Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 9-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

Монгол Улсын Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа.

Ерөнхий сайд бизнест ээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэнийг ч алагчилж үзэхгүй дэмждэг, авлига, хүнд суртлаас ангид, чадахуйн зарчимд суурилсан, ард түмэндээ үйлчилдэг цомхон, чадварлаг нийтийн албыг бэхжүүлэх зорилгоор Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Засгийн газрын гишүүд, бүх шатны байгууллага, албан тушаалтан, аймаг, орон нутгийн удирдлагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажлын арга барилдаа эрс өөрчлөлт гаргах хугацаатай үүргийг өгөөд байгаа юм. Энэхүү Албан даалгаврын хэрэгжилт, биелэлтэд хатуу хяналт тавьж, хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллах  болно гэдгээ Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийллээ.

Иргэдээ сонсож, зовлон, жаргалыг нь ойлгон, төрийн үйлчилгээг хуулийн дагуу шуурхай, алагчилгүй үзүүлдэг зарчим, журам төрийн албанд тогтож, хэвших учиртай. Ажлын байр шинээр бий болгоход шаардлагатай гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж, хүнд суртал, шат дамжлагыг халах, хөрөнгө оруулагчдад, ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдэд саад дарамт учруулж байгаа этгээдүүдэд хууль, журмын дагуу хариуцлага тооцож байх Шуурхай багийг Засгийн газрын түвшинд байгуулж ажиллуулна гэлээ.

Цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийг төлөвшүүлэх төрийн албаны шинэтгэлийг эхлүүлж, нийт төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн үнэлгээ буюу аттестатчилал зохион байгуулна. Чаддаг нь ажиллаж, чаддаггүй нь төрийн албыг орхих ёстой. Төрийн албаны хэмжээнд дөнгөж 53.8 хувьд нь ажиллаж байгаа Ёс зүйн дэд хороодыг бүх шатанд гүйцээн байгуулж, ажлын чанар, үр нөлөөг ч нэмэгдүүлнэ.

Төрийн чиг үүргийг оновчтой тогтоох, давхардал, хийдлийг арилгаж, хариуцлагыг тодорхой болгох, төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш зөвхөн хороо, комисс, зөвлөл, сан, төслийн нэгжүүдийг татан буулгахаар шийдвэрлэсний үр дүнд 69.9 тэрбум, нийт төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хоёр их наяд 44 тэрбум төгрөгийг хэмнэх бодитой шийдвэр гарган ажиллаж байна. Мөн төсвийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар “сөрөг”, “дүгнэлт гаргахаас татгалзсан”, “хязгаарлалттай” дүгнэлт авсан албан тушаалтнуудад хуулийн дагуу зохих хариуцлага тооцож ажиллана.

Төрийн албаны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, их өгөгдлийг ашиглаж, инновац, шинэ технологийг нэвтрүүлнэ. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Digital first” бодлого хэрэгжүүлнэ.

Хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим чанд баримталж, төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүргийн биелэлтэд харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд тогтмол хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож ажиллана.

Салбар бүрийн зөвшөөрөл олгох, бүртгэх, сунгах, шат дамжлагын тоог 50 хувиар бууруулж, тайлан мэдээ хүлээн авах, төлбөр хураамж төвлөрүүлэх, зөвшөөрөл эзэмшигчид тавих явцын хяналтыг сайжруулах, төрөөс зөвшөөрөл авах хүсэлтэд 14-21 хоногийн дотор хариу өгдөг, уг хугацаа өнгөрвөл зөвшөөрөл олгосонд тооцох зарчмыг бодитоор хэрэгжүүлнэ.

Хяналт шалгалтын давхардлыг арилгах, салбарын хяналт шалгалтын системийг ашиглалтад оруулах, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах асуудлыг 100 хоногт багтаан шийдвэрлэнэ гэдгээ Ерөнхий сайд албан даалгавартаа тусгажээ.

Чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа

Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, зохион байгуулалтыг сайжруулах, зорилгоор зарим Үндэсний хороо,  зөвлөлийг татан буулгалаа. Татан буулгасан Үндэсний хороо, зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын гишүүд, яамд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд үзлээ.

