Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр эрт илрүүлэг оношилгоо болон Засгийн газраас энэ салбарт хэрэгжүүлж буй бодлогыг иргэдэд танилцуулж, тулгамдсан асуудлыг нь судлаж, шийдвэрлэхээр боллоо. Мөн тус яамны газрын дарга нар иргэдтэй утсаар холбогдож, санал гомдолд хариу өгсөн юм. Засгийн газрын шийдвэрээр энэ оны  тавдугаар сарын 1-нээс орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоог эхлүүлсэн. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд улсын хэмжээнд 18 мянган хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагджээ. Энэ ажил нэг жилийн турш үргэлжлэх юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдтэй иргэд уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ салбарт дунд, доод шатанд авлига их байна, танил талгүй бол эмнэлгээр үйлчлүүлэх хүндрэлтэй болсон, тогтолцоог өөрчлөхгүй бол ужгирсан байдал арилахгүй гэдгийг иргэдийн дийлэнх хэлж байлаа.
Дөрөвдүгээр сарын 4-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой 326 санал, гомдол ирснээс 294-ийг нь шийдвэрлэж, 34-ийг нь холбогдох байгууллагуудад шилжүүлжээ.
Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн даваа гарагт 11-11 төвд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзаж байгаа юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгджээ

Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
“Засгийн газар өнгөрөгч нэгдүгээр сараас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажилд шуурхайлан орсон. Богино хугацаанд бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна. Чанаргүй зээлүүд хөдөлгөөнд орж, өр төлөгдөж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Энэ онд чанаргүй зээлийн гуравны нэгийг төлүүлэх зорилт тавьж байгаа” гэж Сангийн сайд мэдээлэл хийхдээ хэллээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх ажлыг эрчимжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг судлан үзэж санал дүгнэлт танилцуулах, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар тус хуралдаанаас шийдвэрлэлээ.

Мөн Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авсан чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлийн талаар авах арга хэмжээний санал, шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Монгол Улсад жуулчлах БНСУ-ын иргэд визгүй зорчино

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө. Энэхүү шийдвэр 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ.
Монгол Улсыг зорих иргэдийн тоогоороо БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаарт ордог, Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 улсын иргэд визгүй зорчиж байна.

Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын мөрөөр аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, эрчимжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.
Агаарын тээврийг либералчлах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, голлох зах зээл дэх олон улсын агаарын тээврийн үйлчилгээний компаниудыннислэг, бүсчлэлийн сүлжээг бий болгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэх;
Гадаадын жуулчдад зориулсан 2-3 төрлийн татварын урамшуулал, хөнгөлөлтийн систем бий болгох талаар судалж, танилцуулах;
2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан зохион байгуулалтыг хангаж ажиллах;
“Ковидгүй жуулчин” эрүүл мэндийн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх, жуулчдын эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулах;
Гадаадын жуулчдын урсгалыг татах чиглэлээр байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан арга хэмжээний нэгд сэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах контентын тоо, сурталчилгааны цар хүрээ, өр өгөөжийг нэмэгдүүлж ажиллах
Тус салбарын цахим шилжилтийг хурдасгаж, жуулчдын мэдээлэл авах, захиалга өгөх, сэтгэгдэл үлдээх, төлбөр төлөх үйл явцыг цахимжуулж, е-mongolia цахим хуудаст аялал жуулчлалын цэс нэмж, хөгжүүлэлт хийх
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдан гарах бусад хуулиудад оруулах өөрчлөлт, журмын төсөл боловсруулах зэрэг үүргийг Засгийн газрын гишүүдэд өглөө.
Мөн хуралдаанаар Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, долоо хоногт таван удаагийн нислэг үйлдэхээр боллоо.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам энэ оны долдугаар сард ашиглалтад орно

“Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгалаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 46 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний барилгын анги нэгтгэлүүд хамтран гүйцэтгэж байна. Энэ оны аравдугаар сард багтаан тус төмөр замыг иж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76 хувьтай байна, энэ оны долдугаар саjд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна.
Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудын холбох замын барилгын ажил 2020 оны 11 дүгээр сард эхэлсэн, 5,6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн, 6,1 хувийн гүйцэтгэлтэй байна.
Богдхан төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлд гол замын урт 144,9 км, 29,6 сая м.куб газар шорооны ажил, 14,6 км урт туннель, 4,77 км урт эстакадан гүүр, 135 байрлалд ус зайлуулах хоолой, 19 байрлалд гүүрийн байгууламж болон дөрвөн өртөө, зургаан зөрлөг барих зэрэг ажил тусчээ.

