Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа.
Шадар сайд С.Амарсайхан “Стандартын байгууллага зөвхөн стандарт батлаад, эсвэл батлуулахыг хүлээгээд суудаг биш, хаана ямар стандарт шаардлагатай байна, түүнийг боловсруулах, батлуулах, мөрдүүлж хэвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, улмаар хяналт тавих учиртай гол байгууллага. Энэ зарчим хэдийнэ алдагдсан.
Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг тусгаж өгөөгүйгээс төрийн худалдан авалт чанаргүй болж, олон талын шүүмжлэл дагуулдаг. Иймд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт стандарт, техникийн зохицуулалтыг заавал тусгах зохицуулалтыг бий болгохоос энэ салбарын шинэчлэл эхэлнэ.
“Төрийн байгууллагын тогтолцоо, бодлого, шийдвэрээс эхлээд ард иргэд, ААН-үүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой бүхий л салбарт стандарт хамааралтай. Улс орны хөгжлийн үндэс нь стандарт, стандарт гэдэг бол улс орны хөгжлийн гол шалгуур, Үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгаа, Хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь нь учраас Засийн газар стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж буй” хэмээн онцолж хэллээ.


Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулийн чиг үүргийн дагуу иргэнээ эрүүл аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний гол үндэс суурь нь Стандарт. Гэтэл бүх салбарт, бүх шатандаа хямд үнийн стандарт байдаг учраас чанар ярих боломжгүй болсон. Хамгийн энгийн жишээ дурдахад Олон улсын стандартад нийцсэн эмийн чанар, Монгол Улсад худалдаалж байгаа эмийн чанарыг харьцуулахад л ямар өөр байгааг харж болно. Тиймээс стандартыг шинэчлэх, Олон улсын стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага байгаа тул энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэсэн юм.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн “2022 оны стандартчиллын ажлын төлөвлөгөөнд төрийн 11 байгууллагын 107 стандартыг батлуулахаар тусгасан. Үүний 644 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг заавал баталгаажуулалтад хамруулахаар заасан ч одоогоор 344 буюу 53.4 хувийг баталгаажуулаад байна” гэж танилцуулгадаа хэлэв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 235 дугаар тогтоолоор хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбоотой шинээр болон шинэчлэн батлах 18 техникийн зохицуулалтын жагсаалтыг баталсан.
Гэтэл өнөөдрийн байдлаар эцэслэн батлагдаагүй 12 техникийн зохицуулалт, 2022 оны төлөвлөгөөнд тусгасан нийт 55 стандартаас боловсруулан батлуулаагүй 25 стандарт байгааг 2022 онд багтаан боловсруулж батлуулахыг БХБЯ, ЭХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ХНХЯ, ЗТХЯ, БШУЯ болон Стандарт хэмжил зүйн газар, нийслэлийн ИТХ-ын удирдлагуудад үүрэг болголоо.

Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон Агаарын чанарын суурин харуулын Дамбадаржаа станц, “Таван толгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-д ажиллалаа.
Нийслэлд 197 мянган өрх сайжруулсан түлш түлж байна. Тэдгээрийн 80,758 нь стандартын бус, гэмтэлтэй зуухтай гэсэн статистик гарчээ. Үүнээс шалтгаалж галлагааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх аюул гарч болзошгүй учраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг тусламж шаардлагатай өрхүүдийн зуухыг засварлах, янданг хөөлөх ажлуудыг хийж байгаа  талаар “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-өөс мэдээллээ. Мөн 44 мянган өрх угаарын хий мэдрэгчгүй байгаа нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байна.
Агаарын бохирдол буурахгүй байгаа үндсэн шалтгааныг иргэд рүү чиглүүлэхээс илүүтэйгээр төр өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдээ яаралтай авч хэрэгжүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үүрэг болголоо. Дулааны цахилгаан станцуудын утааны шүүлтүүрийг  стандартад нийцүүлэх, автомашинаас гарч байгаа хорт утаанд хяналт тавих зэрэг иргэдээс шалтгаалахгүй асуудлуудад бохирдол бууруулах үүрэг хүлээсэн албан хаагчид ажиллах цаг болсныг анхаарууллаа.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Шуурхай штаб байгуулан ажиллана. Тус штаб нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг нэн даруй хэлэлцэж, шийдлүүдээ яаралтай хэрэгжүүлэхийг ЗГХЭГ-ын дарга үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Анненийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд ХБНГУ-ын Үндэсний баярын өдрийн мэнд хүргэлээ. ХБНГУ манай улсыг Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хөтөлбөрт хамруулах шийдвэрийг гаргаж, хоёр улсын хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг дэмжих үйлсэд оруулж буй түүний хувь нэмрийг сайшааж, талархал илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, халамжаас хөдөлмөрт, импортоос экспортод, олборлолтоос боловсруулалтад шилжих зорилготой ажиллаж байгааг Ерөнхий сайд онцлов.


ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд ардчилсан Монгол Улстай хөгжлийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа хөгжих суурь харилцаа бэлэн байгааг тэмдэглэлээ.
Талууд сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын харилцааг шинэ түвшинд гаргаж, хамтарч ажиллахаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Аксель Никэйзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай гуравдагч хөрш болох Европын холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглээд Монгол Улс, Европын холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хэрэгжиж, Европын холбоо манай улсад Төлөөлөгчийн газраа нээсэн нь хоёр талын харилцаанд томоохон түлхэц үзүүлж буйг онцоллоо. Мөн цар тахлын амаргүй цаг үед Европын холбоо Монгол Улстай ойр дотно хамтран ажиллаж, вакцины дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж Боомтын сэргэлтийн хүрээнд агаарын тээврийг хөгжүүлэх зорилт тавьсан. Мөн Монгол Улс ирэх жилийг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлахаар төлөвлөж, энэ хүрээнд Европын холбооны улсуудруу хийх нислэгийн тоог нэмэхийг чухалчилж байна. Эрчим хүчний хараат байдлаас гарах зорилтын хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох тэр дундаа усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгасан. Ногоон хөгжил, цөлжилтийг бууруулахад ч анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Европын холбоотой хамтран ажиллах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзаж буйд Элчин сайд Аксель Никэйз  талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь цаг үеэ олсон, ялангуяа боомтын болон эрчим хүчний сэргэлтийн бодлого нь олон улс, бүс нутгийн хэрэгцээ сонирхолд бүрэн нийцсэн, сайн жишиг болж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, эерэг үр дүн гарч эхэлснийг сайшаалаа. Европын холбоо цөлжилт, хөрсний бохирдол, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Монгол Улсыг дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв.
Уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсын төр, засаг, ард түмнээ төлөөлөн Төрийн ёслолд оролцож хүндэтгэл илэрхийлснээ дурдаж, Ш.Абэ нь Монгол, Японы харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан тэмдэглэв.
Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улс Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв. Мөн хоёр улсын улс төрийн харилцаан дахь ололт амжилтыг бататгах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх чиглэлд бодит ахиц гарч, харилцааны итгэмжилсэн байдал гүнзгийрч, бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагаа бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараагийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг онцлов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн улс орнууд цаг уурын дулаарлын эсрэг, нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар тэглэх бодлого барьж буй энэ үед Монгол Улс ч дэвшилтэт технологи ашиглан байгальд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, эрчим хүчний хараат байдлаас гарах зорилт дэвшүүлэн ажиллаж буйг дурдаад Япон, Австралийн Засгийн газруудын хамтран хэрэгжүүлж байгаа хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах, хэрэглээнд нэвтрүүлэх туршилтын төсөлд Монгол Улс хамтран оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Японы агаарын тээврийн компаниуд Монгол руу тогтмол нислэг үйлдэх, Монгол иргэдийг Япон Улс руу зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг онцлон ярилаа.


Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлалын талаар уулзалтын үеэр Ерөнхий сайд нар санал солилцлоо. Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн 2017-2021 оны Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг сайшааж, шинээр байгуулах ээлжит Дунд хугацааны хөтөлбөр нь хоёр улсын дараагийн 50 жилийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжсан, олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй, ялангуяа эдийн засаг, бизнесийн хувьд харилцан ашигтай байх түншлэлийг бэхжүүлсэн баримт бичиг болох тухай ярилцлаа.
Бүс нутаг, олон улсын талбарт мөн идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа талууд нотоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Либерал ардчилсан намын дэд дарга, Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд асан Т.Асог хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн турш хүнд хэцүү цаг үед тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн, манай сайн хөрш болохыг онцлоод хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч өргөжин хөгжихөд Ерөнхий сайд асан Ш.Абэ үнэтэй хувь нэмэр оруулж, манлайлж ирснийг дурсав.

