажиллагаа
● Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх;
● Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
● Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.
Дөрөв. Шилжүүлэн авах ажиллагаа
● Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах;
● Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх.
Тав. Шил ажиллагаа
● Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох;
● Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах;
● Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх;
● Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжинэ.
Энэхүү таван “Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж үзэж байна.
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг
шалгарууллаа
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олон шалгарлаа. Энэ жил 21 аймгийн 170 сумын 195 багаас улсын аварга малчинд 208, Улсын хошой аварга малчинд 20, улсын аварга саальчинд 10, улсын аварга фермерт 12 нийт 250 хүнийг тодорхойлон ирүүлсэн. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер шалгаруулах журмын 34 шалгуур үзүүлэлтийн дагуу орон нутгаас ирүүлсэн малчдыг шалгаруулж, тус журмын шаардлагыг хангаж хамгийн өндөр оноо авсан 10 малчныг улсын хошой аварга, 140 малчныг улсын аварга малчин, зургаан саальчныг улсын аварга саальчин, есөн фермерийг улсын аварга фермерээр шалгарууллаа.
Мөн 2022 онд тариалангийн салбарт гаргасан ажлын амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж амжилтаараа тэргүүлсэн 12 аймгийн нийт 14 аж ахуйн нэгж, 32 иргэний тодорхойлолт, ажлын амжилтын үзүүлэлтийн талаарх материалыг хүлээн авч журмын дагуу шалгаруулж, 12 шилдэг аж ахуйн нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор, 21 иргэнийг улсын аварга тариаланчаар шалгарууллаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлнэ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхтэй холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.
2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.
Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500.0 (таван зуу) хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.
Ноолуур экспортлогч компаниудын гүйцэтгэлийн болон гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах, барьцаа хөрөнгийн хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор экспортын гэрээ болон агуулах дахь түүхий эдийн үлдэгдлийг барьцаалж экспортын зээл авах, экспортын даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг туршин нэвтрүүлэх, мөн үйлдвэрлэгчдэд олгох зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 13.0 нэгж хүртэл хувийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх зэргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд нар даалгалаа.
Товч мэдээ
· Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмыг баталлаа. Тус журам нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, засаглалыг сайжруулан бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм.
· Тариалангийн бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын тогтоол нэмэлт оруулж, Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг, Зүүнтуруун баг, Давст сумын Хандгайт, Торхилог баг, Зүүнхангай сумын Даланбулаг, Жаргалант баг, Малчин сумын Баянмандал, Баянхайрхан баг, Өндөрхангай сумын Цалуу баг, Сагил сумын нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар баг, Тариалан сумын Хөхөө, Хархираа, Тарвагатай, Бургастай баг, Түргэн сумын нэг, хоёрдугаар баг, Тэс сумын Нурагт баг, Хяргас сумын Хангай багийг нэмлээ.
· Боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг 2023 оны нэгдүгээр сараас 2024 оныг дуусталх хугацаанд экспортод гаргана.
Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн намуудын санхүүжилт, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай
“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тус арга хэмжээнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид Та бүхэнд баярлалаа.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.
Уул уурхай тэр дундаа нүүрс, зэс дагасан далд эдийн засгийг ил болгож, төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай Монголчууд Та бид хамтдаа нүүр тулж байна.
Авлигын хөрсөнд ургасан хогийн ургамлыг таслах ажлыг Засгийн газар эхний “4 Ш” буюу шүгэл үлээх, шүүр, шувуу, шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд олон нийтийн дэмжлэгтэйгээр далайцтай шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээгчийн тухай хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ хаврын чуулганаар өргөн барьж батлуулна.
“Шувуу” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад пасспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлага тохиолдолд Улсын Их Хуралд оруулна.
Харин өнөөдрийн “Шилэн нам” хэлэлцүүлэг нь авлига ургаж буй хөрсийг орвонгоор нь өөрчлөх реформын эхлэл гэдгээрээ хамгийн чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Ерөнхий сайд, эрх баригч намын даргын хувьд Эх орончдын өдөр бол тэмдэглэлт баяр гэхээс илүүтэйгээр, нийгэмд тулгамдаж буй системийн авлигыг нам харгалзахгүйгээр тэмцэх эх оронч үзэл санааны нэгдэл хэмээн үзэж байна.
Бид сайхан ярьж, бие биедээ мэндчилгээ дэвшүүлж, цэцэг өргөсөөр удлаа. Одоо үнэнээ ярилцаж, цаг алдалгүй бодит шийдэл гаргах нь Монголын ирээдүйд илүү тустай билээ.
