Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албаны ил тод, хүртээмжтэй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлж буй “Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийн нээлт боллоо. Тус системийн хэрэглээ, ач холбогдлыг танилцуулах сургалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид оролцов.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат энэ систем нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж буй томоохон ажил гэдгийг тэмдэглэв. Мөн “Төрийн албаны чадамж гэдэг бол албан хаагчдын чадамжийн сэргэлт гэсэн үг. Төрийн алба хангалттай хүний нөөцтэй байна уу, албан хаагчдынх нь чадамж ямар түвшинд байна, гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хийх, төрийн албаны бүтээмжийг хэрхэн сайжруулах, төлөвлөх вэ гэдэгт нэгдсэн цахим систем шаардлагатай байсан. Нөгөө талаас төрийн албан хаагчийн мэдээлэл өөрт нь нээлттэй болж, албан хаагч өөрийн мэдээллийг засварлах, шинэчлэх боломж бүрдэж байна” гэлээ.
Уг систем нь нийт 16 модультайгаас Мэдээллийн нэг цэг, ил тод байдал, Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн сангийн холболт, Цахим хүний нөөцийн удирдлага, цахим хяналт гэх таван модуль бүхий эхний  хувилбар хэрэглээнд нэвтэрч байна. Мэдээлэл чанаржуулалт, процесс хялбарчлах ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулж, системийн хөгжүүлэлтийг тогтмол хийх юм.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Ийм систем” нэвтэрснээр гүйцэтгэх засаглалын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн албан хаагчид, байгууллагуудын мэдээлэл илүү хэрэглээний түвшинд гарч байна” гэв.
“Засгийн газрын хүний нөөцийн цахим систем”-ийг нэвтрүүлснээр төрийн албаны хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах, системийн мэдээлэлд суурилсан өгөгдлийг төрийн албан хаагчийн цалин, нэмэгдэл, нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд албан хаагчийн тэгш оролцоо, шударга байдлыг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2024 оны гуравдугаар хуралдаан Хэнтий аймгийн Биндэр сум дахь Их хуралдай цогцолборт боллоо. Хуралдааныг тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдан явууллаа.
Тэрбээр Монголын Эзэнт гүрнийг байгуулсан анхны Их хуралдай болсон энэхүү түүхэн газар бол даян дэлхийг хоёр зууны турш засаглаж, хүн төрөлхтний соёл иргэншлийг тодорхойлж байсан бидний өвөг дээдсийн гайхамшигт түүхийн эхлэл цэг, Их Монгол Улсын гал голомт юм. Их эзэн Чингис хааны “Пакс Монголика” буюу Монголын их амар амгаланг даян дэлхийд тогтоосон түүх эндээс  эхэлсэн” хэмээгээд үндэсний хорооны хуралдаан түүхэн газарт болж байгаад бэлгэшээж буйгаа илэрхийллээ. 1206 оны улаан барс жил Онон мөрний эхэнд Тэмүжинд Чингис хаан цол өргөж, эсгий туургатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг даяар олноо зарлан тунхагласан түүхтэй.
Манай улс GoMongolia буюу Өөдөө тэмүүлэх Монгол үндэсний брэндийг олон улсад танилцуулж, өнгөрсөн жил 1.3 тэрбум ам.долларын орлого олсон. Цаашид амжилтаа илүү ахиулах учиртай. Түүх соёлоо дээдэлж, бататган бэхжүүлсэн улс үндэстэн илүү удаан оршин тогтнодог. Түүхийн дархлаа улс орны тусгаар тогтнолд нэн чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Хуралдаанаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөө, Их хуралдай цогцолборын менежмент, тогтвортой байдлыг хангах төсөлтэй танилцаж, эрдэмтэн судлаачдын саналыг сонсон хэлэлцлээ. Монгол Улсын ардын багш С.Дулам, академич С.Чулуун нар “Монголын Их орд өргөөний түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол,  “Чингис хаан ба монголчуудын үнэт зүйл” сэдвээр илтгэл тавьж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал Түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Монгол Улсын баялаг түүх, Их Эзэн Чингис хааны үнэт өв, нүүдэлчин соёлын онцлогт тулгуурлан дэлхийд танигдсан аялал жуулчлалын бүс бий болгоно гэж үзэж байна. Зүүн бүсийн гурван аймаг дархан цаазат газар, байгалийн цогцолбор газрууд олонтой түүх, соёл, байгаль, ан амьтны хосолмол аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрын бүтээн байгуулалтууд хийгдсэн зэрэг давуу талтай. Иймд Монгол Улсын түүхэн үеүдийг харуулсан сэдэвчилсэн парк байгуулахад олон улсын компаниудтай хамтран ажиллах, хил орчмын аялал жуулчлалд зориулсан үндэсний соёл, наадам сурталчлах үйл ажиллагааг хөгжүүлэх, түүхэн маршрутаар явган, морин, морин тэрэг, тэмээ, сарлаг, автомашин хосолсон аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх боломжтойг танилцууллаа. Авто зам, эрчим хүчний дэд бүтэц хангалттай биш, аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хөгжил сул, жуулчид зорин очиход хүндрэлтэй, шууд нислэггүй зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг хэллээ.


Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хуралдай цогцолборыг Чингис хааны музейн  харьяанд  байх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.


Их хуралдай цогцолбор нь гадаад, дотоодын жуулчдад Их эзэн Чингис хааны түүх, соёлыг сурталчилж, таниулахаас гадна Цонжин болдог, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Хэрлэнгийн хөдөө арал, Балданбэрээвэн хийд, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Дуурилаг нарс, Монгол хатдын өргөө, Дэлүүн болдог, Чингис хааны гэрэлт хөшөө хүртэлх түүхэн аялал жуулчлалын дурсгалт газруудын холбоос болсон чухал маршрут дээр оршиж байгаагаараа онцлогтой.  Уг цогцолборт Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох есөн хөлт Цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас Их Хуралдай хуралдах үеийн хаад, язгууртнуудын ордонд байрлан суух дэг ёсыг харуулсан зохиомж бүхий исэр сандал, туг хиур, хүндэтгэлийн орон зайг бий болгосон төдийгүй хаалга бүрийн дотор Монголын нууц товчоон, Шар тууж, Асрагч нэртийн түүх зэрэг түүхэн тулгар сурвалжийн ишлэлийг монгол бичгээр бичжээ. Мөн байгууламжид нэг ч хадаас ороогүй, углуургадаж босгожээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт  эдийн засгийн тусгай бүс байгуулна
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулна. Мөн тогтоолоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ.
“Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь олон улсын тээвэр ложистик, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлэх зорилготой юм.
Эдгээр бүсийн газар нутгийн хэмжээг тус тус тогтоож, эдэлбэр газрын байршил, хил заагийг хавсралтаар баталж, тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгов.

Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам баталлаа
Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Тогтоол хэрэгжсэнээр гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүд монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалаа суралцах, өвлөх, түгээн дэлгэрүүлэх, монгол хүний хөгжлийг дэмжих, Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн  бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм.
ХБНГУ, АНУ, Канад, Швейцар, БНСУ зэрэг 16 улсад 6000 гаруй хүүхдийг хамруулсан монгол хэл, соёлын 59 төв иргэдийн санаачилгад түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр төв сургууль, цэцэрлэг, төв, зуслан зэрэг нэршилтэйгээр монгол хэл, түүх, дуу хөгжим, бүжиг, шатар зэрэг чиглэлээр сургалт явуулж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолоор тус үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын техникийн хяналт болон Дулааны цахилгаан станцын угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагад даалгалаа.
Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламж (EPC 01) -ийн ажлын хүрээнд ашиглалтад оруулж буй дэд бүтцийн болон иргэний барилга байгууламжуудын ашиглалт, арчлалт, хамгаалалтад шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд ба хуваарилах станцуудын арчлалт, хамгаалалтыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн-Өмнөд бүсийн салбараар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд тус тус даалгав.
Өнөөдрийн байдлаар түүхий тос дамжуулах 230 км хоолойг гагнаж, чанарын шалгалт хийгээд байна.
       
Товч мэдээ
·      “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу авч хэрэгжүүлж, шаардагдах эх үүсвэрийг тооцож, зохих ёсоор шийдвэрлэж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.
·      Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 нь байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу 216,989 өрх нь гэр хорооллын бүсэд амьдарч байна. Энэ нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлээд байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг  эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх, анхаарал хандуулах шаардлагатай байна.