Япон Улсын Либерал ардчилсан намын дэд дарга Т.Асо салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирж биечлэн оролцож буйд талархал илэрхийлээд, дэлхий дахин цар тахал, геополитикийн асуудалтай нүүр тулсан амаргүй цаг үед Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хашиж буйг онцолж, энэ цаг үеийг улс орнууд хамтдаа даван туулж чадна гэдэгт итгэж буйгаа хэлэв.

Уулзалтаар талууд дэлхий дахины геополитикийн байдал, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, ардчилал, эрх чөлөөг бататгах, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дэлхийн улс орнуудын нэгэн адил хүлэмжийн хийг бууруулах, байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зорилт тавин ажиллаж буйг дурдаад хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах Япон, Австрали улсуудын хамтарсан туршилтын төсөлд Монгол Улс оролцох сонирхолтой байгааг илэрхийлэв. Мөн Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож, хоёр орны харилцаанд дараагийн шинэ хуудас нээгдэж байна. Шинэ 50 жилд өмнөх 50 жилийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр баяжуулж, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах болно гэдэгт итгэж байна гэв. Түүнчлэн газрын ховор элемент олборлох, Монгол иргэд Япон Улсад зорчих визийн хөнгөлөлтийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярив.

Японы Либерал ардчилсан намын дэд дарга Т.Асо ардчилсан, чөлөөт зах зээлтэй улс орнууд геополитикийн хувьд хариуцлагатай хандах цаг үед ирээд буйг онцлоод Япон Улс Монгол Улстай эрчим хүч, дэвшилтэт технологи, худалдаа эдийн засаг зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг хүний эрх, эрх чөлөөнд харшилсан үг хэллэг хэрэглэж, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг сайдын үүрэгт ажлаас нь огцруулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4,  Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар огцруулна.
Ерөнхий сайдын шийдвэрийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.
Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд асан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү Төрийн ёслолд дотоод, гадаадын 4300 төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд үүнд 218 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 700 гаруй төлөөлөгч багтаж  байна. Эдгээрээс 35 нь өндөр, дээд түвшинд оролцлоо. Тухайлбал, БНСВУ, Шри Ланка Улсын төрийн тэргүүн нар, АНУ, БНИУ, БНФУ-ын дэд Ерөнхийлөгч, БНЭУ, БНСУ, Монгол, Сингапур, Тайланд, Австрали, Канад, Казахстан, Косово, Камбож, Молдав, Того, Танзани Улсын Засгийн газрын тэргүүн нар, НҮБ-ын АНДЭЗНК, Хүнс, хөдөө ажахуйн байгууллага, Хүүхдийн сан зэрэг харъяа байгууллагууд, ДЭМБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгч нар оролцлоо.

Япон Улсын Ерөнхий сайд асан Ш.Абэ нь Монгол Улсын ардчилсан хөгжилд болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарч, түүний манлайлал, дэмжлэгтэйгээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал үйл ажиллагаагаа эхлүүлж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг холбосон бат бэх гүүр болж байна.
Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохын зэрэгцээ ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцана.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын болон Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцохоор төлөвлөж байна.