Өнөөдөр би товч байдлаар тодорхой хоёр асуудлыг энэхүү хэлэлцүүлгийн эхэнд дурдъя.
Нэг. Сонгуулийн тогтолцоо
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, тойргийн эрх ашиг, нутгийн томилгоо, хатуу гишүүнчлэл, мөнгөний сүлжээний чөтгөрийн тойргоос гарч, тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах парламентын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн сегмент бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байна. Гагцхүү улс төрийн намуудын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт ойлгон дэмжиж, намын жагсаалтын ард авлигачид, нэр хүндгүй улс төрчид халхавчлан орж ирэх боломжийг таслан зогсоох эрхзүйн орчныг Та бид сонгодог парламент бүхий бусад улс орнуудын сайн жишигт тулгуурлан хамтдаа бүрдүүлэх учиртай.
Нэг нам давамгайлсан үед сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй.
Хоёр. Улс төрийн намын тухай хууль ба санхүүжилт
Улс төрийн намын тухай хууль хэт ерөнхий, билэгдлийн байна. Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популист амлалт газар авч, хөгжлийн төслүүд гацаж, урт хугацааны бодлого, засаглалын нэн тогтворгүй 30 жил болж өнгөрлөө.
Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй биз ээ.
Энэ нь Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг үйлдлүүдээс нэгэнт ил болж, асуудлыг хэлбэрийн биш агуулгын түвшинд, тогтолцооны түвшинд авч үзэхээс аргагүй боллоо.
Бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг томрох тусам системийн авлигын гажуудал ардчилсан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан эрх чөлөөг худалдан авах, эс бөгөөс бусдад худалдах эрсдэл үүсгэнэ.
Тиймээс хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг нээлттэй мэтгэлцээнд тулгуурласан сонгуулийн эрхзүйн орчныг бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн далд тогтолцооны хариуцлагыг чангатгах боломжтой гэж үзэж байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх оронч байна гэдэг нийтийн эрх ашгийн төлөө авилгаас ангид байхаас л эхлэх билээ.
Өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА, Транспарэнси Интернэшнл Монгол байгууллагуудын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Авлигын эсрэг парламентын бүлэг буюу МОНПАК-ыг миний бие ахалж байхдаа “Шилэн нам” хэлэлцүүлгийг хоёр ч удаа зохион байгуулж, улс орнуудын шилдэг туршлага, эрхзүйн орчны шинжилгээг Та бүхэнтэй хамт хийж байсан.
Өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Та бүхний оюунаа уралдуулж, олон жил ярьсан асуудлыг бодит ажил хэрэг болгохын тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Монгол Улсад улс төрийн намууд “шилэн” болж, сонгуулийн санхүүжилт “ил тод” болж чадвал Монгол Улсын ирээдүй илүү гэрэл гэгээтэй болж, системийн авлига тасрах хөрс суурь бүрдэж, ил тод чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг тэлнэ.
Цар тахлын үед -4.7 хувь агшсан Монгол Улсын эдийн засаг 2022 оны төгсгөлд 4.8 хувийн өсөлттэй гарлаа.
Цаашид уул уурхайн далд эдийн засгийг ил болгож, системийн авилгын гинжин хэлхээг тасалж чадвал эдийн засаг, хөрөнгө оруулалт идэвхижиж ирэх 2-3 жилд эдийн засаг багадаа хоёр дахин тэлж, 40 их наядын эдийн засаг 60-80 их наядын эргэлттэй болно гэдэг тооцооллыг Засгийн газар гаргаад байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлье.
Эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсье.
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” хэрэгжүүлнэ
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоож, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан компанийн дүрэмд зохих нэмэлт өөрчлөлт оруулж батлуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгалаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой барьж байгуулах үйл ажиллагаанд хариуцсан салбарын бодлоготой уялдуулан чиглэл өгч, хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт даалгав.
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.
Журмын хүрээнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна.
Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин бусад байдлаар худалдан борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлжээ. Мөн журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэжээ.
Эдгээр хэрэгцээ шаардлагын хүрээнд Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал эсхүл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилж, арилжааны дэнчинг 10 хувиас таван хувь болгож бууруулахаар тогтлоо.
С.Бямбацогт: 2023 онд арав орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар болон Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус дэмжиж, эдгээр хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д Агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх буудлыг олон улсын зангилаа болгох зорилтууд тусгагдсан. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх нэг гол салбар бол аялал жуулчлал. Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам ая тухтай агаарын тээвэр, хямд тийз-хүртээмжтэй нислэг гэсэн бодлого, зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм. Агаарын тээврийг либералчлах, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 39 оронтой Агаарын харилцааны хэлэлцээртэй бол 2023 онд 10 орчим улстай шинээр хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ.
