Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.10.10) Удирдлагын академийн түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Олон улсын Эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ.
Удирдлагын академи бол Монгол Улсын шинэ цагийн түүхэн хөгжлийн үе шат бүрт салбар бүрийн удирдах ажилтан, манлайлагчид, мэргэшсэн төрийн албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирсэн Монгол төрийн хамгийн чухал институтийн нэг юм.
Гаднын найман улсын Удирдлагын академийн хамтын ажиллагаатай судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын эрдэмтэн судлаачид өнөөдөр “Төрийн захиргааны уламжлал, шинэчлэл: Монголын онцлог, олон улсын туршлага” сэдвийн хүрээнд хуралдаж, өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын төрийн албан хаагчдад мэдлэг түгээх үйл хэргийн үр дүнг хэлэлцэж байна.
Сайд Н.Учрал “Засгийн газрын 2024-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн албаны реформ хийх зорилт тэргүүлэх асуудлын нэг болж туссан. Төрийн алба “мэргэшсэн” байх ёстой, түүнчлэн улс төрийн томилгооноос ангид, тогтвортой байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд “мерит” зарчмыг удирдлагаа болгодог. Гэвч “мерит” буюу “чадахуйн” зарчим гэдэг ойлголт өнөөдөр хувьсан өөрчлөгдөж байна. Бид ч энэ хувьсан өөрчлөлтийг соргогоор мэдэрч цаашид төрийн албыг илүү чадварлаг, илүү уян хатан, илүү шинэлэг болгон өөрчилж шинэчлэх шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газраас зорьж буй Төрийн албаны реформын их үйлс нь цаашдын Шинэ 30 жилийн хамгийн том сорилтуудын нэг байх нь гарцаагүй юм. Энэ сорилтын урт замд хамгийн хүнд ачааг үүрэлцэж, чухал үүрэг гүйцэтгэж оройлон манлайлах институт бол та бүхэн буюу Удирдлагын академи байх болно гэж итгэж байна” гэдгийг онцолсон юм.
Удирдлагын академийн үе үеийн удирдлага, багш, оюутнууд, нийт төгсөгчдөд түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.



















Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалттай танилцах үеэрээ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нөөс гажихгүйгээр ажлаа хийхийг санууллаа. Орон сууцны хороолол барихад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг бүрэн төлөвлөн иргэд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, иргэд түгжрэхгүй, 20 минутад төрийн бүх үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь Засгийн газрын бодлого гэдгийг хэллээ. Мөн 1992-2021 он буюу сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол Засгийн газраас 2024-2028 онд үүнээс хоёр дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. 20 минутын хот бодлогын эхний жишиг нь Сэлбэ дэд төв байх бөгөөд цаашид Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийг түшиглэн хот байгуулж нийслэл дэх хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй түгжрэл, агаар, орчны бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж байна. Энэ ажилд хувийн хэвшлийг татан оролцуулж, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийвэл татварын бодлогоор дэмжинэ гэлээ.

