Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
Цар тахлын нэн амаргүй цаг үе, халдварын дараалсан дөрвөн давалгааг монголчууд хамтдаа даван тууллаа. Иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулсан алба хаагчдад,  болзошгүй эрсдэлээс 40 гаруй мянган хүний амь насыг авран хамгаалсан эрүүл мэндийн салбарынханд Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улс шар түвшинд шилжиж, цар тахлын бүхий л хязгаарлалтуудыг цуцалсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсныг тэмдэглэлээ. Дархлаажуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийн бусад арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2021 оны гүйцэтгэлээр 1,4 хувь болж өссөн.  Үүнд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн гэлээ.


Мөн манай хөрш ОХУ болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсэж, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг дахин нэн хурцадмал байдалд шилжлээ. Энэхүү нөхцөл байдал, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар хүйтэн дайны уур амьсгал бүрдэж, олон улсад, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарлаа. Ачаа тээврийн эргэлт болон бусад хүндрэл байгаа ч даван туулах боломж бий гэж харж ажиллаж байна гэлээ.
“Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хийхээр төлөвлөж буй гол ажлуудын талаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгнө гэж Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд хэллээ. Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал  2,5, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажлын байр бий болно гэж тооцжээ.


Экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг, дулааны цахилгаан станцуудын ачаалал 118 хувь болж, эрчим хүчний 20 хувийг импортолж, жил бүр 140 сая доллар зарцуулдаг. Нийт нутгийн 0,3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг, байгалийн баялгийн 90 хувийг боловсруулалгүй гаргаж, дотоодын хэрэглээний 90 хувийг импортолдог, нийт бэлчээрийн 76 хувь нь цөлжсөн, авлигын индексээр манай улс 110 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс юм. Шинэ сэргэлтийн бодлого эдгээр хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Гол төсөл, хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд танилцуулсан юм.
Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудаа төмөр зам болон автозамаар холбоно. Төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барина.
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Дулааны II, III цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Тавантолгой, Багануурын дулааны станц, Төвийн бүсийн тав дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барина. Мөн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, 2023 оны эхний хагас жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн ордыг иж бүрэн ашиглах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолбор барих, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд байгуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах зорилт тавьсан.
Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шинэ Зуун хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түгжрэлийг бууруулахад Засгийн газар 420 тэрбум төгрөг шийдсэн. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барина. Богдхан уулыг тойрсон 136 км төмөр зам барина. Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.


Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд “Тэрбум мод”  үндэсний хөтөлбөрөөр 600 мянган га талбайд мод тарина. “Хөх морь” үндэсний хөтөлбөрөөр Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл хэрэгжүүлж, усны нөөцийг хуримтлуулж говийн бүсийн ус хангамжийг сайжруулна. Нийт хог хаягдлын 40 хувийг дахин боловсруулж, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчилнэ.
Төрийн бүтээмийн сэргэлтийн хүрээнд Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах саналыг Эдийн засгийн форумаар дэмжвэл Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн, хамтран ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ. Төрийн албаны бүтцийг шинэчилнэ. Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50 хувиас доошгүй бууруулж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцан ажиллаж эхэллээ. Тус төв иргэдийн дуудлагыг алдахгүй хүлээж авдаг болсон гэдгийг тэмдэглээд иргэд, олон нийт санал хүсэлтээ өгөөрэй. Тус төвд хамгийн олон ирсэн санал, хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэж ажиллана гэв.
“И Монголиа” системд 57 байгууллагын 570 гаруй үйлчилгээг цахимжуулж нэгтгэсэн. Үүний 130 гаруй нь лавлагаа тодорхойлолт байна. Цаашид цахим үйлчилгээг улам боловсронгуй болгоно. Төрийн албаны хүнд суртлыг арилгахад чухал нөлөөтэй юм. Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш гэдэгт Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Авлигын индекс багасвал манай улсад ирэх хөрөнгө оруулалт сайжирна. Төр, хувийн хэвшлээ хязгаарладаг биш дэмждэг, тусалдаг байх болно.Шинэ сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжиснээр, ДНБ 2021 онд 43 их наяд байсан бол 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4520 доллар байсан бол 10 жилийн дараа 12 мянган долларт хүргэхээр зорьж байна.  Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй. Хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин  хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно гэлээ.
Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр  дүн болно гэж Ерөнхий сайд уриалаад чуулганд амжилт хүслээ.