“2023 онд АНУ болон Австрали Улстай “Опен скай” агаарын хэлэлцээр байгуулна. Мөн энэ оны эхний хагаст Грек, Унгар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Эдгээр хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс дэлхийн агаарын тээврийн зангилаа цэгүүдтэй ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, бүрэн чөлөөтэй нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдэнэ” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ.
“Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно
Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14,15-нд зохион байгуулахаар боллоо.
Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллана.
Ч.Хүрэлбаатар: Манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оныхоос өндөр байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо.
Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-тай хэрэгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлалын зорилго байв.
Ерөнхий сайд Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Энэ үеэр тус сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг хүссэн. Ерөнхий сайд эдгээр асуудалд анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгоод Засгийн газрын хуралдаанд 30 хоногийн хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх,Элчин сайдын яам, Консулын газарт ТҮЦ машин ажиллуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгав.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар зээл биш гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр гол уулзалтууд хийсэн. Манай улсад зээл биш шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй. 2022 онд манай улсын эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрч сайжирсан. 2023 онд экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд сайн байх нь. Эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оныхоос өндөр байна гэж төсөөлж байна гэж хэллээ.
Товч мэдээ
· Ази тивийн физикийн 23 дугаар олимпиадыг 2023 оны тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулна. Олимпиадыг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
· Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гарган Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Тус бага хурлыг Хөшигийн хөндийд зохион байгуулах шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.
Парламентын засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг хийж буй Ерөнхий сайдын тэмцлийг дэмжихээ АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. Тиймээс улс орноо гэр гэж зүйрлэвэл тооно тулж байгаа хоёр баганын нэг болох Ардчилсан намын удирдлагын маргаан шийдэгдлээ. Өнгөрсөн 30 жилийн улс төр, эдийн засгийн алдаа оноог МАН, АН хамтдаа эргэн дүгнэж, алдаа, оноогоо засаад урагшлах ёстой. Тиймээс цаашид Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны гажуудлыг засахад чиглэсэн Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Үүнд улс төрийн намууд, иргэдийн оролцоо маш чухал үүрэгтэй. Ялангуяа АН-ын дарга эдгээр асуудалд санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.
Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийлэв.
Сөрөг хүчний хувьд сайныг дэмжиж, саарыг шүүмжилж ажиллахаас гадна олон жил ужгирсан тогтолцооны өөрчлөлтийг хийж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг парламентад оруулж ирэхийн төлөө улс төрийн намууд гүүр нь болж ажиллах ёстой. Тиймээс АН-ын зүгээс ардчилсан парламентыг бэхжүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг бүрдүүлэхэд МАН-тай санал нэг буйгаа илэрхийллээ.
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээг эхлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү байлцлаа.
Дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
1. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав.
Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулахад чиглэсэн хамтарсан судалгааг 2021 онд дуусгасан бөгөөд дотоодын процедураа хангаж, ажлын даалгавраа тохиролцсоноор хэлэлцээрийн төслийн яриа, хэлэлцээг эхлүүлнэ.
2. Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав.
Санамж бичгийг байгуулснаар газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор хамтарсан судалгаа явуулах, хүний нөөцийн харилцан солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт болон ховор металлын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Судалгааны төв байгуулна.
3. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын суурь хэлэлцээрт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрийн дагуу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтарсан хороо байгуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон хөгжлийг цогцлооход хамтран ажиллана. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
4. Цэргийн нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав.
Талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд цэргийн нууцын зэрэглэл бүхий мэдээллийг харилцан хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Батлан хамгаалах салбарт албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
5. Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2023-2026 оны Соёлын солилцооны хөтөлбөрт Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён гарын үсэг зурав.
