Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд,
Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, ийм эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөх, тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах боломжоор хангах, нэн түрүүнд манай улсад тасалдаад буй эм тариаг яаралтай татаж авчруулах асуудалд Засгийн газрын тэргүүн анхаарч өгөхийг хүслээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх, тусгай сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт стандарт, эмч, эмнэлгийн ажилтны ур чадвар, ёс зүй зэрэг олон асуудлыг хөндөж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр эцэг, эхчүүдийн санал хүсэлтийг улсын төсөв болон Засгийн газрын тэргүүний эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж дэмжихээ илэрхийлээд зарим үүрэг даалгаврыг салбарын сайд нарт өглөө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж, гаднын өндөр хөгжилтэй орноос нарийн мэргэжлийн зөвлөх эмч, мэс заслын багийг энэ онд эх орондоо урьж ажиллуулах зэрэг асуудлыг судлах, эцэг, эхчүүдийн тавьсан санал хүсэлтийг багцлан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар зарим шийдвэрийг гаргахаар боллоо.
Мөн шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн тохижилтод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжийг бий болгох, үр дүнг танилцуулах, ЭХЭМҮТ-д тархины саажилт, тархины бусад төрлийн эмгэгтэй хүүхдэд зориулсан тасаг, өрөө ажиллуулахыг салбарын сайд нарт даалгалаа.
Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг цогцолбор хотхоныг бүтээн байгуулах төслийн явцтай өнөөдөр танилцлаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д өмнийн говийн бүс нутагт хөгжиж байгаа болон цаашид хөгжүүлэх уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон төсөл, хөтөлбөр багтсан. Үүнийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт технологиудыг нутагшуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон чиглэлийн чадварлаг инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгцээ, шаардлага бий болоод байгаа юм. Тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.
Оюу Толгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэр-технологийн парк, эрчим хүч, зам тээврийн сүлжээ, дэд бүтцүүд гэх мэт аж үйлдвэрийн цогцолборуудад хэрэгцээтэй байгаа дөрвөн мэргэжилтнийг үндэсний тэргүүлэх томоохон их сургууль болох ШУТИС-ийн шилдэг хөтөлбөрөөр бэлтгэнэ.
Өмнөговийн Технологийн сургуулийн хотхоныг 20 га газарт хоёр үе шаттай бүтээн байгуулна. Эхний шатанд 1000 оюутны их сургуулийн хичээлийн байр, 500 оюутны коллежийн байр, 1500 оюутны дотуур байр, спорт цогцолбор, инноваци судалгааны төв лаборатори, эмнэлэг, номын сан барихаар төлөвлөжээ.

Технологийн сургууль эхний 120 оюутнаа энэ намраас авч эхлэх бөгөөд одоо тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Политехникийн коллежийн байрыг түшиглэж сургалтаа явуулах ажээ. Оюутнууд эхний хоёр жил Өмнөговьд сураад үлдсэн хоёр жилээ Австрали, Канад, БНСУ-д суралцаж төгсөх хөтөлбөрийг зөвхөн Өмнөговь аймгийн Технологийн сургуульд хэрэгжүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард тавьж байсан юм.
АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клечески уулзалтын үеэр мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталлаа
Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталж, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээг импортлогч аж ахуйн нэгжтэй байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.
Үнийн өсөлтөд хариу арга хэмжээ авах зорилгоор УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Тус хуулийн хүрээнд элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд чөлөөлж, эдгээр бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн.
Импортын гол нэрийн хүнсний гаалийн албан татварыг чөлөөлснөөр импортлогчоос жижиглэн худалдаанд нийлүүлэх цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн килограмм болон литр тутмын үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байна. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Циркийн салбарын асуудлыг шийдвэрлэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна
Циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай байна.
Танилцуулгатай холбогдуулан циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт ханган сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгав.
Мөн циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан Ажлын хэсэг байгуулан, санал дүгнэлт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт үүрэг болгов.
“Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах,хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгалаа.
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллана.
Үндэсний их баяр наадмын Соёл, урлагийн арга хэмжээг Соёлын яам, Соёл, урлагийн салбар хороо хариуцан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний их баяр наадмын нэр, нэршлийн талаар болон наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчийн баг болон наадмын нээлт хаалт, хүндэтгэлийн концертын хөтөлбөрийн талаар танилцуулга хийсэн байна.