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.


Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа материал, тээврийн үнэ нэмэгдэж дараа, дараагийн шатны ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажилд багагүй саад гараад буйг уулзалтын үеэр онцолсон. Уг төсөлд хоёр улсын Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж буй бөгөөд тулгамдаад буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, төслийн ажлыг хугацаанд нь дуусгахад санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.

БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх  “Төслийн ажил ковидын үеийн цар тахал, өвлийн тачигнасан хүйтэнд ч урагшилсаар байсан.  Гэвч бараа материал болон тээврийн үнийн өсөлтөөс шалтгаалан дараагийн шатны ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил саатаад буй. Иймд БНЭУ-ын Засгийн газраас томилогдон ирж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх гарц олохоор уулзаж байна” гэлээ.


Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Төслийн ажил товлосон хугацаанд дуусна гэдэгт итгэлтэй байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Иймд тулгамдаад буй дараагийн шатны ажлын тендер сонгон шалгаруулах ажлыг яаралтай шийдвэрлэж, төслийг хугацаа алдалгүй үргэлжлүүлэх саналтай байна” хэмээв.


Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зөвлөх “Engineers India Limited” компанийн гүйцэтгэх захирал Вартика Шукла “Сүүлийн саруудад хоёр улсын Засгийн газраас шалтгаалахгүйгээр төслийн ажлын дараагийн шатны сонгон шалгаруулалтад асуудал үүссэнийг бид ойлгож байна. Иймд нэн тэргүүнд тендерийн сонгон шалгаруулалтад оролцож компаниудын үнийн дүнг бууруулах болон бусад гарц шийдлийг олох нь чухал” гэсэн юм.
Шадар сайд С.Амарсайхан “Манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй уг төсөлд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулж, Төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах өндөр итгэлийг бидэнд хүлээлгэсэн. Иймд тулгамдаад буй тендер сонгон шалгаруулах ажлыг яаралтай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнд болзошгүй эрсдэл, зардлын тооцоог нарийн гаргаж, Монгол Улсад байгаа хүн хүч, бараа материалыг аль болох түлхүү ашиглах тал дээр анхаарах нь зүйтэй” хэмээгээд дахин уулзаж, БНЭУ-ын талаас шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хорооны VIII хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн “Газрын нэгдмэл сангийн цахим систем” буюу Төрийн өмчийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах асуудлыг хэлэлцэв.
2020-2021 онд Төрийн өмчийн газрын мэдээллийн санг байгуулж, газрын нэгдмэл сангийн өөрчлөлт, шинэчлэл, тайлангийн үйл ажиллагааг цахимжуулах системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод буй аж. Уг цахим системийг нэвтрүүлснээр төрийн байгууллагуудыг холбосон дундын мэдээллийн санг байгуулах, төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж буй зөрчлийг арилгах, нөхөн сэргээх шаардлагатай байгаа газрыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтойн зэрэгцээ жилд улсын төсөвт 10-15 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэдгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай хэллээ.


Одоогоор ойн болон усны сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газрууд, хөдөө аж ахуйн зориулалттай, хот тосгоны болон зам дэд бүтцийн газруудыг нэгдсэн цахим системд холбоод байгаа аж.
Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн асуудал нь Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв.
Газрын тухай хуулийг анх 2002 онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 32 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч давхардал, хийдэл байсаар байна. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслийн онцлог нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт газрын үнийг дур зоргоороо, өөр өөр тогтоодог байсныг зөвхөн аймаг, нийслэлийн түвшинд нэгдсэн байдлаар тогтоохоор цэгцэлж буйгаас эхлээд газартай холбоотой авилга, хээл хахуулийг зогсооход чиглэсэн олон зохицуулалт тусгагдсан гэж албаныхан танилцуулсан.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
“Газрын төлбөр тогтоох нэрийдлээр шат шатанд нугалаа гаргадаг байдлыг таслан зогсоохын тулд уг хуулиар аймаг, нийслэл үнээ тогтоодог итгэлцүүртэй болж байгаа нь сайн хэрэг. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд маш их хохирдог учраас итгэлцүүрийн хувийг маш сайн судалж, нягталж байж тогтох ёстой. Газрын нэгдмэл сангийн цахим системээр дамжуулан газар ашиглалт, зохион байгуулалтыг ил тод нээлттэй байлгах замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, өгөөжийг нь нэмэгдүүлэх технологийн шийдлүүд ч энэ хуулиар нэгтгэгдэж явна” хэмээгээд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин сайтар нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БХБ-ын сайд Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаныханд үүрэг болголоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн байна