Соёл, урлаг, кино үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, хөгжмийн салбарт мэргэжилтэн, уран бүтээлчдийг харилцан сургах, солилцох, хамтын бүтээл туурвих, туршлага солилцох, хоёр улсад зохион байгуулагдах олон улсын урлагийн наадам, симпозиум, семинар болон бусад үйл ажиллагаанд уран бүтээлч, төлөөлөгчдийг харилцан оролцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
6. Хот байгуулалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлагийн захирагч Ли Сан Рэ гарын үсэг зурав.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилгод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын “Орхоны хөндий”, “Хөшигийн хөндий”-д ухаалаг, шинэ хот байгуулахад хамтран ажиллана.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГАД БАРААЛХЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-д бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын төр, Засгийн газар Монголын төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлж, энэ өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажилллагааг шинэ шатанд гарган эрчимжүүлэхээр тогтож, хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэн бэхжүүлэхэд Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг нотлов.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлийн өндөр түвшинд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Монгол Улс БНСУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй болохыг онцолж, хэл соёл, зан заншилын хувьд ижил төстэй зүйл их байгаа нь ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хөшүүрэг болж буйг тэмдэглэв.
Энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, БНСУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, худалдааны саад тотгорыг багасгах зорилгоор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх, хоёр талын хэлэлцээний багийг байгуулж ажиллахаар тохирч, энэ чиглэлд хамтран ажиллах тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсныг сайшааж, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллах болсныг өндрөөр үнэлэв. БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс эдгээр чухал гэрээ хэлэлцээрийг эцэслэн байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын төр, Засгийн газрын бодлоготой уялдуулан дэд бүтэц, тээвэр логистик, аж үйлдвэрлэлийн чиглэлээр харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, газрын ховор элемент, нэмүү өртөг шингэсэн хагас дамжуулагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг чиглэлээр үр ашигтай хамтран ажиллахаар болсныг Парламентын түвшинд дэмжиж ажиллахаар боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, ойрын хугацаанд иргэд харилцан визгүй зорчдог болох чиглэлд БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс тусгайлан анхаарч ажиллахыг хүсэв. Иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр хүн хоорондын харилцаа, бизнес, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоо, үйл ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг эерэг үр дагавартайг онцлоод визийн зөрчил зэрэг хоёр талын хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг урагшлуулан хамтран ажиллахаар болов.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОГ ЁЛЬ-Д БАРААЛХАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилга бүхий захидлыг гардуулж өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв.
Мөн хоёр улсын эдийн засгийн агуулгыг баяжуулах хүрээнд Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот сэргээн байгуулах, Хөшигийн хөндийд дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тогтсон нь айлчлалын чухал үр дүн болсныг онцоллоо.
Уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга болон цөлжилттэй тэмцэх зэрэг ногоон хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийв.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд түүний халуун дотно мэндчилгээг уламжлахыг хүсээд, Монгол Улсад айлчлах урилгыг талархалтай хүлээн авч буйгаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалд өндөр амжилт хүслээ.
Ерөнхийлөгч Юн Сог Ёль ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд БНСУ-ын төр, Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон иргэд солилцоо, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ нотлов. Ерөнхийлөгч Юн Сог Ёль “Дэлхийн ЭКСПО-2030” зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Монгол Улс Пусан хотыг дэмжих шийдвэр гаргасанд гүн талархал илэрхийлэв. Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангахад хоёр улс үргэлжлүүлэн хүчин чармайлт гарган ажиллахын чухлыг талууд тэмдэглэж, Монгол Улсын санаачилсан бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г БНСУ цаашид ч дэмжиж, өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахаа тэмдэглэв.
Талууд хоёр улсын иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал хөшүүрэг болно гэдэгт санал нэгдэж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд хоёр талын холбогдох байгууллага хооронд хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэлээ.
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин ажиллана.
Авлигатай тэмцэх таван ажиллагаа:
Нэг. Шүгэл ажиллагаа
● Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлуулах;
● Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах;
● Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах.
Хоёр. Шүүр ажиллагаа
● Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
● Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх;
● Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах;
● Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх
Гурав. Шувуу ажиллагаа
● Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх;
● Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
● Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.
Дөрөв. Шилжүүлэн авах ажиллагаа
● Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах;
● Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх.
Тав. Шил ажиллагаа
● Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох;
● Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах;
● Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх;
● Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжинэ.
Энэхүү таван “Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж үзэж байна.
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг
шалгарууллаа
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олон шалгарлаа. Энэ жил 21 аймгийн 170 сумын 195 багаас улсын аварга малчинд 208, Улсын хошой аварга малчинд 20, улсын аварга саальчинд 10, улсын аварга фермерт 12 нийт 250 хүнийг тодорхойлон ирүүлсэн. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер шалгаруулах журмын 34 шалгуур үзүүлэлтийн дагуу орон нутгаас ирүүлсэн малчдыг шалгаруулж, тус журмын шаардлагыг хангаж хамгийн өндөр оноо авсан 10 малчныг улсын хошой аварга, 140 малчныг улсын аварга малчин, зургаан саальчныг улсын аварга саальчин, есөн фермерийг улсын аварга фермерээр шалгарууллаа.