Мөн төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад заасан хороо, зөвлөлийн талаарх зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

1.     Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо

2.     “Алсын хараа-2050” Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо

3.     Боомтын сэргэлтийн Үндэсний хороо

4.     20 минутын хот Үндэсний хороо

5.     Хяналт, үнэлгээний Үндэсний хороо

6.     Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо

7.     Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо

8.     Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо

9.     Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо

10.  Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо

11.  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо

12.  Дэлхийн өвийн үндэсний хороо

13.  Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо

14.  Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо

15.  Үндэсний тээврийн хороо

16.  Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл

17.  Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл

18.  Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл

19.  Эдийн засгийн хөгжлийн зөвлөл

20.  Оюуны өмчийн үндэсний зөвлөл

21.  Хэмжил зүйн зөвлөл

22.  Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл

23.  Сансрын бодлогын үндэсний зөвлөл

24.  Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл

25.  Усны үндэсний зөвлөл

26.  Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл

27.  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл

28.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл

29.  Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоолоо

“Экспортын нүүрс тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд саналаа танилцууллаа.

“Тавантолгой нүүрс ачих логистикийн төв”-ийн байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн хүндрэл, хүнд суртлыг арилгах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тус компанид Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Бүрэн эрхт төлөөлөгчдийн багт Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас төлөөлөл оруулна.

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Одыг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны санхүүгийн тайланд хөтөлбөр, арга хэмжээний батлагдсан төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн, тайлант онд хэрэгжих боломжгүй ажил үйлчилгээний зардлыг олгосон, эдийн засгийн ангилал зөрчиж зардал гаргасан, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр арилжааны банканд данс нээсэн, бараа материалыг орлогод аваагүй зэрэг нийт 240 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрч, аудитын “хязгаарлалттай” дүгнэлт гарсан нь дотоод хяналт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.

Засгийн газрын хуралдаанаар П.Алтан-Одыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд  улс эх орны өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэмнэлтийг төр өөрөөсөө эхлүүлж, бүсээ чангалж давж гарна гэдгийг онцлов.

Нэгэн үе хаягдаад байсан хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудал энэ үед шинэ түвшинд гарсан. Засгийн газар орон нутагтайгаа нэгдсэн удирдлагатай, эргэх холбоотой ажиллана гэв.

Мөн Засгийн газар орон нутгийн Засаг дарга нарын эрх мэдлийг хязгаарлаад буй дүрэм, журмыг цуцалж, эрх мэдлийг нэмэгдүүлэх багц арга хэмжээ авахаар төлөвлөсөн тухай Ерөнхий сайд онцоллоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг тодотголоор хасахгүй байх, уул уурхайн ашиглалт, хайгуулын лиценц олголтод онцгой анхаарах, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн царцсан барилгын санхүүжилтийг шийдвэрлэж өгөх, хоршоо хөгжүүлэх сангийн журмыг өөрчлөх, тендерийн тухай хуулийг эргэж харах зэрэг асуудлыг уулзалтад оролцогчид нийтлэг тавилаа.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг дарга “Бүтээн байгуулалт хийхэд төсөв нь 3-4 жил дамжиж төсөвт суудаг байдал өртгийг нэмэгдүүлж, тухайн барилга царцахад хүрч байна. Тухайлбал, 2019 онд баригдаж эхэлсэн 160 хүүхдийн багтаамжтай дотуур байр царцсан. Хүүхдүүд дотуур байргүй байна.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга “Өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн ажлын хариуцлага одоо ажиллаж буй хүмүүст тооцогдох нөхцөл байдал үүсээд байна. Хууль, хяналтын байгууллага өнгөрсөн асуудлыг шалгаад шийдвэрлэхдээ одоо ажиллаж байгаа хүмүүст хэргийг халдааж байгаа нь иргэдийг төрийн албанд ажиллах итгэл үнэмшлгүй болгож байна”.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга, “Уул уурхайн хайгуулын зөвшөөрөл нийт газар нутгийн 10 хувийг хамраад байна. Үүнээс шалтгаалж мал бэлчээргүй болж, иргэдийн амьдрах орчиндсөргөөр нөлөөлж буйд анхаарч өгнө үү”.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ-ын дарга “Манай суманд уул уурхайн ашиглалтын 80, хайгуулын 10 нийт 90 зөвшөөрөл байна. Сумын иргэд жагсаал хийсний үр дүнд уул уурхайн зөвшөөрөл дахин олгохгүй гэсэн боловч энэ амлалт хэрэгжихгүй байгаа юм. Дахиад нэг л зөвшөөрөл олгоход иргэдийн тэмцэлтэй нүүр тулахаар байдал үүссэн”.

