Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсны  хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн  2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчилж, нийт 71 албан тушаал дахь 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дууслаа.
Бүртгэл нэгдүгээр сарын 02-16-нд үргэлжилсэн бөгөөд давхардсан тоогоор 3,544 анкет ирүүлж, 2,955 хүн бүртгүүлсэн. Сорилын шалгалтад 2,084 бүртгүүлэгч оролцох урилга хүлээн авч, 1,215 хүн оролцсон байна. Тус шалгалтын агуулгыг Төрийн албаны зөвлөл, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв, их, дээд сургуулийн багш, эрдэмтдийн төлөөлөл бүрдсэн дэд ажлын хэсэг боловсруулжээ.
Ярилцлагын үе шатыг Монголын Үндэсний Худалдааны Аж үйлдвэрийн танхим удирдаж, хувийн хэвшил, төр, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл бүхий 30 ярилцагч оролцсон байна. Нэг ажлын байрт сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав орчим буюу нийт 434 хүнийг ярилцлагад урьж, хамгийн өндөр оноо авсан горилогчдыг “Эрдэнэс Монгол” ХХК-д хүлээлгэн өгчээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт шинээр томилогдож буй газрын ахлах менежер, менежерүүдийг танилцууллаа. Шалгарсан оролцогчдын зүгээс сонгон шалгаруулалтыг нээлттэй бөгөөд шударга зохион байгуулж чадсан гэдгийг онцлов.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод ажиллах, хүнд суртлыг арилгах зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг олон талт оролцоотойгоор хийж чадсан нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлж чадсан”-ыг тодотголоо.
Ярилцлагын үе шатыг зохион байгуулсан төлөөллөөс МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй, төлөөлөл бүрийн оролцоотойгоор явуулсан нь хязгаарлагдмал, ил тод бус байдаг гэдэг шүүмжлэлийг үгүйсгэж, жишиг болохуйц үйл явдал болсон” гэж илэрхийллээ.
Тиймээс төрийн өмчит компаниудын хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ийм жишгээр хийхээр төлөвлөж байна. Ингэснээр чадварлаг, мэргэжлийн баг бүрдэж, төрийн өмчит компаниудын засаглал сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, авлига, ашиг сонирхлоос ангид байх боломж бүрдэж байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан “Эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвшөөрлийн зөвлөл”-д төрийн бус байгууллагын төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллагыг сонгохоор нээлттэй зарлаж байна. Төрийн бус байгууллага 2023 оны хоёрдугаар сарын 15-ны дотор ЗГХЭГ-т материалаа шуудангаар ирүүлнэ үү.

Төрийн бус байгууллагад тавих шаардлага:

  1. Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгодоггүй байх;
  2. Сүүлийн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
  3. Тухайн төрийн бус байгууллагын жилийн төсөв нь 300.0 сая төгрөгөөс доошгүй байх.

Төрийн бус байгууллагын бүрдүүлэх материал:

  • Зөвлөлд нэр дэвшүүлэх тухай албан бичиг, нэр дэвшигчдийн жагсаалт, холбогдох материалын хамт;
  • Төрийн бус байгууллагын гэрчилгээ;
  • Төрийн бус байгууллагын дүрэм, дүрмийг баталсан эрх бүхий этгээдийн шийдвэр;
  • Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгодоггүйг нотолсон баримт;
  • Байгууллагын сүүлийн 10 жилийн санхүүгийн аудитлагдсан тайлан.

Тухайн төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлэх этгээдэд тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. 45 насанд хүрсэн байх;
  3. Тухайн төрийн бус байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
  4. Тухайн төрийн бус байгууллагын удирдах албан тушаалд сүүлийн 2-оос доошгүй жил ажилласан байх;
  5. Эдийн засаг, хууль, эрх зүйн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;
  6. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд шинжилгээ хийх чадвартай, Зөвлөлд төрийн бус байгууллагын төлөөллийг хэрэгжүүлэх мэдлэг, туршлагатай байх.

Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:

  • Анкет;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /И-Монголиа системээс/;
  • Удирдах албан тушаалд томилсон шийдвэр;
  • Боловсролын гэрчилгээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.
“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт байна. Эдийн засгийн бусад салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, хөгжүүлэх болон хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах шаардлага байсаар байна.
2021 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 83 хувийг БНХАУ, есөн хувийг  Швейцар болон Сингапур, зургаан хувийг БНСУ болон ОХУ; нийт импортын 33 хувийг БНХАУ, 26 хувийг ОХУ, долоон хувийг  Япон, таван хувийг БНСУ, гурван хувийг ХБНГУ тус тус эзэлж байна. Үүнээс үүдэн экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус экспортыг баримжаалсан, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн, худалдааны түнш орнууд (“Гуравдагч хөрш”-ийн зах зээл рүү нэвтрэх)-ыг нэмэгдүүлэх бодлого шаардлагатай байна.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ. Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтаар хангагдах юм.
Тус агентлаг нь 30 орон тоотой, таван хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна.

Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа
Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмаар технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.
Энэ журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломжийг олгож, төслөө хэрэгжүүлэх тав хүртэлх жилийн хугацаанд Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.
Мөн түүнчлэн, инновацын дэд бүтэц болох технологи дамжуулах төв, хамтын оффисын үйл ажиллагаа идэвхжиж, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална. Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна
Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах журмыг баталлаа.

Товч мэдээ
·      Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, мөн Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн
төслийг тус тус хэлэлцээд, гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
·      Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Захиргаа байгуулахаар шийдвэрлэж, Захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, зохицуулалтаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ноён Ким Жун Гүг Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэв.

Ерөнхий сайд  Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын бодлоготой уялдуулан дагуул хот байгуулах туршлага, байгаль орчин, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

БНСУ-ын Элчин сайд үүрэгт ажлаа авснаас хойш анх удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж буйг онцлоод хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах тэр дундаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгосын аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг БНСУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулахаар төлөвлөж буйг ярилаа.

Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британи Улсад ажлын айлчлал хийж буй Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Британи Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чиглэсэн Британи Улсын аливаа санаачилгыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Британи Улсын зүгээс хөгжиж буй орнуудад зориулсан худалдааны шинэ схем гаргаж, түүний өргөтгөсөн хөтөлбөрт манай улсыг хамруулах шийдвэр гаргасанд талархал илэрхийлсэн юм.
Цаашид Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны бодлого, тэр дундаа Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, энэ хүрээнд “Ухаалаг хот” байгуулах төслийг хэрэгжүүлэхэд Британи Улсаас санхүүжилт авах хүсэлт тавив. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Британи Улсыг хамруулсан 34 улсын иргэдийг визний шаардлагаас чөлөөлсөн болохыг дурдаад монгол иргэд Британи Улсад зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, түүний тулд юуны өмнө дипломат паспорттой иргэдийг визний шаардлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Энэ үеэр Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Рааб Британи Улсын Засгийн газар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чиглэсэн бодлого (Indo-Pacific Tilt)-ынхоо хүрээнд Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгойлон анхаарч буйг дурдаад, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь сайн жишээ болох боломжтой гэж харж буйгаа хэлэв. Тийм ч учраас Британи Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгойлон анхаарал хандуулж буй бөгөөд түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, экспортын санхүүжилтийн асуудлаар санамж бичиг байгуулахыг бүрэн дэмжиж хамтран ажиллаж байна. Цаашид Британийн бизнес эрхлэгчдийн Монгол Улсын зах зээлд нэвтрэх сонирхлыг нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, Британи Улсын туршлага дээр үндэслэн Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Шадар сайд С.Амарсайханы танилцуулсан “Ухаалаг хот” байгуулах төсөл нь Оюу Толгой төслийн адилаар бодит үр дүнгээ өгөх жишиг төсөл байж болохыг дурдаад, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар холбогдох бусад байгууллагуудтай ярилцана гэдгээ мэдэгдэв. Тэрбээр мөн боломж гарвал Монгол Улсад айлчлах сонирхолтой байгаагаа уламжиллаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски болон Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн газрын захирал Вомик Шах нарын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн баригдах хот байгуулалтын дэд бүтцийн төсөл, төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд болон хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн санхүүжилтийн хувилбарууд, өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага болон төсөлд тавигдах нөхцөл, шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.


Британийн парламентын гишүүн, Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски нь Британийн Засгийн газраас худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломжтой гэж тодорхойлсон 58 зах зээлийг хариуцсан 31 худалдааны элчийн нэг бөгөөд Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгаа юм.
Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас өөрийн улсын экспортын бараа, үйлчилгээ оролцсон төслүүдэд зээл, баталгааны механизмаар дамжуулан санхүүжилт олгодог бөгөөд Монгол Улсад хоёр тэрбум фунт стерлинг хүртэлх төслийн санхүүжилтийг олгох боломжтойг дуулгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцож улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цалинг дунджаар 60 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, шаардлагатай техник, хэрэгслүүдэд 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэж, автомашины парк шинэчлэл хийгээд байна. Энэ сараас цагдаа дотоодын цэргийн алба хаагч нэг бүрийн хэрэгслэлийг бүрэн шинэчилж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн алдаа, оноондоо дүгнэлт хийж шинэ 30 жил рүү шилжиж байна. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсээ тодорхойлж боомт, эрчим хүч, аж үйлдвэр, төрийн бүтээмж, хот хөдөө, ногоон хөгжлийн асуудалд төвлөрсөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан хэрэгжүүлж байгааг танилцуулав.

Авлига, баялгийн тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа Монголын нийгэмд газар авсан нь хөгжлийг хязгаарлагч бас нэг томоохон хүчин зүйл болж буй тул Монгол Улсын Засгийн газар үүнд онцгой анхаарч шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн гэлээ. Мөн Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалын эсрэг тууштай тэмцэж, төрийн өмчид эргүүлэн авсан. Дубайн гэрээг цуцалж Оюутолгойн 2,4 тэрбум ам долларын өрийг тэглэж, Хөгжлийн банкны  чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлж, нүүрсний хулгайтай тэмцэж байна. Үүнтэй зэрэгцээд авлигын хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд төрийн удирдах албан тушаал хаших, төрийн худалдан авалтад оролцох зэргийг хязгаарлах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Монгол Улс ойрын 10  жилд эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, чинээлэг дундаж давхарга бүхий улс орныг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Үүнд цагдаа, дотоодын цэргийн ажилтан, албан хаагчид, хүн нэг бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал гэдгийг Ерөнхий сайд эцэст нь онцоллоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно

Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу нэг сая 139 мянган хүүхдэд олгоно гэж тооцсон. Эхний байдлаар 823,354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхлээд байна.
Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа гарсан.
Өнөөдрийн байдлаар цахимаар 21513 өрх мэдээллээ залруулах хүсэлт өгчээ. Мөн Улаанбаатар хот, орон нутагт 37478 иргэн утсаар холбогдож,  22389 иргэн сум болон хороондоо очиж нийт 69910 иргэн халамжийн нийгмийн ажилтнаар мэдээллээ шалгуулж, зөвлөгөө авсан байна.
Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг засварлаад байна. Сум,  хороодод Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэж байна.
Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар шуурхай удирдлагын баг гаргаж, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцээд нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай байгаа юм.
Товч мэдээ
·      Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд он гарснаас хойш 100.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна.
·      Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Улаанбаатар хот

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарласан Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонгон шалгаруулалтын урилга, ажлын даалгаварт нэмэлт, өөрчлөлт оруулсан тул санал хүлээн авах хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сунгасан болохыг үүгээр мэдэгдэж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны 4-р давхарт байрлах Зоогийн газрыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийн урьж байна.

1. Сонгон шалгаруулалтын нэр

Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас өмнө Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд битүүмжлэн ирүүлсэн байна.

Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.

2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

 

д/д

Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт

Байршил /хөрөнгө/

Талбайн хэмжээ/м2/

1

Зоогийн газар

Төрийн ордны 4 давхарт байрлах үйлчилгээний А, Б заал, үйлдвэрлэлийн цех, Б1 давхарт байрлах агуулах

707,68м2

2

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмж, тавилга эд хогшил

Төрийн ордны хоолны газрын үйлчилгээний А, Б заал, үйлдвэрлэлийн цех, агуулахад ашиглагдаж байгаа

3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт

Материал хүлээн авах хаяг

УБ хот, Сүхбаатарын талбай-6, Төрийн ордны зүүн хойд талд байрлах Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв

Материал нээх хугацаа, хаяг байршил

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагт УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордны 4 давхрын Нутгийн удирдлагын танхимд нээнэ.

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Нэг метр.кв /1м2/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ- ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу нэг сарын 10,000 /арван мянга/ төгрөг.

• Жич: Төрийн ордны Зоогийн газрын түрээслэгч сонгоно;

• Түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй болно;

• Шаардлагатай бол одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг нэмэлтээр түрээслэх;

• Ажлын даалгаврын дагуу үйлчилгээг эрхлэх, тавигдах доод шаардлага, шалгуурыг хангавал зохино.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

• Аж ахуйн нэгж болон санал болгосон хүний нөөцийн талаар татвар, санхүүгийн тайлагналт, нийгмийн даатгалын зэрэг мэдээллийн системээс лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл;

• Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;

• Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

• Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;

• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;

• Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар;

• Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;

  • Талбай түрээслэх үнийн санал;
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө.

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл

Төрийн ордны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, норм, дүрэм.

4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.

Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.

5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 51-260252 дугаар утас, www.sgsa.gov.mn Монгол Улсын Засгийн газрын www.zasag.mn, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn, Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим хаягаар болон enkhtur@sgsa.gov.mn цахим шуудангаар холбогдож авна уу.

Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон

Холбогдох албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичиг, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр

Утасны дугаар: 51-260252, 99086663 Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг Улаанбаатар хот

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

 

 

ТӨРИЙН ОРДОНД ЗООГИЙН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ АЖЛЫН ДААЛГАВАР

  1. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрэмд зохих өөрчлөлт оруулж, татан буугдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын шилжүүлсэн чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтлан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын дагуу Төрийн ордны 4-р давхарт байрлах Зоогийн газарт хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулна.

Төрийн ордны 4 давхарт байрлах 707.68 м2 талбай үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгоно.

2. ЗОРИЛГО

Энэ ажлын даалгаврын үндсэн зорилго нь Төрийн ордонд ажилладаг нийт ажилтан, хурал, хэлэлцүүлэгт оролцох иргэдийг халуун хоол, ундаагаар хангаж, түргэн шуурхай үйлчлэх түрээслэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт боловсруулахад оршино.

3. ҮНДСЭН ШААРДЛАГА

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 206 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хоолны газрын нийтлэг журам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуйн, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэмд заасан шаардлагуудыг хангасан байх.

1. Үйлчилгээнд тавигдах шаардлага

  1. Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг, олон нийтэд танигдсан хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байх;
  2. Түүхий эдийн бэлтгэлийн нэгдсэн стандартын шаардлага хангасан байх;
  3. Эрүүл ахуйн шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэх нэгдсэн бодлого, байгууллагын журамтай байх;
  4. Нэгдсэн маркетингийн бодлого;
  5. Үйлчилгээний онцлогийг тусгасан эмблем бүхий хавтастай, дарааллын дагуу бичсэн олон төрлийн сонголттой, орц, хачир, сүмсний тайлбар бүхий хоол, ундааны хэвлэмэл болон цахим цэс;
  6. Катерингийн хоол үйлчилгээнд стандартын дагуу хоол, ундааны хадгалалтын нөхцөл, хугацаа, хоолны температурыг мөрдөн тусгай тээвэрлэлтийн, зориулалтын сав, баглаа боодол, зориулалтын дулаан баригч, халуун сав, хөргүүр гэх мэтийг ашиглана;
  7. Үйл ажиллагаа, үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний амт чанарт мэргэжлийн зөвлөгөө өгч хамтарч ажилладаг мэргэжлийн баг;
  8. Түүхий эд хадгалах дүрэм журмыг мөрдөж, шаардлагатай нөөцтэй байх;
  9. Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах менежмент; Зоогийн газрын үйлчилгээ эрхлэхдээ зөөгчөөр үйлчлэх, өөрөө өөртөө үйлчлэх, холимог үйлчилгээ, лангууны араас үйлчлэх, тогоочоор үйлчлэх, туузан дамжуургаар үйлчлэх хэлбэрүүдээс санал болгоно;
  10. Үйлчилгээний онцлог, хэв маягийг тусгасан ажлын дүрэмт хувцас.

Ажилтанд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  1. Ерөнхий болон туслах тогооч, зөөгч нь мэргэжлийн үнэмлэхтэй байх;
  2. Хоолны шинж чанар, төрөл, зориулалт, бэлтгэх ажиллагаа, жор, олгох, тоног төхөөрөмжийг ажиллуулах, бэлтгэх чадвар;
  3. Зөөгч нь үйлчлүүлэгчдэд хоол сонгоход туслах, тайлбар зөвлөгөө өгөх, тэдгээрийг олгох;
  4. Бүх ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл мэндийн дэвтэртэй байх;                    Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих MNS 4946:2019 стандартын шаардлага хангасан байна
  2. Өөрийн өнгө төрх, үйлчилгээний стандарт бүхий ажлын байр, тоног төхөөрөмжийг 15 хоногийн дотор бэлэн болгоно.

Үйлчилгээний танхимын тохижилт:

  1. Тусгай зориулалтын лангуу;
  2. Үйлчилгээний онцлогийг тусгасан чимэглэл, тохижилт;
  3. Үйлчилгээний төрөл, ангилалд тохирсон ширээ;
  4. Зөөлөн, хагас зөөлөн сандал.

Үйлчилгээний танхимын бусад тоног төхөөрөмж, тавилга:

  1. Кассын машин, компьютер;
  2. Төлбөр, тооцооны нэгдсэн систем, төлбөрийн баримт, НӨАТ-ын баримт олгох машин.

Хоол үйлдвэрлэлийн байрны зохион байгуулалт:

Технологи ажиллагааны шугам нэг чигийн урсгалтай байх.

Хоол үйлдвэрлэлийн байрны тоног төхөөрөмж, зориулалтын багаж,хэрэгсэл:

  1.  Дээжийн хөргөгч, дээжийн бүртгэлийн дэвтэр;
  2. Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажуулалтын дагалдах бичгийн бүртгэлийн дэвтэр;
  3. Аяга таваг угааж, ариутгах төхөөрөмж;
  4. Зориулалтын ган, никель сав суулга;
  5. Тогоочийн багаж хэрэгсэл;
  6. Зориулалтын ажлын ширээ;
  7. Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний тусдаа өнгөөр ялгасан гамбанз, хутга;
  8. Зориулалтын тавиур, халуун, хүйтэн байлгах төхөөрөмж;
  9. Үйлчилгээний аяга, таваг, багаж хэрэгсэл нь нэг суудалд ногдох эргэлтийн тооноос 2 дахин их байх;
  10. Үйлчилгээний ган халбага, сэрээ, /савх/ хутга нь нэг суудалд ногдох эргэлтийн тооноос 2 дахин их байх;
  11. Хөргөх, хөлдөөх төхөөрөмж;
  12. Хуурай хүнс болон ногооны агуулах;
  13. Үйлчилгээний зориулалтын хэрэглэлийн өрөө, шүүгээ;
  14. Сав, багаж хэрэгслийн агуулах, шүүгээ;
  15. Батлагдсан технологийн карт;
  16. Батлагдсан аюулгүй ажиллагааны дүрэм;
  17. Салбарын өнгө төрх бүхий нэг удаагийн /зөөврийн/ хүнсний зориулалтын аяга, хэрэгсэл;
  18. Салбарын өнгө төрх бүхий зориулалтын даавуун болон цаасанамны алчуур;
  19. Ариутгасан, чийгтэй халуун алчуур;
  20. Салбарын өнгө төрх бүхий ширээний зөөлөвч, бүтээлэг.

    АНХААРАХ ЗҮЙЛС

    Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний хамгаалалт, үйлчилгээг тусгайлан зохицуулсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтад 24 цагийн турш байдаг обьект болно. Төрийн ордны үйлчилгээ нь түүнд байрлаж байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн жишиг шаардлагыг хангасан байх ба Төрийн ордонд үйлчилгээ явуулах журмыг тусгайлан зохицуулсан болохыг анхаарах.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Улаанбаатар хот

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах кофе шоп түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна.

1. Сонгон шалгаруулалтын нэр

Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах кофе шопыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас өмнө Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд битүүмжлэн ирүүлсэн байна.

Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.

2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

д/д

Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт

Байршил /хөрөнгө/

Талбайн хэмжээ /м2/

1

Кофе шоп /баруун/

Төрийн ордны 2 давхарт байрлах

82.4 м2

2

Үйлчилгээний тоног төхөөрөмж, тавилга эд хогшил

Одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл

3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт

Материал хүлээн авах хаяг

УБ хот, Сүхбаатарын талбай-6, Төрийн ордны зүүн хойд талд байрлах Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв

Материал нээх хугацаа, хаяг байршил

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагт УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордны 4 давхрын Нутгийн удирдлагын танхимд нээнэ.

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Нэг метр.кв /1м2/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ- ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу нэг сарын 10,000 /арван мянга/ төгрөг.

Жич:

• Төрийн ордны баруун жигүүрийн Кофе шопыг түрээслэгч сонгоно;

• Түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй болно;

• Шаардлагатай бол одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж тавилга хэрэгслийг нэмэлтээр түрээслэх;

• Ажлын даалгаврын дагуу үйлчилгээг эрхлэх, тавигдах доод шаардлага, шалгуурыг хангавал зохино.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

• Аж ахуйн нэгж болон санал болгосон хүний нөөцийн талаар татвар, санхүүгийн тайлагналт, нийгмийн даатгалын зэрэг мэдээллийн системээс лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл;

• Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;

• Аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

• Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;

• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;

• Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар;

• Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;

  • Талбай түрээслэх үнийн санал.
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө.

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл

Төрийн ордны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, норм, дүрэм холбогдох зөвшөөрөл.

4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.

Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.

5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 51-260252 дугаар утас, www.sgsa.gov.mn, Монгол Улсын Засгийн газрын www.zasag.mn, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn, Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим хаягаар болон enkhtur@sgsa.gov.mn цахим шуудангаар холбогдож авна уу.

Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон

Холбогдох албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичиг, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр

Утасны дугаар: 51-260252, 99086663 Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг Улаанбаатар хот

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

1. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрэмд зохих өөрчлөлт оруулж, татан буугдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын шилжүүлсэн чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтлан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын дагуу Төрийн ордонд кофе шопын үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулна.

Төрийн ордны 2 давхрын баруун жигүүрт байрлах 82.4м2 талбай бүхий кофе шопын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгоно.

2. ЗОРИЛГО

Энэ ажлын даалгаврын үндсэн зорилго нь Төрийн ордонд кофе шопын үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг боловсруулахад оршино.