Мөн 2022 онд тариалангийн салбарт гаргасан ажлын амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж амжилтаараа тэргүүлсэн 12 аймгийн нийт 14 аж ахуйн нэгж, 32 иргэний тодорхойлолт, ажлын амжилтын үзүүлэлтийн талаарх материалыг хүлээн авч журмын дагуу шалгаруулж, 12 шилдэг аж ахуйн нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор, 21 иргэнийг улсын аварга тариаланчаар шалгарууллаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлнэ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхтэй холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.
2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.
Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500.0 (таван зуу) хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.
Ноолуур экспортлогч компаниудын гүйцэтгэлийн болон гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах, барьцаа хөрөнгийн хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор экспортын гэрээ болон агуулах дахь түүхий эдийн үлдэгдлийг барьцаалж экспортын зээл авах, экспортын даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг туршин нэвтрүүлэх, мөн үйлдвэрлэгчдэд олгох зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 13.0 нэгж хүртэл хувийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх зэргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд нар даалгалаа.
Товч мэдээ
· Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмыг баталлаа. Тус журам нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, засаглалыг сайжруулан бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм.
· Тариалангийн бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын тогтоол нэмэлт оруулж, Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг, Зүүнтуруун баг, Давст сумын Хандгайт, Торхилог баг, Зүүнхангай сумын Даланбулаг, Жаргалант баг, Малчин сумын Баянмандал, Баянхайрхан баг, Өндөрхангай сумын Цалуу баг, Сагил сумын нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар баг, Тариалан сумын Хөхөө, Хархираа, Тарвагатай, Бургастай баг, Түргэн сумын нэг, хоёрдугаар баг, Тэс сумын Нурагт баг, Хяргас сумын Хангай багийг нэмлээ.
· Боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг 2023 оны нэгдүгээр сараас 2024 оныг дуусталх хугацаанд экспортод гаргана.
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олны нэрс
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа. Улсын аваргуудын нэрсийг зарлаж байна.
1. “Улсын аварга малчин”-аар:
– Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Жанчиврэнцэнгийн Мөнхдэлгэр, Цэцэрлэг сумын Хужирт багийн малчин Дэмидийн Очирхуяг, Булган сумын Зуунмод багийн малчин Ядамсүрэнгийн Баярболд, Эрдэнэбулган сумын Цагаан дэл багийн малчин Чойнхорын Асарбат, Ихтамир сумын Бугат багийн малчин Нацагдоржийн Төмөр, Чулуут сумын Зуунмод багийн малчин Чойжанцангийн Жамбалнямбуу, Өндөр-Улаан сумын Бэлхи багийн малчин Чимэдравдангийн Дамдинсүрэн, Өлзийт сумын Ямаат багийн малчин Нямдаагийн Ганбаатар;
– Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хонгор өлөн багийн малчин Ханапиягийн Жайдары, Сагсай сумын Дунд-Уул багийн малчин Мендейн Ермурат, Алтай сумын Хар нуур багийн малчин Баасанхүүгийн Батсуурь, Алтанцөгц сумын Хаш багийн малчин Рымханы Самархан, Буянт сумын Хөлцөөт багийн малчин Баастын Жүүхүү, Цэнгэл сумын Хар-Уул багийн малчин Мугайн Энх-Уял;
– Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Цэнгэл багийн малчин Бадилусын Батнасан, Баацагаан сумын Баянбулаг багийн малчин Чимэдийн Батсүх, Баян-Овоо сумын Уранхайрхан багийн малчин ДамдингийнЭнхтуяа, Баянцагаан сумын Гичгэнэ багийн малчин Гүндсамбын Мөнгөнтулга, Бууцагаан сумын Наран багийн малчин Бямбажавын Ганболд, Галуут сумын Хайрхан багийн малчин Нямсүрэнгийн Бат-Эрдэнэ, Жаргалант сумын Өлзийт өндөр багийн малчин Балданхорлоогийн Жүгдэр, Галуут сумын Баян нуур багийн малчин Пүрэвдагвын Дашдулам;
– Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Очирзавын Мөнхбат, Гурванбулаг сумын Агьт багийн малчин Нямсүрэнгийн Мөнхбат, Орхон сумын Халиун багийн малчин Бямбын Амгаланбаатар, Сайхан сумын Мануулт багийн малчин Пүрэвсүрэнгийн Болдбаатар, Хангал сумын Сөрт багийн малчин Бадарчийн Пүрэвжав, Могод сумын Баянгол багийн малчин Болдын Энхтүвшин, Бүрэгхангай сумын Цахт багийн малчин Гэнэнгийн Ядам, Тэшиг сумын Хужирт багийн малчин Дэмбэрэлийн Эрдэнэ-Очир;
– Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн малчин Дэндэвийн Мөнх, Халиун сумын Гүү бариач багийн малчин Гэсэрийн Орсоо, Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Охины Батаа, Бугат сумын Биж багийн малчин Ногооны Нанжид, Чандмань сумын Өлзийт багийн малчин Чилхаагийн Довчин, Хөхморьт сумын Завхан гол багийн малчин Санжжавын Даваажав, Дэлгэр сумын Баян буурал багийн малчин Наранцэцэгийн Сүрэнхорол, Шарга сумын Сундуулт багийн малчин Пэрэнлэйн Ганбаатар;
– Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн малчин Доржпаламын Батболд, Сүмбэр сумын Тэвш багийн малчин Лхагвагийн Эрдэнэтогтох;
– Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Ёндонгийн Жамсранжав, Хонгор сумын Зулзага багийн малчин Норслойн Баттулга, Хонгор сумын Зулзага багийн малчин Тэгшсамбуугийн Эрдэнэсүрэн;
– Дорнод аймгийн Гурванзагал сумын Цагаан хошуу багийн малчин Сүхээгийн Бат-Очир, Цагаан-Овоо сумын Хүрээт багийн малчин Цагаандамдингийн Сайнбилэг, Баяндун сумын Түргэн багийн малчин Нямсүрэнгийн Төвшинтөгс, Матад сумын Жаргалант багийн малчин Володъяагийн Батхүү, Булган сумын Чулуут багийн малчин Бадрахын Даваажаргал, Халхгол сумын Ялалт багийн малчин Рагчаагийн Балжинням, Баян-Уул сумын Хар чулуут багийн малчин Батжаргалын Мөнх-Эрдэнэ, Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн малчин Чимэдийн Цоггэрэл, Чойбалсан сумын Энгэр шанд багийн малчин Дамдингийн Цэрэндорж;
– Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баян богд багийн малчин Дүгэрсүрэнгийн Баттогтох, Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Амгалангийн Гантөмөр, Эрдэнэ сумын Еншөөв багийн малчин Банзрагчийн Болдбаатар, Хөвсгөл сумын Элст багийн малчин Лхамсүрэнгийн Доржийваанчиг, Сайхандулаан сумын Улаан шороот багийн малчин Цэцэгийн Сумъяабаатар, Иххэт сумын Баян багийн малчин Чулууны Батсайхан, Дэлгэрэх сумын Цагаан хад багийн малчин Дүүдаваагийн Цэнджав;
– Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурван сайхан багийн малчин Бадамгаравын Цэрэнлхам, Өлзийт сумын Дэрт багийн малчин Цэвээнмэдийн Батжаргал, Сайхан-Овоо сумын Төгрөг багийн малчин Эрдэнэноровын Болор-Эрдэнэ, Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин Бандагсүрэнгийн Дуламрагчаа, Эрдэнэдалай сумын Цавчир багийн малчин Пүрэвдоржийн Энхбат, Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин Гангарын Гансүх, Хулд сумын Олдох багийн малчин Батчулууны Цогтбаатар;
– Завхан аймгийн Ургамал сумын Тосгуур багийн малчин Сүхбаатарын Баярмагнай, Их-Уул сумын Зарт багийн малчин Чимэдцогзолын Мягмарсүрэн, Ургамал сумын Нуур зөөхий багийн малчин Чимэдцэрэнгийн Цэвэгдорж, Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Балжирын Мэндбаяр, Завханмандал сумын Олон булаг багийн Базарын Баттөр, Цагаанчулуут сумын Жавцаг багийн малчин Цээхүүгийн Нямхүү;
– Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Хасбаатарын Эрдэнэболд;
– Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн малчин Хүүдэгийн Отгондүү, Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Дорж-Адъяагийн Рэнцэндорж, Баяндалай сумын Төхөм багийн малчин Базарын Чинзориг, Цогт-Овоо сумын Бор тээг багийн малчин Буянтын Тайван, Гурвантэс сумын Баясах багийн малчин Саранцэцэгийн Даваацэрэн;
– Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн малчин Адъяабазарын Батбаатар, Есөнзүйл сумын Тахилга багийн малчин Одсүрэнгийн Мягмар, Баян-Өндөр сумын Өвөр зүлэгт багийн малчин Бямбын Ханбүргэд, Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн малчин Лхагвасүрэнгийн Пүрэв, Хайрхандулаан сумын Эмээлт багийн малчин Доржготовын Батбаяр, Хужирт сумын Дулаан багийн малчин Жамъянгийн Цэрэндорж, Өлзийт сумын Бор хошуу багийн малчин Цэрмээгийн Отгоннасан, Гучин-Ус сумын Аргалант багийн малчин Жамбалын Баттөр;
– Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багийн малчин Лүмбэндашийн Отгонбаяр, Сүхбаатар сумын Хулгар багийн малчин Батболдын Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын Хөндлөн халайс багийн малчин Ганжуурын Бөхчулуун, Онгон сумын Нүдэн багийн малчин Гомбын Гонгор, Сүхбаатар сумын Баянгол багийн малчин Цэндийн Ариунбаатар, Баяндэлгэр сумын Хонгор багийн малчин Цэрэнжавын Эрхэмбаяр, Баяндэлгэр сумын Баян багийн малчин Чүлтэмийн Чинбаатар;
– Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн малчин Буякагийн Жаргалсайхан, Баруунбүрэн сумын Бургалтай багийн малчин Мягмарын Элдэв-Очир;
– Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга багийн малчин Моломнүрдэвийн Бүрэнзэвсэг, Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Ёлхорын Балжинням, Баянжаргалан сумын Жаргалант багийн малчин Гомбодоржийн Эрдэнэчулуун, Заамар сумын Төмстий багийн малчин Цэгмидийн Хүрэлбаатар, Лүн сумын Цагаан-Уул багийн малчин Нямхүүгийн Баярболд, Эрдэнэсант сумын Баргилт багийн малчин Галсандоржийн Бархасбаатар, Эрдэнэсант сумын Угалзат багийн малчин Чагнаагийн Пүрэвдорж, Бүрэн сумын Монгол багийн малчин Тогмидын Дамбадаржаа, Баян-Өнжүүл сумын 2 дугаар багийн малчин Дашийн Эрдэнэ-Очир;
– Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн малчин Ягааны Аюуш, Сагил сумын Баянзүрх багийн малчин Хэнзээгийн Батсуурь, Өмнөговь сумын Баянгол багийн малчин Жавын Бат-Орших, Ховд сумын Халиунбулаг багийн малчин Түнжингийн Уртнасан, Зүүнговь сумын Суврага багийн малчин Лувсангийн Заан, Улаангом сумын 8 дугаар багийн малчин Цэвээний Ядамцоо, Улаангом сумын 2 дугаар багийн малчин Батчулууны Түмэнжаргал, Давст сумын Торхилог багийн малчин Сономын Баянмөнх, Тэс сумын Нуур эхэн багийн малчин Пүрэвжавын Баяраа;
– Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн малчин Ядмаагийн Энхболд, Чандмань сумын Жаргалант багийн малчин Дарьнямын Даваахүү, Дөргөн сумын Аргалант багийн малчин Даваагийн Самданцоодол, Дарви сумын Мөрөн багийн малчин Дүүрэнбатын Хуягаа, Мөст сумын Цэцэг гол багийн малчин Дингаагийн Эрдэнээ, Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Нацагийн Лхагвасүрэн, Манхан сумын Зэрэг гол багийн малчин Хандаагийн Бямбажав, Зэрэг сумын Бургасан багийн малчин Калийн Нямдорж;
– Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Орсоогийн Давааням, Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн малчин Сандагийн Эрдэнэбат, Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн малчин Пүрэвжавын Бат-Эрдэнэ, Жаргалант сумын Цагаанбургас багийн малчин Чагнаадоржийн Алтангэрэл, Мөрөн сумын Үерт багийн малчин Түчилравдангийн Ганболд, Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн малчин Намжилын Мөнхбат, Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн малчин Чулууны Баатар, Шинэ-Идэр сумын Нүхт багийн малчин Дондовын Дашдондог, Төмөрбулаг сумын Тариат багийн Баярын Энхдалай;
– Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн малчин Ням-Очирын Гансүх, Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Шарбандийн Цогт-Очир, Батноров сумын Баянбулаг багийн малчин Шагдарсүрэнгийн Рэнчиндорж, Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Жамъяншаравын Лхагва, Батширээт сумын Хурх багийн малчин Сандагийн Дашсүрэн, Өмнөдэлгэр сумын Чандгана багийн малчин Далхын Гонгоржав, Дархан сумын Шажин багийн малчин Ойдовын Отгонбаяр, Хэрлэн сумын Тахилгат багийн малчин Төмөрийн Сэдэд, Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Цаниагийн Энхбат;
– Улаанбаатар хотын Багануур дүүргийн малчин Жаргалын Баттулга
2. “Улсын хошой аварга малчин”-аар:
– Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн малчин Жамъяашаравын Лоохууз;
– Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямбаа;
– Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Дамдинсүрэнгийн Бямбаа;
– Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн малчин Галягийн Бүдсүрэн;
– Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Гомбосүрэнгийн Батбаяр ;
– Сүхбаатар аймгийн Халзан сумын Халзан шанд багийн малчин Жамсранжавын Отгонбаатар;
– Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн малчин Луугийн Лхагвасүрэн;
– Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпагма;
– Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баян нуур багийн малчин Лааганы Шаравдорж;
– Хэнтий аймгийн Батноров сумын Эрдэнэ чандмань багийн малчин Дугарын Наранчимэг;