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явц, тулгамдсан асуудлын талаар Эрчим хүчний сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Усан цахилгаан станцын үндсэн барилга баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт орших 111,2 га газарт одоогоор ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй боловч усан сан бүрэлдэх талбайд 2026 оноос нөлөөлөлд өртөх 270 өрхийн 1251 иргэний газар чөлөөлөх асуудлыг Эрчим хүчний яам Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх саналтай байгаа юм байна.

Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр өрхийг 2022-2023 онд шинээр суурьшуулахаар төлөвлөсөн газар нутагт нүүлгэн шилжүүлэх боломжтой ажээ.
 
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Нийт автомашины 20 хувь нь цахилгаан байхад цэнэглэх боломж бий

Цахилгаан авто машиныг цэнэглэх техникийн боломжийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая машин байгаагаас Улаанбаатар хотод 662 мянга, орон нутагт 572 мянган автомашин байна. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 498 автомашин байгаагийн 434 нь Улаанбаатар хотод байна. 2018 оноос хойш 7-60 кВт цагийн хүчин чадалтай нийт цахилгаан автомашин цэнэглэх найман станц ажиллаж байна.

Манай улсад нэг кВт цаг эрчим хүчийг моторын багтаамжаас шалтаалж 350-1000 төгрөгөөр борлуулж байна. Ингэж цэнэглэсэн тохиолдолд 100 км-т 5850-16000 төгрөг зарцуулдаг тооцооллыг хийжээ.

“Нийт автомашины 20 хувь цахилгаан автомашин байхад манай улсад цэнэглэх боломж байна. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй гэж Эрчим хүчний сайд ярилаа.

Нэгдсэн Үндэстний байгууллагаас дэлхийн эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд онцгой анхаарч буй. Америк болон Европын холбооны орнууд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр татварын хөнгөлөлт, татаас болон бусад мөнгөн урамшууллыг олгож байна.

Норвеги улсад 2025 онд, Англи, Дани, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсад 2030 онд, Хятад, Японд улсад 2035 онд, Франц, Испани улсад 2040 онд авто тээврийн хэрэгслийг бүрэн цахилгаан машинд шилжүүлэхээр төлөвлөжээ.
2021 онд 6,7 сая цахилгаан автомашин борлуулагдсан нь 2020 оны борлуулалтаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барина

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийсэн онцлох ажлуудын талаар салбарын сайд нар мэдээлэл хийсэн байна.

Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн 2022 оны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх “Эрчим хүчний барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ“-г гүйцэтгэгчид олгожээ.

Эрчим хүчний сайдын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулах эрхийг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Тавантолгой дулааны станц ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлуудад олгов.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд талуудын уулзалт зохион байгуулж, Ойн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.

Товч мэдээ

·      Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгох журмыг баталлаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ.

Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлсэн юм. “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Монголд төдийгүй Ази, Америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Өнөөдрийн чуулганы гол зорилго бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулахад чиглэж байгааг тэрбээр онцлоод “Ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын санхүүгийн салбарын оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа нэн чухал” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцож үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгаа нь бодит үнэн юм гэдгийг тэмдэглээд “Тийм ч учраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, эдийн засгаа тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-д Ногоон хөгжлийн сэргэлтийг дэвшүүлсэн” гэлээ.

“Шинэ сэргэлтийн бодлого” Улсын Их Хурлаар батлагдах үед “Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байна” хэмээн Ерөнхий сайд хэлж байсан юм.

Улс орнууд, аж ахуйн нэгжүүд ногоон хөгжлийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Энэхүү чуулганаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г танилцуулж, тус сангийн эхлэлийн хөрөнгийг Монголбанк тэргүүтэй банкны салбарынхан манлайлан бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ногоон санхүүжилтийн эхний томоохон гараа юм.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Чуулганаар:
Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоор хүлээсэн үүрэг, санхүүжилт, Шинэ сэргэлтийн бодлого;
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа;
Тогтвортой санхүүжилтийн замын зураг;
Ногоон хөгжлийн сэргэлт-Онцлох хөгжлийн төслүүдийн санхүүжилт;
Ногоон хөрөнгийн зах зээлийн олон улсын туршлага. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөмж. Монголын ногоон хөрөнгийн зах зээлийн замын зураг;
Ногоон, тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд болж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд үг хэллээ.  Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч,
Энд хуран цугласан хүндэт зочид төлөөлөгчид өө,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Ногоон санхүүжилт – Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулагчдад болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд бодит хувь нэмэр оруулахаар энэ танхимд хуран цугласан Та бүхэндээ талархал илэрхийлье.