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга “Хоршоо хөгжүүлэх сангийн журам амьдралд нийцэхгүй, иргэдийн тавьсан шаардлагад нь хүрэхгүй байна. Бодит амьдралаас ялангуяа орон нутгийн иргэдийн нөхцөл байдлаас хол тасарсан шаардлагатай. Үүнд анхаарч өгнө үү”.

Хан-Уул дүүргийн Засаг дарга “ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн ч эргээд ТҮЦ хаа хамаагүй байрлуулж эхлээд байна. Төрийн албан хаагчид тэмцээд ч нэмэргүй, харин гэмтэж бэртсэн тохиолдол гарлаа. Нэгдсэн шийдэл, дэмжлэг хэрэгтэй байна” гэлээ.

Оролцогчид санал хүсэлтээ хэлсний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар Засаг дарга нар болон Засгийн газрын гишүүдэд үүрэг өглөө.

Засаг дарга нарын өгсөн саналыг нэг бүрчлэн судалж, тодорхой чиглэл өгөхийг сайд нарт даалгасан бол Засаг дарга нарт аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж, зорилтод бүлэг, залууст зориулж сургалт зохион байгуулж, соён гэгээрүүлэх ажилд онцгой ач холбогдол өгөхийг даалгалаа. Мөн цахим боловсролын системийг хэрэгжүүлэхэд анхаарахыг сануулав.

Гантай байгаа аймаг, сумдад ой хээрийн түймэр дэгдэх, хүн малын гоц халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг идэвхжүүлэх, болзошгүй нөхцөлд сумын эмнэлэг бэлэн байдалд ажиллах, мөн зам тээврийн ослоос сэргийлэх, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр цогц арга хэмжээ авахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг амьдралд нийцүүлэх шаардлагатай. Иймээс Засгийн газраас энэ сард багтааж Засаг дарга нартай хэлэлцүүлэг хийж санал авч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтуудыг тодорхой болгохоор боллоо.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга  хэмжээний тухай” Ерөнхий сайдын албан даалгаварт ард иргэдийн саналыг авна

“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга  хэмжээний тухай” албан даалгаврын төслийг өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Албан даалгаврыг боловсруулахдаа салбарын яамд, зарим мэргэжлийн төлөөлөл, судлаачдын санал болон Засгийн газрын гишүүдэд салбар тус бүрд тулгамдаж байгаа, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгажээ.

Тухайлбал, бүх шатанд чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтцээр ажиллах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдүүдтэй хувьцааны хувь хэмжээг тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, анхан шатны хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, малчин хоршоологчид, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран дундын хоршоо байгуулах, нийтэд хүлээлт үүсгэсэн авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг арга хэмжээг тусгажээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга  хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдээс санал авч, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлыг энэ 100 хоногт хийж хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгахыг үүрэг болголоо.

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Үндэсний их баяр наадам, аймаг, орон нутгийн наадам болж буйтай холбогдуулан Ерөнхий сайд унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Бүх хороо, сумдад ажиллаж буй нийгмийн 833 ажилтнуудаар дамжуулан чиглэл өгсөн, тэд улсын болон аймаг, сумдын наадмын салбар хороод, комисст шаардлага тавьж унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч ажиллана” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэвлэлийн хурлын үеэр ярилаа.

“Маргаашийн төлөө хамтдаа” уриатай “Монголын эдийн засгийн чуулган 2025” маргааш эхэлнэ

“Маргаашийн төлөө хамтдаа” уриатай “Монголын эдийн засгийн чуулган 2025” Улаанбаатар хотноо  маргааш эхэлнэ.

“Монголын эдийн засгийн чуулган бол Монгол Улсын олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг Засгийн газраас дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах талаар олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг Ерөнхий сайд хэлээд Засгийн газрын гишүүд ач холбогдол өгч, идэвхтэй оролцож ажиллахыг даалгалаа.