3. “Улсын аварга саальчин”-аар:
– Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Ширбазарын Эрдэнэсувд;
– Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн малчин Ёндонжамцын Хонгорзул;
– Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Пагвын Мөнхдөл;
– Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн малчин Дашзэвэгийн Нарангэрэл;
– Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Бадамдоржийн Батсайхан;
– Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Гомбын Отгон;
4. “Улсын аварга фермер”-ээр:
– Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн фермер Жагарын Адилбиш;
– Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн фермер “Их мориг” ХХК;
– Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн фермер Базарвааний Батсүх;
– Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн фермер Цэрэндолгорын Даваадорж;
– Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн фермер Дэлгэрмаагийн Мөнхбадрах;
– Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн фермер Бадарчийн Батсуурь;
– Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Сүхчулууны Түмэнжаргал;
– Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер Пүрэвийн Сундуй;
– Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хорооны фермер Батчулууны Отгонтөгс;
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор:
– Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Улаан буудайн эх газар” ХХК; “Гурванборхууд” ХХК;
– Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундрага” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК, Орхон сумын “Мөнх-Орхон” ХХК, Хушаат сумын “Элит-үр” ХХК, “Арсэвд могойт” ХХК, “Өгөөжмандал уул” ХХК;
– Төв аймгийн Жаргалант сумын “Хонгор буудай” ХХК; Аргалант сумын “Хосбэрс” ХХК, Эрдэнэсант сумын “Дөлгөөнбат хаан” ХХК;
– Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Прологсистемс” ХХК;
“Улсын аварга тариаланч”-аар:
– Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Сахайны Бахытжан;
– Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Хүдэрчулууны Шижирбаатар;
– Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Мухарын Нямсүрэн;
– Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Бадарчийн Пүрэв;
– Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Дугарсүрэнгийн Мөнхцэцэг; Баяндун сумын иргэн Балжнямын Даваасүрэн;
– Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Загдсүрэнгийн Лодой;
– Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Дорлигийн Пагма;
– Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Намсрайн Оюун-Эрдэнэ, Базилханы Хуандаг;
– Хэнтий аймгийн Дадал сумын иргэн Бадарчингийн Оюунтуяа;
– Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Сумъяагийн Сүхбаатар
– Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн Цэвэгжавын Батдорж;
– Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам өгөөж” ХХК-ийн механикжуулагч Дашдэлэгийн Пүрэвдорж;
– Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Шаргалтариа” ХХК-ийн механикжуулагч Догсомын Ганбат; Орхонтуул сумын “Орхон тариа” ХХК-ийн механикжуулагч Батсуурийн Батдорж;
– Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөхбүрд” ХХК-ийн механикжуулагч Эрдэнэдалайгийн Даваажаргал;
– Орхон аймгийн Жаргалант сумын “Алтантошлой” ХХК-ийн механикжуулагч Энхтайвны Мөнхтулга,
– Төв аймгийн Цээл сумын “Цээлийн хур” ХХК-ийн механикжуулагч Дүүгийдоогийн Ганбаатар; Угтаалцайдам сумын “Ёл тариа” ХХК-ийн механикжуулагч Лувсаншаравын Лхагвасүрэн; Жаргалант сумын “Алтан залаа” ХХК-ийн механикжуулагч Гомбын Баатарсүх;
Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцуулна
Хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2023 оны хоёрдугаар сарын 07) шийдвэрлэлээ.
Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй багаа оролцуулна. Мөн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал, аврах багийн хэрэгсэл илгээнэ.
Олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох баг, бүрэлдэхүүний бэлтгэлийг хангах, аврах багийн бүрэлдэхүүн болон хүмүүнлэгийн тусламжийг гамшгийн голомтод шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болголоо.
Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.