Товч мэдээ
·      Улаанбаатар хотноо өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Л.Халтарт даалгалаа.
·      Хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, үнэ тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий шуурай ажлын хэсэг байгуулж, холбогдох мэдээлэл, саналыг Засгийн газрын хуралдаанд долоо хоног бүр танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайдад даалгав.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буйд талархал илэрхийлээд цар тахлын амаргүй үед манай улсад нийт хүн амаа цаг алдалгүй вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр Япон Улс шуурхай дэмжлэг үзүүлснийг онцоллоо.

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр талын хүрээнд төдийгүй олон улсын тавцанд эрчимтэй урагшлан хөгжиж, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нар стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт татах, ноу-хау, өндөр технологийг нутагшуулах, Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд өндөр түвшний харилцан айлчлал чухал болохыг тэмдэглээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын цаг үед Япон Улсад ажлын айлчлал хийж, “Токио-2021” Олимпын наадмын нээлтэд оролцож, эв санааны нэгдлээ илэрхийлсэнд онцгойлон талархал илэрхийллээ.
Талууд Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн түүхийг дүгнэн ярилцаж, цаашид стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, улмаар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг 2022 оны тавдугаар сарын 02-ны 17:00 цаг хүртэл сунгалаа.

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам” (цаашид “журам” гэх)-ын дагуу зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журамтай https://legalinfo.mn/mn/detail/16231249213641 холбоосоор орж танилцах боломжтой.

Тавигдах шаардлага:

Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан:

– Сургалтын байгууллагын өдрийн ангид суралцдаг байх;

– Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.6 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;

– Нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлж сайн дурын үйл ажиллагаа санаачлан, зохион байгуулсан байх.

Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч:

– Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч сүүлийн 2 улиралд 3.4 голч дүнтэй гэж үнэлэгдсэн байх;

– Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч:

– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сүүлийн 2 улиралд “чадамжтай” гэж үнэлэгдсэн байх;

– Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.

Олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн иргэн:

– Олон улсын болон үндэсний хэмжээнд зохиогддог соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд 1, 2, 3 дугаар байрт шалгарсан;

– Спортын төрлөөр суралцагч (тамирчин) нь тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медальт байрт шалгарсан;

– Шатар, даамын төрлөөр “Олон улсын холбооны мастер” цол хүртсэн.

Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэн:

– Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг  хангаж, урилга авсан;

– Олон улсын англи хэлний IELTS-ийн шалгалтын 7-аас доошгүй, IBT TOEFL-ийн шалгалтын 100-аас доошгүй онооны шаардлага хангасан.

Сургалтын тэтгэлгийн хэмжээ, хамрагдах иргэдийн тоо:

1) 3,000,000.0 (гурван сая) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт:

– Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 20 оюутан;

– Техникийн боловсролын сургалтын байгууллагын 10  суралцагч;

– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 15 суралцагч;

– Соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн 5 оюутан.

 2) Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах сургалтын тэтгэлгийг 2022-2023 хичээлийн жилээс тооцож олгоно.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэд Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох материал, анкетаа 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/ цахим холбоосоор ирүүлнэ.

Цахимаар бүртгүүлэхэд зарим анхаарах зүйлс:

1. Боловсрол хэсэгт одоо сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийн мэдээллээ оруулна.

2. Баримт хэсэгт бакалаврын хөтөлбөрт хүсэлт гаргагч сүүлийн 3 улирлын голч онооны баримт, техникийн болон мэргэжлийн хөтөлбөрт хүсэлт гаргагч сүүлийн 2 улирлын голч оноо, дүнгийн материал хавсаргана.

3. Баталгаажуулалт хэсэгт ярилцлагад орох skype хаягаа үүсгэн SkypeID хэсэгт оруулан илгээх үйлдэл хийнэ.

Сонгон шалгаруулалттай холбоотой санал, гомдол хүлээн авах:

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах, санал дэвшүүлэх, асуулт асуух, гомдол гаргах бол Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын (51)-263449 дугаар утсаар (дотоодын сургалтын байгууллагын сургалтын тэтгэлэг авах хүсэлт гаргасан суралцагч), Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын (51)-263181 дугаар утсаар (гадаадын магистрантур, докторантурт суралцах хүсэлт гаргасан иргэн) хүлээн авна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын төслөө танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрбээр,

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Юуны өмнө, хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөний хямралт байдлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор баталж өгсөн Улсын Их Хуралд талархал илэрхийлье.