Чуулганаар тогтвортой засаглал, ил тод зохицуулалт, бодлогын уялдаа холбоо, институтийн чадавх, санхүүжилт болон хөрөнгө оруулалтын боломж, дижитал шилжилт, технологийн хөгжилд хүний нөөцийг бэлтгэх, байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, хүнсний хэрэгцээг дотооддоо хангах, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай татах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ жилийн “Монголын эдийн засгийн чуулган-2025” арга хэмжээг хувийн хэвшлийн санхүүжилтээр зохион байгуулж байна.

Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. /2025.07.03/

Талууд энэ удаагийн уулзалтаар,

– Манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг цаашид тогтвортой урагшлуулж, бодит ахиц гаргах,

– Уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа,

– Нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх зэрэг өргөн сэдвээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт,

Манай хоёр улсын худалдааны эргэлт 2024 онд түүхэн дээд амжилт тогтоож, 19.05 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тун удахгүй биеллээ олно гэдгийг харуулж байна.

Энэхүү зорилтод хүрэхийн тулд хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, тэр дундаа нүүрс экспортыг нэмэгдүүлж, биет хэмжээг 100 сая тоннд хүргэхийг монголын тал зорьж байна гээд, хятадын талаас дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд боомтын харилцан холболт чухал үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд талуудын хүчин чармайлтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг амжилттай тохиролцож, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.  Цаашид Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын холболтын яриа хэлэлцээг идэвхжүүлэх, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд талууд цаашид Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан өргөмжиллөө.

Ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв.

Монгол Улсын эдийн засаг  өнгөрсөн онд 4.9 хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүдийн  борлуулалтын орлого эдийн засгийн 70 орчим хувьтай тэнцэж, татварын орлогын 30 орчим хувийг бүрдүүлсэн байна. Улс орны эдийн засаг ийнхүү өсөж,олон мянган хүн ажлын байраар хангагдахад аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмэр онцгой нөлөөтэй байсныг Ерөнхий сайд тодотгов.

2024 оны Монгол Улсын “ТОП-100” ААН-ийн төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр өсөж 7.6 их наяд төгрөгт хүрсэн байна.  Топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлж худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүүгийн салбарууд удаалжээ. Хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг 14 аж ахуйн нэгж  багтсан нь  хамгийн олон нээлттэй хувьцаат компани багтсан жил болж байгаа юм байна. Түүнчлэн  гадаадын хөрөнгө оруулалттай 27 компани багтжээ.

Засгийн газар намрын чуулганд баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, татварын реформ, худалдан авах ажиллагааны тухай хууль зэрэг багтана. Мөн МҮХАҮТ, мэргэжлийн холбоодын хууль зэргээр зөвшөөрөл олголт, хүнд суртал,чирэгдлийг арилгах чиглэлээр цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг  Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.

         Хүний хөгжлийг дэмжих, чанартай ажлын байр бий болгох, ажиллах хүчин, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжихэд аж ахуйн нэгж, баялаг бүтээгчидтэй Засгийн газар бүх талаар хамтран ажиллана. Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулахын төлөө төр, хувийн хамтын ажиллагааг улам сайжруулж, манлайлал үзүүлэн хамтран зүтгэхийг уриаллаа.

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр, орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нартай уулзаж ярилцлаа.

Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай Онцгой байдлын албаны  тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн техник тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажийн иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардлыг шийдвэрлэхэд Засгийн газрын нөөц сангаас 6,7 тэрбум төгрөг гаргахаар тогтлоо.

Онцгой байдлын байгууллагын салбар нэгжийг стандартад нийцүүлж нэмэгдүүлэх, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулахад шаардагдах санхүүжилтийг 2026 оноос жил бүр улсын төсөвт тусган гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, том оврын нисдэг тэрэг болон туулах чадвар сайтай автомашин, техникийн хангалтыг гадаад улсын зээл, тусламж, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэх асуудлыг судалж энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгав.

Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт, нийт 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.3 хувь өссөн дүнтэй байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө суманд гарсан ой, хээрийн хоёр түймрийг цурамд оруулсан, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Хүдэр суманд нэг , Мандал сумдад нэг, нийт 5 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 417 хүн, 38 автомашинтай ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмнээ эв нэгдэлд хөтөлж, эх орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулж, түүхэн амжилт гаргасан тул  Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн  шагнал олгож байгаагаа онцлоод 2028 оны олимпод өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монголчууд багийн спортоор амжилт гаргадаг гэдгийг олон улсад батлан харуулсан тамирчид, багийн дасгалжуулагчид, арын албаныханд мөн талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг өнөөдөр  /2025.07.02/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд хоёр улсын ЗГХК-ын хуралдаан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Комиссын Үндэсний хэсгүүдийн дарга нарын идэвх санаачилгатай ажиллахыг  чухалчлан  тэмдэглэв.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт Монгол, Оросын залуу геологичдын анхдугаар олимпиад эхэлсэн, уг олимпиадад хоёр улсын 100 залуу геологич оролцож байна. Энэхүү олимпиад нь Орос, Монголын геологийн хамтын ажиллагааны цаашдын  хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна  хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түүний дотор төмөр зам, эрчим хүч, боловсрол зэрэг салбарын харилцааны чиглэлд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам хөгжиж байна. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол,  Оросын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр тасралтгүй үргэлжлүүлэн нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэхэд Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов хоёр талын газрын тосны салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлж байгаа бөгөөд цаашид ч хэвийн нийлүүлэх асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын улсын хилийн шалган нэвтрүүлэх Алтанбулаг-Хиагт, Боршоо-Хандгайт, Цагааннуур-Ташанта зэрэг боомтоор монгол иргэд зорчиход хүндрэл чирэгдэл гарч, иргэдээс гомдол ирэх боллоо. Тиймээс  иргэдийн  харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох чиглэлээр анхаарал хандуулахыг хүсэж байна гэв.

Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, энэхүү хил гаальтай холбоотой гарч буй дээрх асуудлыг Оросын холбогдох албадад уламжилж, анхаарч ажиллахаа мэдэгдэв. Уулзалтад Монгол Улсын  Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар байлцав.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийж, үүрэг даалгавар өглөө. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан болон Сэлэнгэ аймагт ажиллаж буй ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар улсын хэмжээнд бүртгэгдсэн ой хээрийн түймрийн талаар мэдээлэл өгч, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө,  Хүдэр, Алтанбулаг сумын нийт есөн түймрийн  тавыг цурамд оруулж, дөрвийг нь бүрэн унтраахаар Онцгой байдал, Хил хамгаалах,  Цагдаагийн байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангиас нийт 710 хүн, 103 автомашинтай ажиллаж байна.

Түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах анги болон Зэвсэгт хүчний нийт гурван нисдэг тэргээр тээвэрлэн хүргэхээс гадна агаараас түймрийн тандалт хийж байгаа ажээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар ой хээрийн түймэр болон цаг агаарын мэдээллийг тогтмол авч, анхаарч байгаагаа илэрхийлээд гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг хэллээ. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт ням гаригт Сэлэнгэ аймагт ажиллах үүрэг өгсөн байна. Гал түймэртэй тэмцэж байгаа онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдэд Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ. Хүнд хэцүү цаг үед эрсдэлээс үл эмээн  ажиллаж буй тэднээр бахархаж байгаагаа илэрхийлээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, анхааралтай ажиллахыг хүслээ.

Улсын онцгой комиссыг долоо хоногийн өмнө зарлан хуралдуулах үеэр болзошгүй түймрийн аюулаас сэргийлэх чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах тал дээр анхаарч ажиллахыг Ерөнхий сайд санууллаа. Шаардлагатай гэж үзвэл түймрийн голомтод дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг дайчлахад бэлэн байгааг мөн илэрхийллээ. Харин ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Сэлэнгийн түймрийг унтраахад одоо дайчилж буй хүч нөөц хангалттай гэж мэдээллээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилттай холбоотойгоор ой, хээрийн түймэр нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд түймэр унтраах зориулалтын нисдэг тэргийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгийг онцгой байдлын салбарын удирдлагууд хэлж байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.