Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхий дахины төрийн болон төрийн бус байгууллага, бодлого боловсруулагчид хуран цуглаж, цахим эрин дэх нээлттэй засаглал, засаглал, бодлого боловсруулах үйл явцыг технологийн тусламжтайгаар илүү ил тод, хариуцлагатай болгох, ардчиллыг хадгалан үлдэх талаар анхаарч хэлэлцэж байна. Мөн Эстони Улсын ил тод цахим засаглал болон иргэний нийгэмтэй ойр харилцдаг сайн туршлага нь дэлхийд үлгэрлэдэг бөгөөд бусад улсын төлөөлөл суралцах таатай орон зайг бүрдүүлжээ.

Нээлттэй засгийн Үндэсний зөвлөлийн дэд дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Чиг хандлага, сорилт, инновац: Дижитал засаглалын шинэ хил хязгаар” сэдвээр дээд хэмжээний дугуй ширээний уулзалтад оролцож Монгол Улсын цахим засаглалыг хэрхэн урагшлуулах, бүс нутгийн болон олон улсын түвшинд мөрдөгдөж буй хэм хэмжээ, стандартын нөлөөлөл болон Нээлттэй засгийн түншлэлээр дамжуулан хэрхэн дижитал засаглалын ахиц дэвшил гаргаж болох тухай өөрийн байр суурийг илэрхийллээ.

Нээлттэй засгийн түншлэлийн дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ази, Номхон далайн бүсийн гишүүн – Австрали, Өмнөд Солонгос, Индонез, Филиппин, Папуа Шинэ Гвиней, ажиглагч Балба Улсын төлөөлөлтэй НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болорсайхан ярилцав. Хэлэлцүүлгийн үеэр улс орны төлөөлөгчид бүсийн хэмжээнд тулгамдсан асуудал, бэрхшээл, сорилын зэрэгцээ түүнийг даван туулах, шийдэх арга зам, өөрсдийн сайн туршлагын талаар хөндсөн билээ. Монгол Улсын төлөөллийн зүгээс Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, түүнийг Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлс, зарчимтай уялдуулан хэрэгжүүлэх боломжтойг, мөн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг өргөн бүрэлдэхүүнтэй тал бүрээс сорил, шийдлээ хэлэлцэн шийдэхээр зорьж байгааг цохон тэмдэглэжээ.

Тэгш хамрах, авлигын эсрэг, халдашгүй байдлыг хангах, цахим засаглал, иргэний орон зай, шударга ёс, нээлттэй парламент, төсвийн нээлттэй байдал, төрийн албаны хүргэх үйлчилгээ, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц, мэдээлэлтэй байх эрх зэрэг  Нээлттэй засгийн түншлэлийн хамрах хүрээний дагуу нэгдсэн, салбар, сэдэвчилсэн хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага цуврал байдлаар өрнөж байна. Мөн иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, төрийн, судлаачдын төлөөлөл болсон оролцогчдын дунд олон болон хоёр талын уулзалт, ярилцлага зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

Тус компани нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45 мянган  төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39 мянга. Үүнээс болж “Шивээ-Овоо”ХК алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны алдагдал 15 тэрбум төгрөгт хүрээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн санхүүгийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Санхүүгийн алдагдлыг бууруулах нэг зам нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ийн цахилгаан станц барих юм байна. Үүнийг судалж үзэхийг Ерөнхий сайд даалгалаа.

Мөн  Шивээ-Овоо ХК-ийн нүүрсийг дулааны цахилгаан станцад нийлүүлэхээс гадна экспортод гаргах боломж байгаа юм байна. Ойрын хугацаанд экспортод гаргахаар судалж байгааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.

Боловсролын багц хуулийн өөрчлөлтөөр энэ хичээлийн жилээс Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс коллеж болон өөрчлөгджээ. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 1-3 жилээр сургалт явуулж байна. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийг жилд 250 гаруй суралцагч төгсөж 70-80 хувь нь ажлын байртай болдог байна.

