Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар 350 дугаар тогтоол баталж, Хүний эрхийг хангах Үндэсний хороог Засгийн газар, түүний харьяа агентлаг, шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, судлаач, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг багтаан байгуулсан. Тус хороо өнөөдөр /2022.11.17/ анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуралдааныг нээж, Засгийн газраас хүний эрхийг өндөр түвшинд тавьж, нийгмийн салбар бүрд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаж буйг тэмдэглэв.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуульд хувь хүний мэдээллийг төрийн байгууллага цуглуулж, ашиглахдаа зөвшөөрөл авах, энэ тухай мэдэгдэх хуудас хүргүүлдэг байх зэргээр хүний эрхийг хангасан дэвшилтэт  заалтууд орсон. Гэхдээ цаашид хувь хүний нууцад хамаарах дуу, дүрсний бичлэгийн талаарх хуулийн зохицуулалтыг бүрэн мөрдөж ажиллах шаардлага байна. Сурч боловсрох эрхийн хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын 93-95 хувь нь тухайн эрхээ эдэлж чадаж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх болон хөдөө орон нутгийн боловсролын чанарын асуудалд анхаарах шаардлагатай байна. Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах эрхийг хангах хүрээнд ард иргэдийг эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг орон даяар хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 542 мянган иргэн хамрагдаад байна. Аян үр дүнтэй хэрэгжиж буй ч иргэдийг бүрэн хамруулахад анхаарч ажиллаж буйг хуралдааны үеэр холбогдох албаныхан танилцууллаа.

Мөн ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Нийгмийн ажлын тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг хуралдаанд танилцууллаа. Тус хууль нь нийгмийн ажилтны эрх үүргийг илүү тодорхой болгож, үйлчилгээг нарийвчлан зохицуулж өгснөөрөө онцлог гэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба Хүний эрх” хөтөлбөрт элсэн орсон. Үүнтэй холбоотойгоор үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд  энэ нь олон улс дахь хүний эрхийн индексийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран “Нутгийн удирдлага – 30” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцов.

“Нутгийн удирдлага-30” эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээлээ. Ерөнхий сайд мэндчилгээндээ “Алсын хараа – 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлт зорилтын хүрээнд орон нутагт нэн шаардлагатай томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйг тодотгожээ.

Монгол Улс 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулиараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, үзэл баримтлалыг шинэ агуулгаар баяжуулж шинэчилсэн. Энэхүү шинэчлэлд Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт бий. Энэ нь иргэддээ засаглалын дээд эрхийг олгохын зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны шинэ тогтолцоог бүрдүүлэх үндсийг тавьсан гэж үздэг.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тус хурлыг нээж үг хэлэхдээ “Өргөн уудам нутагтай, өөрийн онцлог соёл, түүхтэй, үндэстэн ястнуудын нэгдэл болсон манай орны хувьд нутгийн иргэд  онцлогоо давуу тал болгох, улмаар бүсчилсэн хөгжлийг өрнүүлж, хамтын ажиллагаанд тулгуурлан нийгэм, эдийн засаг, соёлын нөөц боломжоороо тэргүүлэх, оршин суугч иргэдийнхээ хүсэл зориг, амьдралын боломж бололцоог дээшлүүлэх зорилго бүхий тус засаглалын хэлбэр нь манай улсын нөхцөлд илүү тохирсон олон улсын туршлага юм. Нөгөө талаас гүйцэтгэх эрх мэдэл, төлөөлөх эрх мэдлийн харилцан хяналтыг бодит болгох, төлөөллийн ардчиллын хэрэгжилт, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулж анхан, дунд шатны бодлогын хэрэгжилтийг иргэддээ ойртуулсан тогтолцоо” гэдгийг онцоллоо.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн илтгэл тавилаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого: Хот хөдөөгийн сэргэлт, Нутгийн өөрөөр удирдах байгууллагын хөгжил дэвшил – орон нутагт зэрэг илтгэлийг  хурлаар хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Ирэх 2023 оны төсвийн онцлог:

– Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр нэг их наяд төгрөг хэмнэх боломж бий болж байна.

– Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцйвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг зорилтод түвшин болох -1,906.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.6 хувиас 481.1 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-ий 2.6 хувь байхаар баталлаа.

– Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.

– Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ.

– Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.

– Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ.

– Ирэх 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ.

Улсын онцгой комиссын өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат болон аймаг, сумдын Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, отор нүүдэлтэй холбоотой хөдөлгөөн зохицуулалтын талаар хэлэлцлээ.
Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдчилсан дүн гарчээ. Нийт 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Өмнөговь аймаг эрсдэл их, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймаг эрсдэл дунд зэрэглэлтэй гарав.
Төв, Өвөрхангай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн удирдлагууд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл, зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Орон нутгийнхны зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг холбогдох тогтоол шийдвэрийн дагуу зохион байгуулж байгаагаа дуулгаад отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдсэний улмаас бэлчээрийн даац хэтрэх зэрэг асуудал байгааг дурдлаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зөвхөн өнөөдөр яриагүй. Зун, намраас эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс, салбарын яамнаас бодлогын түвшинд анхаарч, тогтоол шийдвэр гарган, үүрэг даалгавар өгч ирсэн. Энэ бүхэн аймаг, сум, орон нутгийн түвшинд  хангалттай хэрэгжихгүй байна. Өвөлжилт хүндрэх нь тодорхой нөхцөлд ажиллаж байж, аюулгүйн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байна. Шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, боломжит хувилбараар шийдэх хэрэгтэй” гэлээ.


Мөн отор нүүдэл хийж буй иргэдийг хөөж туудаг, хүлээж авахгүй гэдэг асуудал байх ёсгүй. Отор нүүдэл, бэлчээртэй холбоотой авлига, дарамт шахалтыг таслан зогсоох хэрэгтэйг онцлоод “Өвөлжилтийн бэлтгэл ажил бол дан ганц малчин өрхийн асуудал биш, улсын эдийн засгийн суурь асуудал юм. Иймд нэн тэргүүнд өвөл, хаврыг хамтын хүчээр өнтэй даван туулах нь чухал байна. Тиймээс аймгийн удирдлагууд цаасан дээр биш бодит нөхцөл байдалдаа орж ажиллах, бүртгэл мэдээлэл, гэрээ хэлцлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Иймд аймаг, орон нутгууд уялдаа холбоогоо сайжруулж, сум, багийн удирдлага малчидтайгаа ойр ажиллаж, мэдээлэл зөвлөмжөөр хангах хэрэгтэй. Отроор дамжин өнгөрч буй малчдад зөвлөн тусалж, иргэд хоорондын буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй” хэмээсэн юм.
Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам”-ын талаар малчдад мэдээлэл өгөх, хяналт тавих, малчин айл өрхүүд хүнс тэжээлийн хомсдол, дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, цаашлаад өвөлжилт хүндрэх үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, нийгмийн хамгааллын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх талаар төлөвлөлт, зохион байгуулалттай ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулж, валютын орлого төвлөрүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах болон уул уурхайн биржийн тогтолцооны нэгдсэн цахим систем бий болгох зэрэг ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны эхний есөн сард сар бүр дунджаар 65 сая ам.доллар Монголбанканд худалдаалсан бол аравдугаар сараас 70.5 сая ам.доллар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний есөн сард сар бүр дунджаар 81 сая ам.доллар Монголбанканд худалдаалсан бол аравдугаар сараас 103 сая ам.доллар болж тус тус нэмэгдэж эхлээд байна. Мөн гадаад валютын улсын нөөц есдүгээр сард танилцуулга хийхээс өмнө буюу 2022 оны наймдугаар сарын эцсийн байдлаар 2696 сая ам.доллар байсан бол аравдугаар сарын эцсийн байдлаар 2786 сая ам.доллар болж валюттай холбоотой Засгийн газрын тэмдэглэл гарч, тогтоол батлагдахаас өмнөх түвшнээс 90 сая ам.доллар нэмэгджээ.
Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.

Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр”-ийг татан буулгана

“Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор”, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан буулгаж, чиг үүргийг нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүллээ. Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний цогцолбор нь төр, засгийн нийтлэг үйлчилгээ болох нийтийн хоолоор үйлчлэх, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулан ажилладаг бөгөөд Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт гэсэн салбартай.
Засгийн газрын хэвлэх үйлдвэр тусгай зориулалтын болон төр, засгийн шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 1968 онд байгуулагджээ.
Эдгээр байгууллагыг татан буулгаж, чиг үүрэг, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт шилжүүлж, улмаар төр, засгийн нийтлэг үйлчилгээнд хамаарах нийтийн хоол, хэвлэл, амралтын зэрэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлснээр удирдлагын давхардсан зардал буурах, нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо багасгах зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх, төрийн зарим нийтлэг үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасны дагуу ийм шийдвэр гарч байна.
 
“Монголд зочлох жил”-ийн түлхүүр үг Welcome to MONGOLIA
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж,
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдаж буй. Тус хорооны хоёр удаагийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал болон Монголд зочлох жилийн түлхүүр үг, логоны талаар Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Түлхүүр үгийг Welcome to MONGOLIA гэж тогтжээ.
“Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой гурав дахь том салбар юм. Аялал жуулчлалын стандартыг шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэй хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийн үйл ажиллагаа ирэх оны эхний өдрөөс эхэлнэ

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийн үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан туршилтын журмаар 2022 оны арваннэгдүгээр сард ашиглах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж дууссан, 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан“ гэж ХЗДХ-ийн сайд танилцууллаа.
Тус системийг нэвтрүүлснээр зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсэх ба зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий байгууллага, түүний албан хаагчид тус системд хандан хэрэг бүртгэх, шалгах үйл ажиллагааг цахимаар хийх, ялангуяа прокурорын байгууллага мэдээллийн санд нэвтрэн зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавьж, шаардлагатай асуудлыг цахимаар шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэг цонхны хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ.
Эдгээр үйл ажиллагааг цахимжуулснаар цаасны хэрэглээ эрс багасах, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээдэд учруулдаг цаг хугацаа, хөрөнгө зардал, бусад хүндрэл чирэгдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулна
Зөвшөөрлийн тухай хуульд /шинэчилсэн найруулга/ нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тогтоомжийн төслийг хэлэлцээд, хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгасны үндсэн дээр УИХ-д мэдүүлэхээр тогтлоо.
УИХ-аас 2022 оны зургадугаар сард Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан, 2023 оны эхний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль батлагдсантай холбогдууланзөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан.
Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хүрээнд хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал,
Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгох, сунгах болон цуцлах шийдвэрээс гадна ажиллагааны үе шат, явцын талаарх мэдээллийг ил тод, нээлтэй түгээх, иргэдэд мэдээллийг цахим хэлбэрээр, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх талаар эрх бүхий этгээдийн үүргийг тодруулжээ.
Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой хураах улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг өөрчилж, холбогдох зохицуулалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тусгажээ.

Цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт орон сууцны нэг, хоёрдугаар давхарт цэцэрлэг байгуулна
Цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт ашиглалтад орсон орон сууцны нэг, хоёрдугаар давхарт цэцэрлэг (түр цэцэрлэг) байгуулах талаар арга хэмжээ авч, ирэх оны нэгдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
Хүн амын нягтаршил өндөр, хүүхдийн цэцэрлэггүй хороолол, хотхон, орон сууцны бүсэд цэцэрлэг барих газар, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх, худалдан авах барилга байгууламж байхгүй зэргээс хамаарч орон сууцны барилгын нэг, хоёрдугаар давхрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан, цэцэрлэг байгуулах зайлшгүй хэрэгцээ тулгарч байна.
Нийслэлд шинээр баригдах орон сууцны хотхон, хорооллын барилга байгууламжийн төлөвлөлтөд цэцэрлэгийн барилгын зураг, төсөл, ТЭЗҮ-г заавал тусгах, барилгын норм, дүрэмд заасан шаардлагыг мөрдүүлэх, өмнө ашиглалтад орсон орон сууцны барилгын нэг, хоёрдугаар давхрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлахад норм, дүрмийн дагуу хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын тогтоолд тусгалаа.

Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050”  баримт бичигт “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж туссан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум байгуулахаар төлөвлөж байна.

Товч мэдээ
·      Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог хангах, цаашид нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх, төр, хувийн хэвшлийн оролцоотой аж ахуйн нэгж байгуулах асуудлыг судлан, санал боловсруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргад даалгав.
·      Эдийн засаг, хөгжлийн яамны байршлыг Засгийн газрын II байрнаас XI байрны 1-6 давхарт шилжүүлж, нүүлгэн шилжүүлэх, засвар үйлчилгээ хийх зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо. Монгол Улсын иргэний нийгмийн оролцооны түвшин дэлхийн 179 орноос 110 дугаар байранд жагсаж буй үзүүлэлт олон улсын судалгааны байгууллагын дүгнэлтээр гарсан байна. Энэ нь 1997 онд анх удаа баталсан Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулж, иргэний нийгмийн хөгжлийг дэмжсэн, эвлэлдэн нэгдэх иргэний эрхийг бүрэн хангах хэрэгцээ үүссэн байгааг харуулж буй учраас эрх зүйн шинэчлэл хийх нь зайлшгүй гэдгийг хууль боловсруулагчдын зүгээс тайлбарлав.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил нь ардчиллын гол тулгуур болдог учраас уг хуулийн төслийг сайтар хэлэлцүүлж, салбарын болон олон нийтийн санаа бодлыг заавал тусгах шаардлагатай” гэдгийг онцоллоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого дахь Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ” гэж заасан байдаг.  Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн зөвшилцөлд үндэслэсэн түншлэлийн хүрээнд шийдвэр гаргах бүх шатанд төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил зөвлөлдөх, санал авах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихад оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.” гэж заажээ.

Тиймээс төр иргэний нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хууль баталж, түүнийхээ хэрэгжилтэд анхаарах бол нөгөө талаас аливаа төрийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх сан, холбоод нь нээлттэй, ил тод, тодорхой байх шаардлагатайг хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс тодотголоо.

Хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд хязгаарлах аливаа заалт оруулахгүй байх шаардлагатайг дурдав. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс “Ардчилсан засаглалтай улсад олон ургалч байдлыг хүндэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх, түүний илрэл болж жагсаж цуглах нь иргэдийн эрх, ардчиллын хэмжүүр байдаг. Харин иргэний болон нийгмийнхээ дуу хоолой, хүсэл эрмэлзлийг сонсдоггүй ардчилсан төр гэж байх ёсгүй юм. Иймээс хуулийн төсөл нь иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байхад чиглэх нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлэв.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэх талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан ирэх жилийн ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра НҮБ болон түүний салбар байгууллагууд Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг Ерөнхий сайдад гардууллаа.
Энэхүү баримт бичиг нь манай улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа 2050”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн,  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, “Парисын хэлэлцээр” зэрэг баримт бичгийн хэрэгжилтэд оруулж буй үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болсон, салбар хоорондын нягт уялдааг хангасан, бодитоор төлөвлөсөн төлөвлөгөө болно гэдэгт илтгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. Мөн сэргээгдэх эрчим хүч, усны асуудлуудад тэргүүлэх ач холбогдол өгч байгааг онцлов.

2023, 2024 оныг Монголд зочлох жилээр зарласан, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг баталсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Одоогоор Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж буй. Нислэгийн тоог нэмэх, өдөр бүхэн нислэгтэй байх боломжтой. Ингэснээр хоёр улсын аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт талууд санал нэгдлээ.
Орхон, Тамирын хөндийд амралт-судалгаа-аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжихээ Ерөнхий сайд илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан үндсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд танилцуулаад эдгээр чиглэлээр Турк улстай харилцан ашигтай ажиллахад бэлэн байна гэлээ.Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд Элчин сайд Зафер Атеш талархал илэрхийлээд Турк, Монгол хоёр улс хэл соёлын хувьд ижил төстэй, нийтлэг үнэт зүйл олон бөгөөд энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь юм гэлээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухлыг тэмдэглэв. УИХ-ын даргын Турк Улсад,  тус улсын Соёл, аялал жуулчлалын сайдын манай улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Элчин сайд товч танилцуулаад  айлчлалаар тохирсон зүйл бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Худалдан авах ажиллагааны хууль анх 2000 онд батлагдаж, 2005 онд шинэчилсэн найруулга хийгдэж, үүнээс хойш нийт 32 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. УИХ-аас батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Алсын хараа – 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тендер шалгаруулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилт  тавьсан. Тиймээс уг хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, ил тод, нээлттэй байдлыг бий болгох нь зайлшгүй байгааг Сангийн яамнаас танилцууллаа.

Тендерт оролцогч аж ахуй нэгжүүдийн зүгээс:

  1. Гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх нөхцлийг тодорхой болгох
  2. Тендер шалгаруулалтыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, хүний оролцоог багасгах
  3. Нээлттэй тендер шалгаруулалтын үед тендер хүлээн авах хугацааг багасгах зэрэг саналаа илэрхийлэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ил тод байдлыг нэмэгдүүлэх, одоогийнхоос олон ханган нийлүүлэгчид өрсөлдөх боломжтой болгох, орчин үеийн шинэлэг, шийдэл, техник, технологийн боломжуудыг нэвтрүүлэх замаар худалдан авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү чанартай болгоход анхаарах шаардлага үүсээд байгааг хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс тайлбарлав.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөл нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй зарим төсөл хөтөлбөрийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар урт хугацаанд хэрэгжүүлэх зорилготой юм. Хувийн хэвшил өрсөлдөөний зарчмаар шинэ технологитой болж, чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлдэг учраас томоохон төсөл хөтөлбөрийг ААН-үүдээр хэрэгжүүлэх нь төсвийн ачаалал буурч, олон нийт чанартай ажил үйлчилгээгээр хангагдана гэдгийг хууль боловсруулагчдын зүгээс тайлбарлалаа.  Тус хуулийн төсөл нь уул уурхай, банк, батлан хамгаалахаас бусад салбарт хэрэгжихээр боловсруулжээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой 19,6 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр бий. Тиймээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар Боомтын сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хувийн хэвшил гүйцэтгэх боломж бүрдэнэ.

Төр хувийн хэвшилтэй түншилж ажилласнаар бизнес хийх таатай нөхцөл бүрдэж, нөгөө талаас иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл стандартад нийцсэн, чанартай үйлчилгээгээр хангагдана гэдгийг хууль боловсруулагчид онцолж байна.

 

Төрийн хэрэгжүүлж байгаа зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг боловсруулаад байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нарын хамт Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубынхантай уулзаж, уг хуулийн төслийн талаар ярилцлаа.

Төсвөөс хэрэгжүүлж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хувийн хэвшил өөрсдийн санхүүжилтээр гүйцэтгэж, чанар, үйлчилгээг дээшлүүлэх, иргэдэд хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх нь тус хуулийн төслийн гол зорилго юм.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой 19,6 их наяд төгрөгийн төсөл бий гэсэн тооцоо гарчээ. Хуулийн төслийн хүрээнд уул уурхай, банк, батлан хамгаалахаас бусад салбаруудад ААН-үүд түншлэлээр ажиллах боломжтой юм. Төр хувийн хэвшилтэй түншлэлийн гэрээ байгуулж, урт хугацаанд хэрэгжих баталгааг болгоно. Бизнесийн орчныг нь төр хамгаалж чадсанаар зөвхөн стандарт шаардлагаа тавьж, засвар үйлчилгээгээ хувийн хэвшил хариуцна гэдгийг хууль санаачлагчдын зүгээс тайлбарлалаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зүгээс “Төр бизнес эрхлэхээс татгалзаж, ААН-үүдэд орон зай олгож байгаа нь иргэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг авах боломжийг уг хуулийн төслөөр нээж өгч байна” гэж онцлов.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжиж эхэлбэл үйлчилгээний салбарт өрсөлдөөн бий болж, төсвийн зардал буурна. Урт хугацаанд хэрэгжих төсөл байх учраас шинэ технологиуд ч нутагших боломжтой гэдгийг хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс тодотгож байв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.