Улсын хэмжээнд 29.1 мянган айлын орон сууц олон нийтийн нээлттэй зар дээр борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц байна. Мөн 2024-2025 онд нэмэлтээр 37.3 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байгаа нь 2024-2025 онд нийт 66.4 мянга айлын орон сууцны нийлүүлэлт үүсэхээр байна.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл нь төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас бий болж буй орон сууцны нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хадгалах, үр өгөөжтэй ашиглах, зорилтот бүлгийн иргэдийг хүртээмжтэй хамруулах тогтолцоог бий болгох болон 2013 оноос Монголбанкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх, тус хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнд нийцүүлэн цаашид тогтвортойгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгав.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зардлын ангилалтай болж, салбар бүрд төсөв хуваарилдаг болно;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нийгмийн бүх салбарт бодитой хангах нөхцөл бүрдэх бөгөөд ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн байдал сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүсгэн байгуулсан, эсхүл тэдний эрхийг хамгаалахаар нэгдсэн төрийн бус байгууллагуудын шалгуурыг тодорхойлсноор төр иргэний нийгмийн түншлэл бэхжиж, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чанар, хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлсноор байгууллагын чадавх бэхжиж, салбар дундын уялдаа холбоо сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг дэмжих, үйл ажиллагааг санхүүжүүлэх тогтолцоо тодорхой болж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй эх/эцэг/-ийн нийгмийн хамгаалал сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчинд олгох урамшууллын төсвийн эх үүсвэр тодорхой болж, төсвийн эх үүсвэр давхардахгүй болно;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны дэмжлэгийн зохицуулалт тодорхой болсноор үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Үндэсний хороо болгон өөрчилж, хорооны ажиллах хэлбэр, ажлын албаны чиг үүрэг тодорхой болно;
-Хуулийн давхардал, хийдэл арилж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд, хүртээмжийн зохицуулалт нь салбарын бусад хуулиар нарийвчлан зохицуулагдана.

“Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
“Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах эерэг үр дагавар үүснэ гэж үзэж байна.
Тухайлбал,
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болж, сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэнэ.
Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ, орон сууцны байшинд гэрийн тэжээвэр амьтан тэжээх, ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол, явган хүний зам, хогийн цэг төлөвлөх, байгуулах, гэрэлтүүлэг суурилуулах болон бусад дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болно.
СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамжийн асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх, ашиглалт, үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах  хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой засвар, арчлалтын сан байгуулагдсанаар орон сууцны байшин буюу оршин суугчдын өмчийн үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой хадгалах санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно гэж үзэж байна.

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ
Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар газар чөлөөлөх, норм дүрмийн дагуу олгоогүй тохиолдолд буцаан хурааж авах, шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудыг ашиглалтад ороход цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ашиглалтад орох хугацааг хойшлуулах, үүнд хяналт тавих зорилгоор улсын комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төлөөлөл багтаах, шинээр баригдаж буй хотхон, хорооллуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар нийслэл, тухайн орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны газарт эзэмших эрхийг шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Сургуулийн хүртээмж, ачааллаас шалтгаалан бий болсон гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн тоог бууруулахаар 11 байршилд 5980 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн төсөл, арга хэмжээг шинээр, 40,350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл, арга хэмжээ 2024 онд он дамжин шилжин хэрэгжиж байна.
“Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх, барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг гаргаж арга хэмжээ авахыг даалгалаа” гэж Л.Энх-Амгалан сайд ярилаа.

Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Тус тогтоолоор шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бэлтгэх, тасралтгүй хөгжих боломж, нийгмийн баталгааг хангах хүрээнд салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, олон улсын дэвшилтэт технологийг нутагшуулах хүрээнд салбарын технологи дамжуулах бодлогын чиглэл, төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Шинжлэх ухаан, технологийн салбарын тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх, салбар дундын судалгаа хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Шинжлэх ухааны академийн материаллаг бааз, хүний нөөцөд түшиглэн ахисан түвшний их сургууль байгуулна. Шинжлэх ухааны академийн их сургуулиар бэлтгэх мэргэжлийн чиглэл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг холбогдох их сургуулиудтай хамтран боловсруулж, батлах, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалт, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд үүрэг болгов.

Товч мэдээ
·      Ямааны угаасан ноолуурыг 2024 оны долдугаар сарын 01-нээс, бүх төрлийн боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана.
·      Нийгмийн халамж, улсын бүртгэл, татварын үйлчилгээг технологид тулгуурлан цахимаар үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа дагаж мөрддөг захиргааны хэм хэмжээний актад хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим хэлбэрээр харилцах боломжийг олгосон зохицуулалтыг тусгахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
·      Монгол Улсаас Эсватинийн Хаант Улстай дипломат харилцлаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
·      Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “МАЗ-ын автозамын засвар, арчлалтын 42 ширхэг машин нийлүүлэх төсөл”, “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрүүдийн нэмэлт хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна.

“Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэнбүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдна. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ” гэлээ.

Мөн Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэдгийг тэмдэглэлээ.

Үндэсний баялгийн сан Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван данстай байх юм. Хуримтлалын санг Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулах юм. Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг энэ санд шилжүүлж, орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ. Ингэснээр Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж, ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж, хүлээлгэд байсан 10,000 айл өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байна.

Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд байгаагийн 3,520 нь орон нутагт, үлдсэн 16,531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.
Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэлийн  50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна.

Хууль батлагдсанаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа
Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг дөрвөн жилийн хугацаагаар сунгалаа. Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.
Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.
Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.
Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.

Товч мэдээ
·      Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.
·      БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
·      Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай шийтгэх тогтоол 123 хуудас, Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн магадлал 71 хуудас, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох  тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгов.
·      Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Мандалбаатарын Маргад-Эрдэнийг томиллоо. М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна.
·      Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэнэ. Түүхэн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Энэ оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгалаа.
·      Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд хугацааны явцын тайланг хэлэлцэн дэмжээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” дахин шинэчлэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан 4.0 хувилбараа өнөөдөр танилцууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.

“E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдэд зээлийн лавлагаа авах, виза мэдүүлэх, бичиг баримт захиалах зэрэг хэрэгцээт мэдээллийг багцаар санал болгож, дуу хоолойгоор дамжуулж мэдээллээ хайх, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлж, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг үүсгэжээ. Мөн эмнэлэгт цаг авах, шинжилгээ, дүрс оношилгооны хариу, эмнэлэг, эмийн танилцуулга, жорын түүх харах зэрэг эрүүл мэндийн олон үйлчилгээг цахимжуулж, замын хураамж, жолоочийн торгууль, оношилгоо, даатгалын мэдээлэл, цаг агаар, үер усны аюул, угаар мэдрэгчийн дохио зэрэг мэдээлэл, сонордуулгыг иргэдэд өгдөг болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд оролцсон, дэмжсэн, нэгдсэн бүх хүнд талархал илэрхийлээд, “E-Mongolia” систем төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгож иргэдийн мэдэх эрхийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж буйг онцоллоо. Үүний үр дүнд тухайлбал, далд эдийн засаг ил болж эдийн засаг 43 их наядаас 69 их наядад хүрч, нийгэмд авлигыг үл тэвчих сэтгэл зүй бий болжээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль саяхан батлагдлаа. “E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй мөн холбогдож байна. Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг цогцоор нь шийдэх “20 минутын хот” концепцийг боловсруулж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Нийслэлийн төв дэх эрх мэдэл, төрийн үйлчилгээний төвлөрлийг задлахад “E-Mongolia” системийн гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж 2020 оны аравдугаар сард “E-Mongolia” нэгдсэн системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн бол өнөөдөр 1.8 сая хэрэглэгчтэй болж, тус системд  86 байгууллагын 1233 үйлчилгээ нэвтэрчээ. “E-Mongolia”  жилийн өмнө 3.0 хувилбараа танилцуулж байсан бол өнөөдөр илүү дэвшилтэт 4.0 хувилбараа нээж хэрэглээнд нэвтрүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
 