Хэрэв энэ эрхзүйн орчин бүрдээгүй байсан бол өнөөдөр өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, багадаа 3190 төгрөг болж, үнийн өсөлтийн огцом цочрол дахин үүсэх байлаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэ удаагийн төсвийн тодотгол дараахь дөрвөн онцлогтой.

Нэг. Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль

“Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг УИХ-д өргөн барьж байна.

Төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд тус бүрдээ салбар хуулиудаар, журам, дүрмээр хэмнэлтийн асуудлыг зохицуулахаар оролдож байсан боловч нийгмийн хүлээлтэд нийцсэн эрс өөрчлөлтийг өнөөдрийг хүртэл хийж чадалгүй ирсэн нь бодит үнэн юм.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар дараахь асуудлыг зохицуулна.

–       Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,

–       Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,

–       Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,

–       Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана.

–       Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох,

–       Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан болно.

Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга зургаа, наадмын талбай гурав, Соёлын төв долоо, Спорт заал, цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгалаа.

Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана.

Цаашид төсвийн захирагч нар цомхон, чадварлаг, өндөр цалинтай ажиллах сонголт бүхий бүтээмж, үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ.

Хоёр. Үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжих тухай

Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих дараахь арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгалаа.

–       Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,

–       Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох,

–       Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж нэг их наяд төгрөгийн гурван хувийн хөнгөлөлтэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох,

–       Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх,

–       Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ багтлаа.

УИХ-аар батлагдсан “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” хууль хэрэгжиж эхэлснээр:

o   Нэгдүгээрт. Олон улсын зах зээл дээр огцом өсч буй бензин шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэж байна. Энэ нь бензин шатахууны үнийг тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд тогтоон барих болно гэж харж байна. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Шатахуун бол суурь үнийг хөөргөддөг учраас бид энэхүү шийдвэрийг гаргасан.
Энэ багц арга хэмжээнд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан.
  Хоёрдугаарт. Төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдолоос урьдчилан сэргийлж, энэ хаврын тариалалтад онцгой анхаарах боломж бүрдэнэ.

Гурав. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах тухай

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах, нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэхийн тулд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно.

Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтална.

Харин жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэхээ илэрхийлье.

Дөрөв. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах тухай

Энэ удаагийн төсвийн тодотгол бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогын эхлэл юм.

Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч, жил бүр нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн шилжин ирж байна.
Жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа хүн амын эрэлт хэрэгцээг Улаанбаатар хотын орон зай, ажлын байр, цэцэрлэг сургууль, дэд бүтцийн бодит хүртээмж хангах чадамжгүй болсны бодит илрэл нь Та бидний тулгамдсан асуудал болоод буй Улаанбаатар хотын хэт төвлөрөл, нийслэлийн цэцэрлэг сургуулийн хомсдлын асуудал юм.
Залуучуудын жагсаал цуглааны үеэр тавьсан гол шаардлагуудын нэг нь ч цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байлаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод шаардлагатай байгаа 270 гаруй цэцэрлэг баригдсан ч хот руу шилжих их нүүдлийн урсгалыг зогсоохгүйгээр энэ асуудлын үндсэн шийдлийн учиг тайлагдахгүй юм.
Иймд хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах цогц үе шаттай бодлогын арга хэмжээнээс энэ удаагийн төсвийн тодотголоор эхний ээлжинд дараахь арга хэмжээг авахаар танилцуулж байна

–       Нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах,

–       Хоёр настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож хувьсах зардлыг олгох,

–       Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгох,

–       Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах,

–       Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгох,

–       Харин Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжиж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй хувийн хэвшлийг дэмжих зорилгоор дараахь татварын багц бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа:

– 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлөх,
– Орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа уул уурхайн лиценз эзэмшдэгээс бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор орлого олж эхэлсний дараагийн гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар орлогын татварыг хөнгөлөх,
–  Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасах,
–  Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компанийн орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байдгийг өөрийн сонголтоор таван жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгож дэмжлэг үзүүлэхээр,
–  Уул уурхай лиценз эзэмшдэгээс бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлэхээр тусгалаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Дээрх арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.
Та бүхнээс Монгол Улсын төсвийн тодотгол, Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль, Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онлайн такси үйлчилгээний “UBCab” ХХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд “Төсвийн хэмнэлтийн тухай хууль” өргөн барьж төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчлахаар ажиллаж байна. Тухайлбал, хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын харьяа байгууллагуудын автомашины үйлчилгээг цахим технологитой холбох замаар хэмнэлттэй, шуурхай, бүтээмжтэй болгох боломжийн талаар энэ үеэр ярилцлаа.