Нээлттэй засгийн түншлэлийн (НЗТ) дээд хэмжээний уулзалтыг 2023 оны 9 дүгээр сарын 5-7 -ны өдөр Эстони Улсын Таллин хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр 9 дүгээр сарын 5-ны өдөр 70 гаруй улсын иргэний нийгэм болон Нээлттэй засгийн түншлэл хариуцсан төрийн байгууллагын 260 орчим төлөөлөл хамтдаа харилцан суралцах, туршлага солилцох, хэлэлцэх анхны “НЗТ-ийн цугларалт” (OGP Camp) боллоо. Манай улсын иргэний нийгмээс “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын зөвлөх Ц.Мандхайхатан, Засгийн газраас Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, мэргэжилтэн Д.Номинчимэг төлөөлж оролцов.

Цугларалтын үеэр НЗТ-ийн 2023-2028 оны стратегийг танилцуулж, иргэний нийгмийн болон төрийн байгууллагын оролцогч талууд энэхүү стратегийг тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэхээр хэрхэн хамтран талаар хэлэлцсэн болно. Мөн нээлттэй засгийн туршлагаа оролцогчид хуваалцаж, туршлагаа хуваалцахаас гадна тулгамдсан асуудал, сорилт даван туулах санаа, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Нээлттэй засгийн түншлэлийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна.

Үндэсний Статистикийн Хорооны зүгээс Статистикийн тухай хуульд заасны дагуу “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл улс, орон даяар анх удаа зохион байгуулах гэж байна. Судалгааны хүрээнд ҮСХ-оос 8 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд гэрээт судлаачдад мэдээлэл цуглуулалтын талаар ерөнхий мэдээлэл, баримтлах зарчим, аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулж байна.
Сургалтын хөтөлбөрийн дагуу Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Хүний эрхэд суурилсан хандлагаар өгөгдөлд хандах нь” сэдвээр нийт 80 мэдээлэл цуглуулагч, зохион байгуулагчдад хичээл заалаа. “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” нь хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрхийг хэр түвшинд хамгаалж байгааг илтгэхээрээ олон улсад өндөр ач холбогдолтойд тооцдог ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт байгуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улс, бидний амьдарч буй нийгэм бүгдэд тэгш хүртээмжтэй байж иргэн бүр улс орныхоо хөгжилд оролцоотой, нэгдэн нягтарч хамтдаа урагшлах ёстой”-г онцлов. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа энэ үеэр мэдэгдэж улс төрийн бусад намуудад ч мөн уриаллаа. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн удирддаг байх, аймаг бүрд олон улсын стандарт хангасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулахаар боллоо. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, түүний холбогдох журамд аливаа байгууллагууд дэд бүтэц, нийтийн тээвэр, зам, барилга байгууламжийн тендерт оролцохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах шалгуур үзүүлэлтийг тусгайлан зааж, дагаж мөрдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагад нийт ажилтны дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаар заасныг заавал мөрдүүлэхээ Ерөнхий энэ үеэр мэдэгдлээ.

Тус төвийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгуулжээ. Улсын хэмжээнд Хөвсгөл, Ховд, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Архангай аймагт ийм төв барих ажил эхэлж анхных нь Ховд аймагт ашиглалтад орж байна. Энэхүү төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах зөвлөгөө өгөх, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. Тус төв ашиглалтад орсноор Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгийн иргэд ч тусламж, үйлчилгээ авах боломж бүрдлээ. Орон нутагт 30 гаруй ажлын байр бий болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн “Хөгжил” политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус коллеж нь Боловсролын багц хуулийн дагуу энэ хичээлийн жилээс Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс коллеж болон өөрчлөгдсөн. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 1,5 ба 3 жил, богино хугацааны сургалт, ажлын байранд дадлага хийх хосолмол сургалтуудыг явуулж байна.


Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлж бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад чадварлаг мэргэжилтнүүд, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх малын эрүүл мэндийг хамгаалахад мэргэшсэн малын эмч нар хэрэгтэй зэргээр хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин дутагдалтай байна. Өнгөрсөн хугацаанд зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх бодлого алдагдсан гажуудлыг засаж цаашид хөгжлийн бодлоготой уялдуулан боловсон хүчнээ бэлтгэх, дэмжих бодлого баримтлахаа Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо.

“Хөгжил” политехник коллеж энэ хичээлийн жилд 775 суралцагч элсүүлэх квот батлагдаж, элсэлт 90 хувьтай байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Ховд хотод “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил эхлээд байна. Төслийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.

“Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркт арьс шир, ноос, ноолуур боловсруулах болон мах боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, бүтээгдэхүүнээ экспортод гаргана. Одоогоор баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах төслөө ирүүлжээ. Эдгээрээс сонгон шалгаруулалт хийх юм. Дэд бүтцийн хувьд улсын төсвийн 19,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж 5,9 тэрбум төгрөгөөр төслийн бэлтгэл ажлууд хийж байна. Нэмэлт санхүүжилт 21,6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт тусгуулахаар санал өгчээ. Төсөл ашиглалтад орсноор 30 орчим үйлдвэр байгуулагдаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ экпортолж, жилд 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олж, 2200 байнгын ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо.
Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж авлигын эсрэг тэмцэл, 5Ш ажиллагааг зарлаж, эдийн засаг, боловсрол, төсөв санхүү, баялгийн реформыг өрнүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө орон нутаг, бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч “Шинэ сэргэлтийн 5 цагариг” концепцыг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймаг, боомтуудаа автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд танилцууллаа. Реформыг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцож, хөгжлийг боомилж буй хязгаарлагч хүчин зүйлс, тухайлбал авлигатай хамтран тэмцэхийг Ерөнхий сайд уриаллаа.


Ховд аймгийн иргэд шударга ёсны тэмцлээ тууштай үргэлжлүүлэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг баримтлах, иргэдэд газрыг шударгаар эзэмшүүлэх, баруун бүс нутагт бензин шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг бууруулах, сурагчдын автобус, сургууль цэцэрлэгийн засвар, аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг хөндөн ярилаа.
Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулт өгөв. Халзан бүргэдэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ, иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтын гэрээнд удахгүй гарын үсэг зурна. Тус станц ашиглалтад орсноор бүс нутаг, улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Нэг хүнд ногдох ДНБ 10.4 сая төгрөг. 3.5 сая малтай, 2936.1 га талбайд газар тариалан эрхэлдэг. БНХАУ, ОХУ, Казахстаны зах зээлд ойр оршдог, дэд бүтцээр бүрэн холбогдсон, эрчим хүчний нөөц сайтай, олон улсын тээврийн сүлжээнд холбогдсон, жилийн дөрвөн улиралд аялал жуулчлал, аж үйлдвэрлэл хөгжүүлэх, газар тариалан, хүнсний ногоо тариалах боломж өндөртэй аймаг юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд үйлдвэрлэл технологийн парк, шинэ суурьшлын бүсийн төсөл эхэлж буй бол БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронтой Булган-Такашикен боомтын өргөтгөлийг хэрэгжүүлэх болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд байна.

2024 оны төсвийн төслийг боловсруулахад Засгийн газар иргэдийн саналыг авч байна. Ховд аймгийн иргэд Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах, Ховдын дулааны станцын өргөтгөлийн 2-р үе шат, Олон ястны өв соёлын цогцолбор музейн барилга, Гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээний зураг төсөв, Ховд-Улаангом чиглэлийн 163,3 км хатуу хучилттай автозам, Жаргалантын 320 хүүхдийн сургууль болон Ховд сумын цэцэрлэгийн барилга, 1000 айлын орон сууцны зураг төсөв, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл зэргээр төслүүдийг эрэмбэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10,4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэн өнөөдөр /2023 оны есдүгээр сарын 3/ ашиглалтад орууллаа.