Хүн төрөлхтөн цар тахлын амаргүй сорилттой нүүр тулж, иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр засаг, иргэд аж ахуйн нэгжүүд хамтран тэмцлээ.
Цар тахлын хүндрэл бүрэн дуусаагүй байхад дэлхийн геополитикт хүчтэй доргилт өгсөн зэвсэгт мөргөлдөөн бүхий хямралт байдал давхцсан нь олон улсын нийгмийн амьдрал, эдийн засагт үнийн өсөлт, хүнсний хомсдол зэрэг нэн амаргүй эгзэгтэй байдлыг бий болгож байна.
Гэвч энэ бүхэн зөвхөн цаг хугацааны хямрал юм. Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, дэвшүүлсэн томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй ээ. Харин ч урьд урьдынхаасаа илүү эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж, дэлхийн хямралт байдлыг даван туулах ёстой. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтөн бидний мөхөлд хүргэх эрсдэлтэй нөхцөл байдал юм.
Өнөөдрийн чуулган “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батлах, “Монголын эдийн засгийн форум-2022” нэгдсэн хуралдаанд танилцуулах зөвлөмж гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах уламжлалт соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг цаг алдалгүй тодорхойлох учиртай.
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна.
Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн 90 хувь цөлжих эрсдэлд орж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг үзүүлэлт жилээс жилд урагшилж, хүн, мал дайжиж байна. Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгаа нь бодит үнэн юм.
Тийм ч учраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, эдийн засгаа тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-д Ногоон хөгжлийн сэргэлтийг дэвшүүлсэн юм.
“Шинэ сэргэлтийн бодлого” Улсын Их Хурлаар батлагдах үед миний бие “Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байна” хэмээн хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох билээ.
Улс орнууд, аж ахуйн нэгжүүд ногоон хөгжлийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг онцлон тэмдэглэж байна.
Бид олон улсын чиг хандлагатай нийцүүлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилго”, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаанд нийцсэн эх дэлхийд ээлтэй Ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдрийн чуулганаар Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг баталж, хэрэгжүүлснээр банкны салбарт ногоон зээлийг нийт зээлийн 10 хувьд хүргэх боломж бүрдэнэ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “цөлжилтийг сааруулж элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг” хэмээн онцгойлон тусгасан.

Өнөөдрийн чуулганаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г танилцуулж, тус сангийн эхлэлийн хөрөнгийг Монголбанк тэргүүтэй банкны салбарынхан манлайлан бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ногоон санхүүжилтийн эхний томоохон гараа юм аа.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн төлөөлөлтэй уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлээд, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнд тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хэдийгээр тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгахаа илэрхийллээ.


Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтийг хамарсан нөхцөл байдлаас шалтгаалан олон улсад тээврийн асуудал удаашралтай байгааг та бүхэн мэдэж байгаа. Засгийн газар боломжит бүхий л аргаар ачаа тээврийн асуудалд анхаарч байна. Одоогийн байдлаар зөвхөн Замын-Үүд боомтоор бус Гашуунсухайтын боомтоор ачаа тээвэр оруулж эхлээд байна. Монголын талаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 12-ноос өдөрт 30 чингэлэг тээвэр, мөн үндсэн тээврээр өдөрт 200 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч эхэлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс  нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээр болсон” гэлээ.
Харин төслийн дараагийн шатны асуудлын тухайд санал нэг байгаагаа илэрхийлээд хамгийн боломжит хувилбараар гарц гаргалгааг шийдвэрлэж, ажлыг түргэн шуурхай эхлүүлж, төлөвлөсөн хугацаандаа дуусгах нь чухал гэдгийг онцоллоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо.
УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээлснээр “Бейзмент” ХХК-д 2010 онд олгосон 61,3 сая ам.долларын зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болсон байна.
“Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас  татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан төрийн зохих байгууллагын (Хөгжлийн банк) өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах замаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байна.
“Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилжээ. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон байна.