Нийслэл хотын нийтийн тээврийг хоёр үе шаттай бүрэн шинэчилнэ
Нийслэл хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд 1240 автобус явж байгаагийн 75 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна. 2022 онд парк шинэчлэлтийг 2022 онд 60 хувь, 2024 онд 80 хувь хийхээр төлөвлөсөн. Энэ сард нийтийн тээврийн 70, хүүхдийн 75 автобусыг шинээр үйлчилгээнд гаргана, эдгээр автобус хил дээр ирээд байгаа гэж Засаг дарга мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2022-2024 онд хоёр үе шаттай хэрэгжүүлж, бүрэн шинэчлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгч, ирэх долоо хоногийн хуралдаанд дахин хэлэлцэж шийдвэр гаргахаар боллоо.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа.
“Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам” болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам”-аар Иргэн, хуулийн этгээд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа юм. Энэ нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагаас урган гарч буй үйл ажиллагаа юм. Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тухайн өгөгдөл, мэдээллийг ашиглан судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгох, шинэ санал, санаачилга бий болгох замаар шинэ хэрэглээ үүсгэх зэрэг давуу талтай юм. Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар Төрийн байгууллага нь нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж албан ёсны цахим хуудсанд байршуулж нийтлэх, нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулна.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Товч мэдээ
· Газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, ‘Тамсаг-XXI’ талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа.
· НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хорооны 82 дугаар хуралдаанаар Монгол Улсын нэгдэн орсон “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын аравдугаар тайланг 2022 оны зургадугаар сарын 23-24-нд цахимаар хэлэлцүүлж, хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хэлэлцээд Ерөнхий сайдын Захирамж батлахаар тогтов.
“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2022 оны 1 дүгээр улиралд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг нэгтгэн танилцуулж байна.
2022 оны 1 дүгээр улиралд 118198 иргэнээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргасан байна.
Үүнээс 110089 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 424 иргэний өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 93.1 хувийн үзүүлэлттэй байна. Мөн 2634 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.
Хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл гомдолд санхүүгийн дэмжлэг хүссэн, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт өндөр үзүүлэлттэй байлаа.
Тайлант хугацаанд 19947 иргэн нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах, санхүүгийн дэмжлэг хүссэн, 13014 иргэн хөдөлмөр эрхлэлт, ажилтай, орлоготой болоход дэмжлэг хүссэн өргөдөл гаргасан байна.
Цаашид өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах, явц байдлыг ил тод нээлттэй болгох, тайлан мэдээг цахимжуулах зорилгоор Unelgee.gov.mn цахим хуудаст өргөдөл гомдлын тайлан мэдээг нэгтгэх бэлтгэл ажил хийгдэж байна.
Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах-1111 төвд хандаж гаргасан иргэдийн санал хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлыг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Засгийн газрын 25 дугаар хуралдаанд танилцуулсан тул тайлан мэдээнд нэгтгээгүй болно.
Нэг. Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын талаар:
2022 оны 1 дүгээр улиралд Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хандан иргэдээс нийт 50852 өргөдөл, гомдол гаргаснаас 47335 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 93.0%-ийн үзүүлэлттэй байна. (өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хүснэгт №1-т харуулав)
23113 иргэн бичгээр, 11878 иргэн цахимаар, 13420 иргэн утсаар, 2110 иргэн биечлэн ирж уулзаж өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргажээ.
(Өргөдөл, гомдлыг хэлбэрээр нь ангилан хүснэгт №2-т харуулав)
Хоёр. Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж
иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар
2022 оны 1 дүгээр улиралд аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 67346 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс 62754 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 93.2%-ийн үзүүлэлттэй байна. (Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэн хүснэгт №3-т харуулав)
Нийт өргөдөл, гомдол, санал хүсэлтийн 45940 бичгээр, 7358 цахим хэлбэрээр, 10342 нь утсаар, 3298 иргэн биечлэн ирж санал хүсэлтээ илэрхийлжээ.
( Өргөдөл, гомдлыг хэлбэрээр нь ангилан хүснэгт №4-т харуулав)
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж үйлчилгээнд хамрагдах, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн, газрын харилцаатай холбоотой асуудлууд хандалт өндөртэй байлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд, Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг нэгтгэн танилцуулж байна.
2021 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 641318 иргэн хандаж өргөдөл, гомдол, санал, шүүмжлэл гаргаснаас 629678 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 98.1%-ийн үзүүлэлттэй байна.
Мөн 20299 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 1811 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ.