Манай Улсын газар нутгийн 10 орчим хувь салхины эрчим хүч ашиглахад нэн тохиромжтой. Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан тал хээр, говь цөлийн бүсэд нарны гийгүүлэх хугацаа их, цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй тул бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангахад ашиглах бүрэн боломжтой. “Сэрвэн” нарны цахилгаан станц нь үүнийг нотолж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод цаашид энэхүү давуу талаа ашиглан Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах, эдийн засгаа тэлэх бүрэн боломжтойг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр эрчим хүч хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл болох цаг удахгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

“Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ. Төслийг дагаж 10-12 ажлын байр бий болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Тайширын УЦС ашиглалтад орсноор 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаанаар хангаж байна. Мөн уламжлалт буюу дизель станцтай харьцуулахад нэг кВт цаг тутамд 700-750 төгрөгийн хэмнэлт хийж улсын төсөвт 175-200 тэрбум төгрөгийн боломж үүсгэн, эдийн засгийн хувьд анх байгуулсан өртгөө бүрэн нөхөж, дахин хоёр УЦС барих хэмжээний хэмнэлт бий болгожээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавьж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, авлигын эсрэг тэмцлийг идэвхжүүлэн, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд эерэг өөрчлөлтүүд гарч байна. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувьтай байсан бол 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувьд хүрч өслөө. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ч өсөж 2022 онд анх удаа 5000 ам.долларт хүрээд байна. Засгийн газраас бүс нутаг, хөдөөгийн хөгжилд онцгойлон анхаарч 2022 онд “Мянганы зам” төслийн хүрээнд 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож дууссан бол цаашид 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж бүх аймаг, боомтуудаа автозамаар холбон, дулаан цахилгаанаар бүрэн хангах зорилт тавьж буйг Ерөнхий сайд танилцууллаа.

Говь-Алтай аймаг 58.257 хүн амтай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, ногоон эрчим хүч, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл болон БНХАУ-ын Ганьсу муж, Шинжаантай хиллэдэг тул хил орчмын худалдаа, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Засгийн газраас тус аймгийн Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулахаар судалж байна. Тайширын УЦС-ыг төвийн бүсийн эрчим хүчний системтэй холбосноор 44 сум, суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Шинээр тус аймагт “Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орж, эрчим хүчний хосолсон эх үүсвэртэй болоод байна.
Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны төлөөх тэмцэл, нээлттэй үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодит амьдралтай уялдуулан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, малын түүхий эдийг үнэд хүргэх, тэтгэврийн шударга тогтолцоо, орон нутгийн бичил уурхай эрхлэлтэд анхаарахыг хүслээ. Ерөнхий сайд, холбогдох сайд нар иргэдийн асуултад хариулж мэдээлэл өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайд төрийн алба улс төржихгүй хуулийн хүрээнд ажиллах, зөрчвөл хатуу хариуцлага тооцдог байх зарчим үйлчлэх ёстойг хэллээ. Иргэдийн тавьсан зарим асуудлыг судалж, хамтарч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

2024 оны улсын төсвийг боловсруулж буй энэ цаг үед Ерөнхий сайд УИХ, Засгийн газрын холбогдох гишүүдийн хамт орон нутагт ажиллаж иргэдийн саналыг авч байна. Говь-Алтай аймгийн иргэдийн санал асуулгаар Алтай хотын төвийн 2-р хэлхээний ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, Алтай хотын төвийн хатуу хучилттай авто замын 2-р үе шат, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн барилга, Сумдын орон сууцны хорооллын гадна ус, дулаан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, гадна холбооны угсралт, сумдын цэвэрлэх байгууламж, /Говь-Алтай,Жаргалан, Шарга, Чандмань, Төгрөг/, Эрдэнэ сумын сургуулийн барилга, Дэлгэр, Цээл сумын дотуур байр, Тайшир, Баян-Уул сумын ЗДТГ-ын байрны барилгын ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай хэмээн эрэмбэллээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хамтран хэрэгжүүлж улс орноо, хандлагаа өөрчлөх реформд нэгдэхийг уриаллаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхав.