“UBCab” ХХК нь UBCab аппликейшн ашиглан 14,000 жолоочийг ажлын байраар хангаж 400,000 хэрэглэгчид 24 цагаар такси, тээвэр, шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Үүгээрээ тус компани олон тооны ажлын байр бий болгож, иргэдийн хөрөнгө санхүүг дэмжин, цаг завыг хэмнэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулж байна.
Хэмнэлт, шийдэл бүхий найдвартай, шуурхай ийм цахим үйлчилгээг төрийн байгууллагууд ч нэвтрүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд хэллээ. Улмаар төрийн байгууллагуудын автомашин үйлчилгээний захиалгыг онлайнаар авч, хянах нэгдсэн системийг бий болгоход хамтран ажиллах хүсэлтийг “UBCab” ХХК-ийн хамт олонд тавилаа. Мөн үйлчилгээгээ улам өргөжүүлж нийслэл Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг бууруулах, түгжрэлийг арилгахад  хувь нэмрээ оруулахыг хүслээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт хүргүүлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ

2022 оны дөрөвдүгээр сарын 15

“Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан”
үндэсний чуулганд оролцогчдод

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулганд оролцогч эрхэм зочид төлөөлөгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Хүн төрөлхтөн цар тахлын амаргүй сорилттой нүүр тулж, иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар төр засаг, иргэд аж ахуйн нэгжүүд гуравдахь жилдээ хамтран тэмцэж байна.

Гэтэл дэлхийн геополитик, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар, түүний дотор хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарч, түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна.

Он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаанбуудайн үнэ 40 хувь өсөж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсэж, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэснийг мэдэгдлээ.

Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад байна.

Хямралт нөхцөл байдал тулгарч, хаврын тариалалт ойртсон энэ цаг үед Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, дэвшүүлсэн томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй.

“Алсын хараа – 2050“ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлүүдийг бүрдүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Атрын IV аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч улс болох зорилт дэвшүүлсэн билээ.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Атрын IV аяныг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараахь бодлогын дэмжлэгийг үе шаттайгаар үзүүлж ажиллаж байна. Үүнд:

–       2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөг,гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкаар олгох,

–       Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлж олгох,

–       2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй 45 мянган тонн хүнсний уланбуудайг төр худалдан авч тариаланчдынхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх,

–       ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яаманд санал хүргүүлж хамтран ажилласнаар хаврын тариалалтад зориулан 10 мянган тонн эрдэс бордоог импортоор авах боломжийг бүрдүүлэх,

–       Энэ удаагийн хаврын тариалалтад шаардагдах 22 мянган тонн шатахуунаар тасралтгүй хангах, үнийг тогтворжуулах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг өгч, хяналт тавин ажиллаж байна.

Ер бусын хямралын цаг үед эхэлж буй энэ удаагийн хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны түвшингээс бууруулахгүй байх нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, цар тахал, олон улсын хямралыг даван туулахад нэн чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хаврын тариалалтад манлайлан ажиллахыг иргэн, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад уриалж байна.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа

Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Концессын гэрээнд “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хоёроос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлэнэ” гэжээ.
Концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500,0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах) зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.
“Кью эс си” компани нь  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй байгаа тул төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн байна. 

“11 11” төвд ирсэн иргэдийн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавина

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбогдуулан тус төвд хандсан иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явц, түүнд тавих хяналтыг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцын талаарх тайлан мэдээг Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулах, иргэдийн санал хүсэлтэд хандалт өндөр байгаа асуудлаар холбогдох албан тушаалтныг иргэдтэй уулзуулах ажлыг тогтмол зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтэд дурдсан Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаарх ажил хэрэгч саналыг судлан дүгнэлт хийж, төрийн бодлого, шийдвэрт тусгуулах арга хэмжээ авч байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Иргэд, олон нийттэй харилцах төвийг өргөжүүлснээр буюу энэ сарын 1-нээс иргэдээс өдөрт хүлээн авах санал, хүсэлтийн тоо 5-6 дахин нэмэгджээ. Санал, хүсэлтийг хуульд заасан хугацаанд нь мөн богино хугацаанд шийдвэрлэх боломжтой асуудлыг хугацаанаас нь өмнө шийдвэрлэж өгөх нь зүйтэй. Шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, иргэдийн асуултад бодитой хариу өгч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг дэд сайд, агентлагийн дэд дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нарт даалгалаа.