Хүндэт нийслэлчүүд ээ, 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд анхаарал хандуулсаар ирлээ. Суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ ч арилахгүй нь тодорхой юм.
Бид хамтдаа цар тахлыг даван туулж, өргөн нарийн царигийн маргааныг эцэслэн боомтын боомийг тайлж, авлигын олон асуудлыг ил тод болгож, шүүхийн шатанд шилжүүллээ. Хөгжлийн банкны бондыг өөрийн эх үүсвэрээр нь бүрэн төлүүлж, Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус асуудлыг цэгцэлж, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Нүүрсний худалдааг биржээр нээлттэй арилжиж эхэлснээр далд эдийн засаг ил болж -4.6 хувьтай байсан эдийн засаг, 7 хувийн өсөлтөд хүрсэн нь 10 гаруй функтээр өссөн үзүүлэлт юм. Эдийн засаг  хоёр дахин тэлж, валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1,700 ам.доллараар нэмэгдүүлж, 5,875 ам.долларт хүргэлээ.
Нэг үгээр хэлбэл, 2012 оны эдийн засгийн сэргэлтийн цаг хугацаатай ижил түвшинд ирж байна гэж ойлгож болно. Харамсалтай нь нэг гарсан алдааг засах гэж бүтэн 10 гаруй жил зарцуулагддагийг бид өнгөрсөн түүхээсээ суралцаж байна, иймд бид дахин алдахгүй байх ёстой.
Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, эдийн засаг иргэн бүхэнд хүртээмжтэй болох суурь реформ хэрэгжиж эхэллээ. Баялгийн сангийн Хуримталын санд төвлөрүүлэх энэ жилийн орлогыг ипотекийн зээлийн эх үүсвэрт нэмэгдүүлснээр 10 гаруй жилийн дараа авахаар дараалалд орсон байсан 10 гаруй мянган иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бидэнд ямар боломж нуугдаж байсны энгийн нэг жишээ юм.
E-Mongolia цахимжилт амжилттай хэрэгжиж, шилэн ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээ гар утсанд шилжиж, аливаа ашиг сонирхлын асуудал хэн нэгнээс хамааралгүй, ил тод болсоор байна.  Нийгэм ч авлигыг үл тэвчих сэтгэлзүйтэй болж төлөвшлөө. Энэ нь өнгөрсөн хугацааны тэмцлийн хамгийн чухал үр дүн билээ. Бид хүрсэн ёсзүйн өндөрлөгөөсөө доош унахгүй, харин цааш тэмүүлж чадвал авлигагүй нийгэм бүрдэх хугацаа хол биш ойр байна.
Дүр эсгэсэн хуурамч байдал өдрөөс өдөрт хүчгүйдэж, бодитой прагматик шийдлийн мэтгэлцээн өрнөж эхэлж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын 126 гишүүн бүхий сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, хүйсийн тэгш байдлыг бүрдүүлэхэд томоохон алхам хийж, нийгмийн салбар төлөөлөл парламентад дуу хоолойгоо илэрхийлэх бодит боломж нээгдлээ.
Дэлхий дахинд манай энэхүү дэвшлийг сайн загвар болгон судалж байна. Бид сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэхийн төлөө илүү хичээх учиртай.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлоготой болж, 560 гаруй салангид баримт бичгүүдийг нэгтгэж чадсан нь мөн л олон улсад үнэлэгдэж улс орнууд туршлага судалж байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал амилж, сонгуулийн тойрог бүсчлэгдэн томорлоо.
Тухайн үед биелэгдэшгүй мэт сонсогдож байсан ч, эргээд харахад ард нь гарч чадсан Шинэ сэргэлтийн бодлогын реформыг дэмжсэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархал илэрхийлье.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу
Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлье хэмээвээс гэтэлъюу гэсэн эцэг өвгөдийн минь сургааль бий.
Энэ удаа Монгол Улсын Засгийн газраас хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэ эрхзүйн реформд хот тосгоны эрхзүйн байдал, нутаг дэвсгэрийн нэгж, зарим шинэ хотуудын эрхзүйн орчин, УИХ-аас гаргах санхүүгийн эх үүсвэрийн зарим тогтоол багтсан болно.
Монгол Улс нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны бүтцэд 1960 оны долдугаар сарын 06-нд дөрвөн районтойгоор, түүнээс 32 жилийн дараа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд, есөн дүүрэгтэйгээр өөрчлөн зохион байгуулсан бол тэр цагаас хойш өнөөдөр мөн 32 жил өнгөрчээ.
Энэ нь нийслэл Улаанбаатар хотод эрс, мөн цогц реформ хийх цаг хугацаа болсныг харуулж байна.
Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувь ч нийт хүн амын 50 гаруй хувь нь төвлөрөн амьдарч байна.

Нийслэлд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь үйлдвэрлэгдэж, худалдаа үйлчилгээний 84.0 хувь, аж ахуйн нэгжүүдийн 70.0 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, бүртгэлтэй авто машины 84 хувь нь төвлөрч байна.

Нийслэлийн 35,206 га эдэлбэр газрын ердөө 700 га газар буюу Их тойрууд төрийн 140 байгууллага, Төрийн ордны байрлах хэсгийн 86-хан га талбайд Монгол Улсын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх мэдэл бүхэлдээ төвлөрсөн байна.

Засаглал бүхэн харилцан хяналт тэнцэлтэй байхын тулд эрх мэдлийн байршил салангид байх учиртай.

Ингэж байж сайн засаглал бүрдэх, эрхзүйт төр төлөвших суурь зарчим хангагдахаас гадна, аюулгүй байдал, мөн хэт төвлөрлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэх болно.