Олон зууныг дамнасан эртний харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх төрийн айлчлалын үеэр Пап Францистай уулзаж байгаадаа баяртай буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Мөн энэхүү түүхэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг соёл, боловсрол, шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Ерөнхий сайд, “Монгол Улс ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон бөгөөд манай гадаад бодлогын цөм бол даян дэлхийн энх тайван юм. Монгол Улсад хийж буй таны төрийн айлчлал даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоох нийтлэг зорилтыг биелүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд цаашид хоёр талын хамтын ажиллагааг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулах хүч чармайлтаа уялдуулах замаар өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны есдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд  Засгийн газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 1-ний энэ өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа.
1.         Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийг дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах;
2.         Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандарт холбогдох дүрэм, журмыг шинэчилж боловсронгуй болгох, багш бэлтгэх, давтан сургах хөтөлбөр, арга хэмжээний санал боловсруулж батлуулах;
3.         Магадлан итгэмжлэгдсэн багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөр, багш нарыг магистрын болон гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтын зардлыг 2024 оны төсвийн жилээс төрөөс санхүүжүүлэхтэй холбоотой журам, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах;
4.         Төрийн өмчийн багш бэлтгэх сургуулийн хичээлийн болон дотуур байрыг шинээр барих, өргөтгөх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэх;
5.         Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож урамшууллыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих төвүүдийн цаашид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусган шийдвэрлэх;
6.         Багшийн нийгмийн баталгааг хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, багш бүрийг компьютержүүлэх арга хэмжээг 2024 оноос үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

“Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүү, татварын боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөө амьдрах сэдлийг төрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Аймаг тус бүрийн урт хугацааны хөгжлийг тэтгэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг арилгах зорилготой “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төслийн хүрээнд авто замын сүлжээний шинэ үеийг эхлүүлж аймаг хоорондыг холбосон, хилийн боомтуудыг холбосон, аялал жуулчлалын гол чиглэлүүдийг холбосон нэгдсэн төслүүдийг хэрэгжүүлнэ.
Аймгуудын дулаан хангамжийг бүрэн шийдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Одоогоор хэрэгжиж байгаа 10 аймгийн төвийн дулааны станцын төсөл, түүний дагалдах хоёрдугаар хэлхээний төслүүд мөн бусад аймгуудын дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
Аймгууд болон томоохон суурин газруудын цахилгааны эх үүсвэрийн чадлыг нэмэгдүүлж, орон сууцжуулахад шаардлагатай эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэнэ.
Аймаг тус бүрийн хүн амын тоо, томоохон суурин газруудын нягтаршил зэргийг харгалзан үзэж орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлнэ” гэж мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбоно.
Мөн хилийн боомтуудыг холбох авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал, одоогоор Алтанбулаг-Замын-Үүд, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур чиглэлийн авто замын хоёр коридортой байна. Тэгвэл энэ төслийн хүрээнд Бага Илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван коридор нэмж барина. Мөн хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр-Цагааннуур-Ульхан боомтыг холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болно” гэлээ.

Авто зам, замын байгууламжийн ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ автозамын салбарын төлөөлөлтэй 2023 оны наймдугаар сарын 28-нд “Өглөөний уулзалт” хийсэн. Энэ уулзалтын дүнгийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан,
Авто замын сангийн бие даасан байдлыг хангах, олон улс болон улсын чанартай авто замын их засварын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Авто замын тухай хуульд үнэлгээ хийж шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах, авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит болон урсгал засварын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, замын чанар, стандартыг шинэчлэх, цаашид бүс нутгийн онцлогт тохируулан хүнд даацын авто зам барьж байгуулах зэрэг асуудалд арга хэмжээ авахыг  Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.