Ажлын хэсэг хилийн боомтуудад ажиллана

Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.
Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 машин гарч байна.
Экспортыг нэмэгдүүлэх, нэвтрэн өнгөрөх чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцсон.  Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалсан Ажлын хэсэг маргаашнаас хилийн дөрвөн боомтод ажиллах юм байна.
“Санхүүгийн үйл ажиллагаа харьцангуй сайжирч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголбанкинд 130 сая ам.доллар нийлүүлсэн. Энэ дөрөвдүгээр сард багтаан 150 сая ам.доллар нийлүүлнэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг ярьжээ.
Мөн “Өнөөдрийн байдлаар Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд 4,6 сая тонн нүүрс байна. Тусдаа гарц нээж, нэг сарын дотор экспортлох боломжтой” гэжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Тус хуулийг шинэчлэн баталснаар,
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
-Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.
-Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй баяр, наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж төлөвлөж байна.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Үндэсний бөхийн барилдаанд улсын цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Товч мэдээ
·      Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
·      УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
·      Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Дашийн Билэгдоржийг томиллоо.
·      Компакт гэрээний хүрээнд барих Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн цахилгаан болон дулааны хангамжийн эх үүсвэрийг 2024 оны зургадугаар сард бэлэн болгосон байх шаардлагатайг харгалзан нэн тэргүүнд хийгдэх ажлын хэмжээ, хүчин чадал, төсөвт өртгийг тооцож, хэрэгцээт хөрөнгийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд тусгуулах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгав.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Засгийн газар өчигдөр /2022-04-08/ ээлжит бусаар хуралдаж жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэснээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцуулсан юм. Өнөөдөр Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахална, мөн шаардлага тавьсан залуусын төлөөллөөс оролцуулах юм.
Тус Ажлын хэсэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 08-нд боллоо. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцууллаа. Тэрбээр,

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэж буй ардчилсан Монгол Улсын эрхэм иргэд, оюутан залуучууд аа
Та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл бүхий шаардлагыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд дараахь хариуг хүргүүлж байна.
1.Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулна.
Энэ хууль батлагдсанаар олон улсын зах зээлд огцом өсч буй шатахуун, мах, гурилын үнийн өсөлт, хомсдолоос сэргийлж, мөнгөний болон сангийн бодлого уялдах эрх зүйн орчин бүрдэнэ.
2. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд оролцож, жагсаал цуглаанаас шалтгаалж саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан талаар мэдээлэл өгсөн болно.
3. Авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгасан хуулийн төслийг ирэх долоо хоногт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтов. Мөн Та бүхний шаардсан шаардлагыг Авилгатай тэмцэх газар шалгах талаар Авилгын эсрэг хуулийн 13.2-т заасан өөрчлөлтүүд энэ хуулийн төсөлд багтсан байгаа болно.Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газраас шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллана.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгоно.


4.Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж, суудлын том оврын албаны автомашиныг төрийн албан хаагчид нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй байх, хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашиныг хэрэглэнэ.
5.Залуучуудын холбооны байр, газрын ашиглалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах холбогдох арга хэмжээг авах болно.
6.Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, олон улсын төлбөр тооцоо, сонгуулийн хар машин, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй тул ирэх долоо хоногт Улсын Их Хурлын удирдлага, холбогдох Байнгын хороонд Засгийн газраас хүргүүлж хариу өгнө.
Засгийн газар дангаар шийдэх боломжгүй асуудлыг Улсын Их Хуралтай хамтран шийдвэрлэх болно. Та бүхний 15 заалт бүхий шаардлагын 11 заалтыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
Жагсаж буй залуучуудаа Та бүхэн нэгдсэн зохион байгуулалтад орж төлөөллөө сонговол Засгийн газар хамтран ажиллахаа дахин илэрхийлье.
Монголчууд эвлэлдэн нэгдэх болгондоо өөдлөн дэвжиж, талцан хуваагдах бүртээ уруудан доройтдог. Иймээс Та бүхнийг эвтэй байхыг хичээнгүйлэн хүсье гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.