Нийт өргөдөл гомдолд эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой 94865, нийгмийн халамжтай холбоотой 67155, хөдөлмөр эрхлэлт, ажилтай, орлоготой болох асуудлаар 46860 иргэн өргөдөл, хүсэлт гаргасан нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
2021 онд Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан 16953 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч санал үүсгэн холбогдох газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсний 15935 иргэний саналыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 93.9 хувийн үзүүлэлттэй байна. 2202 иргэний хүсэлтийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. /хүснэгт 9-16/
Төвд хандсан иргэдийн санал хүсэлтийг дараах сувгуудаар хүлээн авсан болно.
| -11-11 утасны дуудлагаар | 15121 |
| -вэб хуудсаар | 1063 |
| -И-мэйлээр | 283 |
| -И-Монголиа сувгаар | 142 |
| -дуут шуудангаар | 95 |
| -фэйсбүүк сувгаар | 34 |
| -биечлэн | 215 |
Мөн дараах асуудлууд хамгийн өндөр хандалттай байлаа.
-эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүрэлцээтэй холбоотой асуудлаар – 1192
-эмч, эмнэлгийн ажилтантай холбоотой асуудлаар – 1172
-төрийн байгууллагын үйл ажиллагаа болон хүнд суртлын талаар – 1373
-төрийн албан хаагчдын ёс зүй, харилцааны талаар – 961
гомдол гаргажээ.
2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс тус төвийн дуудлагын 11-11 утсанд төрийн байгууллагын хүнд суртал, авлига, хээл хахуультай холбоотой асуудлаар иргэдээс санал, мэдээлэл хүлээн авах 4 дүгээр шугам нээж нийт 2242 санал хүсэлт хүлээн авснаас гэмт хэрэг, авлигын шинжтэй 21 гомдлыг АТГ-т, төрийн байгууллага, албан хаагчдын хүнд сурталтай холбоотой 1439 гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Тухайн байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээ авах, тусгай дугаарын утсанд хандаж лавлагаа, мэдээлэл авсан иргэдийн дуудлагыг өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд оруулж тайлагнах байдал давтагдсаар байгаад анхаарч бодитой, үнэн, зөв мэдээ, тайлан ирүүлэх шаардлагатай байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас төрийн албан хаагчдад тайлан мэдээ гаргах, нэгтгэх, шинжилгээ үнэлгээ хийх асуудлаар сургалт, арга зүйн дэмжлэгээр ханган ажиллаж байгаа хэдий ч албан хаагчдын ур чадвар чанарын түвшинд сайжрахгүй байна. Албан хэрэг хөтлөлтийн стандарт хангаагүй, Сайдын зөвлөл болон Засаг даргын Тамгын газрын удирдлагын хуралдаанд танилцуулаагүй, хуулийн хугацаа хоцроох, алдаатай тоон үзүүлэлттэй тайлан мэдээ ирүүлж байгаад анхаарах шаардлагатай байна.
Иргэдээс Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж гаргасан өргөдөл, гомдлын тоо өнгөрсөн оныхоос буурсан боловч төрийн захиргааны байгууллагаас өргөдөл гомдолд хариу өгөөгүй, асуудлыг бодитой шийдвэрлэхгүй байгаа талаар гаргасан гомдол өссөн дүнтэй байна.
Нэг. Иргэдээс Засгийн газрын гишүүд, яам, агентлагт хандаж гаргасан өргөдөл гомдлын талаар:
2021 онд Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хандаж иргэдээс нийт 280367 өргөдөл, гомдол ирүүлснээс 275229 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.1%-ийн үзүүлэлттэй байна. /хүснэгт №1-т харуулав/
Иргэд, олон нийтийн байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтэд:
| Бичгээр | 90424 |
| Утсаар | 112250 |
| Биечлэн ирж уулзсан | 7158 |
| Цахимаар | 69585 |
| Бусад байдлаар | 940 |
/хүснэгт №2-т харуулав/
Хоёр. Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл гомдлын талаар
2021 оны жилийн эцсийн байдлаар аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 360951 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс 354449 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.2%-ийн үзүүлэлттэй байна. / хүснэгт №3-т харуулав/
| Бичгээр | 251250 |
| Утсаар | 63082 |
| Биечлэн ирж уулзсан | 16535 |
| Цахимаар | 23579 |
| Бусад байдлаар | 6505 |
/хүснэгт №4-т харуулав/
Тайлант хугацаанд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж Улаанбаатар хотод 53031, Дорнод аймагт 41973, Хөвсгөл аймагт 28058 иргэн өргөдөл, гомдол гаргасан нь бусад аймгийн үзүүлэлтээс өндөр байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР























