Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд тус компани дахь охин компаниудын бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийнэ. Өнөөдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллалаа. 2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлээд байна. Энэ шинэчлэлээр өөрийн харьяан дахь 39 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсаас хөрөнгө оруулалт татах, менежмент, засаглалын зөв хэлбэр рүү шилжих юм.
Дүрмийн шинэчлэлээр “Эрдэнэс Монгол” ХХК -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар болсон. Энэ хүрээнд хараат бус, мэргэжлийн, чадавхтай боловсон хүчнээр ТУЗ бүрдэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, улс төрөөс хамааралтайгаар шийдвэр гаргадаг бус мэргэжлийн баг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-д орж ажилладаг болно гэдгийг компанийн удирдлагууд тодотголоо.
Засгийн газраас төрийн өмчит компанийн үр ашигт байдлыг анхаарах зарчмыг баримталж байна. Төрийн өмчит компани, Төрийн өмчит үйлдвэрийн газар зэрэг төрийн мэдлийн компаниуд үр ашигтай ажилладаг эсэхээс хамаарч үйл ажиллагаа явуулах эсэх нь шийдэгдэнэ. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяаны охин компаниудын долоог нь татан буулгахаар болсон талаар ЗГХЭГ-ын дарга тодотгов. Мөн ТУЗ-ийн 270 гишүүний тоог 27 хүртэл бууруулах чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн гэдгийг мэдэгдлээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр тус компанийн нүүрс болон зэсийн групп ТУЗ-тэй, бусад охин компаниуд нь ТУЗ-гүй болж байна. ТУЗ нь жилд хоёр тэрбум төгрөгийн зардалтай байдаг бол гишүүдийн тоог багасгаж, цалинг цагаар тооцох системийг хэрэгжүүлснээр 0,5 тэрбум төгрөг болон буурна.

Төрийн албыг үр дүнтэй зохион байгуулж, албан хаагчдыг чадавхжуулах зорилгын хүрээнд БНСУ-ын Койка олон улсын байгууллагаас “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагыг бэхжүүлэх нь” төслийг өнөөдөр эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Д.Баасандорж, КОЙКА-ийн суурин төлөөлөгчийн орлогч И Кансан, Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ болон бусад албаны хүмүүс оролцов.
Төслийн хүрээнд Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, Удирдах ажилтнуудын манлайлал, удирдах чадварыг нэмэгдүүлэх, Төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Гүйцэтгэлийн удирдлагын цахим системийг хөгжүүлэх, ашиглах гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг байх юм.
БНСУ нь төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг олон улсын Инсайз индексийн хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр дэлхийд гуравдугаар байр эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байна. Тиймээс Монгол Улс төрийн албаны үр ашигтай байдлыг нэмэгдүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд тус улсын туршлага, хэрэгжүүлж буй ажлуудаас суралцах нь үр дүнтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцлов.
Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ уг төслийн эцсийн гол үр дүнг Монгол Улсын төрийн алба иргэддээ чанартай үйлчилгээ үзүүлдэг болох юм гэдгийг тодотголоо. Төрийн албыг чадавхжуулах уг төсөл 2025 он хүртэл хэрэгжинэ. Зөвлөх компанийн зүгээс албан хаагчдад сургалт явуулах, сурах бичгүүдээр хангах, зөвлөх үйлчилгээ өгөх, БНСУ-д туршлага судлуулах гэх мэт ажлуудыг төлөвлөжээ. Уг төслийн үр дүнг нийт төрийн  69181 албан хаагч ашиглана гэсэн тооцоо байна. Төсөл амжилттай хэрэгжиж чадсанаар төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээ илүү бодитоор гарч, зохих сайжруулалт хийгдэж чадна гэж үзэж буйгаа албаныхан илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр ‘Өглөөний уулзалт’ хийдэг уламжлалтай. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй “2023 оны сорилтуудыг даван туулах нь” сэдвийн хүрээнд өнөөдөр уулзлаа.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь уулзалтын гол зорилго байв.

“Өглөөний уулзалт”-д Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, “МАК” ХХК-ийн захирал Б.Нямтайшир, “Макс” группийн захирал Д.Ганбаатар, “Саус гоби сэндс” ХХК-ийн захирал А.Далангурван, “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл оролцож сонирхсон асуултдаа хариулт авч, ярилцлаа.

Тус салбарынхны хувьд тулгамдаж буй нийтлэг зургаан бэрхшээл байгааг УУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл танилцуулсан юм. Тухайлбал, хүний нөөцийн хомсдол буюу уртын ээлжийн зохицуулалт, байгаль орчны салбарын баримт бичгийн баталгаажуулалт болон орон нутгийн иргэдийн уул уурхайн талаарх зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл ихээхэн хүндрэл учруулдаг. Мөн тус салбарт түгээмэл ашигладаг химийн болон аюултай ангиллын тэсэлгээний бодис буюу тусгай ачаа барааны хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл хувийн хэвшлийнхэн дунд түгээмэл байгааг хэллээ. АМНАТ-ыг тооцоолох жишиг үнээр олоогүй орлогод татвар ногдуулж буй нь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт төдийгүй төр, хувийн хэвшлийн маргаан болдог байна. Уул уурхайн салбарын дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчний эрэлт, хэрэгцээ уул уурхайн компаниудад их байгааг Эрчим хүчний сайдад хувийн хэвшлийнхэн хэлж байлаа.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар уул уурхайн биржийн үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлснээр гарсан үр дүнг онцолсон бөгөөд уул уурхайн тусгай зөвшөөрөл, ТЭЗҮ, төлөвлөгөө зэрэг төрөөс хамаардаг шат дамжлагуудыг шилэн болгож цахимжуулахаар ажиллаж буй, лицензийн арилжаа наймаа өнгөрсөн хугацаанд хяналтгүй болсныг цэгцэлж, холбогдох хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа зэргийг танилцуулсан юм.

Ерөнхий сайд ганц удаагийн “Өглөөний уулзалт”-аар уул уурхайн салбарын бүх асуудлыг шийдэх боломжгүй,  асуудлаа тал талаас нь ярилцаж дундын шийдвэр гаргах нь дараагийн хүндрэл үүсэхээс сэргийлнэ гэдэг агуулгаар шинэ хандлага бий болгох нь чухал. Уул уурхай бол ухдаг, сүйтгэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа засах шаардлагатай. Цаашид уул уурхайг дангаар нь бус аж үйлдвэржилттэй хамтад нь хөгжүүлэх цаг болсон хэмээн онцолсон юм. Монгол Улсын эдийн засгийн 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын онцлог, өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн цаг үе, геофолитикийн өөрчлөлтийн талаар болон эдгээр хүчин зүйлүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төслүүдийг нийцүүлэх гол онцлог, давуу талыг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн Ашигт малтмалын тухай, Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байгаа энэ үед хувийн хэвшлийнхэн оролцоотой байх хэрэгтэйг онцоллоо. Хууль батлагдсаны дараа шүүмжлэх бус өмнө нь хэлж ярих хэрэгтэй, төрийн байгууллага ч дангаараа хуулийн төслүүдийг боловсруулж “хуурай” хууль гаргахгүй байхыг холбогдох сайд нарт анхаарууллаа.

Уул уурхайн салбарыг цаашдаа олборлолтоос боловсруулалт руу шилжүүлэх бодлогыг Засгийн газар баримталж байгаа учраас салбарынхан хариуцлагатай уул уурхайн суурь зарчмаа баримтлан аж үйлдвэржилт рүү эрчимтэй орохыг өглөөний уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд уриаллаа.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх

Бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.

Материал хүлээн авах:

Хугацаа: 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл

  • Хүлээн авах хаяг: info@cabinet.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 260330

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага Дотоод нэгж Албан тушаал Албан тушаалын Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага
төрөл ангилал, зэрэглэл Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн захиргааны удирдлагын газар Засгийн газрын хуралдааны зохион байгуулалт, шийдвэрийг албажуулах асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх АА-10  

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

-эрх зүйч /0421/;

-бичиг хэрэг, оффисийн ажил /0415/;

-мэдээлэл, харилцаа, холбооны технологи /061/;

-багш, мэргэжлийн /0114/.

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.
2. Төрийн захиргааны удирдлагын газар Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийн албажуулалт хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх АА-10 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. – багш, мэргэжлийн /0114/;

– эрх зүй /0421/;

– төрийн удирдлага.