Товчхондоо Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэл бол эрх мэдлийн хэт төвлөрөл гэдэг улс төрийн дүгнэлт хийж байна.

Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд асуудлын илэрч буй шинж тэмдэгт төвлөрөх бус асуудлыг үүсгэгч шалтгаанд төвлөрөх нь хамгийн чухал байна.
Нийслэлийн асуудал шийдэгдэхгүйгээр улсын асуудал шийдэгдэхгүй ээ. 11-11 төвд ирж байгаа гомдлын 70 гаруй хувь нийслэлтэй холбоотой асуудал байсаар байна.

Нийслэлийн асуудал Улсын Их Хурал, Засгийн газрын асуудал биш гэж галаас зугтсаар байвал Та бид асуудлаа бүр л илүү хуримтлуулна.
Нийслэлд асуудлаа бие даан шийдвэрлэх эрх мэдэл ч, төсөв ч байхгүй байсныг бид хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

Нийслэлийг харах ойлголтоо өөрчлөхгүйгээр бид асуудлын шийдлийг бүтэн олж харахгүй.

Нийслэлчүүд, иргэдийн маань хувьд ч асуудлыг харахаас илүү асуудлын уг үндэс дээр нийгмийн мэтгэлцээнийг өрнүүлмээр байна.

Үүнд дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд ч онцгой анхаарал хандуулахыг хүсье. Энэ дашрамд, нийт хэвлэл мэдээллийнхэндээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье.

Нутаг дэвсгэрийнхээ 0.3-хан хувийг хот, бусдыг нь хөдөө гэж нэрлэчихээр нийслэлийн иргэн байх гэсэн энгийн өрсөлдөөн ч иргэдийн дунд байсаар ирсэн нь нууц биш ээ.

Тиймээс бид ойлголт болон хандлагын түгжрэлээ мөн тайлах шаардлагатай болж байна.

Хүндэт нийслэлчүүд ээ,
Улс төрийн намын удирдлагууд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Засгийн газраас өнөөдөр өргөн барьж буй 20 минутын хот эрхзүйн цогц реформ хэлэлцэн батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх болно.

Нэг. Нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээх юм.

Хоёр. Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Үүнд:
-Хан-Уул хот
-Яармаг хот
-Буянт-Ухаа хот
-Сонгинохайрхан хот
-Толгойт хот
-Баянхошуу хот
-Өнөр хот
-Баянгол хот
-Чингэлтэй хот
-Сэлбэ хот
-Сүхбаатар хот
-Дарь-Эх хот
-Баянзүрх хот
-Амгалан хот,
Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм.

Гурав. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр манай хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно. Нэг үгээр хэлбэл, дамжуулагчийн үүргийг эцсийн шийдвэр гаргадаг нэгж болгоно.

Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ.

Дөрөв. Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн.
Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож 20 минутийн дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байх юм.

Энэхүү холбоос гүүрийг “GoMongolia” буюу Өөдлөн тэмүүлэх Монгол гэж нэрлэнэ. Энэ хуулийн хүрээнд энэхүү гүүрэн байгууламжид Засгийн газрын баталгаа гаргах асуудал хамт орж байгаа гэдгийг хэлье.

Тав. Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэх асуудал энэ хуулийн хүрээнд мөн туссан болно.

Энэхүү хууль батлагдсанаар:
–  Дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгоно.
–  Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистикийг сайжруулна.
–  Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Засгийн газраас өргөн барьж буй шинэ хотууд байгуулах, 20 минутын хотын стандартад шилжих эрхзүйн цогц реформыг дэмжиж өгөхийг хүсье.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 тавдугаар сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах  салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг  хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болж байна.
Хуримтлалын санд 2024 онд төвлөрүүлсэн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу арвижуулах зорилгоор холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөж, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо.
Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах талаарх Бүгд Найрамдах Сингапур Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор тус улсын Үндэсний их сургуулийн болон Хуримтлалын сангийн зөвлөх, судлаачидтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллахыг тогтоолд тусгав.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр заасан. Сангийн хөрөнгийг Монгол банк дахь төрийн сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар заасан. Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй  байх арга хэмжээ авна
Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хавсралтаар баталлаа. Энэхүү бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүжлснээр мал аж ахуйн салбарыг  эрсдэлээс хамгаалах, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
 
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж  импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
 
Товч мэдээ
·      Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг олон улсын болон үндэсний эрх зүйн механизмын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.