Насанд хүрэгчид 19, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамрагдана

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Насанд хүрэгчид 19 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: эрүүл мэнд, бие бялдрын үнэлгээ, артерын даралт хэмжих”, лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, глюкоз, ПАП сорил”, гепатит B,C, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаанхоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийхээр товложээ.
Харин 18 хүртэлх насны хүүхэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, халдварт бус өвчин болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: амны хөндий, нүдний үзлэг, сүрьеэгийн үзлэг хийнэ.
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулснаар ДЭМБ-ын тооцооллоор хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтыг 35-69 хувь бууруулна гэжээ.
Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11,2-12,3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.
Эрүүл мэндийн сайдын танилцуулгатай холбогдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаанд бусад салбарын оролцоог хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулна. Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Үхрийн ястай мах 8900 төг/кг, хониных 8300 төг/кг, ямааных 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалахаас гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох юм байна.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 аж ахуйн нэгж нийт 12,6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.

 Товч мэдээ
·      Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр болно. Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгалаа.
·      Улаанбаатар хотноо 2022 гуравдугаар сарын 28-29-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
·      “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийн талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Төлөвлөгөөний төсөлд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
·      Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг ажлаас нь чөлөөллөө.

 Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн төлөөлөлтэй уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлээд, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнд тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хэдийгээр тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгахаа илэрхийллээ.


Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтийг хамарсан нөхцөл байдлаас шалтгаалан олон улсад тээврийн асуудал удаашралтай байгааг та бүхэн мэдэж байгаа. Засгийн газар боломжит бүхий л аргаар ачаа тээврийн асуудалд анхаарч байна. Одоогийн байдлаар зөвхөн Замын-Үүд боомтоор бус Гашуунсухайтын боомтоор ачаа тээвэр оруулж эхлээд байна. Монголын талаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 12-ноос өдөрт 30 чингэлэг тээвэр, мөн үндсэн тээврээр өдөрт 200 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч эхэлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс  нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээр болсон” гэлээ.
Харин төслийн дараагийн шатны асуудлын тухайд санал нэг байгаагаа илэрхийлээд хамгийн боломжит хувилбараар гарц гаргалгааг шийдвэрлэж, ажлыг түргэн шуурхай эхлүүлж, төлөвлөсөн хугацаандаа дуусгах нь чухал гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман, Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн зохицуулагч Д.Авирмэд нарыг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.9 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хот төлөвлөлт, ногоон хөгжил болон “Ковид-19” халдварт цар тахлын үед бодит дэмжлэг үзүүлж ирсэн.
Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс нөхцөл байдалд тохирохуйц оновчтой арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлсний хүчинд өдгөө эдийн засгаа сэргээх бодлого, энгийн амьдралд шилжиж буйд баяр хүргээд, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Азийн хөгжлийн банкны зүгээс Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлыг түшиглэн баригдах Дагуул хот, нийтийн тээврийн шинэчлэлийн асуудал болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт” зэрэг төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжилсан юм.
Мөн Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман “Хотын дарга байхдаа таны анхаарч ажиллаж байсан Баянхошуу, Сэлбэ Дэд төвүүд байгуулагдсанаар “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн ажлууд энэ хавраас бодит ажил болж, барилга угсралтын ажил эхлэх гэж байна. Тодруулбал, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд олон улсад жишиг төсөл болсон гэдгийг дуулгахад таатай байна. Цаашид 8-9 аймагт “Хөдөөгийн хөгжил” төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг баталж, санхүүжилтийг нь шийдсэн. Уг төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүд, тэр дундаа боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бөгөөд ингэснээр тухайн орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тиймээс ямар аймгуудад уг төслийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Ковид-19” цар тахлын үед таван үе шаттай стратеги арга хэмжээ авч хэрэгжүүлэн, ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ч дэмжсэний хүчинд шар түвшинд шилжиж чадлаа. Мөн “Ковид 19” цар тахлаас ангижрахад Азийн хөгжлийн банкны зүгээс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд та бүхний саналтай бүрэн санал нийцэж байна. Тэр дундаа Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, түгжрэлийг сааруулахад Дагуул хотыг хөгжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Үүний тулд дэд бүтэц, орон сууц, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.