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.
3. Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтэс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Тэргүүн дэд даргын тушаал, албан бичгийн албажуулалтад хяналт тавих мэргэжилтэн гүйцэтгэх АА-10 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. – багш, монгол хэл-уран зохиолын боловсрол /011407/;

– багш, бага ангийн боловсрол /011301/;

– бизнесийн удирдлага /041301/;

– бизнес ба менежмент /041302/;

– бичиг хэрэг, оффисийн ажил /041501/;

– архив судлал /032202/;

– нийгмийн ажил /092301/;

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.
4. Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтэс Архивын тоо бүртгэл, мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх АА-10 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. -архив судлал /032202/;

-нийгмийн ажил /092301/;

-багш, нийгмийн ухааны -боловсрол /011403/;

-багш, монгол хэл-уран зохиолын боловсрол /011407/;

-түүх /022201/;

-уран зохиол, хэл шинжлэл /0232/.

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.
5. Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтэс Албан хэрэг хөтлөлт, цахим бүртгэл хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх АА-10 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. -багш, монгол хэл-уран зохиолын боловсрол /011407/;

– бичиг хэрэг, офисийн ажил /0415/;

– мэдээлэл, харилцаа, холбооны технологи /061/;

– багш, нийгмийн ухааны боловсрол /011403/;

-багш, бага ангийн боловсрол /011301/;

– менежмент ба удирдахуйн ухаан /0413/.

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.
6. Санхүү, эдийн засгийн газар Өмч хөрөнгө, бэлэн мөнгө, бэлтгэн нийлүүлэлт, хангалт хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх АА-10 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. -эдийн засаг /0311/;

-нягтлан бодох бүртгэл,          -татвар /0411/.

-санхүү, банк даатгал /0412/.

-Төрийн албаны мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

-Худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдсан байх.

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.
7. Санхүү, эдийн засгийн газар Цалин хөлс, материал, хөрөнгө, хангамжийн тооцоо хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх АА-10 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. -нягтлан бодох бүртгэл /041101/;

-эдийн засаг /0311/.

-мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно. Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга нар болон Төрийн өмчит компаниудын удирдлагуудыг тус тусад нь хүлээн авч уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга ‘Шүүр’болон ‘Шилжүүлэн авах ажиллагаа’-г хариуцан ажиллаж байна.
‘Шүүр ажиллагаа’-ны хүрээнд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгож, хэрэгжилтийн тайланг ЗГХЭГ-т 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүргүүлэх чиглэл өгсөн юм. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн алба хуулийн зөрчилгүй байх учиртайг тэмдэглээд төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг Засгийн газар нэгдсэн байдлаар хэрэгжүүлж, төрд шаардлагатай албан хаагчдын судалгааг гарган хэрэгцээт мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байх зарчим баримтлахаа илэрхийллээ.


2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар ‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Тус компанийг олон улсын уул уурхайн компаниудын нэгдэл, группийн хэлбэрээр ажиллуулах зорилгыг баримталж байна. Цаашид бусад төрийн өмчит компаниудыг ч шинэчилнэ гэдгээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзах үеэрээ онцоллоо. Төрийн өмчит компаниудад шаардлагад нийцсэн, ур чадвартай албан хаагчид ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, сонгон шалгаруулалтын нэгдсэн системтэй болох ажлыг Засгийн газраас эхлүүлээд байна.
Засгийн газраас төрийн байгууллагын хүнд суртал, иргэнд үйлчилж буй үйлчилгээний чанар зэрэгт анхаарал хандуулж албан хаагчдаа чадавхжуулах, мэргэшүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн албан хаагч төрд ажиллахдаа нэг удаа шалгалт өгөөд зогсох бус ур чадвар, ёс зүйн шалгалтуудыг үе шаттай өгдөг байх зохицуулалтыг хийнэ гэдгийг онцоллоо.

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эрүүл энхийн манаанд үнэнчээр зүтгэж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэлээ.
Монгол Улс  вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж зорилтот бүлгийн 92 хувь нь II тунд, 53 хувь нь  III тунд, 120 гаруй мянган хүн IV тунд хамрагдлаа. Дэлхий даяар Ковид-19-ын 761 сая тохиолдол бүртгэгдэж, 6.8 сая хүн нас баржээ. “Цар тахлын эсрэг тэмцэлд өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран, өнгөрсөн гурван жилийн хугацаанд өдөр шөнийг ялгалгүй зүтгэж, нас баралтыг олон улсын дунджаас тав дахин бага байлгаж, 40 мянга гаруй хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан цагаан нөмрөгт баатрууддаа Засгийн газрын тэргүүн талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, хүрэх үр дүн болоод Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж, “Алсын хараа-2050” бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого. Хүний хөгжил төвтэй энэхүү бодлогын нэгдүгээрт эрүүл мэнд бий. Тиймээс эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв.


Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сараас эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог орон даяар эхлүүлж, 900 гаруй мянган иргэн хамрагдаад байна. Эрт илрүүлгээр илэрсэн зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн үйлчилгээний бодлогыг чиглүүлж байна. Тухайлбал, эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүд дунд шүдний өвчлөл зонхилж байна. Иймд Засгийн газар 2024 онд “Шүд” төслийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Цаашид дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг, эрт илрүүлэгт хамрагддаг, амьдралын идэвхтэй хэв маягтай,  эрүүл монгол хүнийг бий болгохын төлөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг эрүүл мэндийн салбарынхнаас хүслээ. Цар тахлыг хамтдаа даван туулсан шигээ эрүүл мэндийн суурь асуудлуудыг хамтдаа шийдвэрлэхэд Ерөнхий сайдын хувьд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд дотооддоо олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг авах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эх орныхоо эдийн засгийг босголцоход та бүхний оруулж буй хувь нэмэр юм гэлээ.
Тус арга хэмжээнд  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ болон 21 аймаг, есөн дүүргээс 800 орчим эмч, мэргэжилтэн оролцов.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн багш, оюутан залуусын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр гарсан санал, хүсэлтийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа.
Цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 2023 онд 1500 болгож, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Мөн оюутнуудыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд 2023 онд хамруулах, төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.


Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг И-Монголиа систем ашиглан олгох, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тоог нэмэгдүүлнэ. Мөн И-Монголиа систем И-студент цонхтой болсон, оюутнуудад төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг энэ цонхоор авах боломжтой боллоо.
 
Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө
УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх 30 гаруй саналыг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байхаар заах саналыг өгөхөөр тогтов. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах замаар жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангах санал гаргалаа гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж ярилаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн дүрэмд нэгдмэл засаглалын зарчим, толгой компанийн дүрэмд нийцүүлэн өөрчлөлт оруулна.
Монгол Улсын Засгийн газраас олон улсын уул уурхайн компаниудыг нэгдэл, группийн хэлбэрээр ажиллуулснаар илүү үр дүнтэй, амжилттай ажилладаг сайн туршлага, чиг хандлагыг нэвтрүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийг группийн зарчмаар ажиллуулахаар шийдвэрлэж бүрэлдэхүүнд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Монголросцветмент” ТӨҮГ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-г нэгтгэн өргөтгөөд буй.
Энэхүү олон улсын чиг хандлагыг хэлбэрийн төдий биш үйл ажиллагаандаа бодит агуулгаар нь хэрэгжүүлэхийн тулд олон улсын групп компанийн сайн засаглалын туршлагыг нэвтрүүлэх, Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан олон улсын зарчмаас Монгол улсын хууль эрхзүй, холбогдох дүрэм журамд нийцүүлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд өөрчлөлтүүдийг үе шаттайгаар оруулах шаардлага байгаа юм.
Компанийн дүрэмд өөрчлөлт орсноор нэгдлийн компаниудын засаглалын тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтэрч, нэгдсэн тогтолцоо сайжирч нэгдлийн үйл ажиллагааны уялдаа сайжирна
Түүнчлэн нэгдлийн хэмжээнд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдүүд үр дүнгийн хариуцлага хүлээдэг, аливаа нөлөөллөөс ангид цэвэр бизнесийн зарчимд суурилсан, мэргэжлийн түвшинд боловсруулагдсан стратеги төлөвлөлттэйгээр ажиллах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хөндлөнгийн аудитаар санхүүгийн хяналт, нягтлан бодох бүртгэл, тайлагналаа хянуулж нэгдлийн нээлттэй ил тод байдал, сайн засаглал бодитойгоор сайжирна гэж үзэж байна

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын нөлөөлөлд өртөж байгаа айл, өрхийн эд хөрөнгө болон иргэнд олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгана


“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн хүрээнд барилга угсралтын ажлын техник хяналтын зардалд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.
Тус төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд туссан болон соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2024 онд бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилгоор төслийн нөлөөлөлд өртөж байгаа шилжин суурьших айл, өрхийн эд хөрөнгийн болон иргэн бүрт олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилт, соёлын өвийг авран хамгаалах ажлын санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгана.
Төслийн нөлөөлөлд өртөж байгаа соёлын өвийг авран хамгаалах ажлыг зохион байгуулахад Соёлын яам мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