3. ҮНДСЭН ШААРДЛАГА

1. Үйлчилгээнд тавигдах шаардлага

  1. Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг, олон нийтэд танигдсан кофе шопын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байх;
  2. Нэгдсэн маркетингийн бодлого;
  3. Захиалгын автоматчилсан систем;
  4. Захиалгын кофе хүргэлтийн үйлчилгээ;
  5. Салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний амт чанарт мэргэжлийн зөвлөгөө өгч хамтарч ажилладаг мэргэжлийн баг;
  6. Өөрийн онцлог, өргөн сонголт бүхий цэс;
  7. Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах менежмент;
  8. Бариста бэлтгэх, чадавхжуулах мэргэжлийн баг;
  9. Хэрэглэгчийг урамшуулах хөтөлбөр;
  10. Ажлын цагийг баримтлан ажиллах ба ил байрлуулсан ажиллах цагийн хуваарь.

2. Ажилтанд тавигдах шаардлага

  1. Бариста бэлтгэх сургалтад хамрагдсан, төрөл бүрийн кофег бэлтгэн,үйлчлүүлэгчдэд үйлчлэх үйлчилгээний мэргэшсэн үнэмлэх;
  2. Кофены шинж чанар, төрөл, зориулалт, бэлтгэх ажиллагаа, жор, олгох, кофены карт зохиох, кофены тусгай тоног төхөөрөмжийг ажиллуулах, бэлтгэх чадвар;
  3. Кофе хадгалах дүрэм журмыг мөрдөж ажиллах;
  4. Үйлчлүүлэгчдэд кофе сонгоход туслах, тайлбар зөвлөгөө өгөх,
  5. Эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл мэндийн дэвтэртэй байх.

3. Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих MNS 4946:2019 стандартын шаардлага хангасан байна.

2. Өөрийн өнгө төрх, үйлчилгээний стандарт бүхий ажлын байр, тоног төхөөрөмжийг 15 хоногийн дотор бэлэн болгоно.

3. Ил байрласан ажиллах цагийн хуваарьтай байх.

Үйлчилгээний танхимын тохижилт:

  1. Бариста тоног төхөөрөмж;
  2. Тусгай зориулалтын лангуу;
  3. Үйлчилгээний онцлогийг тусгасан чимэглэл, тохижилт;
  4. Үйлчилгээний төрөл, ангилалд тохирсон ширээ;
  5. Зөөлөн, хагас зөөлөн сандал.
  6. Үйлчилгээний танхимын бусад тоног төхөөрөмж, тавилга:
  7. Кассын машин, компьютер;
  8. Төлбөр, тооцооны нэгдсэн систем, төлбөрийн баримт, НӨАТ-ын баримт олгох машин.

Кофе үйлдвэрлэлийн байрны зохион байгуулалт:

  1. Технологи ажиллагааны шугам нэг чигийн урсгалтай байх                                                                                    Кофе үйлдвэрлэлийн байрны тоног төхөөрөмж, зориулалтын багаж, хэрэгсэл:   
  1. Дээжийн хөргөгч, дээжийн бүртгэлийн дэвтэр;
  2. Аяга таваг угааж, ариутгах төхөөрөмж;
  3. Зориулалтын тавиур, халуун, хүйтэн байлгах төхөөрөмж;
  4. Үйлчилгээний зориулалтын хэрэглэлийн өрөө, шүүгээ;
  5. Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажуулалтын дагалдах бичгийн бүртгэлийн дэвтэр;
  6. Батлагдсан технологийн карт;
  7. Салбарын өнгө төрх бүхий нэг загварын шаазан эдлэл /зориулалт тус бүрээр 2 дахин их нөөцтэй/;
  8. Салбарын өнгө төрх бүхий нэг удаагийн /зөөврийн/ хүнсний зориулалтын аяга, хэрэгсэл;
  9. Салбарын өнгө төрх бүхий зориулалтын амны алчуур.

4. АНХААРАХ ЗҮЙЛС

Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний хамгаалалт, үйлчилгээг тусгайлан зохицуулсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтад 24 цагийн турш байдаг обьект болно. Төрийн ордны үйлчилгээ нь түүнд байрлаж байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн жишиг шаардлагыг хангасан байх ба Төрийн ордонд үйлчилгээ явуулах журмыг тусгайлан зохицуулсан болохыг анхаарах.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.