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт  байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов.
Хурлын эхэнд салбарын яамд болон аймаг, орон нутаг, нийслэлийн төр захиргааны байгууллагаас хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой, ажил, үйлчилгээний жагсаалтыг урьдчилсан байдлаар танилцууллаа. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 23, Боловсрол, шинжлэх ухааны яам 15, Зам, тээврийн хөгжлийн яам 20, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 11 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой гэжээ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой  зарим төрлийн чиг үүрэг, ажил, үйлчилгээний жагсаалт гаргаснаа танилцуулав. Тухайлбал,  орон нутгийн шуудан тээврийн үйлчилгээ, автозам засвар арчлалтын үйлчилгээ, барилга байгууламжийн зураг, төслийн зөвлөх үйлчилгээ, ажлын хувцас, хэрэгслийн үйлдвэрлэл, орон сууцны хотхон, хорооллын ашиглалтын үйл ажиллагаа, биржийн арилжаанд оролцогчийг сургах, мэргэшүүлэх, итгэмжлэл олгох чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх зэрэг 31 төрлийн ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой гэжээ.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Танилцуулгаас харахад 2022 оны урсгал засвар, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд зарцуулсан нийт 12 их наяд төгрөгийн 7.3 их наяд төгрөгийн өртөг бүхий тендерийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлсэн байна. Цаашид оновчтой зохицуулалт хийж, энэ үзүүлэлтийг өсгөх хэрэгтэй. Төр өөрөө хамгийн том ажил олгогч хэрнээ хамгийн том бизнес эрхлэгч байж таарахгүй. Өнөөдрийн танилцуулсан ажил, үйлчилгээний жагсаалтуудыг бодит байдалд нийцүүлэн зөв үнэлэх, эрэмбэлэх нь чухал. Тиймээс Ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, ирэх сарын 26 гэхэд хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэх боломжтой төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээний жагсаалтыг эцэслэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зарим комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа

Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж зарим үндэсний зөвлөл, хороог татан буулгалаа. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн дагуу зарим салбарын эрх зүйн орчин өөрчлөгдсөн, мөн 2020, 2021, 2022 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан дараах өөрчлөлтийг хийж байна.

Нэгдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан тул Тогтвортой хөгжлийн үндэсний хороог, Цахим хөгжил,харилцаа холбооны яам байгуулагдсан тул Цахим хөгжлийн үндэсний хороог, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулагдсантай холбоотойгоор Усны үндэсний хороог татан буулгав.
Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга ажиллах болсон тул Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Боомтын сэргэлтийн үндэсний хороог шинээр байгуулж Олимпизмийг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Хилийн боомтын үндэсний зөвлөлийг ажиллуулах шаардлагагүй гэж үзлээ.

Хоёрдугаарт, хуулиар тусгайлан заагаагүй, чиг үүргийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах боломжтой, чиг үүрэг нь бусад зөвлөл, хорооны чиг үүрэгтэй давхцаж байгаа, байнгын бус үйл ажиллагаатай зарим зөвлөл хороог татан буулгалаа. Дээрх хүрээнд нийт 22 хороо, зөвлөлийг татан буулгаж, 6 хороо, зөвлөлийг нэгтгэж, 13 хороо, зөвлөл, комиссыг сайдын эрхлэх асуудалд үлдээлээ.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар нийт 29 үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр батлахаар боллоо. Ерөнхий сайдын ажлын ачааллыг харгалзан, Ерөнхий сайд тэргүүлэхээр хуульчилснаас бусад үндэсний хороо, комисс, зөвлөлийг тухайн асуудлыг эрхэлсэн сайд, Засгийн газрын гишүүн тэргүүлэхээр болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн үндэсний хороо, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, Усны үндэсний зөвлөл, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Хүүхдийн үндэсний зөвлөлийг тэргүүлж ажиллана.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагууд нь хотын төвөөс нүүнэ  

Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IVхороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар боллоо. Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байна. Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг баталлаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар мэдээлэл хариуцагч байгуулага нь уг хуульд заасан 68 төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байдлаар нийтлэх үүрэг хүлээсэн. Мөн “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг Засгийн газар батална” гэж заасны дагуу журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Журамд нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийн тодорхой байдал зэргээр үнэлэхээр шалгуур үзүүлэлтэд тусгасан бол ямар мэдээллийн хэрэгсэл ашигласан, цаг хугацаандаа, бүрэн мэдээлсэн эсэх зэргээр үнэлэхээр аргачлалд тусгажээ. Тайлангийн тухайд мэдээлэл хариуцагч өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийн ил тод байдлыг журамд зааснаар үнэлж тогтсон хүснэгтийн дагуу гаргана. Үнэлгээний тайланг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нэгтгэж, бусад мэдээлэл хариуцагч жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор Зөвлөлийн ажлын албанд тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ. Зөвлөлийн ажлын алба үнэлгээний нэгдсэн тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаагүй мэдээлэл хариуцагчид зөвлөмж хүргүүлэхээр журамд тусгажээ.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.