Товч мэдээ
·      Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын  тэргүүлэх мэргэжил, эрэлттэй мэргэжлийн чиглэлийг баталлаа. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөрөөр суралцагч элсүүлэх тоо, элсэлтийн босго оноо, зээл олгох суралцагчийн хяналтын тоог тогтооход баримтлах аргачлал баталж мөрдөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгалаа.
·      Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн чавхдаст, нумт, утсан хөгжмийн зэмсэг, дижитал концертын танхимын техник хэрэгсэл, дууны төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах нэг тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай хийлээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гадаад зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, олон улсын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах сэдвээр санал солилцов.
Ерөнхий сайд олон улсын байгууллагаас ажлын гараагаа эхэлж ажлын арга барил, дэг журмыг суралцаж байснаа дурдаад “Шинэ сэргэлт” илтгэл тавилаа. Илтгэлийнхээ эхэнд олон улсын геополитикийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Манай улсын нийт экспортын 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай. Уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгоход Засгийн газар анхаарч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар ярьж, боомтын сэргэлтийн төслүүд эрчимтэй хэрэгжиж буйг онцоллоо. Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусаж зүгшрүүлэх тээвэр эхлүүлсэн. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг найман сарын хугацаанд ашиглалтад оруулсан, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам мөн ашиглалтад орсон зэргийг дурдав.
Монгол дахь олон улсын байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын мэдлэг, туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд олон улсын байгууллагад ажилласан жилийг төрийн албатай дүйцүүлж, тэтгэвэрт тооцуулах хууль эрхзүйн орчныг шийдэх боломжтойг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.


Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн хэрэгжилт, “Шинэ сэргэлтийн бодлогын уялдаа” сэдвээр танилцуулга хийлээ. Цаашид гадаад зээл тусламжаар тэргүүн ээлжинд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдийг санхүүжүүлэх, хоёрдугаарт, хүнсний хангамж аюулгүй байдлын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэдгийг хэлэв.
Олон улсын байгууллагын төлөөллүүд Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацаанд хэрэгжих нь чухал байгааг, хэрэгжилт хяналтад анхаарах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байдлыг хангах, яамдын уялдаа холбоог сайжруулж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх зэрэг санал хэлэв.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны II хуралдааныг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан даргалж, тус хорооны 2022 оны  арван нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 01 тогтоолын хэрэгжилт, Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний санал, Хүний эрхийг хангах арга хэмжээний 2023-2025 оны төлөвлөгөөний төсөл, Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал тайлагнах, илтгэх журмын төсөл хэлэлцэв.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчилж Улсын Их Хуралд хүргүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаанд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төв байгуулах санал илэрхийллээ. Мөн үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлэх, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын III илтгэлийн мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ач холбогдлыг хорооны гишүүд цохон тэмдэглэв. Үүний зэрэгцээ малчдын эрхийн асуудал, дотуур байрны нөхцөл байдал, хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, хүний эрхийг хангахад салбар дундын бодлого, зохицуулалтыг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.

Манай улсад 2001 оноос хойш ХЭҮК-ын үйл ажиллагааг хараат бус байхад анхаарч, өөрийн байртай болгох асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны магадлан итгэмжлэл хариуцсан дэд хороо зэрэг байгууллага удаа дараа зөвлөж байсан юм. Тиймээс НҮБ-ын Парисын зарчмын дагуу хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах баталгааг хангаж, өөрийн байртай болох үндсийг бүрдүүлэн Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороонд 2545 м.кв газрын өмчийн гэрчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилж, Хүний эрхийн Үндэсний Комисст гардуулав.

 

 

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн иргэний нийгмийг төлөөлсөн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр уулзаж, санал солилцлоо.

Оролцогчдын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндэтгэх, хамгаалахад тулгамдсан асуудал, саад бэрхшээлийг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээг хуваалцаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах арга хэмжээний төлөвлөгөөний үр өгөөж, түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдол чухал байгааг онцлов.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бодлогын үр өгөөжтэй байдлыг бүрдүүлэх үүднээс таван жилийн хугацаатай арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөг тал бүрийн оролцоотой биелүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ч хувь нэмэртэй хэмээн тус уулзалтад оролцогчид онцолж байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.